Tuesday, August 14, 2012

үгүүлэл


ЮМ  ЮМТАЙ  МЭТ САНАГДАХ Ч “ЮУ Ч ҮГҮЙ” ҮГҮҮЛЛЭГҮҮД
 /Ц.Баттуяагийн “Таримал цэцгийн сүм” номын шүүмж/
   Андуураагүй бол  энэ цаг үе асар олон ганган чамин, өнгө алагласан “юмсаар” дүүрэн. Заримдаа тэр бүхэн нь сав ертөнцдөө багтахгүй чихцэлдээд байгаа мэт санагдах нь бий. Уран зохиол ч ялгаагүй эрин зууныхаа өнгийг дагаад хэтэрхий ч гэмээр олон төрөл, хэлбэр, урсгал чиглэл юу юу ч билээ. Овоо хэдэн жил онол номлол сонирхсон мунхаг би хүртэл дотор нь төөрч орхидог –ХОРВОО. Зарим үзэл номоор ийм  хөл толгойгүй болгосон нь бүтээгч бурхадын  буруу бөгөөд өчүүхэн хүмүүн бидэн ямар ч буруугүй мэт бодогдоно. Харин “бүтээгч бурхад” гэдэг нь  ердөө бидний өөрсдийн маань бүтээсэн оюун санааны хиймэл ДҮР байж болохыг үгүйсгэхгүй.
   Эдгээр оршил үгүүлбэрүүдээр залуу зохиолч Ц.Баттуяагийн бүтээсэн бүтээгч оюун санааны ертөнц рүү бүгдийг хандуулахыг эрмэлзсэн юм. Тиймээс “Таримал цэцгийн сүм” номын юу илүү чухал вэ? Одоохондоо хэн бүгдээс илүү өөрийгөө олох гэсэн, өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох гэсэн дур хүсэл. Энэ дур хүсэл түүнийг энэ номыг бүтээх хүчинд хөтөлсөн байна. Тэр хүчний  язгуурлаг чанар хаанаас эхлэлтэйг би хэлж мэдэхгүй ч ямар ч байсан суурь хандлагууд нь “суурь” сайтай байна. Нэг үгээр үгүүллэгүүдийнх нь бичлэгийн өнгө аяс тогтсон шинжтэй. Тогтсон гэдэг нь олон талаараа хэвшчихсэн байдалтай. Гэвч хэвшмэл дүрүүд, үйл явдлын ижил шугамууд, хайрцаглагдсан өгүүлэмжүүд. Бүх үгүүллэгүүдээ нэг цагт нэг өдөр биччихсэн мэт санагдах илэрхийллүүд. Яагаад нэг агшинд  нэг өдөр гэж цаг хугацааг хураангуйлаад байгаагийн учир нь  энэ номыг бүтээх үгүүллэгүүд  ердөө хайр дурлал+салалт хагацал+гэнэтийн учрал гэсэн гуравхан сэдвийн дотор эргэлдэнэ. Хэрэв ямар нэг тодорхойлолт өгөх аваас “гар утасны үгүүллэгүүд” гэж хамгийн түрүүнд нэрлэхийг хүсэх байна. “Байна, аа, байна уу, мессеж, утас аваад, дугаарыг устгаад, дуудлага ирлээ” гэсэн үг үгүүлбэрүүд Ц.Баттуяагийн зохиолуудаар даанч дүүрэн. Аргагүй л мэдээлэл технологийн асар хурдацтай цаг үед амьдарч байгаа залуу зохиолч учраас гэж зөвтгөж бодмоор санагдах ч ямар нэгэн алслагдмал ”орон зай”-наас бие биентэйгээ харьцдаг болсон хүмүүсийн харьцаа түүний үгүүллэгүүдээс шууд анзаарагдана. Дүрүүдийн харьцаа хөндий хоосондуу, эсвэл зохиомол, үгүй бол арга тактиктай. Ямар сайндаа “Ухаан зарсан хайр” нэртэй үгүүллэг байхав дээ? Хайр сэтгэлд ухаан зарах хэрэгтэй байх л даа? Гэхдээ хайр сэтгэлд ухаан зарваас зүрх сэтгэл нэг мөсөн хаягддаг гэдгийг зохиолч уг нь сайн мэддэг