Sunday, May 29, 2011

Миний шүлгүүд

                                                 Хайртай дүү С.Начиндаа

Эрэмдэг моддын сарзгар мөчир
Эхнээсээ эдгэрч эхлэхэд
Нялх навчсын содон үнэрт цохиулаад
Нэг хэсэгтээ мансуурсан явнам

Мойног хуруу шиг Моносны
Монхор хамар шиг Цэцгийг
Үсэндээ хавчуулаад нисэж явах
Үнэндээ юу нь сайхныг Би-МЭДЭХГҮЙ  ч

Найлзуур нь нялуун давирхайлаг
Намайг өөртэйгээ цавуудаж орхисон
Улиас модны сүүдэрт суугаад
Уумаар санагдах  нь ЮУНЫХ вэ?

Wednesday, May 11, 2011

миний шүлэг

Ердийн тоосго шиг улаан, барзгар
Ертөнцийн хэвэнд цутгасан -Хүмүүс
Ерөөлийг хараалаар сольсон нь
Төмрийн зүүд, төгсгөл, эмгэнэл
ГУРАВ

Энгийн ваар шиг даруухан, гөлгөр
Ижилхэн паалангаар бүрхүүлсэн-Хүмүүс
Гэгээрлийг эндүүрлээр тульчихсан нь
Галын зүүд, мөхөл, эцэслэл
ГУРАВ

Хэвлэмэл хуудас шиг адилхан, гялгар
Хээнцэр хувцасны өлгүүр-Хүмүүс
Энэрэхүйг  хонзонгоор худалдчихсан нь
Усны зүүд, мунхаглал, эмзэглэл
ГУРАВ

Ер энэ бүхнийг хөвөрдөн суухуй
Ертөнцийн гурав-Эмгэнэлээр дүүрэн

                                              2011,05,011

миний шүлэг

Тэнгэр шиг бай
                                     О.Д
Зүрх зориг муутайдаа биш
Зүгээр л амар амгаланг хүснэм.
Зөрүүд мунхагуудтай хирээ мэдэхгүй
Зөндөө л туллаа.
Ялагчгүй энэ амьдралд
Ялна гэж андуурсан
Ялихгүй залуу нас минь
Чамд ямар ч буруу байхгүй
Амар амгаланг юугаар ч солимгүй санагдах
Амьдралдаа ойлгосон хамгийн том
УХААРАЛ МИНЬ...

Monday, May 9, 2011

ìèíèé ø¿ëýã

ªðâºë㺠íü ºä뺺ã¿é-Äýãäýýõýé
ªíäðººñ óíàõûã õàðààä
ªð ç¿ðõ ìèíü
ªì öºì

Saturday, May 7, 2011

миний шүлэг

Тэмтрүүлээрээ би хоосон агаарыг барьж
Тэнэмэл шавьжны гуниг намайг бүрхнэм.
Ханан дээгүүр жирэлзэн гүйх хүсэл минь
Хамгийн үнэ цэнэтэйг л мэдэрнэм.

Сахлаараа сарны гэрэл нэхэн сүлжиж
Саваагүй авгалдайн мөрөөдөл намайг бүрхнэм
Цэцгийн тоос сорох эрвээхэйн хүсэл минь
Шуналын тулам болгосныг мэдэрнэм.

Tuesday, May 3, 2011

САЛХИ МЭТ, ЗҮРХ МЭТ...

