Утаа угаар, Туулын бохирдол, элсний нүүдэл, байгалийн цөлжилт, сэтгэлийн мөстлөг, шашны мунхруулга гээд уур бухимдал хүргэсэн дэндүү олон асуудлууд биднийг нөмөрчихөөд байна. Бүр сүүлдээ тэр олон асуудлынхаа аль нь чухал, аль нь чухал бусыг ялгаж зааглах аргагүй болжээ. Тиймээс уул уурхай, ухах төнхөх бодсоор үнэт металл үр хүүхдээс ч илүү үнэд орсон энэ цагт ирээдүй хойчийн оюун санааны боловсрол хийгээд уран зохиолын сурах бичгүүдийн тухай ярих утгагүй ч санагдахыг үгүйсгэхгүй. Тэгээд ч олон хүний хувьд хамгийн хэрэггүй зүйл мэт санагдаж болох юм. Гэвч нэг хэсэг зуу зуугаараа сургууль завсардчигдаас, мянга мянгаараа анги дэвхэрэгчдийн хооронд боловсролын хэлмэгдэлд өртөгчдийн бүхэл бүтэн үе бий болжээ. Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилсээр, ямар сайндаа хувилбартай сурах бичгийн түйвээнд бага дунд боловсрол бараг сөхөрчихөө шахсан билээ. Хөөрхий багш нар захирлуудынхаа сонгосон номыг л сурагчдадаа шахаж, цаана нь хэвлэх үйдвэрүүдийн хэдэн овсгоотой менежерүүдийн нүд шүд нь гялалзаад л өнгөрнө. Сурах бичгийн чанартайг нь биш олон тоотой худалдан авбал хичнээн хувь хямдарч, төчнөөн төгрөг борлуулалтын ашиг нэрээр боловсролын салбарт ажилладаг багахан зэргийн эрх мэдэлтэй улсуудын банкны хадгаламжинд орж байсныг багцаалж хэлэхийн аргагүй явдал өрнөж байв. Ард нь шинэ ажил сэдсэн гэх сайн нэр хүсэгчид, хуучин аргаар шинэ ажил хэрэгжүүлэхийг оролдогчид л завшаад түмний хүүхдүүд харин шинэ хавтастай сурах бичгүүдийн хуучин номлол дунд хохироод үлдэв. Энэ мэт санаа нь зөв боловч арга нь буруу байх явдал монголын боловсролд ямар их гай тарьсныг хожмын түүх гэрчлэх биз, Харин энэ явдал саяхнаас эцэс болж хувилбаргүй ганцхан сурах бичиг хэмээх хуучин хэлбэрээ буцаан шинэ ажил мэт ярьж сурталчилж эхэллээ. Тэр ганцхан хувь гайхамшигаар дүүрэн гээд шагшираад байгаа номонд нь өмнөх сурах бичгүүдэд байсан ийм асуултууд л бага ороосой. Ц.Дамдинсүрэнгийн гавъяа шагнал,цолыг тодорхойлж тэмдэглэ. А.Сүхбаатарын одон, Б. Алтан гадас одон, В. Хөдөлмөрийн гавъяаны одон, Г. Төрийн шагнал Д. Ардын уран зохиолч Е.Дэд эрдэмтэн гэсэн асуулт байгаад танай хүүхэд, эсвэл дүү чинь зөв хариултын олохоор мунгинаж суувал таньд ямар байх вэ? Үнэндээ 2000 онд хэвлэгдсэн Уран зохиолын 5 -р ангийн сурах бичигт энэ тест 57-р дугаар хуудсанд нь бий. Гайхмаар байгаа биз. Нэг бодлын аймаар ч юм шиг. Таны хүүхдэд Ц.Дамдинсүрэнгийн ямар зохиол бичсэн нь бус харин хэдэн одон тэмдэг зүүсэн нь мэдлэг болж хоцрох нь. Аргагүй л шинэ хавтастай сурах бичгийн доторх хуучин номлол доо? Одоо та харин 2003 онд хэвлэгдсэн Уран зохиолын 4-р ангийн сурах бичгийн бага боловсролын хүрээнд сонгон унших зохиолын жагсаалт сонирхож байна. Х.Андерсон ”Нугасны муухай дэгдээхэй” - С.Маршак ”Муурын байшин” - А.