ч энэ үгүүллэгт л лав мартаж орхисон гэж санагдмаар. Амьдралд юу эсийг харж мэдэрч, сонсож, хүлээн авч буцаан түлхэж болох билээ. Гэтэл хэтэрхий баригдмал сэтгэлгээ нь дотор удаан эргэлдсэн нь харамсмаар. Амьдралын туршлага, ажиглалт, үзэж дуулсан бүхэн нь хүүрнэл зохиол гэдэг өргөн хавтгай дээр сэтгэдэг төрлийг бичихэд дутагдсан болох нь тодорхой байна. Энэ бүхнийг цаг хугацаагаар нөхөж болно гэж бодоход цаана нь байх уран зохиолд хамгийн чухал нэг зүйлийг яах билээ. Тэр бол төрөлхөөс шинжтэй заяагдмал үгийн мэдрэмж. Тодорхой жишээ авья л даа? “Нэг л гунигтай зун” үгүүллэг “Бороо хүртэл нэг л гуниглангуй, гуниглахаасаа ч залхсан мэт залхуутай шиврээд л...  гэдэг үгүүлбэрээр эхэлнэ. Байгалийн байдлыг зурагласан хэдэн үгүүлбэрийн дараа “Энэ бүхнийг харсаар залхаж, бас уймарч орхисон тэнгэр хааяа нэг ганц, хоёр дусал хаялж, тэгснээ бодолд автан, хэсэг чив чимээгүй дүнсийгээд л... “ гэсэн үгүүлбэр залгаж үргэлжлэх нь хачирхаж үхмээр. Яалаа нөгөө шивэрч байсан бороо, ёстой нөгөө 80-аад онд зохиогдсон эстрад дууны “зүсэр бороотой тэнгэр нь цэнхэртээд” гэдэг үгийг эрхгүй санагдуулна. “Огт тэнцвэргүй бодол” үгүүллэгт “нүдээ доош шилжүүлэв” гэсэн үгүүлбэр хоёр ч удаа давтагдана. Залуу зохиолч маань “харц” гэдэг монгол үг байдгийг мартсан эсвэл огт мэддэггүй болж таарлаа.  “Хэлгүй бол хөлгүй “гэдэг хачин тэнэг хэлц үг байдаг шиг зохиолч хүн эх хэлээ сайн сурахгүй бол ёстой “хөлгүй” гэдгийг зориуд хэлмээр байна. Магадгүй дээрх “шүүмжлэлт” үгүүлбэрээс үүдэж зохиолч өөрийгөө зөвтгөн бороо үүлнээс ордог, үүл тэнгэрт байдаг, шивэрч байснаа ганц нэг хаялж болдог гэж бодож болох ч  “клуб, таавчиг, конкурс, команд”/ зохиолчийн үгүүллэгт буй гадаад үгс / гэдэг гадагад үгсийг орлуулчих  монгол үгс одоохондоо бий гэдгийг бүү мартаарай. Дээхэн үед нэгэн Орос орчуулагч “улаан булан” гэдэг зохиомол монгол үгийг “клуб” гэж ухааралгүй, зүгээр үгчлээд орчуулчихсан чинь морь унасан монголчууд бөөн бөөнөөрөө давхилдаж ирээд улаан өнгөтэй ямар нэг булан руу толгойгоо шаачихаад баахан дуулж бүжиглээд буцаад мордоод явчихдаг гэж ойлгогдож байсан гэдэг. Түүнтэй адил “Хайр” үгүүллэгийн дүр болох Учрал зохиолчийн бичсэнээр “Гэтэл Учрал хүнд өргүүлж, ээжийгээ ганцааранг нь орхиод одох нь тэр.” гэжээ. Яавал зохистой байсан бэ?  “Учрал хүнд өргүүлж” гэхээр Учрал өөрөө дур мэдэн шийдсэн, үгүй бол дээгүүр доогуур гүйж яваад өргөж авах хүн олоод үрчлэгдсэн гэж санагдахаар найруулгын өнгө аяс мэдрэгдэнэ. Угаас зохистой нь “Учралыг хүн өргөж аваад ээж нь ганцаар үлдэх нь тэр” гэмээр юм шиг.
