Хэлбэр бол хэлбэр харин юугаараа ялгаатай гэж...
/Д.Нямдоржийн гурван мөрт шүлгүүдийн ижилсэл /
Өнөөгийн дэлхий ертөнцөд ихэд дэлгэрч буй нийгэм+хувь хүн+бүлэглэл гэсэн түгээмэл зүй тогтлоор хэлбэр бол асар чухал. Тэгээд ч нийгмийн сэтгэлзүй судлалд “хэлбэрт шүтэхүй” хэмээх шинэ нэр томьёо онолын хүрээнд хэрэглэгдэх болоод удаж байна. Яагаад заавал хэлбэрт шүтэх гэж. Энэ бол одоохондоо хамгийн гэнэн асуулт. Учир нь хүмүүн төрөлхтөн анхнаасаа л ХЭЛБЭР хөөж явсаар иргэншлээ өдий зэрэгт хүргэсэн. Тиймээс хэлбэрийг улам л шүтэхээс өөр гарц, хонгил үгүй. Даанч тэр гарц хонгилыг нь гэрэлтүүлэх гэрэл гэгээ урагшлах тусам улам бүдгэрсээр. За, энэ ч яахав нийгмийн асар “глобал” асуудал гэж бодий. Тэгвэл яруу найрагт... Энэ бол харин нийгмийн асар цөөнхийн асуудал мөн.
Яруу найрагт ч ялгаагүй, хэлбэр хөөсөн он жилүүдийн түүх босож ирнэ. Одоо ч хэлбэр хөөсөөр, хөөцөлдсөөр. Жишээ нь: залуу шүлэгч Д.Нямдоржийн гурван мөрт шүлгүүд. Бас л юун гурван мөрт шүү? Хайку биш шүү? Ертөнцийн гурав бүүр биш шүү? Афоризмоос шал ондоо шүү? Ухаан муухан мань мэтийн толгой эргэж дуусахаар бөөн ХЭЛБЭР. Хайку бол ханз соёлын том гаргалгаа, Алтай язгуурын залгамал хэлээр хайку бичихгүй. Онолын том маргаан. Инээд хүрч элэг хөшмөөр юм. Нөгөө талд нь Монгол хайку шүлгийн шилмэл түүвэр ”Цагаахан нам гүм” худалдаанд гарлаа. Хайку шүлэгчдийн төрийн бус байгууллага. Яг л Чингис хааны Дэлхийн акедемийн “академич мисс” гэдэг шиг. Яруу найргаар дүүрэн ХЭЛБЭРДЭГЧИД. Гэтэл ёстой нөгөө Чойномын асуудагаар “ХАА БАЙНА ТЭР ДИВААЖИН” гэдэг шиг “ХАА БАЙНА ТЭР ЯРУУ НАЙРАГ НЬ” Зүгээр л ХЭЛБЭР болжээ.
Шинэ цагийн яруу найргийн дүү нар битгий хэл энгэр дүүрэн одонтой аварга зохиолч ч энэ олон хэлбэр дунд төөрөөд ”хөдөөгийн энэ олон замын хаагуур явах вэ?” гэдэг шиг эргэлдэж орхижээ. Тэгсэн атлаа бүгд замаа олсон гэж итгэдэг. Эсвэл тийм дүр хэлбэр харуулахыг оролддог. Энэ миний -Хэлбэр, энэ бол –Би гэж тунхаглана. Залуу шүлэгч Д.Нямдорж харин. Гурван мөрт шүлэг. Энэ бол-Би, энэ миний-Хэлбэр гэж арай итгээгүй байгаа даа? Айх ч шиг.
Саяхан хүртэл формалист урлагийг “хэлбэрдэх урлаг” гэж орчуулдаг байж билээ. Арай л хатуу орчуулга санагддаг байсан юм. Гэтэл ХАЙКУ бол Японы яруу найргийн формалист хэлбэр юм гэнэлээ. Андуураагүй бол арван жилийн дунд сургуулийн уран зохиолын сурах бичиг дээр ингээд биччихсэн байналээ. Одоо бол ёстой жинхэнэ айж байна. Би олон хэлний орчуулга дамжсан нэг Хайку шүлэг санал болгож байна.
Цаасан цонхыг
Цоолох хүнгүй болов
Гэрт хичнээн хүйтэн
Японы Эдогийн үеийн ТИЁЭ хэмээх шүлэгч бичсэн юм. Харин энэ богинохон шүлгийг Д.Нямдорж бичсэн юм.
