Tuesday, August 14, 2012

үгүүлэл

ХАЙР БОЛ ГАЙХАМШИГ, ГАНЦААРДАЛ БОЛ СОЁЛ, АВЬЯАС БОЛ ҮНЭТ ЗҮЙЛ...
                        /Залуу шүлэгч Б.Алтанхуягийн номын өмнөтгөл /
     Зүй тогтлын онолоор бол аливаа хасагдахуун дараагийн нэмэгдэхүүний эхлэл болдог учиртай. Яруу найрагт ч энэ хууль үйлчилдэг. Зарим тохиолдолд огт үйлчилдэггүй ч юм шиг санагдах үе бий. Нэмэгдэхүүн, нэмэгдэхүүн тэгээд хязгааргүй нэмэгдэхүүнүүдийн “орон зай” яруу найргийн түүх болж хувирдаг мэт бодогдоно. Хэний ч анхааралд өртөөгүй яруу найрагчийн номонд ч алтны үйрмэг шиг гялалзсан мөрүүд байдаг тухай өмнө нь уншиж байсан. Тийм байдгийг ч өөрийн биеэр бишгүй мэдэрсэн. Тэгэхээр хэн нэгэн ер бусын хувь ертөнцүүдийн хүчтэй оюун санаануудаас гадна тодорхой хувь тохиол, үйл, учир шалтгаан, зохис зохирлын шүтэлцээнд “гадагшилсан” сэрхийсэн гайхамшигт мөрүүдийн хүчээр яруу найраг “нэмэгдэхүүний” туйлд тэмүүлж байдаг гэлтэй. Харин хасагдахууны байранд очих хувь учралыг хамгийн “эмгэнэлт” яруу найрагч, яруу найрагчийн бүтээл хүлээдэг ажээ. Хэрэв надаас “юу хамгийн эмгэнэлтэй вэ?” гэж хэн нэгэн  хэзээ нэгэн цагт асуувал ямар ч эргэлзээгүйгээр ”хасагдах яруу найраг” хэмээн хариулах байна.
   Гэтэл 17 насандаа яруу найргийн “нэмэгдэхүүний “талд хүчтэй тэмүүлж чадаж байгаа оюун санааг юу гэж тодорхойлвол болох вэ?
Чиний уруулыг бурхан
Сарнайн дэлбээгээр урласан болохоор
Чиний уруулнаас амсахад
Борооны дараах солонгоор амаа арчих шиг сайхан юм. /Б.Алтанхуяг “Цэцэг ургадаггүй цэцэрлэгт” 2012 / гэсэн  солонгоор амаа арчих хүсэл, сайхан гэдэгт огт эргэлзэхгүй байгаа мэдрэмж, тийм сайхан агшинг барьж тэмтэрсэн сэрлийг яах вэ? Сайн сайхны гарвал заавал нэг учир шалтгаантай байдаг. Тэртээ ХХ зуунд арван хэдэн насандаа гайхамшигт Нямбуугийн Нямдорж, бүр тодруулбал 5- р сургуулийн 9-р ангийн хүү гүйж явахдаа” Онцын сайхан хүүхэн зүрхний их хулгайч юм” гэж бичсэн юм. Түүнээс хойш сайн юмны сайхан улбаа  сарнилгүй Баатарын Галсансүх, Батжаргалын Одгэрэлээр дамжиж Хан Хэнтийн яруу найргийн дэг сургуулийн “ҮР” өнөөдрийн Балдоржийн Алтанхуяг хэмээх зүрх нь яруу найргийн хайраар дүүрэн хүүд ирээд “ чиний уруулнаас амсахад, борооны дараах солонгоор амаа арчих шиг сайхан юм” санаандгүй бичүүлж орхисон байхыг хэн үгүйсгэх юм. Би лав үгүй.
  Хайр бол үнэхээр агуу, түүнийг насан туршдаа хүртэж, далдын нууцлаг сайхныг мэдрээгүй хүмүүс харамсалтай нь бөмбөрцгийн долоон миллард дотор тийм ч цөөнгүй. Тийм л хүмүүсийн өмнөөс зүрх шаналж, бодол ээдэрч, сэтгэл үймрэх минь олонтоо.