Үгүүллэгүүдийнх нь дүрүүд хоёр талтай. Нэгдүгээр тал нь бороо+салхи+цас+шуурга зэрэг байгалийн үзэгдлүүд. Тэдгээрийн хүний амьдрал, оюун санаанд нөлөөлж буй байдлууд тодорно. Байгаль хүний амьдралд нөлөөлдөгийг бүгд мэддэг болсоор хэдэн ч зуун жил өнгөрсөн юм бүү мэд. Тэр цагаас л үг үзлээ илэрхийлдэг хувь оюун санаанууд энэ тухай бичсэн. Бүр хангалттай бичсэн. Гэтэл залуу зохиолч дахиад л цоо шинэ нээлт хийсэн мэт давтан давтан бичсэн байх юм. Цөөнгүй үгүүллэгүүд нь бороо, цас, салхи шуурга хүний оюун санаанд хэрхэн нөлөөлж байгааг илэрхийлжээ. Залуу хүн шинийг эрж хайх, шинээр илэрхийлэхэд л оюун санаагаа зориулж байвал зохистой гэдэг өөрийн үзлээ тулгасан бол би буруутай.  Харин хэн нэгний хэзээ нэгэн цагт гаргасан хуучин замаар хэт их хурдтай давхих нь тийм сайн зүйл биш гэдгийг би зориуд хэлэхийг хүсээд байгаа юм.
Хоёрдугаар тал нь тэр нэг залуу. Тийм нэг хүслэн болсон залуугийн дүр бүх л үгүүллэг дундуур нь нэвтрэн гарна. Өчигдөр, Өнөөдөр, Маргааш, Хоосон түрийвч, Гачигдал, Өлөн ходоод” гэсэн дүрүүд бий л дээ? Даанч “тэр нэг залуу” хэмээх дүрийн дэргэд төдий л элбэг бус. Тэр нэг залуу нь бас цав цагаан царайтай. Нэр нь хэн ч байж болно. Гэхдээ л цав цагаан царайтай, өндөр нуруулаг, туранхай ч биш тарган ч биш. “цагаан царайтай энэ залууг Сайнбаяр гэдэг”, “Тэгш өндөр нуруу, тарган ч биш. Хэтэрхий туранхай ч биш. Цайвар цагаан царай... Харсан бүхэн "сайхан" гэж...” гээд цөөнгүй цав цагаан царайтын дүрийг зохиолчийн үгүүллэг дотроос түүж болно. Нэг талдаа “Цагаан царайтын тухай үгүүллэгүүд” ч гэмээр. Залуу зохиолч Ц.Баттуяагийн үгүүллэгүүдийг ямар нэг байдлаар нэгтгэн тодорхойлохыг хэдий хүсэвч дахиад л эх хэлнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага босож ирээд болохгүй.
   Жишээ ану “Нулимсан аадар” үгүүллэгт “Бүсгүйн хацрыг царцааны далавч исгээд авах шиг болоход тэр хацраа илбэлээ” гэсэн үгүүлбэр эрхгүй анхаарал татсан юм. Чухам яагаад анхаарал татав гэхээр хөөрхий муу царцаахай төмөр тонгорог шиг эсвэл цаасны хутга шиг хурц иртэй далавчтай болж таарах гээд сэтгэлд огт багтсангүй. Царцааны далавч исгээд авах шиг гэдэг зүйрлэл ”толь шиг болтол тосолсон хар гутал”/хар гутал  яаж ч тослоод толь шиг шилэн өнгөөр гялалзах эсэх/ , “залуу хойд талдаа орших орон сууцны орц руу удаан ширтэв”/тэр нэг залуу ар шилэндээ нүдтэй/ ,”цамцны цаанаас булчинлаг цээж цухуйв” /цээж өөрөө цамцны цаанаас булталзаад байгаа мэт/ зэрэг утгыг ойлгоход тун бэрх найруулгын илэрхий алдаануудыг цөөнгүйг жишээ авч болно. Монгол үгүүллэгийн ертөнцөд юу хамгийн хэвшмэл вэ? Нэг ядуу эмэгтэй, нэг хүүтэй, эх хүний хайр агуу, нэг бүсгүй байнга хэн нэгнийг хүлээсээр, хайр агуу, нэг залуу номхон даруухан, хайртай бүсгүй нь үл тоодог, тэвчээр эцэст нь ялдаг агуу. Нэг эмгэн өвгөн хоёр бие биендээ гомдоостой, дөчин жил хамт амьдарсан, уучлал агуу. Ийм ядуу сэтгэлгээ одоо ч ул суурьтай, удамших төлөвтэй оршиж байна. Тэр л хэвшмэл хандлагууд залуу зохиолчийн үгүүллэгүүдээр дүүрэн. Тиймээс би “гар утасны үгүүллэгүүд” гэсэн тодорхойлолтоосоо” мэдрэмжгүй хүмүүсийн үгүүллэгүүд” хэмээсэн шинэ гаргалгаа гаргаж авсан юм. Яагаад гэвэл хажууд нь харцаараа, үйлдлээрээ, сэтгэлээрээ өөрт нь хайртай хүн бүхэл бүтэн хоёр жил, эсвэл хоёр сар байгаад байхад хайрын ямар ч мэдрэмж байхгүй - ДҮРҮҮД. Тэгснээ гэнэт утсаар яриад, гэнэт ойлголцоод, гэнэт тэврэлдээд төгсөх гэнэтийн учралууд. Ийм үгүүллэгийн сонгодог жишээ бол “Урхи”.