Ууж байсан дарсных нь
уруулын будагтай жүнз
Угаах уу? болих уу?
Зэрвэсхэн ажиглаад харал даа? Илэрхий ондоошил нь өнөө ХЭЛБЭР нь хаана байгаа юм. Би л лав олж харахгүй юм. Өнөөгийн шүтдэг ХЭЛБЭР-ийн онолоор бол дээр цагийн Япон шүлэгч, энэ цагийн монгол шүлэгч хоёрт л лав хэлбэрийн асар ялгаа ондоошил алга. Харин ч ижилсэл л ханхлаад байх юм. Молхи би магад андуурч эндүүрээ байлгүй дээ? Яагаад гэвэл хайку бол Япон яруу найргийн формалист хэлбэр шүү дээ? Агуу их хэлбэрдэх урлаг. Дээхэн үед Ж.Лхагва, Б.Явуухулан нарын орчуулгаар хожим Г.Аюурзаны нэг өгүүллээс өөр хайку шүлгийн боловсрол нимгэн байж энэ мэт их үгийг унагаасанд эрхэм ханз хэл бичгийн өндөр дээд мэдлэгтэнгүүд өршөөх биз.
Бас дахиад нэг хэлбэр монгол аман шүлгийн өвөрмөц хэлбэр “ертөнцийн гурав”. Нэг их гурван ногоон, цагаан, улаан, хар, хоосон энэ тэр. Гол нь гарцаагүй улаанууд, цагаанууд, ногоонууд, хоосонууд ... Жишээ нь:
Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан
Гэнэхэн бодлын үзүүрт Газар дундад тэнгисийг хараад монгол жанжин “үүнээс цааш газар үгүй” гэдэг шиг энэ гурваас өөр “цагаан” үгүй мэт бодогдоно. Харин миний гүжир мунхаг бодлоор залуу шүлэгч Д.Нямдоржийн энэ шүлэг “Ертөнцийн гурван хийснэ” ч юм уу даа?
Боджээ суухад бодол сэмэрч хийснэ
Болжморын дуунд цан бутарч хийснэ.
Болзоо нь ирэхээр би ч бас хийснэ.
Өнгөцхөн ч гэсэн харал даа? Өнөө ХЭЛБЭР нь ч ихэр хүүхэд шиг төстэй байгааг. Хэлбэр яахав, хэлбэр юм аа гэхэд ялгаа тэгээд юундаа байгаа вэ? Ер нь яагаад Блокийн яруу найраг, Фростын яруу найраг гэж бүтээгчээр овоглодог вэ? Энд л хамаг нарийн учир нь байгаа юм. Учирсаад ч байх юу байхав дээ? Энд л Блокийн ондоошил, Фростын ондоошил байгаа юм. Гэтэл Д.Нямдоржийн ондоошил үл харагдана. Нэр нэгтнүүд чих нэг гэдэг. ХХ зууны монгол яруу найрагт хэд хэдэн Нямдорж бий. Азаар тэр Нямдоржууд тун ч гайхамшигтай ондоошил харуулсан юм. Ийм нэгэн шүлэг Нямбуугийн Нямдоржид бий.
Одоо би Нямдорж
Оройхон чиний –Нулимс
Хойтон өдийд-Яс
Хорин жилийн дараа-Цэцэг
Хэлбэрийн хувьд бол байдаг л нэг дөрвөн мөрт. Шүлэг бичдэг хүн бүхэнд байдаг хоцрогдсон хийгээд бүдүүлэг гэмээр ХЭЛБЭР. Харин ямар энгийн атлаа гүн сэрэхүйлэг байна гээч. Хорин жилийн дараа-Цэцэг. Жамыг ингэж илэрхийлэхээс өөр яах билээ. Өвөрмөц сэтгэх яруу найрагт чухал, өөрийнхөөрөө сэтгэх магадгүй түүнээс ч чухал байж болзошгүй. Жишээ бас л байна. Энэ үгийг Францын зохиолч Густав Флобер хэлжээ. “ Зүрх хөгширдөггүй гэж би бодддог. Цохилсоор л байвал амьдарсаар л байна” Ёстой өнөө афоризм гээч энэ мөн биз. Харин энэ шүлгийг Д.Нямдорж бичжээ.
“Зүүж өгсөн цаг чинь зогслоо.
Зүгээр дээ,
зүрх минь зогсоогүй байна.”
