Monday, October 8, 2012

үгүүлэл

Миний мэдэх "Хуучин Хүүхэлдэйнүүд"-ийн тухай хэний ч уншаагүй шинэ үгүүүллэгүүд
     Дөнгөж сая Д.Дашмөнхийнхөө номыг их дэлгүүрийн урд уулзан байж гардан авлаа. "Хүрээ хөвгүүд"-ийн хүчирхэг хэмнэл нэгэн шинэ алхаагаар урагшлав. Хэдийгээр энэ номны "режаактор" байсан боловч дахиад л эхнээс уншиж сууна. Хэрэв би сэрүүн зүүдлээгүй бол сэрж мартаагүй бол энэ үгүүллэгүүдийн ихэнхийг найз минь ХХ зууны төгсгөл үед бичсэн юм. Тэр үед хэн ч /одоо ч ялгаагүй / ийм чөлөөт үгүүллэгүүдийг бичээгүй юмдаг. Энд л энэ номын гайхамшигтай үнэ цэнэ оршиж байгаа юм. Бид тэр цагт ямар шинэ, ямар эрэлхийлэгч, ямар бие биендээ нөлөөлөгч, ямар эгдүүтэй, ямар зэвүүн "бацаанууд" байсны минь гэрч болж энэ ном хэвлэгдэн гарлаа.
   Би уужраад л сууж байна. 1990 -ээд оны яруу найргаас өөр гялтайх юмгүй утга зохиолын ядмаг өв хүүрнэл зохиолын нэгэн сонирхолтой бүтээлээр хуудас нэмлээ. "Хөлийн чимээн"-ээс эхлээд ар нуруугаар минь өөрийн эрхгүй айдас гулсуулсан "Машины арын суудал дээр" хүртэл энэ 12 үгүүллэг Монголын орчин үеийн хүүрнэл зохиолын намтарт дурайтал бичигдэнэ гэдэгт эргэлзэх сэтгэл л лав надад үгүй. Анхлан би энэ номын бүтээгчээс адал явдалт, уран зөгнөлт уран зохиолын талаар олон цагийн лекц сонсоод тархи толгойд минь нэг гэрэл гийж, үрчлээс нэмэгдэж асан тэртээ 1988 оныг халуухнаар дурсаж, одоо ч амнаас нь тасралтгүй "Калашников" автомат мэт шүршин гарах үгсийг шимтэн сонсдогийн хувьд "Үхлийн тууриуд", "Харь гарагийн өгүүллэгүүд" зэрэг өмнөх номнуудын өлийтлөө уншдагийн хувьд, Рей Бредберийн "П гэж пуужин " номыг нь гуйж аваад эргүүлж өгөөгүй нүгэлтэйнхээ хувьд Дашдоржийн Дашмөнх бол зөвхөн "Хүрээ Хөвгүүд"-ийн төдийгүй энэ цагийн гэгээтэй сэхээтний нэг гэдгийг бардам хэлэх байна. 
   Магтаал чи хүндээ хөнгөдөх цаг ирдэг гэдгийг бүү мартаарай. Тэр цагт эрэмбэ, дэг журам, худлаа ёс зүй хайсан энэ цагийн хамгийн эрэмбэтэй нь хамгийн дэг журамтай нь, хамгийн ёс зүйтэй утга зохиолын "Хүрээ хөвгүүд" хамтлаг байсныг олон гэгээтэй залуус гэрчлэх болно.
    Хуучин хүүхэлдэйнүүд бидний амьдрал ямар их ухаарал авчирсан гээч. Одоо тэдэндээ гүнээ талархмаар санагдана. Тэр л "хүүхэлдэйнүүд" Д.Энхболдбаатарын  жүжгүүдийн чөлөөт эргэлтүүд дундуур, Г.Ням-Очирын  гүн эргэцүүлэл, монгол мэт ухаарал дундуур, Г.Батнасангийн  нэн энэрэнгүй сэтгэл, этгээд шимшрэхүй дундуур, молхи толхи миний модон шүлэглэл дундуур "сүүтэгнэж" байдаг ч бид Д.Галбаатар багшийн бичсэнээр " Хүрээ хөвгүүд цөм сайн яваа". Учир нь бид анхнаасаа хэнд ч муугүй санаагүй, эртний латин үгээр бол "сайн хүнд хэн ч муу юм санадаггүй" учраас дахиад л Д.Галбаатар багшийн бичсэнээр"... байр сууриа хэдийнээ бэхжүүлж, нэр хүнд олжээ".
