ЛИБЕРТАРИАНИЗМ, ЦАГ ХУГАЦАА, АМЬДРАЛ ЧИНИЙ ТӨЛӨӨ ...
/Даваадоржийн Энхболдбаатарын жүжгийн зохиолуудын үзэл санаа/
Дорно дахины Япон, Хятадуудтай харьцуулвал сонгодог драмын урлагийн өв бидэнд харьцангуй бага. Но ч юм уу, Кабуки шиг үндэсний театр байсангүй. Найр хуримын үеийн наадаан цэнгээн, тэгээд Ноён Хутагт хүрээд л ер нь “өв уламжлал” дуусаж байна. ХХ зууны эхэн үеэс л шинэ цагийн театрын урлагийн түүх албан ёсоор эхэлжээ гэхэд нэг их “алдас” болохгүй болов уу? Ши. Аюуш, Д.Намдаг, Л,Ванган зэрэг театр урлагийн томоохон зүтгэлтнүүд төрөн гарсан нь мөн л ойрхи цагийн түүх юм. Үзэл суртал, нийгэм цаг үеийн “захиалгат” жүжгүүд тайзан дээр тоглогдож байсан хэдий ч Ази тивдээ анх удаа В.Шекспирийн эмгэнэлт сонгодог жүжгүүдийг бараг л бүгдийг нь одоогийн ойлголтоор “монопол” ганц академик театрынхаа тайзан дээр амилуулсан гэж бодохоор театрын урлагийн түвшинд богино хугацаанд том үсрэлт хийсэн гэвэл эргэлзээтэй дүгнэлт хилс зүйл болохгүй. Харин 1990-ээд оноос хойш театрыг ардчилах үйл явц, театрыг арилжаалах тал руугаа хэлбийгээд байгааг анзаарахгүй байхын аргагүй. Үүнд хэн буруутай вэ? гэхээсээ илүү нүцгэн гуя хас гарвал үзэгчид тэр жүжгийг сонирхох, зузаан хилэн хөшиг хүнд сурталтайгаар нээгдвэл, эм эр хоёр жүжигчин заавал тэнд үнсэлцэж байх ёстой, тайзан дээр “хот” барьж эсвэл нар сар мандуулдаг гэж үзээд байгаа хэт хуучинсаг сэтгэлгээнээсээ салах болсон санагддаг юм. Нөгөө талаар театрын урлагийн гол мөн чанар болох нийтийн оюун санаанаас түрүүлж явах манлайлалын үүргийг, нийтийн оюун санаанд үйлчлэх тохируулгын үүргээр сольж “ХӨГЖҮҮЛЭХ” гээд буйд л хамаг утга учир нь оршиж байх шиг. Энэ бол урд зүгийн ах дүү нарын хэлдэгээр өнөөгийн театрын ”хамаг гол асуудал” байж ч мэдэх юм.
Энэ хэсэг оршил үгүүлбэрийн дараагаар үндсэн асуудалдаа шилжин орох нь зөв юм. Монголын уран зохиолын 1990-ээд оныхны дотор жүжгийн төрлөөр бичдэг зохиолчид цөөхөн. Магадгүй нэг гарын таван хуруунд л багтахаар тоотой билээ. Зохиолч Д.Намдагийн гэр сургуулийнхныг залгамжлан гарч ирсэн жүжгийн зохиолчдын тоонд утга зохиолын “Хүрээ хөвгүүд” бүлгийн гишүүн зохиолч Даваадоржийн Энхболдбаатарыг оруулахгүй байх аргагүй. Аргагүй гэдгийн учрыг тайлбарлах үүднээс “ЛИБЕРТАРИАНИЗМ, ЦАГ ХУГАЦАА, АМЬДРАЛ ЧИНИЙ ТӨЛӨӨ гэсэн дараах гурван түлхүүр үгийг сонгон авсан юм. Нэг үгээр зохиолч Д.