                                              
                     / Б.Хадбаатарын “Тоорын шивнээ” номын тухай /
    Тал газраас уул илүү халуун санагдана. Уулаас тэнгэр илүү дотно сэтгэлд дотно бодогдоно. Тэнгэрээс огторгуй илүү ойр харагдана. Харамсалтай нь энэ зөвхөн оюун санааны нийтлэг бус төсөөлөл. Хуруу дарам цөөхөн хүнд оногддог хувь заяаны ОНООЛТ. Ертөнцийн олонх нь ингэж огт төсөөлдөггүй. Тэдэнд талын тухай, уулын тухай, тэнгэр огторгуй нь тухай “БОДОЛ БОЛОХ”, “ТӨСӨӨЛӨХ” ямар ч шаардлагагүй байдаг. Гоо сайхны эрэлд хатах, үгийн үнэ цэнийг мэдрэх, амьдралыг ажиглах, байгалийг шүтэх тэдэнд хамгийн тэнэг хэрэг санагдана. Гагцхүү эрх мэдэлд хүрэх, боловсрол эзэмших, түүнийгээ мөнгө олоход ашиглах, бие бялдарын хүч хуримтлуулах, түүнийгээ АРААТАНЛАГ харилцаандаа хэрэглэж, эд бахаа хангах төдийгөөр АМЬДРАЛЫН хүрээ хязгаар нь хэмжигдэнэ. Ийм л даанч өрөвдмөөр АМЬТАНЛАГ ХҮН СҮРЭГ улам олширсоор  ахуй цагт ЯРУУ НАЙРГААР ертөнцийг харах харин ч хувь төгөлдөр явдал мөн. Ариун ч явдал мөн.
  Гэвч энэхэн зуур байгаль ертөнцийн далд хийгээд нууцлаг гоо сайхан, хүмүүсийн сэтгэл зүрх, сэрэл мэдрэмж, хувьсал хөдөлгөөнийг ТӨСӨӨЛӨХ  ямар ч “өгөгдөхүүнгүй” хүмүүс дэндүү олон болж байгааг эмзэглэн бодоод азаар ойр дотныхон минь тийм бишид бурханд талархах сэтгэл төрнө. Саяхан надаас нэгэн эрхэм: -чи шүлэг бичээд юу олж долоов? Цаас цоохорлоод юу олж хүртэв? гэж заналтайгаар асуусан юм. Хариуд нь би ганцхан үгээр ӨӨРИЙГӨӨ олов хэмээн хариулсан. Хөөрхий минь юу ч ойлгоогүй. Харин ч надаас илүү мөнгө цаас хураасандаа сэтгэл хангалуун хоцорсон билээ. Энд л хүмүүн төрөлтөний доторх хоёр том хэсгийн зааг ялгаа харагдаж байж болох юм. Үгүй ч байж болох юм. Эсвэл хоёр бус гурав дөрөв, тав зургаан том хэсэг, тэдний ялгаа зааг харагдаж байж болох юм. Бас үгүй ч байж болох юм.
Иймэрхүү өч төчнөөн  л эргэлзээ тээнэгэлзэл дундуур амьдарснаас болоод ХҮМҮҮС дэндүү олон янзын ДҮР байдалтай болчихжээ. Зарим хүмүүс нарны гэрэл шиг шатаам сэтгэлтэй байхад зарим хүмүүс сөнөмөл галт уул шиг хүйтэн, зарим хүмүүс солирын хэлтэрхий шиг  хэт төмөрлөг байхад зарим хүмүүс ус мэт хэт хувирамтгай байх юм. Харин зарим хүн САЛХИ мэт ЗҮРХ мэт байх юм гэсэн гайхмаар бодол надад  Батхуягийн Хадбаатарын шүлгүүдийг уншиж суухад гэнэт толгойд төрсөн юм. Учир нь түүний шүлгүүдэд нэг хүний дотор багтамгүй санагдах олон САЛХИН чанар мэдрэгдэнэ. Мөн нэг хүний шүлэг дотор багтамгүй олон ЗҮРХ цохилж байна.
1. САЛХИ МЭТ...
   Франц Кафкагийн “Хувирал” туужийн Грегор Замза жоом эсвэл цох хорхой болж хувирсан гэдэг маргаан одоо ч хүмүүсийн анхаарлыг татдаг гэдэг  эргэлзээтэй. Ердөө хүн бүхэнд ямар нэгэн амьтанлаг далд чанар оршиж байдаг гэж тайлбарлахад хангалттай. Түүнтэй адил Б.Хадбаатарын шүлгүүд хорхой шавьж шиг, бороо цас шиг, гол эсвэл ус шиг бус САЛХИН чанартай юм. Утга дүйцүүлэн зүйрлэвэл зарим шүлгүүдээс нь урьхан сэвшээ сэвэлзэнэ. Гэтэл зарим шүлгүүдэд нь ширүүн хуй оволзоно. Тэгснээ гэнэт хүч нь намсаж чимээ чагнана. Товчхноор бол түүний шүлгүүд дотоод хөдөлгөөн ихтэй. Үзэн ядалт, хууран мэхлэлт, өш хонзон, урвалт шарвалт, эмгэнэлт хувь тавилан, баяр хөөр, догдлол зэргээс илүү ХАЙР СЭТГЭЛ гэдэг нэг шугамаас олон тийш салаалсан хөдөлгөөн үүсчээ. САЛХИ гэдэг ерөнхий нэр харин хүч хөдөлгөөн, шинж байдал нь олон янз байдагтай адил.
