Миний шүлгүүдийг олон нийт бус харин мэрэгжлийн цөөхөн хүмүүс олж уншдагт хувьдаа сэтгэл хангалуун байдаг. Үнэндээ хорь гаруйхан наснаасаа би яруу найраг бол ойлгож хүлээх авах өндөр түвшний хүмүүст л зориулагдах ёстой гэж бат итгэснээс минь болсон байж ч мэдэх юм.
Би яруу найрагтаа гурван зарчмыг хатуу баримтласаар ирсэн. Нэгдүгээрт,
хэзээ ч тайзанд зориулж шүлэг бичихгүй. Хоёрдугаарт, хэзээ ч гоё ганган үг
хөөцөлдөж шүлэг бичихгүй. Гуравдугаарт, хэзээ мөнгө ашиг бодож шүлэг
бичихгүй. Энэ гурван зарчмаа би одоохондоо зөрчөөгүй. Алсдаа яахыг хэлж
мэдэхгүй юм.
Би яруу найрагтаа гурван шинжийг юунаас ч илүү үзсээр ирсэн.
Нэгдүгээрт, миний шүлгүүдэд миний гүн ухаан байх ёстой, хоёрдугаарт, миний
шүлгүүдэд миний ертөнцийг үзэх үзэл минь шингэсэн байх ёстой. Гуравдугаарт
миний шүлгүүдэд хэний ч биш зөвхөн миний зан төрх илэрч байх ёстой хэмээн
бодсон юм. Энэ гурван шинж миний бүх шүлгүүдээс мэдрэгддэг гэж би эргэлзэхгүй
боддог.
Би яруу найрагтаа гурван ёсыг сахисаар ирсэн. Нэгдүгээрт, хэзээ ч муу санаа
бодлоор шүлэг бичихгүй. Хоёрдугаарт, хэзээ ч муу үйлийн эрхэнд шүлэг бичихгүй.
Гуравдугаарт, хэзээ ч муу энергээр шүлэг бичихгүй хэмээн санасан юм.
1.
Хүний сэтгэл мөстөж дуусахад
Дэлхий цаг агаар
Өвлийн улиралгүй болно.
Хүйтэн цагаан жавар, цасны гялбаа
Хүүхнүүдийн булган дээл гурвыг
Хүн төрөлхтөн
Хамгийн түрүүнд мартана.
Хүний сэтгэл мөстөж дуусахад
Дэлхийн цаг агаар
Намрын улиралгүй болно.
Алтан шаргал навчис, өглөөний шүүдэр
Алим жимсний болсон үнэр гурвыг
Амжиж мартахын төлөө амьдараад
Юуг ч үл санана.
Хүний сэтгэл мөстөж дуусахад
Дэлхийн цаг агаар
Хаврын улиралгүй болно.
Урьхан цэнхэр салхи, өвсний шивнээ
Усны хөгжимлөг аялгуу гурвыг
Утаа, виски, мансууралтайгаа хамт
Ууж идчихсэн байна.
Хүний сэтгэл мөстөж дуусахад
Дэлхийн цаг агаар
Зуны улиралгүй болно.
Зулзган цагаан хус , навчсын сэрчигнээн
Зуурам халуунд гэнэт сэрүү татах гурвыг
Зугаацал, казино, дампууралтайгаа хамт
Мартаж орхисон байна.
Хүний сэтгэл мөстөж дуусахад
Дэлхий дээр амьдрах жинхэнэ утгаараа
Дэмий л болсон байна.
2.
Яаж хувцаславал бусдаас ухаантай харагдахыг
Би хэлж мэдэхгүй ч
Яавал цэцгийн тоос шиг хүртэлцэж
Салхиар оюун санаагаа олшруулдагыг
Би мэднэ.
Дотогшоогоо нам гүм суухад
Долоон үеэрээ суралцсан
Дотуур тамиртай-Дорны
Дотно халуун-Азийн
Доголон нулимстай-Монгол, би
Яавал борооны дусал шиг
Яавал цасны ширхэг шиг
Оюун санаагаа олшруулахыг
Би мэднэ.
Ганцхан энэ нууцаа алдчихалгүй
Газар дор орохыг би хүснэ...
2006-12-02
3.
Цастай гялгар замаар мярайн алхахад
Цаад уулс утаан дунд үл үзэгдэвч
Өглөө эртийн бүүдгэр хотоддоо
Өөрөөсөө илүү хайртай байсан даа?
Гэмгүй номхон, дур зоргоороо амьдрах
Гэрэлт өдрүүдийг мөрөөдсөн үедээ
Гудамжаар бус тэнгэрийн заадсаар
Гулгаж яваа мэт санадаг байсан даа?
Нүргээн шуугиан, анир гүмд дурлачихаад
Нүгэл нүүрэмгий хоёроос залхаж гүйцэхэд минь
Хиртэй ч гэлээ нүүрээ надаас буруулахгүй
Хотдоо би хайртай хэвээрээ дээ?
4.
Нар халуун сар сэрүүн цагт
Найдвараа үлдээж амьдарна
Навч ногоон цэцэг улаан цагт
Шүдээ хурцалж амьдарна,
Эр хүний дүр эсгэж
Эм хүн шиг амьдарна.
Арчиж угаахаас айдаг
Арван давхрын цонх шиг
Оролдож шоглох боломжгүй
Онцгой эрхэмсэг амьдарна.
2 dahi shulgiig *favourites* gedeg foldertoo hadgallaa...
ReplyDeletemashid todorhoi bilee
ReplyDelete