Энэ ахын тухай бичсэн өгүүллээ оруулмаар байв. Ийм нэг яруу найрагч байдаг юм. Танилцацгаа... Би таалсан гэхээр хүний хувьд сайхан хүн шүлгийнх нь тухай тус бүрдээ бодно биз.
/яруу найрагч Д.Галтын “Давхар тамга” номын тухай /
1. Энэ хүн...
Би-энэ хүнийг хэдэн жилийн өмнөөс таних болсон юм. Мэдээж биднийг яруу найраг л танилцуулсан. Алдаа оноо, ололт амжилт, уран зохиол, ухаарал сэхээрлийн тухай ярилцаж суугаад санамсаргүй Сэлэнгийн цэнхэр хязгаарт Дэмбээгийн Мягмарын нэгэн туужийн баатар шиг хавар нь уриншсан талбайд, намар нь алтан шаргал тариан далайд залуу насаа уйлж дуулж өнгөрүүлснийг нь мэдэж билээ. Тэр л тариан талбайд анхны шан татсан шигээ анхны шүлгийн мөрүүдээ тэрлэж явсныг нь ч мэдсэн юм. Нэгэн цагт Бэгзийн Явуухулангаас үг сургаал сонсож, нэгэн цагт дуучин Адарсүрэнтэй ойр дотно явж, нэгэн цагт зохиолч Пүрэвжавын Баярсайхантай үерхэж явсан энэ ХҮН яруу найргийн хэд хэдэн ном хэвлүүлжээ. Гэвч одоо хүртэл өөрийгөө зүрх гарган “ЯРУУ НАЙРАГЧ” гэж дуудуулахаас эмээж явдаг нь надад таалагдсан юм. Энэ чанар нь энэ хүнийг ямар нэгэн хэмжээгээр тодорхойлж байгаа юм. Амьдралд сайн муу олныг үзэж, онож алдаж явсан эр хүний сэтгэлд дуу шүлэг хоёр ямар салшгүй бодлоор гагнагдсан байдаг билээ. Түүнтэй адил энэ хүний дотор уянга сэрж, тэгээд яруу найргаар гадагшилж, хүний оюуны санааны орон зайд биежиж бүрэлдсээр даруй гуч гаруй жил өнгөржээ. Тэгэхдээ хэзээ ч бусдын өмнө ил гарч, бичсэн хэдэн шүлгээ бариад дээгүүр доогуур гүйхийг хүссэнгүй. Өөрийн амьдралын зам мөрийг хөөж, өөрт оногдсон хувь тавилангийн үүргээ хүний ёсоор биелүүлэх гэж л зүтгэж явжээ. Хэрэв намтар түүхийг нь сонирхвол миний өгүүлж буйгаас илүү олныг хүүрнэхгүй биз. Харин угаас даруухан энэ хүн бусдын тухай л сэтгэл догдлон ярихаас өөрийн тухай ам нээдэггүй зантай. Өнөө цагт энэ хүн шиг өөрийгөө таньж мэдсэн, аливаа юмсын хэр хэмжээг барагцаалдаг нь нэн ховор болжээ. Тэгээд л бүгд өөрийн зэрэглэлээ хэд дахин дээгүүр санаж, алтан магтаалын үгэнд умбах ад хүслэнд автдаг болжээ. Тэр тусмаа ганц нэг дууны үгээ зууны манлай яруу найраг гэж санадаг хүмүүст энэ үг үгүүлбэр дэндүү хамааралтай. Харин ЭНЭ ХҮН зүгээр л шүлэг бичиж, сэтгэлээ хөглөж, үгийн ид шидэнд ховсдуулж, дотроосоо сэрж явна. Хувь хүнийхээ гоо сайхны болоод яруу сайхны орчинд сэтгэл хангалуун, урам зориг дүүрэн байгааг нь нэгэн удаа уулзаж ярилцаж суухдаа мэдэрсэн билээ. Амьдралд бараг зөв байж магадгүй замыг ЭНЭ ХҮН сонгосон мэт тэрхэн үед санагдаж байсан юмсан. Одоо ч хэвээрээ биз.
