Хорвоод юм бүхэн хувь тавилангийн оноолтоор болдог гэж санах тоолондооо тэр нэгэн өвлийн өдрийг би зүрхэндээ гэрэл цацруулан дурсдаг билээ. Магадгүй тэр өдөр миний толгой дээр аз хийморийн дугуй цагираг солонгорон байсан гэдэгт эргэлзэхгүй итгэдэг. Хонгорхон чамайгаа хөтлөнхөн явсан тэр л өдрүүдээс хойш хорвоогийн наран саран олонтоо солигдож, алдрайхан охидууд минь өсөн томорсоор, аз жаргалынхаа дэргэд би аз жаргалтайхан амьдарч явна.
Хүн бүхэн хань ижилдээ “хайртай” гэдэг үгийг олон янзаар хэлдэг биз. Зарим нь хошуу цорвойлгон, хүзүү сунган байж сүр дүртэй хэлдэг бол би л хувьдаа энэ үгийг нүдээрээ хэлдгийг чи минь мэднэ. Чухамдаа энэ цагийн их халуун нялуун эхнэр нөхрүүдийг хараад жинхэнэ хайр хаана нь байдаг бол гэж гайхдаг юм. Өнгөндөө тийм хосууд цаанаа учиргүй хуурмаг байдгийг энэ амьдралаас би олон удаа олж харж, олон удаа гайхан эргэлзэж байлаа. Муугүй дүр бүтээж чаддаг тийм “амрагийн жүжигчид” хайр сэтгэлийг яаж үнэгүйдүүлж байгааг бодохоор сэтгэл минь урагдан сэмэрдэг билээ.
Хайр-амар амгалан гэдэг аль ч хэлэнд хамгийн хосгүй ер бусын сонсогдох үгсийг чамдаа би нүдээрээ хэлдэг. Амар амгалан үгүй бол амьдралд утга учир үгүй болно. Хичнээн их хайр байгаад ч утгаа алдана. Тэр цагт хүн зүгээр л нэг өнгөт сүүдэр болж хувирах вий хэмээн бодохоор дотор аяндаа давчидна. Хайр сэтгэлийг хүртэл гоёлын даашинз, эрээн зангианы хэмжээнд аваачих хүсэлтэй хүмүүс нэг сайхан зүйлээр дутаж амьдарч байгаагаа мэддэг болов уу? хэмээн бодохоор элэг минь эмтэрнэ.
Намуухан аядуухан чи минь юм бүхэнд эмзэглэн сэрхийдэг намайгаа “номхруулах” гэж зүдэрдгийг чинь би мэднэ. Амархан дүрэлзэж, хоромхон зуур шатаад дуусаж мэдэх сэтгэлтэй намайгаа тайвшруулах гэж зовдгийг чинь би мэднэ. Үгэнд эмзэглэж, үгэнд хөөрцөглөж явдаг амьдрал минь намайг жаахан үг олонтой болгочихсон юм, аа. Тэгээд л арван таван “хөнгөн” үгний минь эцэст ганц “жинтэй” үг хаячихаад буруу зөрүүг минь хараад инээмсэглэж суух чинь үгээр хэлэмгүй гоо сайхан байдаг шүү? Зөөлхөн энхрийхэн дууг чинь сонсоод сэтгэл минь ямархан ихээр сэргэдэг билээ. Тэр үед юуны ч тухай бичиж чадахаар “онгод” биеийг минь гурав тойроод надаар нэг цул эрчим хүч дүүрэх шиг санагддаг юм. Урсгал дөлгөөхөн нүдийг чинь ширтэхэд нарнаас бүр түүний цаанаас ирж буй “хүч”-ийг мэдэрдэг юм. Зарим нэгэнд ялимгүй хэтэрхий уянгалаг халилт мэт сонсогдож болох юм. Харин үнэн зүрхнээсээ хайрлаж дурласан хүнд бол энэ бүх мэдрэмжүүд “танил” дотно гэдэгт би үл эргэлзэнэ. Хаврын урьхан амьсгал биеэр дүүрэх шиг одоо миний дотор чиний тухай бодлуудаар дүүрэн байна. Хөмсөгөө урлагтайхан зангидах чинь, гомдох чинь, баярлах чинь, муудалцахын өмнө үгээ эвлүүлж ядах чинь, мушилзан инээх чинь, эмзэглэх чинь, эвлэрэхийн өмнөх худлаа ихэмсэг байдал, зөвхөн чамд минь зохихоор санагдах гоморхол чинь хичнээн эвлэгхэн, сэтгэлд нэн ойр санагдана вэ?
Их талын дунд цоролзож буй “Их газрын чулуу”, Гурвансайхан сум, Дундговь аймаг, говь нутаг чамайг минь тэмцэгч, уярагч, уужимхан сэтгэгч болгосон учраас амьдралын төлөө намайгаа чирэн тэмцэж, би чинь чамдаа чирэгдэн тэмцэж, хорвоогийн явдалд уяранхан дуулж, хамтдаа ухааран сууж, хүний явдлыг уужимхан сэтгэж, олны явдлыг ойлгон байнам. Өнө эртний домог түүх хүүрнэх тал нутагт өссөн хүнд давчуухан бодол ховорхон төрдөг гэдэгт би итгэх болсон. Тэр хязгааргүй мэт цэлгэр орон зай хүний сэтгэлийг ямар ихээр уужим саруул болгох хүчтэйг ч би чамаасаа л мэдэрсэн. Говийн цагаан салхийг голоор нь хага татах нутгийн чинь “их чулууд” ихэмсэг сүрдэм байдалтай очиход минь угтаж, буцахад минь үддэг шиг тийм юунд ч “нугаршгүй” мөн чанартай амьдралыг туулах хүслийг байнга надад төрүүлдэг юм. Урам дэмгүй л бол хүн богинохон насалдаг шиг санагдаад, уулс хүртэл өвгөрөн бууралтдагийг мэдээд, хэдэн сайхан үгийг хэзээ хамаагүй хэнийг ч ялгалгүй хэлмээр болох үедээ чамдаа зориулж бичсэн нэгэн үгүүллэгээ би эрхгүй санадаг юм.
