Wednesday, January 25, 2012

шүүмж


                                   НЕГАТИВ ЗҮҮДНИЙ ЗАРИМ –ӨНЦӨГ  
             /Ө.Үлэмжтөгсийн” АБСУРД ЗҮҮДНИЙ –ХОТ” романаас үүдэхүй/
   Зүүд өнгөт үү? эсвэл хар цагаан уу? Энэ фото зургийн негатив чанар дээр тулгуурласан хамгийн сонирхолтой асуулт байхыг үгүйсгэхгүй. Үнэхээр зарим зүүд өнгөт байдаг. Уул хөндийн түмэн цэцэгс өнгө алаглаад төрсөн нутаг сайхан байлаа гэж аав минь нэгэн өглөө сэрээд ярьж байж билээ. Өнгө алаглана гэдэг чинь аавын тэр зүүд “өнгөт” байсан гэсэн үг. Гэтэл зүүд үүсэх онолд хэзээ ч өнгөтэй байдаггүй гээд батлаад байдаг. Яах вэ?
    Энэ л эргэлзээ,  үнэн худлын зааг  дунд хамгийн бөөрөнхий байж мэдэхээр таамаглалыг “Абсурд зүүдний-хот” постмодерн романд дэвшүүлжээ. Яагаад “бөөрөнхий байж мэдэхээр таамаглал” гэсний учир нь энэ романд ердөө л “ЗҮҮД НЕГАТИВ” шинж чанартай хэмээх онолын хүрээний цоо шинэ асуудал дэвшүүлж байгаад оршино. Зүүд өнгөт ч мөн, хар цагаан ч мөн. Ялимгүй “бөөрөнхий” сонсогдож байгаа нь нууц биш. Харин  ертөнцийн бүхий л тогтолцоот ойлголтын хүрээнд хүний танин мэдэхүйн энгийн анхдагч суурь ойлголтоор үгүйсгэл хязгаартай ба тэрхүү хязгаар нь шинэ үгүйсгэлийн хязгаартай тулж байдаг. Оршихуй хязгаартай боловч  өөр оршихуйн хязгаараас өөр оршихуй үүсдэг зэргээр үл тасрах  “ОРШИХУЙ-ЦАГ ХУГАЦАА- ХҮНИЙ ОЮУН САНАА-ЗӨН СОВИН ” гэсэн гинжин холбоос дунд ХҮНИЙ ЗҮҮД үнэхээр харьцангуй нууцлаг, ээдрээтэй “САНСАР” бүтээсэн ажээ. Энэ харьцангуй нууцлаг ээдрээтэй байдал нь негатив шинж чанартай зүүдний ердөө нэгхэн ӨНЦӨГ юм. Түүний цаана чухам одоогийн бидний хүрч ойлгох боломжгүй олон ӨНЦӨГ бий. Тэр л танигдаагүй өнцөгийг нээх гэсэн хүсэл “АБСУРД ЗҮҮДНИЙ-ХОТ” романыг бичих язгуур эрмэлзлэл болжээ. Нэг үгээр зүүдний негатив чанарыг батлах хүслээр энэ роман дүүрэн байна.
   Постмодерн сэтгэлгээний “ертөнц эмх цэгцгүй /хаос/, утга учиргүй /абсурд/” мөн чанартай хэмээх үндэслэлээр авч үзвэл ЗҮҮД ч мөн тийм мөн чанартай билээ. Магадгүй амьдралаас ч илүү “хаос” байдал, амьдралаас ч илүү “абсурд” шинж чанар ЗҮҮДЭНД бий.  Тиймээс л “абсурд зүүд” хэмээн зохиолынхоо дотоод байгууламжийг маш товчхоноор хураангуйлан илэрхийлсэн байна. Харин ХОТ бол яах аргагүй энэ романы амин сүнс. 1990-ээд оны Улаанбаатараас та ямар нэгэн БУХ тэргэнд суугаад өөр ертөнцийн үл таних нэгэн хотоор зорчих болно. Бодит амьдрал дээр “виз” даруулсан гадаад “паспорт”-тай, овоо хэдэн “евро”-той хэн ч бай ертөнцөөр чөлөөтэй аялаж болох энэ цагт  юун сонирхолгүй эхлэл вэ? гэж бодогдож магадгүй юм. Гэвч үнэндээ тийм биш. Энэ романы бүх үйл явдалд “бодит амьдрал, ер нь бодитой гэж үздэг зүйлс ямар ч хамаатай. Ямар ч ач холбогдолгүй зүйлс”. Учир нь бодит байдлаас хамааралгүй, цаг хугацаа-орон зайн хувьд “баригдахааргүй” чөлөөт “тэнүүчлэл” энэхүү постмодерн текстийн нарийн төвөгтэй байгууламжийг бүтээж байгаа юм. Магадгүй Ренар үнэгний тухай ёгт үлгэрээс эхэлсэн ХОТЫН уран зохиол эдүгээ “АБСУРД ЗҮҮДНИЙ-ХОТ” роман шиг ийм л өөр болтлоо хүн төрөлхтөний оюун сэтгэлгээнд гүн суурьшсан гэсэн үг. Нэгэнтээ Мексикийн зохиолч Карлос Фуэнтес, Борхесийг “Латин-Америкийн уран зохиолын хамгийн анхны ХОТЫН ХҮҮРНЭЛ ЗОХИОЛЧ” гэж тодорхойлсон байдаг шиг  залуу зохиолч Ө.