  Гэтэл 17 насандаа хайр сэтгэлийн гайхамшигт хүчинд автаж, дотоод сэтгэлийнхээ хялгасан холбооснуудыг хөгжмийн чавхдас мэт эгшиглүүлэн гэрэлтэж, цэлмэж байгаа оюун санааг  юу гэж тодорхойлвол болох вэ?
Үнсэлт чинь яг л бороо орох шиг
Үс чинь яг л салхи үлээх шиг
Тэврэлт чинь яг л зүрх цохилох шиг
Тэнгэр минь чи ямар... /Б.Алтанхуяг “Тэнгэр минь чи ямар...” 2012/ гэж магадгүй А.С.Пушкины “Анхилхан чамайг олж харсан, алтанхан хором”-ыг дэндүү эрт харж ”тэнгэр минь чи ямар...” хэмээн уулга алдаж буй сэтгэлийг юутай зүйрлэж, юугаар хэмжвэл зохистой вэ?  
  Хайр сэтгэлийн шидэт долгион хамаг биеэр дүүрэх үед халгиж цалгисан сэтгэлээс шүлгийн мөрүүд урсан гарах нь математик эсвэл физик, хими зэргийн шинжлэх ухааны хүчээр бүтээсэн ямар ч багаж техникээр хэмжиж, тооцоолж боломгүй “урсгал” юм. Тэр л урсгал хүнийг ариутган илүү ч бурханлаг сэтгэлтэй болгодог гэдэгт би л лав бүрэн итгэдэг. Бусад нь яадгийг бүү мэд. Заримдаа зүүд мэт санагдах хайр үнэхээр юутай ч харьцуулашгүй гайхамшиг билээ. Эртний Хятадын  сударт “ Нэгэн удаа Чжоу  эрвээхэй болсноор, тэгээд хөгжилтэйгээр дэвэн дэрвэж явна хэмээн зүүдлэжээ. Харин сэрээд ганц л зүйлийг ойлгосонгүй.  Чжоу эрвээхэй болж зүүдэлсэн юм бол эрвээхэй зүүдэндээ Чжоу...” гэсэн байдаг. Магадлалын үүднээс эрвээхэй зүүдэлдэг болох, бүр хүн болж зүүдлэдэг байж болно. Түүнтэй адил “бороо шиг үнсэлт, салхи шиг үс, тэврэлт шиг зүрхний цохилт” байх үндэстэй юм. Тааварлашгүй зүйлээр дүүрэн сав ертөнцөд бороо шиг үнсэлт байхыг хэн үгүйсгэх юм. Би лав үгүй.
  Ганцаардал яруу найрагт чухал. Гэхдээ бүдүүлэг ганцаардллыг бид бишгүй үзсэн.  Тийм ганцаардлын үр ихэвчлин яруу найргийн гэм хортой атаархал болж хувирдаг. Гэтэл хэн нэгэн даяанч сэтгэлээр заалгасан мэт ганцаардлыг оюунт хүний амьдралын том “СОЁЛ” хэмжээнд ухаарсан  16 насыг арга барагдан гайхахаас өөр арга алга.
Нисэж яваа шувуудын далавчнаас
Нөмгөн тэнгэрт салхи үүсээд л
Буцаж яваа намар цаг
Будагтай тэнгэрийг баллуурдан одном. /Б.Алтанхуяг” Үдлээд буцах хорвоо” 2012/ гэсэн ганцаардлын дуу хоолойг, гайхалтай  дуу хоолойг олж сонсоно. Байгаль бүхий л хүрээ хязгаараараа ганцаардлын том суваг юм. Тэр сувгаар л хүн “нисэж яваа шувуудын далавчнаас тэнгэрт салхи үүсэхийг” барьж авч чадна. Тэнгэрт үүсэх түмэн зүгийн салхи, буцаж яваа цагийн гуниг, нисэж яваа шувуудын шаналалыг одооны тооны ухаандаа толгой нь эргэсэн 17 настангууд хэзээ үл ухаарна. Үл мэдэрнэ. Үл сонсоно. ҮЛ СОНИРХОНО.
 Гэтэл өөрийнхөө ганцаардлыг сонсоод эхэлчихсэн энэ сонирхолтой “эхлэл” нэгэн шүлгээ:
Талд
Өвс ургах шиг
Шүлэг төрж
Тэнгэрийн өнгө шиг
