“Хүрээ хөвгүүд”-ийн үзэл санаа
Монголын орчин үеийн уран зохиолын үечлэлд 1990-2000 оныг бие даасан байдалтайгаар авч үздэг. Шилжилтийн, сэтгэлээний задралын, тэсрэлтийн, эрэлхийллийн, төөрөлдлийн гэх мэтээр нэрлэдэг энэ 10 жилийг “мөнгөн үе” гэж нэрлэх нь ч бий. Нийгэм, эдийн засгийн тогтолцооны шилжилтийн үе тохиосныг түүхэн зүйн үүднээс холбогдуулж болох ч яах аргагүй уран зохиолд нүүрлээд байсан хямралт байдлыг даван туулах тэмцлийн, тэмүүллийн үе байсныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг. Хэрэв яруу найргийн сэтгэлгээ мухардалд ороогүй байсан бол тэр постмодерн тэсрэлт үүсэхгүй байлаа. Хэчнээн нийгмийн тогтолцоо, эдийн засгийн хэв загвар өөрчлөгдлөө ч тэр. Үзэл суртал, гүн ухаан, мөнгөнд хандах хандлага хүртэл 180 хэм эргэж байсан ч гэлээ уран зохиолд өрнөсөн огцом задрал энэ бүхнээс шал өөр учир шалтгаантай байв. Тэр нь сэтгэхүйн диалектик.
XX зууны уран зохиол тэднийхээр
Тэр цаг үеийнхнийг бүхэлд нь “Ерээд оныхон” гэж нэрлэе. Ерээд оныхныг Б.Галсансүх, П.Батхуяг, Б.Эрдэнэсолонго, Л.Өлзийтөгс, Б.Одгэрэл, Г.Бадамсамбуу, Ч.Мөнхбаяр нарын тодорхой төлөөлөгчдийг дурдан хэлэлцэхийн зэрэгцээ тухайн үед шил шилээ даран гарч ирцгээсэн урсгал, бүлгүүдийг онцлон авч үздэг. “Зөн”, “Зүс бүгэг андууд”, “Гуну”, “Бишүби”, “XXI зуун”, “Хэнтийн сургууль”, “Шинэ цус-хязгааргүй” гэх мэт олон бүлгүүд өөр өөрсдийгөө тунхаглан гарч ирсний нэг нь “Хүрээ хөвгүүд” байлаа. Бусад бүлгүүдээс ялгарах тэдний гол онцлог нь өөрсдийн үзэл санаа, сэтгэлгээ, урлаг, уран зохиолд хандах хандлагыг онолын түвшинд тодорхойлж гарч ирсэн явдал. Орчин үеийн буюу 1920-1990-ээд оны Монголын уран зохиолд тэд бүхэлд нь дүгнэлт өгч, “Люмпенпастухын уран зохиол” гэж томъёолсон юм. “...Ер нь өнөөг хүртэл МУЗ-ыг “хэн” бүтээж, “хэнд” зориулж, “хэн” уншиж, “хэн” хүмүүжигдэн гарч ирэв гэдгээс хариулт нэхэх аваас энэ бүхэнд ганцхан “люмпенпастух” гэж хэлж болмоор санагдаж байна...” гэж “Хүрээ хөвгүүд” дүгнээд, тэрхүү уран зохиолын сэдэв (мал), дүр (малчин), хэлбэр (аман зохиол сүнстэй, бичгийн зохиол сүүдэртэй хий үзэгдэл), онол, судлал (догма шүүмж судлал) зэргийг нэг бүрчлэн задлан шинжилжээ. Гэхдээ тэд соцреалист уран зохиолыг өрөөсгөлөөр авч үзээгүй төдийгүй харин ч XIX зуун, түүнээс ч өмнөх үеийн уламжлалд тулгуурлан тайлбарласан юм. Аль XIII зууны “эр хоёр загал”-ын дүрээс XX зууны “адуу таван хошуу малын минь нэг...” хэмээх шүлгийн дүрслэл улам ядууран болхижсон энэ “уламжлал”-ыг “сэтгэлгээний зогсонги байдал” гэж үзэн, өөрчлөлтийг санал болгожээ.