Харин “Атаа” нисванисын суут таван хорын нэг. Шуналаас тусдаа хүчирхэг нисванис. Гэтэл зохиолчийн “Атаа“ үгүүллэгт жаахан охин цэцэрлэгийн таримал цэцгийг шохоорхон ширтэж зогсоод тасалж орхино. Зохиолчийн бичсэнээр ” охины шохоорхлын харц хэдхэн агшны дотор шуналын харц болон хувирав” гэжээ. Охин шунасандаа бус зөвхөн атаархсандаа л цэцгийг тасалж байгаа юм. Учир нь өөрөөс нь илүү үзэсгэлэнтэй харагдсан болохоор шүү дээ? Гэтэл ямар юмных нь шуналын харц байх вэ? Энэ чинь эмэгтэй хүний супер нисванис болох “Атаа” шүү дээ?
  Зохиолчийн мөн цөөнгүй үгүүллэгт “үнэ цэнэтэй эмэгтэй хүн” гэсэн ойлголт бий. Нэг талдаа энэ цагийн ханш л даа? Улаан цүнхнээсээ илүүгүй болсон нэг охины дүр бий. Ер нь үнэ цэнэтэй эмэгтэй хүн байхын тулд яах ёстойг зохиолч ердөө л хайр сэтгэлээ түрүүлж илчилдэггүй бардам эмэгтэйгээр төсөөлдөг юм шиг ч санагдахаар үгүүллэг хоёрын зэрэг байна. Мөн модон сандал, цэцэрлэгт хүрээлэн, үгүй бол пиво шимэнгээ найзуудтайгаа уулзах төдий амьдралын явцуухан орчинд амьдарч буй –ХҮМҮҮС. Тиймээс л оюун санааны баригдмал хүлээсээ тас огтлох, бусдыг /зохиолчдыг/ анхааралтай унших, суралцах, өөрийгөө хайх зэрэг олон зүйлсийн хүчинд хүүрнэл зохиолч хүүрнэл зохиолч болдогийг улиглан хэлж, учирлан сэнхрүүлэхийг оролдов.
   Үнэндээ Ц.Баттуяагийн үгүүллэгүүд амьдрал, үзэгдлийн талаар “юм юмтай” /нэгэн монгол кинон дээр хаантай бол хаантай, харцтай бол харцтай улс шиг улс гэдэг шиг / мэт ч уншиж дуусаад эргэн бодохоор салхийг гараараа хагалсан мэт “юу ч үгүй” санагдана.
   Эцэст нь захихад ЯАВАЛ ҮГҮҮЛЛЭГҮҮД ЧИНЬ “ЮМТАЙ” БОЛОХЫГ ЗААВАЛ ОЛЖ МЭДЭЭРЭЙ.  ЗАМ БАЙНА. БАС ТИЙМ Ч БҮДГЭРЭЭГҮЙ БАЙНА.
                                                                                    Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг
                                                                                                     2012-07-23 Зүүн салаа

No comments:

Post a Comment