Үнэндээ хэрэгцээнээс давсан хэрэглээ хүнийг яаж “шуналын хүүдий, нүглийн микроп” болгодгийг энэ цаг үе бидэнд хангалттай харуулж байна бус уу? Нэгэн биенд арван өрөөтэй байшин, нэгэн биенд том жижиг долоон машин, нэгэн биенд гучин өнгийн гучин хослол гэж бодохоор зарим хүмүүсийг ойлгохоо байдаг юм. Бодь мөрийн зэрэг - УЛААН ХӨТӨЛБӨРТ “ Цаг үргэлж эд хөрөнгө цуглуулахаар зүтгэж явдаг хүмүүс үр дүндээ бирд болж төрөөд мөн л цаг үргэлж хоол хүнс олохын төлөө явах болно. / Гандан Жанзэ Гаси Ринбочэ “Бодь мөрийн зэрэг- УЛААН ХӨТӨЛБӨР” 2009,263/ хэмээснийг олж үзээсэй гэж хүчтэй төвлөрөн бодох үе ч гардаг юм. Ийм ээдрээтэй үед ЭНЭ ХҮН шиг мөнгө ашиг бус яруу найраг бодож, эд хөрөнгө бус эцэг өвгөдөө дээдэлж явдаг цөөнгүй хүн буйд итгэж, мунхаг сэтгэлээ тайвшруулдаг учраас “саруул гэгээн цагт эрүүл бодол чухаг” хэмээсэн үгийг олонтоо давтан тарни мэт уншиж суудаг билээ.
2. Өдөр шөнө хоёрын өнгийг ухаарнам...
Яруу найрагт өнгөөр уран зураг шиг тоглодог. Уран зурагт бол өнгөөр яруу найраг шиг тоглодог. Тиймээс яруу найрагчийн төрмөл шинж, авьяас зэрэг олон чухаг зүйлсийн нэг нь өнгөөр дамжуулж юмсын зүй тогтлыг өвөрмөцөөр мэдрэх, харш хийгээд нийлэмжтэй өнгөөр ертөнцийг зүйрлэн ухаарахад оршдог. Тийм чанар ЭНЭ ХҮН-д харин байна. Нэгэн шүлгээс нь жишээ татъя.
Сүү шиг ариун сэтгэлээр
Өдөр шөнө хоёрын
Өнгийг ухаарч хэрсүү суусан, би /Д.Галт “Давхар тамга” 2010,33/ гэжээ. Тодорхой хэдэн зүйл байна. Сүү шиг ариун сэтгэлээр амьдралд хандсан, тэгээд өдөр шөнө хоёрын өнгийг таньсан хэмээн гэрэл гэгээнээс харанхуйг, харанхуйгаас гэрэл гэгээг мэдэрч, өнгө гэдэг хэзээд хуурамчийг мэдэж, нэг үгээр аливаа юмсын өнгийг таньж, өнгөндөө бүгд хуурамч гэдгийг мэдэж, эцэст нь ухаарсан. Юуг ухаарсан бэ гэдэг асуултанд тэрээр олон шүлгээрээ “амьдралын мөн чанарыг” гэж хариулж байна. Магадгүй зарим хүн нас ахиад шүлэг бичдэгийн учрыг би сүүлийн үед хорвоогийн жамыг ойлгож эхлээд удалгүй сэтгэлд нь харих буцахын гуниг нөмрөн ирээд байдагтай холбож ойлгох болсон юм. Гэтэл ЭНЭ ХҮН насан залуугаасаа яруу найрагтай холбогдсон болохоор ирээдүйд бичих шүлгүүдэд нь бүр ч ихээр “ӨДӨР ШӨНИЙН ӨНГИЙГ УХААРАХ” бодлын гүнзгийрэл ухааны нягтрал хадгалагдаж байгаа хэмээн бодлоо. Туршлагаар яруу найраг бичих тийм сайхан зүйл бишдэг. Харин ухаанаар бичих бол өөр хэрэг.