Өөрчлөлтийн хууль
Тэднийхээр бүх зүйл өөрчлөлтөөс шалтгаалсан юм. Харин бүх өөрчлөлт цаг хугацаанаас хамааралтай байлаа. Цаг хугацаа урагш тэмүүлсэн тасралтгүй хөдөлгөөнд орших тул өөрчлөлт ч мөн үргэлжийн тэмүүлэлт чанартай. Тэр дундаа хүний сэтгэхүй өрнөлгүй, хөдөлгөөнгүй орших аваас үхжиж эхэлдэг. Хөдөлгөөн оршихуйн анхдагч хэлбэр агаад цаг хугацаа нэг мөчлөгөөс нөгөөд шилжихийн уялдаанд зогсолтгүй. Хүн төрөлхтөн энэ зогсолтгүйн дотор үүсэн бий болсон цагаасаа эхлэн тасралтгүй амьдарсан бөгөөд бүх түүх өөрчлөгдөж байв. Өөрчлөлт уламжлал, шинэчлэлийн гинжин хэлхээ үүсгэж ирсэн агаад шинэчлэл ямагт өөрчлөлтийн чанартай. Үнэмлэхүй мөн чанар гэж буй аваас тэр нь яруу найргийн хувьд сэтгэхүйн диалектик гэж хэлж болно. Сэтгэхүйг тодорхой хэм хэмжээ, үзэл суртлын хашлага дотор хүчээр боомилон тогтоож, хөдөлгөөнгүй болговол дотоод хэмнэл нь бугшин буцлаад, яг л халуун хий мэт болж, улмаар тэр хашлагаа зад татан тэсрэхээс аргагүй. Өөрчлөлт энэ тэсрэлтийн шалтгаан төдийгүй мөн чанар нь байлаа. Яруу найргийн шад хоорондын, бүр үг хоорондын сэрэхүй хийгээд сэтгэхүйн өрнөлөөр “Хүрээ хөвгүүд” шинийг эрэлхийлж эхэлсэн юм.
“Хуучин толгой дотор шинэ санаа төрдөггүй”
Хүмүүсийн амьдралын хэвшилд орсон томоохон өөрчлөлт тэдний өөрсдийнх нь мөн чанарт нөлөөлж, малгүй, хөдөөгүй, хөхрөн дуниартах талаасаа хол болсон монголчуудад амьдран буй хот, хүрээндээ шинэ яруу найраг туурвих гоо зүйн, таашаалын, мэдрэмжийн шаардлага зайлшгүй байлаа. Хэдий, оршихуйн мухардмал бөөгнөрөл мэт сэтгэгдэх хэр нь хотжилт яах аргагүй боллоо. Харин Монголын уран зохиолын оюун санаа энэ сэдвийг зөв онож чадахгүй хэсэгтээ манарчээ. Энэ нь хотжилтыг үзэж ядсан, эндээс залхсан, хөдөө нутаг, хоньчин бүсгүй, уулын салхи, ургийн галаа санагалзах “шинэ сэдвийг” бий болгосон. Хотын уран зохиол “Үйлдвэрийн олон яндан”, “үзэсгэлэнт олон байшин”, “өргөн цэлгэр гудамж” зэрэг болхи тоочимжоос хэтэрч чадсангүй. “Дөрвөн уул”, “гэрэл гэгээ цацруулсан” гэхчлэнгийн дүрслэлүүддээ “тэнгэрийн заадас шиг” хэмээх “хачин гоё” зүйрлэл бодож олсон нь “люмпенпастух”-ын уран зохиол дахь урбанизмын хамгийн “оргил туурвил” болсон ч байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, мал, малчны сэдэв дээр хотын уран зохиол орж ирсэн ч гэлээ явах замгүй тагларчихсан байлаа.
Жинхэнэ шинэ санаа
“Бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ” гэсэн уриаг “Хүрээ хөвгүүд” дэвшүүлсэн юм. Өөрсдийнх нь нэрлэснээр “стандарт бус сэтгэлгээний түүхэн” үе бүхэлдээ уламжлалыг “ухаж төнхөн”, “шинэд тэмүүлсэн” эрэл хайгуулын жилүүд байсныг хожмоо дурссан нь бий. Гэхдээ уламжлалыг түүхээс бус оюун санааны соёлоос төнхөж байлаа. Тэд зүгээр л барилгын кран, улаан хошуутын “вааг вааг” гэх дуу, байшингууд шудэнзний болон янжуурын хайрцаг адил үзэгдэх хийгээд автобусанд тачаадах, голдуу нүцгэн байх хотын моддын мөчрүүд, там, диваажин болон мөрөөдлийн орнуудад буй хотууд, цонхон дээр суух бүсгүй, мөн цонхон дээрээ байхгүй бүсгүй зэргийг хөнгөнөөр шүлэг, зохиолынхоо өгүүлэгдэхүүн болгосон хэрэг биш байв. Хамгийн гол нь бүхий л өгүүлэмжээ дүржүүлж, хотын уран зохиолын хэв маягийг зохих гольдролд оруулахыг л тэд хүсч байв. Судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар тэдний тухай “...ямагт сүүдэртэй тал нь голчлон тусдаг “хот” хийгээд “хотынхны” соёлжингуй суурин амьдралын хэв маяг, дотоод мөн чанар, гадаад дүр төрхийг нэгтгэн түүний эерэг, сөрөг талыг үнэн зөв тусгахыг санал болгон, хотын сэдвийг дэвшүүлэн тавьжээ” гээд “Шинэ урлагийн чиглэлийг баримталдаг ч үндэсний уран зохиолын түүхэн сурвалж, түүний бодот бус аргын уламжлал руу бүх чиглэлд анхаарал тавьж байсан...” гэж дүгнэн бичсэн нь бий.
