Tuesday, October 19, 2010

Уснаас..

                                                          
   Үд дундын хотод аагим бүгчим тул гудамж талбай хөл хөдөлгөөн ихгүй байлаа. Арван хоёр давхарын тагтан дээр  зогсоод шүлсээ хаях эсвэл татсан тамхиныхаа ишийг газар хэрхэн эргэлдэн унахыг харахаас өөр онц хийх ажилгүй өдрийг барав. Хөгжим сонсох, утсаар охидуудтай дэмий чалчих, зурагтаар хөл бөмбөг үзэх гэсэн өдрийн уртыг хугасалж өгдөг ажлуудаа өнөөдөр хийсэнгүй. Оройхон харин хаалганы хонх дуугарав. Аав ,ээж, дүү гурав зуслангаас ирэв. Усанд орчихоод оройхон буцна гэнэ. Энэ чийгтэй байранд хэвтэж байхаар агаар салхинд гарч зусланд очиж хэд хонохыг зэрэг зэрэг ятгав. Өөрсдийнхөө хөрслөг бор болсон мөн миний улцгар цагааныг гайхацгааж баахан шогшролдов. Энэ гурав үнэхээр санаа сэтгэл яв цав таардаг сонин улсууд шүү? Аав ээжийн үгнээс амьдралдаа нэг ч удаа гарч үзээгүй гэдэг юм. Дүү бол аав ээж хоёрын амьд шүтээн, нэг үгээр хэлэхэд энэ насных нь бахархал. Үлгэр жишээ ийм хүү төрүүлсэндээ ээж дотроо ямар их баярлаж явдгийг би мэднэ.
    Аргагүй тэдний ятгалганд автаж зуслан явахаар боллоо. Замын турш би тэдэнтэй юу ч дуугарсангүй. Уул толгод, ой мод, гол горхи, үнээ тугал, адуу мал голдуу улаан дээвэртэй байшингууд, архины шил, бэлэн хоолны сав, төмөр хайс, ногоон зүлгэн дээр хэвтэх нүцгэн цагаан хүмүүс. Энэ бүгдийг тоомжиргүй гүйлгэн харсаар өнгөрсөн хавар манай гурвын бариулсан байшингийн гадаа ирлээ. Сайхан байшинтай болжээ. Мөн  зэрэг зэрэг л байшингаа үзүүлэхээр сандралдан гурван тийшээ чангаан бөөн сүр болов. Хэзээний ийм зантай тэднийг би ойлгохгүй бол өөр хэн ойлгохсон билээ. Надад зориулсан өрөө нь дээд давхартаа юм. Жижигхэн цонхтой,  нам гүм, ер нь тун дажгүй болжээ. Жаргах нарны улаан туяа өрөөг гэрэлтүүлсэн нь надад сайхан мэдрэмж төрүүлж байлаа. Шөнө сэрвэлзээд сайн унтаж чадсангүй, бяцхан горхины хоржигнох чимээ чихэнд тээртэй санагдаад, ялимгүй салхинд ой оройгоороо шуугиад байлаа. Тэгээд үүр дөнгөж гийхтэй зэрэг босож цонхоор эргэн тойрноо харав. Уулын амнаас цовхчин буух горхи шинэ жилээр гацуур модоо чимэглэдэг саа шиг гялалзан харагдана. Ой мод сүглийн бараантаж, хүчирхэг амьтан ангаа отоод биеэ хураан хэвтсэн мэт санагдана.
   Байшингийн шатаар сэмхэн буусаар гадаа гарлаа. Горхины хөвөөнд очиж суув. Ямар гээчийн цовоо цолгиун аялгуу гаргана вэ? Олон хоног цээжин дотор бүгласан гомдол нэгмөсөн алга болох шиг. Бүгдийг агшин зуур мартах шиг болов.
*                                       *                                          *