Үлэмжтөгсийн “АБСУРД ЗҮҮДНИЙ-ХОТ” романыг ХХI зууны эхэн үеийн Монголын уран зохиолын  хамгийн анхны “ХОТЫН РОМАН” хэмээн тодотгон нэрлэхийг хүссэн юм. Зөвхөн хотын тухай, эсвэл зам талбай, байшин гудамж бичсэнээр нь ингэж зориглон нэрлээгүй юм шүү? Зохиолчийн хэл, сэтгэлгээний үндсэн суурь, иргэншлийн мэдрэмж, суурин амьдралын төсөөллүүд нь энэ зохиолыг эрхгүй ингэж нэрлэхэд хүргэж байгааг ойлгоно биз. Зохиол товчхондоо негатив зүүдний ХОТ хэмээх өөр нэг өнцөг илүү тодорхой дүрслэгдсэн эх бичвэр гэсэн үг. 
   Чухам ямар газар, хэдэн онд гэдэг нь тодорхой бус өгүүлэмж, дэлхийн газар зүйн бүс бүслүүрт үл хамаарах хот суурин, учир битүүлэг нууцлаг үйл явдлуудын зангилаа, хэн нэгнийг тэсэн ядан хүлээсэн дүрүүд, дурсамж атлаа цаг хугацааны дэс дараалалд захирагдаагүй сэтгэлгээний чөлөөт урсгалыг холбож буй  БУЯН-ӨЛЗИЙ хэмээх залуу зохиолын эхнээс аваад төгсгөл хүртэл биднийг ЗҮҮДЭЭРЭЭ хөтлөн авч явна. Заримдаа зүүд бус бодит амьдрал, үгүй бол цаг хугацааны гажуудал мэт санагдана. Нийтээрээ мэддэг гадаад киноны холбоо ярианууд ч мэдэгдэнэ. Зарим хэсэгт зохиолчийн аргагүй хүүрнэл зохиол бичих туршлага дутсан нь анзаарагдана. Содон гайхалтай, давтагдаагүй зүйл бичих гэсэн хүсэл ч бас зохиолоо хэт энгийн байгууламж руу түлхсэн тал бийг ч мэднэ. С.Бэккетийн гудамжинд “Годог хүлээхүй”-г үзэхээр яаран яваа хэсэг ч юм уу? Хэн нэгэн нэр хүндтэй бүрх малгайт эрийн оршуулган дээр өвөө эмээтэйгээ тааралдаж, ээжийнхээ бурхан болсоныг мэдэж буй, хөлбөмбөгийн дур хорхойтонгуудын халуун яриа энэ бүхэн бол зохиол дотор “холбон тоглогч” залуугийн дүр байдлыг илүү тодотгон өгнө. Нэгдүгээр биенээс өгүүлэх ЗОХИОЛЧ, Би –дүр эсвэл өгүүлэгч-Би, хиймэл дүрүүд, зочид буудлын өвгөний хүлээж буй Жеймс,  бидний чихэнд хоногшсон Төмөр, Цэрмаа, Долингор гэсэн нэрс бус Томас, Смит, Боря хэмээх харь нэрс нь лав бидний уншиж өссөн ФРАНЦ гарвалтай /саяхан модель /загвар/ гэсэн байналээ/ Орос хүмүүжилтэй романуудаас нилээд өөр болохыг хэлээд өгнө. Хэдэн гадаад хүний нэр тавихаар л өөр, цоо шинэ зохиол болчихдог болов уу хэмээн эндүү ташаа ойлгох аюултай. Бас манай уран зохиолд ч тэгж эндүү ташаа өнгөцхөн бодогсод цөөнгүй бий. Гол нь цаад ЗҮҮД л огт өөр иргэншил дунд өрнөж байгаа учраас Ө.Үлэмжтөгсийг ийм нэрс сонгохоос өөр аргагүй болгожээ. Ямар С.Бэккетийн гудамжинд Дондог, Балдан хоёртой ярьж суултай биш. Тэгээд ч энэ харь ахуй, тийм газар олон жил амьдарсан мэт сэтгэгдэл төрөх нь негатив зүүдний өөр нэг-өвөрмөц өнцөг буюу  хүн төрөлхтөний амьдралын хэв маягийн хил хязгаар үгүй болж буйн илрэл гэж санагдав. Харин Орос хүмүүжилтэй роман гэснээс бидний сэтгэлгээнд гарч буй өөрчлөлтийн зарим өнгөцхөн бодлууд ч энэ романыг тойроогүй гэдгийг хатуухан хэлэх нь зөв.