Өөрчлөлтийн “сүүдэр зураг”
1990-ээд он яахын аргагүй Монголын уран зохиолд тэсрэлт авчирсан юм. Тэр тэсрэлтийн нөлөөгөөр асар баялаг өнгө, хэмнэл, чиг хандлага, хэлбэр маяг, хүсэмжлэл, тэмүүлэл бий болсон. “Хүрээ хөвгүүд” тэдгээрийн нэг нь байв. Амьдралыг өөр өөрийн өнцгөөс, олон талаас нь харж, янз бүрээр илэрхийлж, шинээр нээж тайлж байсан реалист бус арга барилаараа тэд нэгдмэл байсан юм. Яруу найраг бол яг л зүрхний бичлэг шиг хүн сэтгэхүйн эрс хэлбэлзэлт өөрчлөлт хөдөлгөөний сүүдэр зураг юм. Энэ өөрчлөлтөөс л бүх юм шалтгаалсан. Түүнийг уран зохиолын судлалд “модернизм” гэдэг. За, харин “Хүрээ хөвгүүд”-ийн тухайд бусад бүлгүүдээс тэдний ялгарах онцлог нь өөрсдийн үзэл бодол, урлаг уран зохиолд хандах хандлагыг зоригтой илэрхийлж, монголын уран зохиолыг тухайн үед авч үзэж байснаас өөрөөр төсөөлөн ойлгож байсан нь монголын уран зохиол нь урлагийн мөн чанараас илүү ахуйн шинжтэй нийтийн задгай урлаг болж байгааг шүүмжлэн хэлсэн, өөрсдийгөө түүний эсрэг тэмцэнэ гэж мэдэгдсэнд байлаа
Ингэж өндрөөр тодорхойлохгүй байсан ч тэдэнд онцын ялгаа байхгүй. Яагаад гэвэл тэд эхнээсээ л шинэ юм биш, гэхдээ хуучин л байхыг хүсээгүй учраас. Зарим нэг их онолтон тунхаг энэ тэргүй нь ” боловсрол муутайдаа” хэмээн тэднийг ялимгүй доош нь хийсэн. Харамсалтай нь тэр онолч ямар ч мэдрэмжгүй болохоо харуулсан юм.Харуулаад зогсохгүй, одоо тэгж бичсэндээ ичээд хацар нь улаа бударч байгаа. Үнэндээ одоо энэ цагт 90-ээд оны эхэн үеийн олон бүлгүүдээс хамгийн хүчтэй нь, мэдээж амьд байгаа нь ганц “Хүрээ хөвгүүд” гэдгийг уран зохиол гадарладаг бүхэн хүлээн зөвшөөрнө.
"Үндэсний тойм" сэтгүүлийн зөвшөөрлөөр хэвлэв.
neeree HUURHUN uu
ReplyDeleteUndesnii toim yu bolson be
Ingehed el molhi bichveriig hen matarlav aa.
ReplyDeleteSNUU BAGSHAA. YU BN SONIN SAIHAN. BI NEEREE GADAADAD YAWJAAGAA SHUU. MUDDUU MONGOLD OCHIJ AMJKUU BAIH. BAYARMAA, ORGILMAA, ULEMTSETSEG, KAWZIMODO MINII HAIRTAI AH NART MENDIIG MINI DAMJUULAARAI. HEHE
ReplyDeleteHuree huvguud er ni heduulee hen hen bainaa
ReplyDeleteБолж байна. Хүн амынх нь талаас илүү нь нийслэл хотдоо амьдарч байхад аль юм бүр хөдөөгийн сайхан (хөдөөг муухай гээгүй шүү) гэж ирээд л бичээд байх юм бэ. Би хувьдаа уншигчийн хувьд хотын амьдралыг харуулсан өгүүллэг унших их дуртай.
ReplyDelete