Алт шиг хүмүүс жаргал эдлэхгүй
Цагаасаа өмнө гэнэт явчихлаар
Аяа, миний сэтгэл гэгэлзэхгүй
Яаж тайван байх юм бэ?
Аяа миний санаа зовохгүй
Яаж түвшин суух юм бэ? /Д.Галт “Давхар тамга” 2010,35/ гэсэн шүлэгт амьдралын энэ ойлгомжгүй байдалд бухимдсан их хүнлэг сэтгэл оршиж байгаа юм. Хүнлэг сэтгэлд элдэв нэмэлт чимэг тодотгол хэрэггүй. Ердөө л хүний сайн нь хорвоогийн амьдралд богинохон хугацаатай ирээд ихийг бүтээж амжилгүй цагаасаа өмнө явчихаар тэдний өмнөөс санаа зовсон тийм сайхан сэтгэлийг мэдрэх болно. Сэтгэл яагаад яруу найрагт чухал байдгийг урьд нь тогтоож томьёолж байсангүй. Тэгсэн атлаа бүгд л сэтгэлтэй шүлэг, сэтгэлгүй шүлэг гэж хувааж үзээд байдгийн учрыг би ийм нэг тэнэг гэмээр жишээгээр тайлбарлаж байна. Өндөр шагналтай шүлгийн уралдаанд зориулж бичсэн шүлгүүдийг уншихад мэдэгддэг юм. Яруу найрагч “хүчилж “ бичсэн нь. Тийм шүлэг цаанаа л нэг ” сэтгэлгүй” хоосон оргиод үг санаа нэг л хуурмаг санагдаад байдаг. Харин гуниг баярын дундуур туучиж бичсэн шүлгүүд цаанаа нэг л ондоо ядаж нулимс тэмтрэгдээд, үг санаа нь үнэмшилтэй байдаг юм. Энэ зөвхөн миний л мэдрэмж. Гэхдээ мөр холбож, ухаан сүлбэж суудаг, шүлэг бичихийн жаргал зовлонг амталсан ХҮН бүхэнд ийм ижил мэдрэмж төрдөг гэдэгт хэзээ ч үл эргэлзэнэ. Тэгээд дахиад л сэтгэл хайж ЭНЭ ХҮН-ий шүлгүүдийг нягталсан юм. Түүнээс биш сайхан шүлэг, ер бусын шүлэг, гайхамшигтай шүлэг, сонгодог шүлэг гэсэн ТОМ хэмжүүрээр огт авч үзээгүй. Тийм тодорхойлолтонд тэнцэх шүлгүүд гагцхүү ” сэтгэл” гэдэг үгэнд бас хашигддагийг мэдэх учраас.
Нарнаас илч авч
Нүүрэндээ би галтай явдгийм
Одноос оч харж
Нүдэндээ би цогтой явдгийм
Сарнаас гэрэл мэдэрч
Сэтгэлдээ би гэгээтэй явдгийм
Бурхнаас хувь хүртэж
Амьдралд би хайртай явдгийм /Д.Галт ”Давхар тамга” 2010,47/ хэмээсэн шүлэг зарим хүнд ялимгүй дээгүүр санаархсан мэт санагдаж болох талтай. Яруу найрагчдад бол ердийн л зүйл. Гэтэл олонход хачин хэтрүүлэл мэт бодогдоно. Яаж ч бодсон тэдэнд нарнаас илч авч нүүр нь галтай явдаг гэж бодох, одноос оч харж, нүд нь цогтой явдаг гэж бодох, сарнаас гэрэл мэдэрч сэтгэл нь гэгээрдэг гэж бодох, бурханаас яруу найрагчийн сэтгэл зүрх бэлгэнд авсан хэмээн мөрөөдөх нь байж боломгүй ” тэнэглэл” мэт санагдана. Энд л сэтгэх итгэх, мэдрэх гурвын асар их ялгаа гарч ирнэ.