Энхболдбаатарын жүжгийн зохиолуудын дотоод кодыг тайлах түлхүүр гэж дээрх үгсийг ойлгож болно. Зохиолчийн театрын тайзанд тоглуулсан анхны жүжиг бол “Наран тойргийн тасархай”. Энэ жүжгийг УДЭТ-д 1996 онд найруулагч Наран-Амгалан тавьсан байна. Тухайн үедээ тайзнаа 6 удаа тоглогджээ. Хаан ширээний төлөөх цуст тэмцэл дунд хувь хүний эрх алдагдаж, төрийн хүч бүхнээс дээгүүр болно. Нэг үгээр либертари үнэт зүйлс үгүй болж, хүний эрх бүрэн утгаараа зөрчигдөж байна. Төрийн харанхуйлалаас нийгмийн харанхуйлал бүрхэж байна. Яг тийм нөхцөлд ЦАГ ХУГАЦААНЫ эрэмбэ алдагдана. Хүмүүс амьдралын төлөө, амьд үлдэхийн төлөө бүх л АРИУН НАНДИН зүйлээ үгүй хийхээс буцахгүй болно. Ганцхан “АМЬДРАЛ ЧИНИЙ ТӨЛӨӨ” гэсэн сайхан үгээр бүхнийг зөвтгөхийг, цайруулахыг хүснэ. Удалгүй итгэх бишрэхийн утга алдагдаж бүгд “МУХАР СҮСЭГТ” автана. Хувь хүний шүтэн бишрэх үзлийг төр хязгаарлах ёсгүй гэсэн Жон Локкийн дэвшүүлсэн үзлийг төр жинхэнэ утгаар нь зөрчинө. Энд Д.Энхболдбаатарын жүжгийн зохиолуудаар дамжин илрэх үзэл санааны гол үндэс оршиж байгаа юм. Дараагийн жүжгүүдэд ч мөн адил либертари үзэл санааны үнэгүйдэл, цаг хугацааны гажуудал, амьдрал чиний төлөө гэсэн үгээр халхавч хийж гэмт үйлдлүүдээ нуун дарагдуулахыг хүсэгчдийн дүрээр улам тодорхой үргэлжилсэн байдаг. Зохиолчийн илэрхийллийн өнгөн тал нь улс төрийн тэмцэл, хэлмэгдүүлэлт, авилгал, аз жаргалын доторх зовлон гэсэн хэнд ч илэрхий утга санаагаар тодордог. “Наран тойргийн тасархай” /1996/ жүжгийг эрх мэдлийн төлөө тэмцэл, “Төлөөс” /2007/жүжгийг нийгмийн шударга бус байдлыг илчилсэн, “Хуримын бэлэг/2007/ жүжгийг хүмүүсийн амьдралд хандах хандлагыг илэрхийлсэн, ”Амьдрал чиний төлөө”/2008/ жүжигт түүхэн эмгэнэлт хэрэг явдллыг үзүүлсэн зэргээр ерөнхийлөн тодорхойлж болох ч зохиолчийн далд нууцлаг байдлаар дэвшүүлэн тавихыг хүссэн үзэл санааг орхигдуулж байж болзошгүй юм. Анхлан “БНМАУ-ын төлөө зүтгэе” нэртэй бичигдсэн ч хожим “Амьдрал чиний төлөө” нэртэйгээр найруулагч Ч.Түвшингийн найруулгаар тавигдсан жүжгийн төгсгөл хэсэгт ийм хүүрнэмж бий. Жүжгийн гол баатар Дарамбалсан “ Би өөрөөрөө бахархаж байна. Хувилгааныг барьж чадсан даа? Бурханы шашны мунхруулгаас ирэх дайсагнал, хохирлоос сэргийлэн Хувьсгалт Засгийнхаа бодлогыг өмгөөлөн хамгаалж чадсандаа сэтгэл хангалуун байна. Одоо харин Хувилгааныг устгаж ул мөргүй болгох эцсийн даалгавраа та нөхөдтэйгээ хамт биелүүлэх гэж байгаадаа бас баяртай байна. Нөхөр 47 тушаалыг гүйцэтгэнэ үү” гээд “БНМАУ-ын төлөө зүтгэе” хэмээн сүүлийн үгээ хашгиран хэлдэг. Олон хоног хайсан хувилгаан нь эцэстээ өөрөө болж таардаг ч Дарамбалсан огтоос итгэдэггүй. Хувь хүнийг хувь чанараас нь холдуулж ”хамт олонлог” сэтгэхүйд шахаж, өөрийнхөө дотоод мөн чанарыг алдаж, нийгмийн хүрдэт арааны нэг шүд мэтээр бодох тийм сүргийн сэтгэлгээнд аваачиж байсныг харуулахын тулд 1937 оны улс төрийн “бариа тавианы үе”-ийг суурь дэвсгэр болгон авч ашигласан байна. Өөрийн амь ямар ч үнэгүй, зөвхөн нийтийн эрх ашиг юунаас ч дээгүүр гэж сурталддаг посткоммунист үзлийн эсрэг энэ жүжгийн далд нуугдмал санаа зогсож байгаа юм. Тиймээс л зохиолч Д.