Thursday, November 11, 2010

миний санал

   Надаас хэн ч санал асууж байсангүй. Тэд бүгдийг өөрсдөө шийдчихдэг байлаа. Харин хожим шийдсэн нь бишдэх үед гол буруутан нь мэдээж би болно.  Чухам яагаад тэгдэг байсны учрыг одоо ч хүртэл ойлгодоггүй юм.  Харин би амьдралдаа ганцхан удаа тэднээс юу ч асуулгүй нэг зүйлийг хийхээр шийдэж билээ. Нас биенд хүрлээ. Одоо л зориглон эхнэр авах минь. Гэхдээ хэнтэй суух вэ?
   Хаврын нар илч гэрлээ зуны улиралд хадгалсан мэт хүч муутайхан төөнөнө. Байшингийн ёроолоор ногоо дөнгөж цухайгаад, хөгшид багачуул энд тэнд цугларан өвлийн урт өдөр хоногуудыг хэрхэн өнгөрөөснөө хуучлана. Айлууд цонхоо цэлийтэл нээж, шилийг нь гялалзтал арчсан тул нүүрээ угаасан хүүхэд шиг эргэн тойрон нэг өнгөлөг харагдана. Дэргэдүүр зөрөх охид бүсгүйчүүл цөмөөрөө хөөрхөн, тиймээс бүгдэнгээс нь “надтай гэрлээч” гэж гуймаар санагдана. Гэвч тэгж асуух зүрх зориг надад байсангүй. Хий дэмий л гудамжны голд ижлээсээ төөрсөн хурга шиг эргүүтэн зогсож байлаа. Гэнэт хажууд “та гэргий хайгаагүй биз” гэсэн эмэгтэй хүний уянгалаг сайхан дуу гарав. Эргэн харвал цав цагаан, ув улаан, яв ягаан, тас хар. Бүр их дэлгэрүүлвэл цав цагаан царай, ув улаан уруул, яв ягаан цамц, тас хар өмд. Нэг хүнд ийм олон өнгө зэрэг хосолдгийг хараад гайхаж билээ. Нүүр халуу шатаад явчихав. Хэсэг тээнэгэлзснээ би ”тийм” хэмээн дорой дуугаар сулхан хариулав.
   Ямар ч бодол санаагүйгээр түүнийг дагуулаад би шууд гэртээ ирэв. Манайхан зэрэг  зэрэг дуу алдацгаав. Хаанаас хэнийг дагуулаад ирэв, ээ. Үгүй, ээ бурхан минь энэ чинь хэн бэ? Энэ хотын зартай биеэ үнэлэгч байна шүү дээ? гэлцэн орилолдож гарлаа. Урьд нь би ээж, эгч, багшаасаа өөр эмэгтэй хүнтэй үг сольж үзээгүй болохоор түүнтэй ярих хачин сонин сайхан байлаа.  Тэр тусмаа нас ойролцоо үеийн бүсгүйтэй ярилцах. Тэр надаас” далайн  сам хорхой идэж үзсэн үү? гэж асуув. “Үгүй” гээд толгойгоо сэгсэрсэнд: - Би чамайг дагуулж энэ хотын дээд зэргийн зоогийн газар орж, сам хорхой идүүлнэ. Ингэхэд чи эмэгтэй хүнтэй амраглаж үзсэн үү? Би мөн л толгой сэгсрэв. Тэр зориуд гэмээр хачин чанга инээснээ, тэрнийг ч бас чамд үзүүлнэ. Энэ үед өрөөний хаалга онгойж дүү охин минь толгойгоо цухуйлгаснаа:- Аав ээж хоёр таньтай уулзая гэж байна гэв. Аав их л ууртайгаар:- бид чиний саналыг асуухаар шийдлээ. Бурхан минь энэ чинь анх удаа тэд нар миний саналыг асуухаар болжээ. Би баярласандаа дуу ч гарч чадахгүй, сандарсан байлаа. Чи наад хормой сул хүүхэнтэйгээ гэрлэх гэж байгаа юм биш биз дээ?   Би зөвхөн толгой дохив. Ээж нэг их муухай орилсноо мууран унав.
