Tuesday, November 9, 2010

энэ үгүүллэгийг яаж ч мөрөөдөөд миний хэмжээнд хүрч бичихгүйгээ мэдээд аргаа барж суугаа атаархагчдадаа зориулж бичсэн юм

Миний хийл

Намайг анх төрөхөд ээжийн минь танил эмэгтэй нэг хийл бэлэглэсэн гэдэг юм. Харамсалтай нь би ямар хийл байсныг нь санадаггүй. Гэхдээ тэр хийлээрээ цөөнгүй аялгуу тоглож сурсан билээ. Учир нь тэр хийл намайг хоёр нас хүрэх жил хэнд ч үзэгдэхээ больсон гэдэг. Хэнд ч үзэгдэхээ болихынхоо өмнө хананд өлгөөтэй байхдаа хоёр чавхдас нь шөнөжин жингэнээд хоносон гэж ээж минь бараг л барин тавин баталдаг юм. Харин үзэгдэхээ больсноос нь хойш барьж тэмтэрч үзсэн хүн манай гэрийнхнээс авахуулаад эргэн тойрны байрны бүх хүүхдүүд зарим саваагүй томчуул зэргээр цөөнгүй байв. Аав минь нэг удаа хийлийг минь тэмтэрч үзснээ анх чамд бэлэглэхэд гялалзсан хүрэн модоор хийсэн шинэхэн хийл байж билээ. Харин одоо булан их мөлийсөн бололтой байна. Бодвол будаг шунх нь арилж,
элэгдээ биз дээ? хэмээн санаашрангуй өгүүлж билээ. Тэр өдрөөс
хойш би хийлээ хэнд ч бариулахаа больсон юм. Манай хотынхон намайг нэрээр минь биш зөвхөн хийлчин гэдгээр минь бүгдээрээ таньдаг байлаа. Учир нь би таван настайгаасаа эхлээд өглөө бүр тагтан дээрээ зогсоод өөрийнхөө зохиосон аялгууг хийлээрээ тоглодог байсан юм. Эхлээд хөршүүд минь дүргүйцлээ илэрхийлж, цонхоо түгжих, чихээ таглах, гараараа зангах буюу дээр доороос намайг элдвээр хараадаг байсан боловч сүүлдээ аргагүй дасаад харин ч бүр ханиад хүрээд хэд хоног хөгжмөө тоглож чадахгүй байхад минь үгүйлж сураглаж, эргэж тойрцгоосон юм. Ийм маягаар хийл бид хоёр төрсөн хотдоо алдаршиж, аавын минь найз нар миний хорин насны төрсөн өдрөөр будаг нь үнэртсэн цоо шинэ хийл бэлэглэж билээ. Анхандаа хоёр хийлтэй болсондоо хязгааргүй баярлаж, тэр шинэ хийлээ гараасаа салгалгүй долоо хоног хөгжим тоглов. Найм дахь өдрийн өглөө хуучин хийлээ гэнэт санаад уутнаасаа нь гаргах гэтэл тэр тэнд байсангүй. Би бараг л орь дуу тавин хашгирах шахав. Гэрийнхэн маань сандралдаж хаана тавьснаа эргэн сана, тэр хавиар нь бид хайя хэмээцгээв. Тэгээд гэрийнхээ бүх газраар мөлхөх нь мөлхөж, авирах нь авирч хайсан боловч хэн ч хийлийг минь олсонгүй. Хамгийн хачирхмаар нь аав ээж, ах нар минь тэр өдрөөс хойш өлмий дээрээ сэмхэн гишгиж, их л болгоомжтой явах болцгоов. Яагаад гэвэл хаа нэг газар хуучин хийл минь байж байгаад хэн нэг нь санамсаргүй гишгиж орхихоос болгоомжилсон хэрэг ээ.
Хийл алга болоод сар болсны эцэст гэрийнхэн минь бүгдээрээ хэн нэгэн хүн миний хийлийг хулгайлсан гэдэгтэй санал нийлцгээв. Тийм ховор сонин зүйлээр мөyгө олдог хүмүүс цөөнгүй байдаг тухай сониноос уншсан тухайгаа ах минь сонирхуулж ярив. Харин би сэтгэл дотроо харамсаад харамсаад барахгүй байлаа. Бодохоос л гол харлаад, бүр зарим шөнө хуучин хийлээрээ хөгжим тоглож байна хэмээн зүүдлэдэг болов.
