бидний үеийн гэлдэрч буй зам
Өнөөгийн нийгэмд, нийгэмд ч юу байхав дээ? Олон хүмүүст өөрөө юу ч хийж бүтээгээгүй байж, бусдыг буруутган муу санаа бодлоор чихцэлдсэн бантангийнхаа савыг дүүргэдэг арга барил нэвт шингэжээ. Ийм жишээ бол захаас аваад зөндөө бий. Бүдүүлэг хэллэгээр бол захаас аваад, замаар дүүрэн бий болжээ. Дуртай интернет хаягаар ороод “уншигчдийн сэтгэгдэл” гэх аймшгийн бичвэрүүдийг харж болно. Өөр бас олон жишээг хангалттай дурьдаж болно. Наад захын жишээ гэхэд утга зохиол судлаач, шүүмжлэгч хэмээн өөрийгөө цоллодог эрхмүүд ганц ч мөр шүлэг бичиж үзээгүй байх нь энүүхэнд. За тэгээд шүлэг бичиж үзээгүй юм чинь жүжиг, кино, үгүүллэг туужийн тухай ярих ч хэрэг байхгүй. Тэгсэн атлаа шүүмжлэгч гээд ханхалзаад байх нь эгдүү хүргэмээр. Тэр ч бүү хэл сэтгүүлзүйн салбарт 1000 гаруй шавьтай алдарт багш зөндөө. Энэ үзүүлэлтээрээ Соёлын гавъяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдарт хүрсэн байж ядаж шар сонины буланд ганц ч мэдээ бичиж үзээгүй байгаа нь тийм ч гайхмаар зүйл биш. Нийтлэл, аян замын тэмдэглэл энэ тэрний тухай ярихын хэрэг байхгүй. Гэтэл үнэн чанартаа өнөөгийн залуу сэтгүүлчид болоод дунд үеийнхэн тэр эрдэмтэн судлаачдаас биш Баабараас суралцсан гэвэл илүү оновчтой байх биз. Нэг хэсэг монголын сэтгүүлзүйд баахан Баабарууд бий болов. Энэ үзэл одоо ч арилаагүй төдийгүй улам хөгжин цэцэглэж, баахан “Ганчимэгүүд”, маш олон “Мөнхбаясгалангууд” өөрийн гэсэн байр суурьтай яваа. Харин миний сайн мэдэхгүй хэдий ч унших дуртай өнөөгийн утга зохиолын замыг хэн зааж байна вэ? гэсэн бодол хэтрүүлж хэлбэл эртнээс толгойд харван орж ирээд тэндээ амь бөхтэй суурьшаад удаж байна. Товчхондоо энэ шинэ цагийн яруу найрагчдын үлгэр дуурайлал нь хэн бэ?
Тэгээд ч авьяас чадалгүй нөхөд ичихээ мэдэхгүй бурсаныхаа хүчинд алдар нэртэй байж чаддаг энэ нийгэмд яагаад намайг яруу найраг ярьж, солиорох болсон тухай асуух хүн гарахгүй байх. Гарахгүй байх гэдэгт л гарцаагүй итгэж буй учраас зоригтой байгаа юм. Магадгүй мунхаг эр хар зориг байх.
Өнөө цагийн яруу найрагт шүлэг бол яруу сайхан үг хэллэгтэй байх албагүй гэсэн ойлголт давамгайлжээ. Гэхдээ зөвхөн миний л бодлоор. Тэгээд ч хэн сайхан шүлэг бичдэг, аль нь илүү уран уншдаг вэ? гэхээс илүүтэй хэн нь илүү сэтгэж байна гэдэг оюуны жин хэмжүүрт ирчихээд цөөнгүй жилийг “хөдөөлүүлээд” байгааг хангай, говь, хүрээ, Япон, Солонгос соёлтой гэж ялгалгүйгээр ихэнх залуу яруу найрагчийн шүлгээс харахад хангалттай.
Харин энэ цаг үеийг нээн илрүүлэх хүсэл болоод тэдний шүлгийг ойлгох боловсрол байхгүйдээ бус байранд нь удаан цоожтой байлгах бодлого Монголын утга зохиолын Мөнгөн болоод ахмад үеийнхэнд ноёолж байгааг ч “Болор цом” гэдэг балар цом болчихсон наадмаас харж болохоор байгаа.
Тэгээд ч яруу найраг, сайн шүлэг гэхээр л “Болор цом”-оор төсөөлдөг байдал одоог хүртэл нийгэмд арилаагүй байгааг бодоход яруу найраг гэдэг тэр тусмаа арай дээгүүр сэтгэдэг цөөнхөд хамаатай ажээ. Тэгвэл жинхэнэ яруу найраг, шинэ үеийн яруу найраг нийгмийн олонлогийн бус асар цөөнхийн асуудал болж таарч байгаа юм биш үү?
