Sunday, August 19, 2012

шүлгүүд

Нарсан ойн гүн дэх ганц хус шиг
Тийм хайранд бүүвэйлэгдэж
Нарны халуухан илчинд торлогдон
Намрын судсаар хамаг бие минь эргэлднэм.
Зөөлхнөөр бүлээн чулуунд хүрэхэд
Эмзэглэсэндээ дуу алдахыг сонсож
Зөрүүдхэн ааштэй өнгөрөөсөн он жилүүдээ
Зүхэж чадаагүйдээ баярланам.
Эргэлзэх, бусдад таалагдахыг мартсан
Их өндөрт өөрөөс минь өндөрт эргэлдсэн
Эрвээхэй шиг, эрээн алчуур шиг эсвэл
Эм хүн шиг - шүлгүүд минь
Эр гунигтайг эс бүхнээрээ мэдрэхэд
Нарсан ойн гүн дэх ганц хус шиг
Атаархалд бүслүүлснээ гэнэт ойлгоном.

2012-08-10 Зүүн салаа

Талстлаг заримдаа өөр дотроо төөрмөөр
Тасалгааны голд тарьсан цэцэг шиг-ганцаардмал
Тэсрэх өдрөө хүлээсэн бөмбөг шиг
тэсэн ядавч хүлцэн байж амьдарна.

Улам улмаар хэрээний ганц дэгдээхэй шиг
уйтгарт автсан ч цоглогоор гуагчна.
-Гуниг бүгдийг сэгсэрч орхиод
өд сөдөө засаж
Гурвалжилан буй тэнгэрийн
Гүн руу шумбан орно.
Гуаг, Гуаг, Гуаг,
ГЭНЭМ.

2012-08-04 Зүүн салаа

No comments:

Post a Comment