С Пушкин “Алтан загасны үлгэр” гээд хөвөрч өгнө. Бодоод үз дээ? Таны хүүхэд эсвэл дүү чинь өдий 9 нас хүртлээ дээрх зохиолуудыг хүүхэлдэйн кино хэлбэрээр нь үзээгүй, ном зохиолоос олж уншаагүй гэхэд итгэх үү? Бараг энэ цагийн телевиз шагайх донтой хүүхдүүд хоёр, гурван наснаасаа л үйл явдлыг нь цээжээрээ мэднэ гэдэгт мөрий тавьсан ч болно. Ийм зохиолуудыг оруулсан сурах бичгээс хүүхэд юу шинээр олж мэдэх вэ? Дээр нь муурын байшин шатаж, муухай хэрэг болов гэдэг шиг хөөрхий багш юугаа зааж, бүдүүлэг хэллэгээр хуйхаа маажих вэ? Үнэндээ мэдээллийн гэх тодотголтой энэ эрин зуунд хүүхдийн оюун санааны хөгжил та бидний хурга ишиг, хуйв шилбүүр гэж өнгөрсөн хүүхэд настай харьцуулж зүйрлэхийн эцэсгүй өөр гэдгийг мэддэг гадарладаг л хүмүүс сурах бичиг зохиодог байлтай. Харамсалтай нь “Харри Поттер” ч “Бөгжний эзэн”, “Нарниа” ч одооны хүүхдүүдийн оюун сэтгэмжийн хэмжээнд чамлагдаж байна. Гэтэл таны 9-р ангийн 15 настай хүүхэд эсвэл дүү чинь сурах бичгийнхээ “Гадаад уран зохиол” гэсэн сайхан нэртэй хэсэгт Халимагийн зохиолч Давид Кугультиновын арван хоёр ахтай нэг гүнжийн тухай “Шуурга сөрсөн цэцэг” үлгэр найраглал, Өвөрмонголын зохиолч Аминбөхийн Одсэрийн “Алмасын дуу“ нэртэй аль эртний хийгээд айхтар үзэл сурталжсан үгүүллэгийг үзэж судласаар байгаад итгэх үү? Итгэхгүй бол 2007 онд “БИТПРЕСС” хэвлэх үйлдвэрт хэвлэгдсэн Уран зохиол-9 сурах бичгийн 4-5 хуудсанд буй ГАРЧИГ-ийг л гүйлгээд харчихаарай. Ёстой шинэ хавтастай сурах бичгийн доторх хуучин үзэл номлолууд ирээдүй хойчид минь уран зохиол уйтгартай хичээл гэсэн салшгүй бодолд хүргэж байгаад хэн буруутай вэ? Ямар ч атугай дэлхийн сонгодог зохиолчдын сод туурвилуудын ядаж нэрийг нь ч сонсолгүй уран зохиол гэдэг ер бусын хичээлийг уйтгарладаг цаг болгон нойрмоглон өнгөрүүлэх болсонд шинэ хавтастай хуучин сурах бичгүүд асар их нөлөөлж байна. Сурах бичиг хэрхэн сурагчдадаа хоцрогдохын сонгодог жишээ олон л доо? Гэхдээ энэ бол арай л хэтэрхий. 8-р ангийн 14 настай хүү, охин эсвэл дүү тань “Есүхэй ямар овгоос бэр гуйхаар явсан бэ?, Дай сэцэн ямар овгийн хүн бэ? Тэр ямар зүүд зүүдлэсэн бэ? зэрэг асуултанд хариулахаар сурах бичгээ тэврээд сууж байвал та хүүхэд эсвэл дүүдээ өдий хүртлээ “Монголын Нууц Товчоо”-гоо уншаагүйд нь насаараа гомдох байлгүй. Харин дээрх асуултууд 2007 онд хэвлэгдсэн “Уран зохиол-8” шинэ сурах бичигт байгааг мэдвэл хэнд гомдохыг тань би таашгүй. Эсвэл аль бага насанд нь “Чингис хаан” комиксыг авч өгөөгүйдээ өөртөө гомдох хэрэг гарах ч юм билүү. Юутай ч одоо цагт Монголын Нууц Товчоог цэцэрлэгийн насны хүүхдүүд ч мэддэг болжээ. Гэтэл 8-р ангийн Контерстрайк, GTA хоёроосоо холдож, анхны хайр, амьдралын тухай бодохоор том болсон сурагчдаас цэцэрлэгийн хүүхдүүдийн хариулчихаар асуулт тавьж, хариулт нэхэх сурах бичгийг юу гэж үзмээр юм бэ? Бүү мэд дээ?
Шинжлэх ухааны хаан математик болоод түүнийг дагасан бусад байгалийн шинжлэх ухааны суурь ойлголтууд туйлын гэж хэлж болохуйц тогтвортой шинж чанартай гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин АМЬДРАЛ гэдэг шинжлэх ухаан бол тийм биш. Магадгүй та 20-30 жилийн өмнө дунд сургуульд бодож байсан тоогоо мартчихаагүй бол бодож болох юм. Гэтэл амьдрал хийгээд ертөнцийн хүний үзэл санаа асар их өөрчлөгдчихөөд байхад 20-30 жилийн өмнө таны цээжилж суусан “Түлээчин сэртүгэй” найраглал шинэ хавтастай хуучин сурах бичигт хэвээрээ гэж бодохоор санаа алдах ч багадах цаг сайнаар хэлэхэд өнгөрөөд байна. Үнэндээ үр хүүхдээс үнэт металл үнэд орсон хүрз жоотуу, хүрэл зэвсгийн энэ цагт ирээдүй хойчийн оюун санаа чухал хэмээн мунхаглан мунхаглан санаж, улиглан улиглан үгүүлэв.
Ойшоолгүй орхино уу? Ойлгож ухаарна уу? Хэрхэхийг тэнгэр мэдэх хэрэг…
No comments:
Post a Comment