Багадаа бидний бишгүй сонсож байсан "Хар гартын түүх", "Хүүхэлдэй дув дуугай" нэртэй үгүүллэг болчихно гэж санасангүй. Мөн багадаа бишгүй л сонсож байсан "Гэлэн муур хоёрын түүх", "Сохор муурын гай түйтгэр" гэдэг үгүүлэг болчихно гэж санасангүй. Тэрбайтугай энэ бүхнийг Д.Дашмөнх маань үгүүллэг болгоно гэж бүүр санасангүй. Гол тэр бүгдийн сонссон" түүх"-ийг хэний ч уншаагүй үгүүлэг болгосон нь олзуурхмаар. Учир нь Багшийн дээдийн урдаас варений шил цуйван аваад хувааж идэж суухдаа ч Дашдорж ахыг Далан Давхарын энгэрт мөнхрүүлчихээд лоом жоотуу үүрээд харь цасан дундуур харьж явах замдаа ч алс хол хүний нутаг руу мордоход нь араас нь хараад цонхон дээрээ зогсож байхдаа би Дашмөнхийг хэзээ нэгэн цагт ийм ном бүтээнэ гэдэгт нь итгэж байснаа сая л ойлголоо.
   Нам төрийн удирдлагууд гардаг асан Яргайтын зуслангийн энэ хүү "Ундааы бөглөө онгойлгож өгөөч" гэх халуухан дурсамжит, хачин сэтгэмжит үгүүллэг бичихээс өөр яах билээ. Би ч уншиж суухдаа тэртээ 80-аад оны зуслан дэнжид өнгөрүүлсэн хүүхэд насаа санаад сэтгэл минь сэмэрч суулаа. Тийм нэг биоплазм орон зай нь соронзон талбай хүрээгээ тэлж хамаг биеэр минь халуун энерги нар зөв эргэлдэж, хажууд минь тэр нэгэн мөрөөдөлт "дүр" минь зогсоод "ундааг минь онгойлгож өгөөч" хэмээн гуйх шиг санагдаж байв. Хөөсөрч онгойх ундааны тухай дурсамжит" үгүүлэмж" дотор "борооны дуслууд яагаад агаарт мөр үлдээдэггүй юм бэ?.." гэсэн "яруу найраглаг" мөрүүд гялсхийж дотрыг ээдрээдүүлж орхино. "Зэрлэг нохой" хийгээд "Төрх" тэргүүтэн үгүүллэгүүдээс 1990-ээд оны магадгүй миний хамгийн олон удаа харсан, магадгүй хамгийн сайн таньдаг нэгэн залуугийн дүр босож ирнэ. Бүх юм танил дотно, бүх юм мэддэг байх ч огт мэддэггүй зүйлс энэ үгүүллэгүүдээр дүүрэн байна. Ги де Мопассаны нэгэн туурьд "өө, ром дарс" гэдэг шиг Д.Дашмөнхийн цөөнгүй үгүүлэгүүдийн тэртээ цагийн "өө уншсан юм" гэх анхны уншигч байсан ч он улирсан ч огт хуучраагүй харин ч улам шинэлэг мэт байгаа нь хачирхмаар.
  Орчин цагийн нийгэм ямар болсон бэ? Тэртусмаа Д.Дашмөнхийн амьдарч буй асар их хурд, асар их үймээн шуугиант "америк" нийгэмд хүн-машин мэт болжээ. Би ч одоо өөрийгөө хүн-хүн байгаа гэдэгтээ эргэлздэг. Хүнийсэл дотор амьдарч буй зохиолчийн гарын үзүүр, тархины "матрици" дотроос "Хатуу" дайны "хатуу үгүүллэг төрж гарах нь тодорхой. Би айж байна. Тэр ч бас айж байна. Тиймээс л "хүүхэлдэйнүүд дув дуугай" байна."