   Тэгвэл хотын өнцөг бүхий негатив зүүд зүүдлэгч, хотын роман бичигч энэ эрхэм юу сонирхдог вэ? Миний мэдэхээр хамгийн түрүүнд уран зохиол сонирхогч. Энэ хачин жигтэй цагт ХОТООС уран зохиол сонирхогч төрөх нь тун ховор сонин явдал болжээ. Гэтэл бүр Улаанбаатарын минь шороот гудамнаас, бүүр цаашлавал Бага тойргийн байшингууд дундаас, илүү ихээр элгэмсвэл миний бага залуудаа арьсан бөмбөг алавхийлж явсан хонхорт энэ эрхэм өсөн өндийжээ. Нутаг нуга, жалга довныхон  гэдэг үзлээр бол Ө.Үлэмжтөгс бидэн “нэг нутгийн зөвлөлд” гишүүн байхаар хоёр. Уран зохиолос гадна хөл бөмбөг. Энэ цагийн хамгийн хүчтэй спорт мөн. Тэрхүү дур сонирхолоо  зохиолынхоо тэргүүн бүлэгт хачин тодорхой өгүүлсэн буй. Ер нь хамаг хэрэг явдал хөл бөмбөг үзэж суугаад “давсанд явснаар” эхэлж байгаа юм. Картын бараанд орсон 90-ээд оны эхэн үеийн хотын байдал ялимгүй үнэмшил муутай бичигдсэн нь зохиолч үнэхээр яг тэр зурвас бэрх үеийг сайн мэддэггүйг шууд харуулж байлаа. Түүнээс хойших цуваа бус шугаман бус хэлбэрээр үргэлжилж буй хэсгүүдэд харин зохиолч хүнд байх анхдагч чухал зүйл болох “ажигч сүрхий гярхай” байдал харагдана. Энэ бүхний эцэст мэдээж мөрөөдөн тэмүүлэх сонирхол. Энэ л сонирхол нь Ө.Үлэмжтөгсийг очиж үзэхийг хүсдэг олон газарт нь аваачсан “ АБСУРД ЗҮҮДНИЙ-ХОТ” роман бичихэд хүчтэй нөлөөлсөн байна.
  Зенгийн нэгэн багш өөрийн номоо ”энэ ном бол ганц гараараа алга таших чимээ юм” гэжээ. Ийм гайхамшиг бүтээх хүсэл зохиолч бүхэнд бий. Юуг нь нуух вэ? Залуу зохиолч Ө.Үлэмжтөгсийн энэ анхны роман бол “хоёр гараараа алга таших чимээ” юм. Гэхдээ анхны роман гэхэд их хүчтэй алга ташилт юм. Хэний ч сэтгэлд нийцэж болох чөлөөт бичлэг, сэтгэлгээний үр хөврөл юм. Авьяасын гялалзсан оч, сэтгэлийн асар их хүсэл тэмүүлэл шингэсэн учраас үүнээс илүүг бичих итгэл бидэнд үлдээж буй “том ололт” энэ романд хадгалагдаж байна. Цаашдаа Ө.Үлэмжтөгсөөс ч ер ертөнцийн хэнээс ч үл шалтгаалах хувь заяаны замдаа “АБСУРД ЗҮҮДНИЙ-ХОТ” гарлаа.
                 ОДОО БИ ЮУ ХЭЛЭХ ВЭ? ЗАМ НЬ ЗААВАЛ САРУУЛ БАЙГ.

                                                                                ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
                                                                                             2012-01-25

4 comments:

  1. Гайхалтай. Үнэхээр баяр хүргье. Ийм залуу, зоригтой хүмүүс төрж гарч байгаад Монголын уран зохиолд бас баяр хүргье. Заавал уншина гэдгээ амлая. Хүндэтгэсэн Ж.Оргил

    ReplyDelete
  2. ene shuumjiig ni nom ni garsan hoini ergej unshii geed ehluulj yavaad orhiloo.
    Nomiig ni tesen yadan huleene.

    Galzuu bariin am ruu garaa negent dursen hoino ulam tsaash ni yavuulaarai! Ulemj mini.

    ReplyDelete
  3. sain bna huleeej l baiy da

    ReplyDelete