Чи минь үгүйсэн бол би энэ амьдралд азгүйдэх байсан байх. Чи минь үгүйсэн бол би энэ насандаа ганцаардах байсан байх. Чамтайгаа учраагүй бол би ертөнцийн сайхныг мэдрэхгүй байсан байх. Чамайгаа хайрлаагүй бол би хүнийг хайрлаж үзэлгүй дуусах байсан байх. Чамтайгаа байхад би өдөр цэцэглэдэг сараана, шөнө ургадаг гүмүда юм. Хань минь
Энэ л үгс миний сэтгэлээс булгийн ус мэт ундран гарсан юм. Үнэхээр чамтайгаа учраагүй бол гэсэн бодол сайхан ханьтайгаа учирсан эр хүний бүхний дотор эргэлдэж байдаг гэдэгт би итгэнэм. Дуу яагаад дахилттай байдгийг асуухад нэгэн багш минь “хүний амьдралд оргил үе” гэж байдагтай л адил хэмээн хариулж билээ. Тэр үг надад одоо ч санагдаж, оргил үеээ мэдэлгүй өнгөрөөчихвий гэдгээс айдаггүй учир нь чинийхээ дэргэд би оюун санаа минь хүч орж, бяр сууж байгааг байнга мэдэрдэг юм шүү?
Өвчүү завьтай хүн өргөн далайг туулна гэж бодохын эцэсгүй шиг өрөөсөн биеэрээ энэ амьдралыг туулна гэж санах хэцүү. Хосоор туулдаг жамтай. Хослонхон дуулдаг учиртай энэ л хорвоод дэргэдэхээ гомдоосон хүн өөдлөдөггүйг олон хүний гашуун гуниг цагийн давааг даван ирж бидэнд хүүрнэсээр байна бус уу? Энэ л хууль жамыг ойлгоогүй хүмүүс хайрлахын үнэ цэнийг мэдэлгүй өнгөрдөг тухай харамсан бичсэн үгүүлэл уншиж байлаа. Хайрлах ямар үнэ цэнэ байдгийг тоогоор тооцож гаргахын аргагүй. Нэгийн ард хэдэн ч тэг нэмээд хайрын үнэ цэнтэй эгнэшгүй санагдана.
Бичсэн бүхнээ эргээд уншсан чинь ”АМЬДРАЛ, ХОРВОО” гэдэг хоёрхон үгийг бараг л үгүүлбэр бүхэндээ хэрэглэжээ. Аргагүй биз дээ? Чамдаа хэлэх үг бүхэнд минь “хорвоогийн үнэн, амьдралын аз жаргал” оршиж байгаа юм. Тэгээд л шинэхэн бичсэн энэхэн шүлгээ заавал бусдад уншуулмаар санагдлаа.
Баянаадаа
Цаг хугацааны дугуй цагаан биен дотор
Царайлаг бүсгүйг би урин суулгаад
Хамтдаа тэврэлдэн ниссэнээс хойш
Хавар энд хэд ирж хэд буцаа вэ?
Гоо сайхны шидэт тарни дотор
Гоёхон бүсгүйг би урин суулгаад
Зүү орох зайгүй амрагласнаас хойш
Зун энд хэд ирж хэд буцаа вэ?
Эргэн тойрны хязгааргүйн тархин дотор
Энхрий бүсгүйг би урин суулгаад
Нарны гэрэлд найдан залбирснаас хойш
Намар энд хэд ирж хэд буцаа вэ?
Үнэн худлын үзэгдэхгүй агаар дотор
Үзэсгэлэнт бүсгүйг би урин суулгаад
Өнө мөнхийн сэтгэл зүрхэнд итгэснээс хойш
Өвөл энд хэд ирж хэд буцаа вэ?
Янагхан минь ялдамхан минь,аялагхан минь
Яруухан минь, халуухан минь, хонгорхон минь
Ямагт чамтайгаа он жилүүдийг мартан суухыг
Яагаад би ийм ихээр хүснэ вэ?
2010 он
Үнэн дээ, цаг хугацааг мартан суугаад хайрын амар амгаланг мэдэрсэн амьдрал минь намайг ийм шүлэг бичихэд хүргэсэн биз, ээ. Уянга сэтгэлээс урсан гарч, уянга зүрхэн дундуур минь урсаж , янагхан чинийхээ гоо сайхныг магтан дуулах хүсэл яагаад ч юм бэ? дотроос оргилон байна. Үлгэрээс цааш дахиад үлгэр эхэлдэг гэж итгэдэг охидууд минь бидэн хоёрын хайраас ургасан билээ. Гоо сайхны шидэт тарни унших мэт гоёхон чи минь дэргэд байгаа болохоор дэлхий дээр би хамгийн жаргалтай, дээр нь бас хамгийн азтай –Эр хүн шүү?
Ёстой сайхан шүлэг байна. Таныг ингэж бичүүлээд байдаг хүн чинь эхнэр чинь л юм байна шүү дээ хэхэ... Сайхан хайрын тухай нээээээээх урт бодол хөврүүлээд шанаагаа тулаад суучихмаар болоод явчихлаа шүү
ReplyDelete