3. Хэрсүүжигч...
Хэрсүү суух амьдралд хэрэгтэй ч яруу найрагч хэрсүү суух тусам муу шүлэг бичдэг гэж үздэг үзэл бий л дээ? Гэхдээ энэ үзэл мэдээж 100 хувь батлагдаагүй. Хүүхдийг овоо хэрсүүжээд гэж нааштай үнэлдэг шиг яруу найрагчийг хэрсүүжсэн гэж дүгнэх хаашаа ч юм бэ? Гэлээ гэхдээ ЭНЭ ХҮН-ий шүлгүүд тийм дүгнэлт хийхэд намайг хүргэж байна. Учир нь сургаал айлдварын өнгө аястай зарим нэг шүлэг нь сургах айлдах юмтай хүний ажил учраас тийм бодол хамгийн түрүүнд тархинд харайн орж ирсэн юм.
Архинд донтвол хүү минь
Хөлөөн чи олохгүй, ээ
Хөлөөн чи олохгүй бол
Амьдрал чамайг бас олохгүй, ээ... /Д.Галт “Давхар тамга” 2010,119/ гэсэн шүлэг хорьтой залуугийн амнаас лав гарахгүй. Тэгэхээр амьдралд хэрсүүжээд шүлэг бичих нь зарим нэг талаараа нааштайг хэлээд байх шиг. Нөгөө талаараа манай аман яруу найргийн уламжлал хүчтэй хэвээр байгааг илэрхийлээд байх шиг. Амьдрал дээр ийм үгийг хүүгээ анх халамцуухан ирэхэд нь аав хүн бүхэнд хэлсэн, магадгүй ирээдүйд хэлэх үг шиг санагдаж байгаа нь өнөө хэрсүүжсэнтэй холбоотой хэмээн мунхаглан үзэхэд хүргэнэ. Тэгээд ч энэ бүх бодлын ээдрээ түүний бичсэн:
Үүл нүүж бороо орох
Нар гарч, солонго татах нь
Хурмастын явдал-тэнгэрийн таалал, аа /Д.Галт” Давхар тамга” 2010,41/ гэдэг шүлэг шиг “хорвоогийн учир- ертөнцийн жам, аа” гэж хариулахыг хүслээ.
4. Дахиад ЭНЭ ХҮН...
Яруу найрагч бүхнийг магтаж болно. Яагаад гэж үү? Хариулт нь тун ойлгомжтой. Хэний ч анхаарал татахаар ганц ч мөр шүлэг бичээгүй яруу найрагч гэж байдаггүй. Тэр шүлгийг нь жишээ болгоод л хүүхдүүдийн ярьдгаар хаданд авируулж, модонд гаргана. Тиймээс ганц нэг шүлгээр нь бус бүхэлд нь яруу найрагчийг тодорхойлох л хамгийн бодитой хийгээд шударга явдал билээ. Тиймээс ЭНЭ ХҮН-ий яруу найраг бүхэлдээ өөрийнх нь “АМЬДРАЛЫН ТҮҮХ, АМЬДРАЛЫН УХААРАЛ” билээ. Мөн ийм нэгэн шүлэгтээ:
Нээж дэлгэдэг болохоор
Хадаг юм байлгүй
Сэтгэл минь зөөлөн байдаг /Д:Галт” Давхар тамга” 2010,42/ гэж бичсэн шиг түүний яруу найргийг нэмж ганцхан үгүүлбэрээр тодорхойлоход ”ЗӨӨЛӨН СЭТГЭЛИЙН УЯНГА” юм , аа
5. ЭЦЭСТ НЬ...
ЭНЭ ХҮН-ийг даруухан яруу найрагч Дамдингийн ГАЛТ хэмээмой.
2010-11-05
No comments:
Post a Comment