Уучлаарай, зориуд ХЭЛБЭР-ийг нь санаатай өөрчилчихлөө. “Зүүж өгсөн цаг чинь зогслоо. Зүгээр дээ, зүрх минь зогсоогүй байна.” Густав Флоберийн афоризмаас Д.Нямдоржийн энэ шүлэг яг юугаараа ялгаатай юм. Ердөө ХЭЛБЭР. Хачин шүү? Афоризм яруу найраг хоёрт тийм адил зүйл баймгүй л юм. Их цэцэн үг олж хэлэх, эсвэл их цэцэн шүлэглэх талаараа л төстэйгөөс биш ёстой огт өөр ХЭЛБЭРҮҮД л баймаар юм. Хэлбэрт их шүтэхээр эцэстээ байшин бол нэг квадрат, уул бол нэг гурвалжин, нар бол нэг бөөрөнхий ХЭЛБЭР болж харагддаг байж болох юм шүү?
Ахуй болоод гял цал материаллаг байдал хэзээд хүмүүсийн хайр талархлыг нь баттайяа хүлээсээр ирсэн. Монгол яруу найрагт ч нүүдэлчин ахуй дүрслэгддэг. Өөр яах ч билээ. Үзээгүй байж ямар Сидней хотын тухай шүлэг бичилтэй биш. Гэтэл иймэрхүү ахуйн таталбарууд яг Д.Нямдоржийн гурван мөрт гэж онцлоод байгаа, 1-р дэсийн найрагч болох нь гэж зарим нь хөөрөгдөөд байгаа жинхэнэ яруу найраг мөн үү?
Хуш модны мөчир дээр Хаврын цэнхэр өглөө
хэрэм мөргөл үйлдэнэ. Хивэн хэвтэх хонин дээр
Хөвч амьсгаа дарна. Хөөрхөн ишиг дугжирна.
Шинэ цагийн шүлэгч гэхэд арай л ядуу илэрхийлэл, сэтгэлгээ, адилсал. Зарим нь жинхэнэ монгол шүлэг гэж хэлэх нь магад. Яасан гэж байгаль ахуйг дүрсэлсэн гэж үү? Тэгвэл хайку шүлгийн САБИ. Ганцаардаж гэгээрэх, ахуйгаас ангижирч, амар амгалан доторх гоо сайхны агшинг илэрхийлэх зарчим. Энд ямар ч ЯПОН ахуй байхгүй. Нэг үгээр хэт явцуу биш, нийтлэг, гүн ухааны сэтгэлгээ. Тиймээс л дэлхий нийтэд түгсэн хэрэг. Олон хэлэнд орчуулагдсан хэрэг. Японы яруу найрагч Юзүрү Миура “хайку бол микрокосмос” гэсэн юм шүү?
1998 оноос хойш Оросууд “Бүх Оросын хайку шүлгийн конкурс” зарлан явуулах болсон. Түүнээс хойш 13 жил өнгөрсөн ч энэ арга хэмжээ тасраагүй. Францад бүр хайку шүлэгчдийн клуб байна. Бас Оросын монголч эрдэмтэн Марина Петрова “Орчин үеийн Монгол яруу найраг дахь хайку шүлгийн хандлага” гэдэг өгүүлэл бичсэн бий. Нуулгүй хэлэхэд Д.Нямдорж хайкунаас зугатаах гээд хайку руу, афоризмаас зугатаах гээд афоризм руу, ертөнцийн гурваас зугатаах гээд ертөнцийн гурав руу тэмүүлсэн ”гурван мөртүүд” бичээд байгаа нь харамсахаас гадна өрөвдмөөр. Үнэндээ энэ шүлэгч ондооших хүсэл эрмэлзэлтэй юм. Даанч ондоошилыг зөвхөн яруу найргийн хэлбэр дотроо хайгаад байна. Тэнд хэлбэрээс өөр юу ч үгүй.
Яруу найраг эцэстээ юу юм бэ? Мэдээж урлаг. Дараа нь бусдаас ялгарах БИ-гээ танин мэдэх арга зам. Түүнээс бус ХЭЛБЭР бол ердөө хайрцаг. Харин доторхийг нь Нямдоржоор дүүргэх л хамгийн хэцүү нь шүү дээ? Эцэст нь хэлбэр бол хэлбэр харин чиний шүлгүүд...
Шүүмж нэгийг бичсэн шүлэг бичдэг Пүрэвхүүгийн Батхуяг