Хийл алга болоод нэг сар арван дөрөв хонов. Тэр өдөр өвөөгийн минь бие гэнэт муудаж, хэвтэрт оров. Гэрийнхэн минь манай хотын аль сайн эмчийг урьж биеийг нь үзүүлсэн боловч өвөөг минь ямар өвчин туссан болохыг хэн ч хэлж чадсангүй. Харин нэг эмч насны доройтол гэсэн сонин онош тавьчихаад сайн асарч тойлохыг зөвлөв. Гэтэл өвөөгийн ухаан балартаж, бидний хэзээ ч сонсож байгаагүй хүмүүсийн нэр дуудаж, хэдэн өдөр их л сандаргав. Хийл алга болоод нэг сар арван найм хонов. Өвөө минь харин тэр өдрийн өглөө ухаан санаа нь саруулсаад сэрэв. Биднийг дуудаж дэргэдээ суулгаад нэг нэгээр нь үнсэж, аавтай өөрт нь тохиолдсон нэг түүхийг ярьж, царай нь гэрэлтэн, ээжийн гарын цайг ууж, хамгийнхаа хайртай ач болох том ахаар хөлөө бариулж байснаа:
- За, хүүхдүүд минь миний насны тоо гүйцсэн бололтой. Сая хэд хоног та хэдийгээ их л сандаргасан байх даа? Уулзах ёстой хүмүүстэйгээ бүгдтэй нь уулзчихлаа. Очих ёстой газруудаараа бүгдээр нь орлоо гэхэд нь хэд хоног энэ орноос нэг ч өндийгөөгүй байж өвөө хаагуур яаж явсан юм бол доо хэмээн хорин насны хүүхэд ухаанаар бодож суув. Аягатай цайгаа нэг том хүд хийтэл залгичихаад:
- Насаараа ямар олигтой ажил хийж явсан биш. Амьтны амь тасалсан мал нядлагч явлаа. Муу хөгшин минь бурхны оронд төржээ. Буянтай хүн арга үгүй биз дээ? Муу ээж аав хоёр минь ч диваажинд жаргаж байна. Би гэдэг хүн л муу заяаны оронд очих янзтай. Хүүхдүүд минь буяныг л сайн хичээгээрэй. Найз Сандагаа минь амьтны тамд адгуус болжээ. Тэд нартайгаа бүгдтэй л уулзлаа гэж ярихад нь аав ээжид:
- Ухаан санаа нь орж гараад байгаа бололтой. Одоо яах вэ? Эмч дуудах уу? гэхэд, ээж:
-Харин ээ. Ер нь тэсэхгүй янзтай болчихлоо. Ах дүү нарт нь хэл хүргэх үү гэж билээ. Энэ хооронд өвөө толгойгоо нэг гэдийс гэснээ дахин ухаан балартаж унав. Аав цээжин дээр нь чихээ нааснаа:
- Амьсгал хураачихлаа гээд өндийтөл, өвөө гэнэт гэдэс хийснээ ухаан орлоо. Юунаас ч айдаггүй том ахаас авахуулаад бүгд л цочив. Тэр эргэн тойрноо өрөвдөлтэйгээр гүйлгэн харснаа, харцаа над дээр тогтоогоод,
- Миний хүүгийн хуучин хийл том өрөөний таазны гэрлээс өлгөөтэй байгаа юм гэнэ. Урьд насандаа дуучин хүүхэн байсан гэнэлээ. Эр хүнд учиргүй гомдоод сүнс нь хийл… гээд өгүүлбэрээ дуусгаж амжилгүй өвөө минь ёстой жинхэнээсээ амьсгал хураав. Манай гэрийнхэн дахиад гэнэт сэргээд ирж магадгүй гэсэн шиг мөнхийн нойрондоо дугжирсан өвөөгөө харж нилээд хэсэг сууцгааж билээ.
Би хийлээ оллоо. Миний хийлнээс эр хүмүүст голдоо ортол гомдсон бүсгүй хүний хэнд ч үзэгддэггүй гомдол эгшиглэж байлаа.

2 comments:

  1. Манай хотынхон намайг нэрээр минь биш зөвхөн хийлчин гэдгээр минь бүгдээрээ таньдаг байлаа. Учир нь би таван настайгаасаа эхлээд өглөө бүр тагтан дээрээ зогсоод өөрийнхөө зохиосон аялгууг хийлээрээ тоглодог байсан юм.

    ReplyDelete
  2. Өөрт тань атаархалгүй бахархаж байдаг хүмүүст зориулж бас бичээч

    ReplyDelete