  Мартсанаас манай хүүрнэл зохиол С.Эрдэнэ гуайн ШБОС-д хэтэрхий автаад уянга үгүй бол үгүүллэг биш гэдэг аймаар хэвшсэн хайрцаганд орчихсон юм. Тэр хайрцаганд багтахааргүй бол юу ч биш гэдэг үзэл одоо ч хэвээр.  Тэгвэл үзлийн эсрэг үзлээ барьж" бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ" хэмээх зоригт тунхагт минь Д.Дашмөнхийн энэ 12 үгүүллэгийг хамруулж үзвээс зохино. Энэ бас зөвхөн миний бодол гэдгийг олон ойлгоно биз.
  Намрын униар дундуур Д.Дашмөнх бид хоёр "Цонжин болдог" чиглээд давхиж явлаа. Арын суудал дээр сайн дүү Сайнжаргалын Начин аппаратаа бариад суужээ. Момо / энэ өчүүхэн миний өхөөр нэр / би үгүүллэгийн ном гаргана, аа. Би тэсэн ядан хүлээнэ./ хөхрөлдсөн байх,аа / Түүнээс хойш яг 356 хоног өнгөржээ. Үнэхээр тэр хэлсэндээ хүрдэг эрийн ёсоор номоо гаргаж намрын униар дунд би номынх нь эхийг уншаад Зүүн салааны зүрхэн дээр сууж байнам. Амьдралын сайхан нь юундаа байдгийг би сайн мэдэхгүй ч амьдрал сайхан гэдгийг мэднэ. Сайхан ном унших, тэртусмаа сайн нөхрийнхөө сайн номыг унших энэ амьдралын олон сайхан зүйлсийн ердөө нэг нь билээ.
Гитарын тасарсан утас шиг үгүүллэг Д.Дашмөнхөд нэг бий. Түүнийг нь "Уран зураг" гэдэг юм. Зураад зураад эцэст нь үгүй хичихнэ. Акутагавагийн "Тамын тарчлаан" шиг. Яагаад ч юм бэ? Эн хоёр үгүүллэг санаандгүй адилхан болсон санагддаг юм. Юутай ч  Рюнэскэ түүнд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөнийг би ойлгов. Даниел Хармс ч ялгаагүй. Бүүр Стивонсоны нэг шидэт үгүүллэгийн амьсгал ч түүний нэг үгүүллэгээс  үнэртэнэ. Орхон Памукийн "Би улаан"-аас ч илүү "новширсон" мэт санагдах " Дусал цус", Вьетнам домог, бөөгийн тойрог, Америк ахуй энэ бүхэн үнэхээр сэтгэлгээний хязгаарлагдмал бус байдлыг, тийм байхаас аргагүй нөлөөлт чанаруудыг бидэнд илтгэнэ. Үүгээрээ өнөө цагийн зохиолчийн багтаамж сайтай дүрслэлүүд, илэрхийлэх арга, уран сэтгэмж бүхий оюуны цар хүрээг тодорхойлоход тун бэрх байгаа юм. Магадгүй "шумуулын тухай" Вьетнам /ер нь дорно дахиных байх, аа/ домгоос "Лус савдагтай учрах цагаар" нэртэй монгол домгийн сэтгэлгээт үгүүллэг хүртэл Д.Дашмөнхийн татсан "зураасанд" та бүхэн хэд хэдэн удаа тээглэж унана гэдэгт би итгэлтэй байна. Тээглэж унахдаа тэнгэрийг бодож "хараал" битгий хэлээрэй. Бас дээр нь ад+аархал буюу адгийн муу хар үгсээр амаа бүү дүүргээрэй. Хүрээ хөвгүүдийн хүчирхэг хэмнэл, хүчирхэг алхааг хүлээн зөвшөөрөх цаг хаалган дээр чинь иржээ. Д.Дашмөнхийн нэгэн үгүүллэгийн төгсгөл үгүүлбэр шиг” ...хаалга угз татан нээнэ” биз.
                       ХҮРЭЭ ХӨВГҮҮДИЙН НЭГ ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
                                                                                                         2012-10-04

No comments:

Post a Comment