Сэтгэл цэлмэнэ. /Б.Алтанхуяг “Талд” 2012/ гэж төгсгөсөн байгаа юм. С.Дашдооровын талын тухай хэдэн сайхан шүлэг шиг байгалийн ер бусын увдис энэ шүлэгт буй. Ур хийц, урлал зүй, зохиогчийн үгэнд мэргэших тал дээр  энэ удаа огтхон ч дурьдахгүй. Тэгэх ч цаг болоогүй. Учир нь энэ шүлэгч өнөөдөртөө хэний ч анхаарлыг татахуйц зөвхөн “ЗӨВ ЭХЛЭЛ” юм.
   Харин “будагтай тэнгэрийг баллуурдан” гэснээс” ЦЭЦЭГ УРГАДАГГҮЙ ЦЭЦЭРЛЭГ” яаж ч бодсон яруу найргийн номны нэр бишээ. Ерөөл билгээ бодсон ч тэр.  Элээсэн оймсны цоорхой, элдэв сайн мууг мэдэхийн хувьд яруу найргийн цэцэрлэгт чинь цэцэг ургахаа больчих ч юм билүү.  Ер нь яруу найргийн номны нэр хамгаас илүү билигдэл чанартай байх ёстой юм шиг байгаа юм. Тэгээд ч Монгол хүн “ашдын билгийг” ашид чухалчилдаг шүү дээ? Минийхээр “Цэцэг ургадаггүй цэцэрлэг” биш харин эсрэгээрээ ургасан цэцэг нь хагдарч унадаггүй цэцэрлэг л одоогийн залуу шүлэгч, ирээдүйн яруу найрагчид эрхэм санагдах юм.
 АВЬЯАС бол хувь хүнийхээ төдийгүй тухайн үндэстний, бүр өргөн хүрээгээр дэлхий нийтийн үнэт зүйл мөн. Авьяастан авьяастайгаа мэдэх хамгийн гол зүйл. Уран зохиолд тэртусмаа. Авьяастай байна гэдэг аз эзний явдал бус зорилго, тэмцэл, ухаарал, зовлонтой жаргал, хүлээх хариуцлага юм. Түүнийг эс ухаарсан алдагдсан авьяастангууд манай уран зохиолын ертөнцөд цөөнгүйгээс гадна цөөрөхгүй байгаа юм. Ийм л эгзэгтэй үед:
Хавар намар
Хоёрт, би
Хачин их
Дуртай.
Шүлсдэж
Үнсмээр болоод
Шүлэг зохиодог. /Б.Алтанхуяг “Хавар, намар” 2012/ авьяастан улам олноор төрж уран зохиолын минь гэр өргөөнд гэрэл нэмэх сайхан хэрэг. 17 насандаа хавар намрыг шүлсдэж үнсмээр болтлоо сэтгэлээ яруу найрагт өгсөн нь авьяас-үнэт зүйл мөн бишийн баталгаа ч юм шиг. Бид яагаад улирал дагаж уярч хайлдаг вэ? Магадгүй бид учраас. Бид гэдэг чинь17 -той Б.Алтанхуягийг хүртэл оруулаад бид шүү дээ? Даанч цөөхүүлээ учраас муу үгийн зэвнээс эхлэл оюуныг хамгаалж, хайрлаж сайныг нь саранд хүргэх юун муу билээ.
  Учиртай “ҮГ” бас хэд байна. Өнөөдөр 17 насны шүлгүүдэд чинь би үнэлгээ өглөө. Харин маргааш, нөгөөдөр  20-н хэдэн насны шүлгүүдийг чинь хожим хэрхэн үнэлэхийг би мэдэхгүй. Тэр цагт энэ үнэлгээ, толгойноос чинь бүр малгайнаас чинь дээгүүр тэнгэрт тулгасан энэ магтаал худал үнэн болохыг би биш чи батлана.
  Харин ямар ч хэцүү бэрх цагт “ХАЙР БОЛ ГАЙХАМШИГ, ГАНЦААРДАЛ БОЛ СОЁЛ, АВЬЯАС БОЛ ҮНЭТ ЗҮЙЛ” гэдэг бодлоосоо бүү урваарай.
    
                АРГАГҮЙ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

                                                                                         2012-08-14    ЗҮҮН САЛАА

1 comment: