ҮГИЙН ҮНЭ ЦЭНЭ ИХ, ХҮСЭЛ ТҮҮНИЙ
ХААНА Ч ХҮРЭХГҮЙ
/Д.Үүрийнцолмонгийн
“Хос зүүлт” номын өмнөтгөл /
Ямар шалтгаанаар сэтгэл дотор хуралдаад байгаа
бодлын тунадасыг гадагшлуулах шаардлагатай вэ? Үүл хуралдаж үер буугаад удалгүй
тэнгэр цэлмэдэг шиг хүмүүний сэтгэл өөр
доторхоо цэвэрлэхийг тэнгэр мэт цэлмэхийг хүсдэг нь бас л нэг нууцлаг зүйл мөн.
Зарим нь бусадтай сэтгэлээ онгойтол ярихыг хүсдэг бол зарим нь уран зураг,
хөгжим, яруу найргаар дамжуулан сэтгэлийнхээ тэр их хуралдмал зүйлсийг
гадагшлуулна. Хэрэв ямар ч шалтгаангүйгээр дотроо хав дарсаар байвал юунд ч
хүргэж болох аюултай юм гэнэлээ. Тэгвэл Д.Үүрийнцолмон тэр “аюулаас” нэгэнт
гэтэлжээ. Учир нь яруу найргийн сувгаар өөрийнхөө сэтгэлийн бүх үнэ цэнэтэй
бодлуудаа, үзэл санаагаа зарим тохиолдолд хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн байна.
Энэ цагийн бүсгүй хүн юунд тэмүүлж, юунд эмзэглэж, юуг хайрлаж, юунд
догдолдогийг түүний шүлгүүд бэлхэн харуулна. Ихэнх шүлгүүд нь хайр дурлалын
сэдэвтэй. Ирээдүй нь нөхөрдөө хандаж бичсэн шүлгээс эхлээд амьдралын учир
шалтгааныг эргэцүүлэн тунгаасан, магадгүй бидний дэргэдүүр нь анзааралгүй
өнгөрдөг зүйлсийг ч олж харсан байх нь Д.Үүрийнцолмонгийн нэгээхэн онцлог
гэлтэй.
Ямар ч хүнд бусдаас ялгарах ЯМАР
нэг өвөрмөц зүйл бий. Нүүр царай, бие галбираас илүү бусдаас ялгарах ухааны,
мөн сэтгэлгээний, урлах аргын, ухаарал гэгээрэлийн ялгаа. Гэтэл олон хүн
тийм ялгаагаа олж хараагүй байх нь энэ
амьдралд даанч элбэг. Бүгдээрээ л нэг хэвэнд цутгасан мэт ижилхэн ярьдаг,
ижилхэн инээдэг, ижилхэн сэтгэдэг, ижилхэн хүмүүс. Олонтойгоо ижил байх сайхан, амьдралд ямар
нэгэн бэрхшээл саад бага байдаг нь үнэн. Учир нь бүгдтэйгээ, олонтойгоо
буруудсан ч зөвдсөн ч хамт. Ядуу өрөвдмөөр хүн сүргийн сэтгэлгээ. Энэ бүхнээс
өөрөөр онцгойрохыг яагаад зарим нэг хүн хүснэ. Бусдаас өөр байхыг хүснэ. Тэдний
оюун санааг бидний санал нэгтэйгээр тодорхойлж хараахан чадаагүй байгаа тийм
нэг ХҮЧ эзэмдсэн байдаг. Тэр хүчний хүчээр шүлэг бичиж, хэдийгээр хайр дурлалын
адал явдалт харилцааг илэрхийлсэн ч “Хос
зүүлт” нэртэй тууж бичнэ. Иймээс л
Д.Үүрийнцолмон бусдаас ялгарах өөрийн онцлогийг эрэлхийлэх хүсэлтэй,
ижил байхын эмгэнэлийг ойлгож, хайр дурлалын учир битүүлэг ээдрээтэй түүхийг
өгүүлсэн хүүрнэл зохиол бичиж “зүрхэлжээ”. Нэрнээс нь ч бодсон залуу бүтээлчийн
анхны оролдлого гэдэг нь тодорхой энэ зохиол олон талаараа санаанд минь
хүрээгүй ч олзуурхаж болох хоёр зүйл лав бий. Нэгдүгээрт энэ туужид бүтээлч оролдлого, сайхан хайрын
түүх зохиое гэсэн эрмэлзлэл байгаа юм. Саяхан би энэ “оролдлогоос” хамаагүй
илүү “оролдлогыг” хатуухан л шүүмжилсэн. Яагаад гэвэл улам сайн “оролдог”
гэж. Харин энэ “ХОС ЗҮҮЛТ”-ийн хувьд их
л зөөлхөн илэв. Учир нь цаашаагаа урам зоригтой “оролдог” гэж.
Аль эртний Шекспирийн Ромьео, Шульетта хоёроос хойш өнөөгийн Стипани
Мейерын Белла, Эдвард хоёр хүртэл “гайхамшигт” хайрын түүх үргэлжилсээр. Хүн
төрөлхтөн ганцхан энэ л сэдвээс уйдаж залхалгүй сонирхсоор байгаа юм. Дундад
зууны Франц хатагтай нарын өдрийн тэмдэглэл шиг зохиолуудыг ч ялгалгүй. Өнөө
цагийн Цэцгээ, Навчаа нарын бичсэн хайрын
түүхийг амтархан уншсаар байна.
Д.Үүрийнцолмонгийн бичсэн хайрын түүх ч ялгаагүй тэр л зам гольдрол, гортиг
тэгээр бүтээгдсэн хүүрнэл юм.
Харин амьдралд санамсаргүй тохиолдлууд
газар сайгүй л тохиолдож байдаг. Хайр дурлалд ч санамсаргүй учрал тохиолдлууд
элбэг. Д.Үүрийнцолмонгийн туужийн дүрүүд ч ялгаагүй тэр л санамсаргүй учрал
тохиолдлын дотор амьдарч байна. Сайн тал нь “ХОС ЗҮҮЛТ” туужаас романтик
мөрөөдлүүд, романтик илэрхийллүүдийг анзаарч болно. Харин бусдынх нь тухай үгээ
гамнахаар шийдсэн юм. Учир нь “ҮГИЙН ҮНЭ
ЦЭНЭ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ, ХАРИН ЗОХИОЛ БИЧИХ ХҮСЭЛ ТҮҮНИЙ ХААНА Ч ХҮРЭХГҮЙ” гэсэн
үзэл бодлоо тулгаж байна. ҮГ зарим тохиолдолд илэрхийлэхийг хүссэн үзэл
санаанаас ч илүү хүчирхэг байх нь бий. Бас зарим тохиолдолд ҮГ зохих газраа олж
зоогдоогүйгээс хүчгүйдэх ч явдал бий шүү? Тиймээс л зохиолын Тэмүүжин, Бөртэ
хоёрын биесээ гэсэн хайр сэтгэлийн хүчтэй тэмүүллийг илэрхийлэхэд Д.Үүрийнцолмонгийн зарим үг хүчгүйдсэн
санагдсан билээ.
Яагаад Тэмүүжин /орчин цагийн нэр нь Темка/ заавал Бөртэ нэртэй охинтой
учирч тэдний хоорондуур Ирмүүн гэдэг залуу гүйв. Аль эртний ухвар үүдэлтэй
“хайр сэтгэлийн гурвалжин” гээчийг энэ цагийн Д.Үүрийнцолмон өөрийнхөө зохиолд
дахин амилуулж, амьдралд олон зүйлс өөрчлөгдсөн ч олон зүйл эртнийхээрээ
гэдгийг харуулж байгаа сонгодог жишээ ч юм шиг санагдана. Одоо олон хүн ХХ
зууны 30-аад онд л шуударсанаараа шуудраад нийтээрээ латин үсэгт шилжчих байсан
юм гэж ярьдаг. Ах дүү Кирилл үсэг үнэндээ ах дүү Орос-Монголд хоёрт л үлдчихээд
байна. Чухам юуны учир Латин үсэг гэж ярьсны шалтгаан Д.Үүрийнцолмонгийн “Хос
зүүлт” туужтай холбоотой. Энэ туужид хайртай хосууд гар утсаараа латин үсэг
ашиглаж дуут шуудангаар /мессеж /харилцаж байгааг яг тэр үсгээр нь бичсэн
байна.
-bi chmg
haraa ch vgvi ydaj duu hooloig chin ch sonsoogvi bj hudlaagaasaa hair mair
gesen vgiig helj chadahgvi. оorooroo bai bitgii hudlaa mayglaad bai гэсэн мессежийг илгээлээ.