          Хөг ороогүй хийлийн чихарсан утас шиг
          Хүүхэд наснаас минь
          Миний гэх аялгуу үлдээгүй
          Цаг хугацааны өвгөн шувуу
          Зуугаад нисчихсэн / Б.Хадбаатар” Хүүхэд нас”/  хэмээх шүлгээс урьхнаар илбэсэн дурсамж-салхи  сэвэлзэж байна.  Хөг ороогүй хүүхэд нас  тэгсэн атлаа хийл хөгжим шиг, тэр хөгжим хэзээ нэгэн цагт яруухан эгшиг  дуурьсгах боловч өөрийн гэх аялгуу нь хүүхэд настай хамт нэг үгээр хөг ороогүй үетэй нь хамт алга болж цаг хугацааны өвгөн шувуу аваад   одчихсон байна гэдэг САЛХИН-УХААРАЛ шууд мэдрэгдэнэ.  Чухамдаа яагаад салхин –ухаарал гэж тодорхойлсоны минь учир дээрх хэдэн мөр шүлгэнд буй ухаарал ганц хоёр мөрийн дараа хэдийнээ шүлэг дотроос үнэндээ гол шугамаас тасарч одсон байна. Тэгээд огт өөр бодлын салхи сэвэлзэж эхэлсэн байна. Энэ нь Б.Хадбаатарын шүлгүүдийн онцлог гэхээсээ түүний хараахан төлөвшөөгүйг харуулаад байгаа юм.  
  Нэг талаар зохиолч зөв төлөвших сайн талтай. Харин нөгөө талаар хэт эрт төлөвших яруу найрагчдад сайн зүйл лав биш. Тиймээс Б.Хадбаатарын шүлгүүд салхин чанар нь удаан хадгалагдаж,   оюун санааны болоод уран чадварын хувьд тогтож төлөвших  цагтаа л тогтож төлөвшихийг хүснэ.  Магадгүй энэ САЛХИН чанар хир удаан хадгалагдана. Тэр хэмжээгээр Б.Хадбаатарын шүлгүүд  тогтсон нэгэн хэмийн хөг аялгуу, өнгө аясаас зайлсхийж чадна. Хэт мэдрэмтгий чанартай САЛХИ бас түүний шүлгүүдийн  бас нэг содон чанар.
          Зуны шөнийн аниргүйг бид хоёр алгааран дараад
          Зулзаган хуснуудын шивнэлдэн байхыг
          Тийн сонсоно.
          Аниргүй, аниргүй
          Аниргүй дундаас үүр цайх
          Тоорын шивнээ /Б.Хадбаатар”Тоорын шивнээ” /  
  Дээрх шүлгээс яагаад аниргүй дундаас үүр цайх, тоорын шивнээ хоёр холбоо хамааралтай вэ? гэсэн этгээд асуулт урган гарна.  Хэнд тоор жимсний шивнэхийг сонсох мэдрэмж төрнө. Түүнд  аниргүй дунд үүр цайх ямар их дуу чимээтэй болох нь шууд л сонсогдоно.  Ийм гаргалгаа гаргачихаад бодож суухад  Б.Хадбаатарын  мэдрэмтгий байдал байгальтай ямар их холбоотойг анзаарч болно.  Үнэндээ түүний шүлгүүдийн САЛХИН чанар нь төрөлх зан араншинтай нь холбоотой гэхээсээ төрж өссөн нутаг орных нь цаг агаартай хамааралтай байх магадлал өндөр юм.  Хөвсгөл манайдаа харьцангуй уулын бүс. Салхины ам хагалбар мэдээж их байдаг биз. Тэгэхээр тэнд төрж өссөн  залууд тийм мэдрэмтгий САЛХИН чанар байхад юунд гайхаж эргэлзэх билээ.  Мөн түүний шүлгүүдэд бясалгагч-САЛХИН чанар  одоохондоо тийм илэрхий биш ч бас л анзаарагдана. Бясалгагч –Салхин чанар  нь “хамаг жимс төрлөөн олсон ахуйд, харанхуйг эзэмдэгч мойл бидэн хоёр” гэдэг шүлгээс нь эхлээд:
                    Алгаан хавсар