Одоо харин олон зүйл рүү хадууралгүй шинэ үеийн яруу найргийн, шинэ үеийнхэнг хэн газарчилж байна вэ? гэсэн асуултаа дахин илүү дэлгэрэнгүйгээр тавиад хариулахыг чадан ядан оролдсон нь дээр байх. Магадгүй энэ бүхэнтэй бүгд санал нийлэх албагүй. Угаасаа ч яруу найраг өөрөө тийм араншинтай. Гэтэл бичихээсээ илүүтэй би сайн, би мундаг хэмээн хуурай итгэл, баримтгүй гүжирдлэгээр өөрийгөө алдаршуулах хүсэлтэн манай яруу найрагчид дунд бийг дурсаад өнгөрөхөд гэмгүй болов уу. Харин ийм нэг шүлэг:
Шатаж үзээд халууныг ойлгох
Моддыг би зуухандаа чихээд
Намрын сэрүүнд халууцан суухдаа
Нарыг би ямар өнгөөр зуръя даа? гэсэн тийм уран цэцэн яруу хэллэгтэй биш атлаа тансаг, бас нууцлаг агуулгатай шүлгийг уншаад л номын өмнөтгөл бүр дээр жамтай юм шиг заавал бичигдсэн байх “ӨӨР”, “ӨВӨРМӨЦ” гэдэг үгнүүдийг бусдаас илүүтэй Пүрэвхүүгийн Батхуягт хамаатуулахын тулд бүр том фондоор тэгээд “bold” хийж бичмээр санагдсан юм. Энэ шүлгээ П.Батхуяг саяхан хэвлүүлсэн “Салхи чулуу борооны сахиус” номондоо оруулжээ. Энэ мэт олон шүлгээрээ тэрбээр үнэндээ өнөө цагийн шинэ залуу яруу найрагчдын болоод өөрийнх нь нэрлэснээр “Нэн шинэ үеийн яруу найраг”-ийн чиг хандлагыг тодорхойлж байна. Зоригтойгоор нэмээд хураангуйлан тодорхойлбол түүний утга зохиолд хандах хандлага, сэтгэлгээний болоод хувь хүнийнх нь мөн чанар бидний үеийнхэн буюу шинэ залуу яруу найрагчдын дагах ёстой гол зам нь болоод байгаа.
Үүнийгээ ч тэд аль эрт анзаарч орчин үеийн богино боловч гүн утгатай шүлгүүдийн зарим талаараа ижилдүү гэмээр хэв маягийг бий болгоод байна. Энэ бүхнийг чухамдаа одоогийн залуу яруу найрагчийн ихэнх шүлгээс харахад болно. Тэгээд ч П.Батхуягийн шүлгийг өнөөгийн залуусын хэнээс нь ч хамаагүй уншдаг болсонд л миний тайлбарлах гэж үйлээ үзэж, үсээ зулгаагаад байгаагийн гол агуулга оршиж байгаа байх. Гэхдээ энэ үзэгдэлийг гадны хэллэгээр бол “Цагаан махны хэрэг”, манайхаар оюуны өмчийн хулгай гэж эндүүрч болохгүй л дээ. Өнөөх л дээр дурдсан “Баабарууд” гэдэгтэй агаар нэгтэй зүйл. Харин чиг хандлагыг тодорхойлж байгаа гэдэгтэй маргах хүн гарч болно оо.
Яг л түүний нэгэн шүлэгт байдаг ...Буруутай, буруутай хүлээн зөвшөөрч байна... гэдэг шиг толгой дохин хүлээн авах болно. Харин өөр нэг шүлэгт нь:
Тийм ээ, тийм толгой дохиж байна
Тэнгэр минь цаг хугацаанд би
Хайртай... гэж эхлээд
...Нэмэр хачиртай хов живийн яриан дээр
Нэрэлхүү зангаа нэмж байгаад
Царайгаа огтхон ч хувиргалгүй
Цаг хугацааг худалдчихсан
Буруутай, буруутай хүлээн зөвшөөрч байна
Бурхан минь цаг хугацаа намайг
Хэзээ буудах бол... гэж төгсдөг юм. Нээрээ би ч гэсэн ямар нэгэн зүйлд буруутай юм шиг санагдчихлаа. Сонин л юм. Яагаад хайртай цаг хугацаагаа худалдчихсан юм бол оо? Энэ мэт санаа алдан асуух тийм олон асуултыг залуу яруу найрагчид олноор тавьж байгаа нь түүнийг залууст хамааруулах гэсэн нотолгоо гэж эндүүрэв. Мөн тийм биш юм гэж ойлгох хэрэггүй. Харин түүний уран бүтээлд өөр байх гэхээсээ илүүтэй хүн байхын утга учир болоод мөн чанараа яаж гээчихгүй байх тухай, эсвэл хүмүүн төрөлхтөн яаж хүнээ байдаг тухай тийм эмзэглэл, гуниглал нэвт шингэсэн байдаг нь ажиглагддаг. Магадгүй түүний ертөнцийг үзэх энэ үзэл бусдаас ондоо байх зориг хүслийг өөрт нь төрүүлдэг байх л даа. Үүнийг маш товчхондоо түүнтэй адил ямар ч элдэв маяг үгүй мөн чанартай хийгээд шүлэг бичдэг хүмүүс илүүтэй ойлгох нь лавтай.
Би анх энэ яруу найрагчийн “Эм загас” шүлгийг нь уншчихаад аав маань насныхаа эцэст яагаад морь биш гүү унахыг илүүд үздэг болсон тухай бодож байсан удаатай. Намайг морь унаж айлаар орж байгаач хэмээн уурлангуй хэлэхэд аав маань “Гүү мориноос илүү зөөлөн явдалтай байдаг юм. Миний хүү зүгээр л ажиглаад үзээрэй” гэж билээ. Одоо би адгуус амьтанд хүртэл эмэгтэйлэг чанар бий гэдэгт огт эргэлзэхээ больсон.
Харин зарим уран бүтээлчдэд мөн чанар байдаг гэхэд л эргэлздэг юм.
Д.Ганбаатар
dajgui shuumj baina.
ReplyDeleteEne Ganbaatar gej hen baina, Arai gobialtain garid bish biz?
hehe goyo hellee Bayaraa ho
ReplyDeleteЭнэ Баярааг ээ
ReplyDeleteТөгсгөлөө муу хийсэн шүүмж шиг санагдлаа. Тэрнээс бусад талаараа нэгэн жигд бичдэг хүн байна.
ReplyDelete