Энхболдбаатарын жүжгүүд дундуур нэвт сүлбэн гарах либертари үзэл санааны илрэл 2000-иад оны үед тайзнаа тавигдсан бусад жүжгээс гоц ялгарч байгаа юм. 2007 онд найруулагч Н.Наранбаатар зохиолчийн хоёр жүжгийг тайзнаа тоглуулжээ. Эхний жүжиг “Төлөөс”/2007/ нэртэй. Товчхондоо хийсэн муу үйлийн төлөөс боловч бүхнийг зохицуулахыг хүссэн их хүчний дарангуйлалд өртсөн аргагүй хүчинд автсан хүмүүсийн хийхээс өөр ямар ч гарцгүй “үйлдлүүд”. Үнэндээ өөрийнхөө амьдралыг хаад, шашны номлогч, сургагч зааварлагчид, дарга нарынхаа гарт атгуулсан хүмүүсийн эмгэнэл энэ жүжгээс шууд анзаарагдана. “Өөрийгөө мэдэж байна” гэж хэлж чадахааргүй болтлоо бусдын энрхшээлд автахын эмгэнэл цаг хугацааны гунигт автуулж, санамсаргүй хийгээд санаатай хийсэн алхмуудаа “амьдрал чиний төлөө” хэмээн зөвтгөхийг хүснэ. Зохиолчийн үзэл санааны үр хөврөл бүх л жүжгүүдэд нь боловсорч байдгийн, боловсорч байгаагийн ердийн жишээ “ТӨЛӨӨС” жүжиг. Эрх чөлөөний үнэ цэнэ, магадгүй сонгодог либертарианизмын үзлээр ӨМЧ-тэй холбогдож, өмчийг ямар ч аргаар хамаагүй бүтээх шуналт хүслийг нийгэмд ихээр тарааж, өмч бол эрх чөлөө гэсэн утгагүй гуйвуулсан ойлголтонд хүргэж байгааг зохиолч хөндсөн байна. Харамсалтай нь нийгэм өмчийг зөвхөн материаллаг талаас нь сурталчилдаг болжээ. Энэ нь хувь хүний өмч, эрх чөлөө, амь амьдрал гэсэн халдашгүй байх зүйлийг нийгмийн бурангуй хэсгийнхэн үнэгүйдүүлж, цаад утгаараа хүнийг ч үнэгүйдүүлж байгааг зохиолч эсэргүүцсэн байна. Зохиолчийн дараагийн жүжиг нь “Хуримын бэлэг”/2007/ нэртэй. Их сонин тодорхойлолт энэ жүжгийг дагаж явдаг. ЗАЛУУСЫН УЯНГЫН ДРАМ. Цаана нь тэгэхээр идэр насныхны уянгын драм, өтөл насныхны уянгын драм гэж төрөл зүйл байж болох юм шиг санагдана. Сүүлийн үед найруулагчид үзэгчдийн сандал дүүргэх менежментээ сайн найруулгаар бус сайн сурталчилгаагаар хийх гээд жүжгийн зохиолуудад сүржин тодорхойлолт өгөх болсны нэг жишээ. Зохиолч харин БЭЛЭГ гэдэг ойлголтоор өөрийн үзэл санаагаа илэрхийлжээ. Либертари үзлээр эрх чөлөө, амьдрах боломж, өмч бол таньд өгсөн бурханы БЭЛЭГ. Харин ямар бэлэг авах нь амьдралдаа ямар байр суурь баримтлахаас шууд шалтгаална гэж үздэг. Нэг үгээр амьдралыг хурим найр мэтээр төсөөлдөг хүмүүст хуримаа яаж хийснээс ирээдүйн бүх зүйлс шалтгаална гэсэн үг. Энэ л үзэл санаа “Хуримын бэлэг” /2007/ жүжгийн амин сүнс юм.
Орчин цагийн улстөрийн философийн хамгийн том урсгал либертарианизм, хувь хүний халдашгүй мөн чанар, эрх чөлөө тухай үзэл санаа зохиолч Д.Энхболдбаатарын эвлэлдэн нэгддэг “ХҮРЭЭ ХӨВГҮҮД” бүлгийн тулгуур үзлийн үндэс бөгөөд түүний жүжгүүдэд маш тодорхой илэрсэн байгаа нь санамсаргүй явдал биш болой.
Пүрэвхүүгийн Батхуяг /”Хүрээ хөвгүүд” бүлэг /
шинэхэн шүүмж шүү
ReplyDeleteкоодлон шинжлэхүйн шүүмж гэж байгаа юм