                    Үр хөврөл явагдаж буйг мэдэр /Б.Хадбаатар” Алгаан хавсар” / хүртэл яаж  гүнзгийрснийг харж болно.
“Алгаан хавсар” гэсэн мөрөнд залбирахуй, наминчилахуй зэрэг шашны пантеизмаас, “үр хөврөл явагдаж буйг мэдэр”  гэсэн байгалийн пантеист үзэл илэрсэн байна. Угтаа бурхан байгальд буй гэж үзэх,  байгаль бурханд бий гэж үзэх үзлийн завсар бүгдэд бурхан буй хэмээх  эртний сэтгэлгээ илэрсэн байхыг үгүйсгэхгүй.
2. ЗҮРХ МЭТ...                                                                          
   Хэзээнээс бид зүрхээ чагнахаа больсон бэ? Яагаад бид зүрхээ чагнахаа больсон бэ? хэмээх хоёр асуулт “хэт дуу шуугианы дарангуйлалд орсноор” хэмээх энгийн тэнэг хариулттайгаа хамт байж л байна. Асуулт нь ч тэр, хариулт нь ч тэр ЗҮРХ-тэй ямар ч хамаагүй. Тэгээд ч зүрх мэт ганцаардмал, өрөвдөлтэй зүйл хүнд байхгүй болжээ. /Уучлаарай зүрх гэхээр ховдол тосгуур, артерийн судас, цус гэж хүний эрхтэнтэй холбож ойлговуузай. Бидний яриад байгаа зүрх бол сэтгэл юм. Хоршоо үгийн түвшинд зүрх сэтгэл юм. / Харин Б.Хадбаатарын шүлгүүдийн хүрээнд ЗҮРХ СЭТГЭЛ:
                   Ганцаардлаас залхсан биенийхээ эд анги,
                  Эрэг боолтыг онгорхой бүх хаалга цонхоороо гадагш чулуудаад /Б.Хадбаатар” Гашуун тосгон” / гэсэн эмзэг зүрх сэтгэл  биднийг ямар нэгэн хатуу зүйлд мөргүүлж, үл харагдах хана хэрэм СЭТГЭЛД ч хаа сайгүй буйг мэдрүүлнэ. Зүрх сэтгэлгүй атлаа том толгойтой, ханхар цээжтэй хүмүүсийн гуниг, ганцаардлыг мэддэггүй, ДҮР байдалд Б.Хадбаатарын шүлгүүд их эмзэглэсэн байдаг. Японы найруулагч Акира Курасавогийн “Долоон самурай” кинонд  тосгоны ахлагч өвгөн “толгойгоо алдах гэж байж сахалдаа харамсах хэрэггүй” гэж хэлдэг юм. Түүн шиг зүрх сэтгэлээ гээчихээд зүс царайндаа хэт анхаардаг хүмүүс хэзээ ч :
                Дүнзэн байшингийн гандсан дээвэр дээр
                Ганцаардсан шувуу холыг ширтэнэ
               Намар цаг / Б.Хадбаатар ”Намар” / гэдэг шүлгийн доторх ЗҮРХ СЭТГЭЛ-ийг анзаарч харахгүй. Нам гүмхэн  агшин хийгээд цаг хугацааг зогсоосон мэт ахуйг мэдэрч чадахгүй. Зураглал, үгийн найрсалд бий болж буй “хүрээ”-нд нэвтрэх чадваргүй. Японы зохиолч Нацуми Сосокигийн “Сэтгэл” романд гайхшрал төрүүлсэн нэг үгүүлбэр бий.
“ Зураач Ватанабэ Казан “Кантан” нэртэй зураг зурахын тулд үхэх цагаа долоо хоног хойшлуулсан гэдэг”
Зүрх сэтгэлд ямар их хүч оршиж байдгийн ердийн жишээ. Тэгэхээр зүрх мэт ганцаардмал, зүрх мэт их хүч хуримтлуулдаг зүйл хүнд үгүй ажээ. Мөн ЗҮРХ шиг эмзэг зүйл хүнд үгүй. Эцэст нь Б.Хадбаатарын нэгэн шүлгийн төгсгөл шиг
               Энэ амьдралаа эдгээх
               Эм даруулах УС сонгов, би /Б.Хадбаатар” Ус”/ хэмээх сонголтонд ЗҮРХ СЭТГЭЛЭЭ гээхгүй нь тулд хүрч буй хүмүүсийг хайрлах сэтгэл ЗҮРХ мэт булгилж байна.
       Яагаад ч юм бэ? “Тоорын шивнээ” хэмээх энэ номонд САЛХИ шиг шүлгүүд ЗҮРХ шиг цохилж байна.

                                            Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг
                                                            2011-05-03