-chi min gehdee nadad hairtai bolnoo. bi medej bn. harin oroi vdesh bitgii bar sawaar heseerei za гэх хариултыг уншсан тэрээр өөрийн эрхгүй гүн бодолд автлаа. /Д.Үүрийнцолмон ”Хос зүүлт” 2011/
-chi min gehdee nadad hairtai bolnoo. bi medej bn. harin oroi vdesh bitgii bar sawaar heseerei za гэх хариултыг уншсан тэрээр өөрийн эрхгүй гүн бодолд автлаа. /Д.Үүрийнцолмон ”Хос зүүлт” 2011/
Энэ бол зохиолын нэгээхэн хэсэг. Ийм хэсэг
цөөнгүй. Энэ л үед би эх монгол хэлнийхээ хувь заяаны тухай эрхгүй бодоход
хүрсэн юм. Шинэ цаг үеийн залуус ярьсан шигээ бичдэг болчихож. Утга зохиолын
хэл он цагийн хаахна нүд аньсан юм бүү мэд. Магадгүй энд бидний буруу асар их
байгаа санагдана. Хичнээн жил Монгол бичгээ сэргээн хэрэглэнэ гэж цаасан дээр
бичиж тэр нь хичнээн сайдын ширээний нүдэнд хэвтлээ. Энэ хооронд хэн хохиров.
Монголын оюун санааны ирээдүй... Нийгэм-цаг үеийн гажаа Д,Үрийнцолмонгийн
зохиолын хэлэнд ч бас нөлөөлсөн байна. Гагц түүний зохиолд ч бус одоогоор
“оролдож” байгаа бүх залуусын зохиолын хэл нэг иймэрхүү. Гэхдээ сайн зүйл бас
бий. Тэр нь чөлөөт сэтгэлгээ. Амьдрал, хайр дурлал, нийгмийн харилцаа, хүний ёс
зүй, үзэл санааны шинэ чиг хандлага. Бас өмнө нь манай уран зохиолд огтхон ч
байгаагүй шинэ-ДҮРҮҮД. Д.Үүрийнцолмонгийн туужийн Оо, Анхил, Золоо, Сувдаа,
Болороо болоод тэдний харилцаа, амьдрал, зөрчил тэмцэл, хууран мэхлэлт, итгэл
сэтгэл. Өөрийн эрхгүй толгой дохиж зөвшөөрмөөр амьдралын ээдрээт харилцаанууд
энэ туужид дүрслэгджээ. Чухамдаа хоёр
биенийхээ халуун сайхан итгэл сэтгэл дээр л тогтдог гэж үздэг байсан үеийн цөөн
хүчин зүйлсийн бүрэлдэхүүнт хайр сэтгэлээс одоогийн олон хүчин зүйлсийн
шалтгаант хайр сэтгэл их л ялгаатай мэт санагдавч хүсэн тэмүүлэх, хайрлан
санагалзах СЭТГЭЛ гээч аугаа зүйл
хэвээр тул туужийн зарим уярам учралуудын хэсгүүдэд арай л “сэтгэлгүй” хандсан,
дэндүү хөнгөн бичлэг, хэтэрхий хялбар шийдлүүд, болхи зохиомжтой болсныг
хэлэлгүй өнгөрөх аваас Д.Үүрийнцолмонгийн ирээдүйд ч хөөрхий миний цөөнгүй жил
баримталсан шударгын талд зогсох гэсэн үзэл санаатай минь зөрчилдөх гээд байна.
Тиймээс л би үгийн үнэ цэнэ их гэж үглэн
дуулаад байгаа ухаантай. Харин зохиол бичих ХҮСЭЛ бол түүний дэргэд юу ч биш хэмээн анхааруулаад байгаа
санаатай. Сайн байна гэдэг үүрд сайн байхын нэр биш, муу байна гэдэг ч
ялгаагүй. Сайн зохиол бичнэ гэдэг нэгэн удаагийн хүсэл зоригоор бүтдэг зүйл
биш. Дур хийгээд үл няцах зориг байваас цаг хугацаа бүгдийг харуулах билээ.
Д.Үүрийнцолмонгийн хүүрнэл зохиол, яруу
найргаас бүрдсэн энэ бүтээл түүний үүрнээсээ нисгэж буй анхны дэгдээхэй. Оюун
санааны сансарт эмэгтэй хүн чухам ийм том ҮЙЛ
хэрэг эрхлэх нь бэрх юм. Гэвч тэр няцсангүй, бүр зориглосон нь сайшаалтай.
Гэхдээ эр эм хар зоригоор хэн юунд ч хүрч байгаагүй гэдэг. УХААН, АВЬЯАС,
БОЛОВСРОЛ гэдэг дэндүү үнэ цэнэтэй олон сайхан үгийг улам шамдан хайна биз. Тэд
заавал чамд олдоно.
ГАРАГИЙН САЙНД БИЧСЭН
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
Шударга үнэний талд зогсох-сайхан шүүмжлэх, Хүний хүслийг мохоочихгүй байх-сайжирч тун магад авъяасыг нугачин дарахгүй байх. Тунгий нь сайн тааруулжээ. Гарагын сайнд сэтгэгдэл үлдээсэн Гарцаагүй Баярмагнайн Билгүүн
ReplyDelete