  Би түүнийг надад хайртай л гэж боддог байлаа. Юу ч тохиолдсон бид хоёрын хайр сэтгэл хэвээрээ хэмээн ам тангарагаа өгсөн билээ. Шинэ жилийн үдэшлэгт анх бие биенээ хараад л дурлацгаасан гэдэгтээ хэн хэн маань эргэлзэхгүй итгэдэг байлаа. Гэтэл тэр минь нэг гайтай хөөтэй өдөр шатнаас уначихсан юм. Толгойгоороо хүчтэй савж унаад хэдэн цаг ухаангүй хэвтээд сэрэхдээ аав, ээж, ах дүү, ангийнхаа хүүхдүүд, айл саахалтынхаа улсуудыг, ерөнхий сайдаа, улсын их хурлын гишүүдийг бараг овог нэртэй нь санаж байсан атлаа ганцхан намайг л таньсангүй. Хичнээн оролдоод, янз янзаар л түүний хувьд би хэн болохоо ойлгуулах гээд чадаагүй юм. Бурхан минь, ямар их гомдсон гээч. Ганцхан намайг санахгүй байх даа. яахав дээ? Том сайхан нүдээ эргэлдүүлэн, хайр сэтгэлийнхээ түүхийг бараг зуун удаа яриулсан ч санасангүй. Бүр нэрийг минь ч санахгүй байлаа. Мөрөө хавчихаас өөр юу ч хэлсэнгүй. Эмнэлгээс гарч ажилдаа орсон ч над руу утас залгасангүй гурав хонов. Эцэст нь би залгалаа. Нэрээ хоёр гурав дахин хэлж байж нэг юм сануулав. Ярих ч юм олдсонгүй. Хий л биеий нь баахан  асуув. Зүгээр, зүгээр гэснээс өөр юм хэлсэнгүй. Ёстой гомдож үхмээр байлаа. Урьхан хаврын сайхан өдрүүдээ тэр мартаж яаж чадаж байна, аа. Заримдаа үнэхээр шатнаас унасан эсэхэд нь эргэлзэх сэтгэл төрнө. Гэвч дух нь халцарсан, мөр нь мултарсан болохоор итгэхгүй гээд ч яах билээ. Эцэст нь тэр надад “ би чамайг үнэхээр санахгүй байна. Аав ээж хоёр ч чамайг бас танихгүй гээд байх юм. Уучлаарай, хоёулаа нэг хэсэгтээ уулзалдахгүй байя. Магадгүй би бүгдийг эргэн санах ч юм билүү гээд явж одов. Харин хэд хоногийн дараа хамт ажилладаг залуугийнхаа хар тэргэнд суугаад инээд алдан явахыг нь би харсансан. Удалгүй түүнтэйгээ хуримаа хийж, одоо сайхан амьдарч байгаа байлгүй.
   Анх түүнтэй би шинэ жилийн үдэшлэгээр танилцаж, орой гэрт нь хүргэж өгч билээ. Өвлийн хүйтэн тас няс хийж байхад миний сэтгэлийн дотор яргуй нүдлэн байжээ. Тэр өдрөөс хойш байнга л уулзалдах болж, анхны хайр, үерхэл, хөөр хөгжилтэй өдрүүд цувран үргэлжилж, хаврын хүйтэн хахирыг ч мэдээгүй  өнгөрөөсөн минь одоо ч сэтгэлд тодхон байна. Гэртээ харих унааны мөнгө хүрэхгүй болохоор иштэй чихэр аваад хуваан хүлхэж, есөн  буудал газар алхсан, төрсөн өдрөөр надад бэлэглэсэн муурын зулзагыг нохой барьчихсанд тэр минь өдөржин уйлсан гээд олон сайхан дурсамжуудаа бүгдийн мартсан гэдэгт итгэж үнэхээр чадахгүй байлаа.
  Нар хэдийнээ өндөрт хөөрчээ. Манай гурав тагтан дээрээ өглөөний дасгалаа хийж байна. Дотроо  зуу наслах юм шиг өөрсдийгөө зовоогоод л гэж бодлоо. Ээж гараараа даллаж байна. Ертөнц ямар гоо сайхан, төгс төгөлдөр юм бэ? Энэ гайхамшигтай зохицлыг бүтээсэн бурханд талархахаас өөр яах билээ. Нарны туяанд горхины чулуунууд солонгорон харагдана. Эрднийн чулуу гэж эндүүрмээр олон өнгөөр гялбалзан байна. Аль нэг айлын цонхоор уянгын сайхан дууны эгшиг цацарч  байгаль түүнийг нь өөртөө шингээн авч байх шиг санагдав. Дахиад л би горхины урсгал чагнан бодолд автжээ.
Тэр надад нэг удаа:
-    Хэрэв чи бид хоёр хагацвал, зөвхөн үхэл хагацаах байх даа? Хэн нь түрүүлж үхэх болоо. Мэдэх юмсан. Хувь заяагаар учирсан хосууд бол үхэл нь ч хамт байдаг шүү дээ?