   Эхнэр минь ажилдаа орой гараад ихэвчлин үүрээр ирнэ. Бид хоёр нэг өрөөөнд амьдарснаас хойш найман сарын дараа манайх хүүтэй болов. Хэдийгээр тас хар царай, ширэлдсэн буржгар үс, зузаан уруултай хүү төрсөн ч би өөрийнхөө хүү гэдэгт хоромхон ч эргэлзэхгүй байлаа. Гэхдээ л хүүдээ Зочин гэдэг нэр өгөхөөр шийдсэн юм. Удалгүй хүү минь хэлд орохдоо намайг анх “аав, аа” гэж дуудав. Олон өдөр би ямар ч шалтгаангүй байхад инээмсэглэж явлаа. Учир нь  анх удаагаа “аав,аа “хэмээн дуудуулж үзлээ шүү дээ? Энэ үг анх сонсоход тийм сайхан яруу сонсголонтой байдгийг мэдсэнгүй. Би түүний хувьд аав нь ч ээж нь ч байсан учир чухам хэн гэж дуудах надад сонирхолтой байж билээ. Гэтэл хүү минь магадгүй хүүхдийн дотоод зөн билгээрээ намайг “аав” гэж дуудсан юм даа? Харин ээжийгээ “Сүү” л гэдэг байлаа.
  Сүү нэг л орой ажилдаа яваад эргэж ирээгүй. Ор сураггүй алга болсонд нь надаас өөр хүн сэтгэлээр унаж, шаналж зовсон гэдэгт би эргэлздэг юм. Манайхан харин магнайгаа хагартал баярласан байх. Би араас нь олон удаа эрэл сурал болсон боловч түүнийг олоогүй юм. Ёстой нөгөө газрын гаваар орно гээч болсон юм даг. Өмнө нь би нэг удаа түүнээс тэр нэг өдөр намайг эхнэр хайж явааг яаж мэдсэн юм бэ? гэж асуухад тас тас хөхөрснөө:- Чам шиг хүмүүсийн бодол нүүрэн дээрээ бичээстэй байдаг юм шүү дээ? Та нар шиг хүмүүст ямар үед итгэж болно. Хэзээ хэний ч итгэлийг алддаггүй юм гэж билээ. Алга болохынхоо урьд өдөр :- хүүгээ сайн хүн болгоорой. Хорон муу хүмүүсээс хамгаалж яваарай. Чи чадна. Би ч хүн биш дээ? Гэхдээ та хоёрыгоо хэзээ ч мартахгүй. Хаана яаж ч явлаа ч санан дурсаж байх болно.  Чамайгаа үнэтэй зоогийн газар оруулж сам хорхой л идүүлж чадсангүй дээ? Битгий намайг муугаар дурсаарай гэхэд нь юу ч ойлгоогүй би “тэгнэ,ээ” хэмээн толгой дохиж билээ. Түүнийг сураггүй болоод сар өнгөрсний дараа нэг өдөр аав намайг өрөөндөө дуудав. Яваад ортол: -Одоо наад хүүхдээ асрамжийн газар өг. Манай гэрт хар арьстан өсөх л дутаж гэнэ. Мэдэв үү? гэхэд нь би зөвхөн толгой сэгсэрэв. Харин маргааш нь хүүгээ аваад энэ хотоос үүрд явахаар шийдэв. Хаа хүрч, юу үзэхийг хэлж мэдэхгүй ч нэг л зүйлд хатуу итгэж байв. Тэр минь хэзээ нэгэн цагт бид хоёрыгоо зорьсоор хүрээд ирэх болно.
  Намайг явах сургаар гэрийхэн минь  бараг л нэг дуугаар:- Чи эндээс яваад хаа хүрэх юм бэ? Яаж амьдрах юм бэ? гэцгээв.
  Би тэр асуултанд хариулахыг хүссэнгүй. Учир нь би чинь аав хүн шүү дээ? Гэнэт хажууд минь бутанд хярсан бүжин мэт зогсож байсан хүү минь том хар нүдээ эргэлдүүлэн ” Аав,аа би юм идмээр байна” гэлээ. Түүнийхээ хүрэмийг товчлоод төрж өссөн гэрээсээ гарлаа. Өөдөөс жихүүн салхи жавар үлээж байна. Гэхдээ салхины үзүүр зөөлөржээ. Аргагүй дээ? Ирж яваа цаг даа…

                                                                                            2008 он

2 comments:

  1. болжмор байсанаа бүргэд болохоор аянд гарч байгаа анхны нислэг нь. салхины давлагааг тэр ямар байдагыг мэдэхгүй. замдаа эрсдэж ч мэдэх нь.

    ГЭНЭН ТОМООГҮЙН САЙХАНЫГ НЬ ОЛЖ ХАРСАН САЙН ӨГҮҮЛЭГ байна гэж би бодлоо.

    ReplyDelete
  2. сайн байна уу? багшаа ажил нь сайн уу ажил ихтэй амралт багадаад ирэж байгаа энэ нийгэмийн хөгжилтэй хөл нийлүүлэх гэж нэг ийм бологг нээж үзлээ зочилоорой

    ReplyDelete