  Нэрийг нь огт мэдэхгүй ягаан цэцгэн дээр эрвээхий суужээ. Гоёмсог далавчаа дэвэн, цэцэгтэй хамт урьхан салхинд найган байна. Тэр бид хоёр цэцэг эрвээхий мэт байсан даа? Бие биендээ хүсэн тэмүүлж, хайр дурлалын сайханд шунан шумбаж байлаа. Дүү хүү тагтан дээрээ завилж суугаад гүн бясалгалд автжээ. Царай нь их тогтуун, гүн амирлангуй харагдана. Ээж мөн л гараараа даллаж байна. Бодвол өглөөний цайгаа уу хэмээн дуудаж байгаа биз. Горхины урсгалд тээгдэн хөвөх навчис цагаасаа эрт шарлаж, цагаасаа эрт хөвөн яваадаа ялимгүй гунигтай харагдана. Нохойн хошууны бутнаас туулай босож дэргэдүүр минь дэгдэн гарав. Өргөстэй бутанд хатгуулж өвдсөн дөө? намайг анзаарсангүй дээ, хөөрхий гэж бодлоо. Амьдрал үнэхээр өргөстэй бут шиг юм даа? Хүмүүс бид өргөсөнд нь хатгуулж, хөөрхий энэ бүжин шиг ухаан мэдрэлгүй харайж явах юм даа? хэмээн эргэцүүлэн бодлоо. Тэгээд мэдсээр байж өргөсөнд хатгуулахаар тэмүүлэхийн яана.
Тэр надад нэг удаа:
-    Хоёулаа амьдралд юу ч тохиолдсон бууж өгөхгүй шүү. Хамтдаа зүтгэвэл заавал амжилтанд хүрч л таарна. Би юугаар ч дутахгүй хангалуун амьдрахыг хүсэж байна. Ер нь амьдралд юм юмаар гачигдаж амьдрах шиг хэцүү зүйл байхгүй байх, аа. Би тэгж боддог юм гэж билээ.
  Түүний зургийг халааснаасаа гаргаж гартаа хумин атгав. Хөлийг минь ирвэгнүүлэн шоргоолж гүйлдэнэ. Улаан шоргоолж часхийтэл хазахад өвдөлт биш харин ч сонин мэдрэмж хамаг биеийг минь эзэмдэв. Хэн нэгэн нь намайг яруу сайханд урин дуудах шиг санагдаад  холын бараа харав. Их л эртний зүйл санахаар духаа үрчийлгэсэн хөгшин хүн шиг уулсын оройг ороосон  үүлс сарниж байна. Үдээс хойш бороо орох нь дээ хэмээн санамсаргүй бодов. Өглөөний сэрүүнд цомирлогоо хагас нээсэн цэцэгс нарны гэрэл үзээд баярлалдан, ямар нэгэн нууцлаг аялгуу гаргана. Түүнийг сонсохыг хүсээд нүдээ анихад зах хязгааргүй далай тэнгисийн мандалд хөвж яваа ганц өвчүү завь, түүн дээр бөгтийтөл суусан өвгөн хүнийг олж харлаа. Гартаа сэлүүр бус олон хээ сүлжилдүүлэн ороон сийлсэн модон таяг барьжээ. Өвгөн над руу инээмсэглээд далайн хаяанаас урган буй нарыг заав. Манай говьд нар яг ингэж манддаг даа? хэмээн бодоод нүдээ нээвэл горхины хоржигнох дуу бусдаас тод сонсогдоно. Уснаас нь алгаараа утгаж уув. Тархи толгой, ухаан бодол цэлмэх шиг л болов. Шидэт ус минь хэмээн өөрийн мэдэлгүй залбирсан байлаа.
 Гартаа атгасан хуучин зургийг тэнийлгэн харав. Танихгүй охин өөдөөс инээмсэглэн байна. Горхины усаар нүүрээ угаагаад дараа нь өнөөх зургийг хөвүүлж орхиод гэрээдээ алхалаа. Хэзээ нэгэн цагт хэн нэгэнд учиргүй гомдсон ч юм шиг. Би хэнд гомдсон юм бол доо?
                                                                                                                                          2009 он

3 comments:

  1. Hamag us tani haltsartal
    Hatan yas tani uirtel

    ENE BLOGOO HUTULHIIN

    Ulzii bilegt yuruuliig
    Uud uruu ni urgun tatan
    Devshuulye ee.

    ReplyDelete
  2. ёстой сайхан үгүүллэг байна.

    ReplyDelete