Thursday, October 21, 2010

Алтангэрэлийн Жанчивдорж

Энэ хүү одоо 10-р ангид сурдаг юм. Миний их дотно дүү нарын нэг. Аав нь Дундговьд нэг сайхан эр хүн бий. Зүгээр л Монгол эр. Ярих нь яруу найраг нөхөр л дөө? Тэгээд л хүү нь шүлэг бичээд байгаа юм. Шинэхэн шүлгүүдээс нь би энд тавьж байна.

Зүрх минь-Завь
Зүрх сэтгэл минь
Залуургүй, жижигхэн завь юм.
Амьдрал далайн давалгаанд сэгсчүүлэн
Алс хязгааргүй руу аяласаар л байна.
Намайг гэсэн бусдын сэтгэлээр далбаа хийж
Нар сарны хоорондуур хөвсөөр л байна.
Салхи шуурганд туугдан зүг чигээ алдаж
Заримдаа сөрөн сэлж
Сайн муу олон завьтай
Санамсаргүй таарсан ч
Яагаад ч юм бэ? нэг л өдөр
Яруу найргийн салхи дагаж
Яруухан уянга дундуур урсах болсон.
Жижигхэн өвчүү завиныхаа
Жирийн усан цэрэг нь би
Салхины аясаар явахыг хүсдэггүй
Санаа ихтэй ч аясаар болдогүйг
Уянга дундуур хөвж явахдаа
Ухаарах хувьтай шүлэгч, би
Зүрх сэтгэл минь харин
Залуургүй жижигхэн завь юм.













Нууцхан хайр

Нууцхан хайр минь
Нуугдсан хайр минь
Намрын цэцэгс шиг гундах учиртайг
Надад ойлгуулсан гэнэн хайр минь
Насны цагаан замаар шар гунигтай алхсан
Нарны буцмал илчийг он цагтай нь шүтсэн
Намайг анхны минь хүйтэн гунигтай уулзуулсан
Найргийн мөрүүдийг зүрхэнд жигдрээсэн
Илчилж амжаагүй хайр минь
Дэлбээлж амжаагүй цэцэг минь
Илбэдүүлсэн мэт хагдарсан ч
Итгэлд минь үндэсээ үлдээсэн
Их усны хөлгүй сан далайн
Гүн ёроолын цагаан сувд хайр минь
Дэргэд минь хэдий ойрхон
Дэндүү хол санагдах
Дэргэдээс минь хэдийнээ холдсон ч
Хажууд л юм шиг санагдах
Нууцхан сэтгэлийн хайр
Нуугдаж тоглосон хайр минь
Илчилж амжаагүй хайр минь
Дэлбээлж амжаагүй цэцэг минь







Аавдаа

Хээрийн салхи дураар наадах
Хээр талд аав минь суугаа
Хэдэн бор шувуу босон суун жиргээд
Хэл орж хавар болж байгаа
Хоног өдрүүдийн хонгор салхинд
Хорвоод аав минь өтөлж л байгаа
Хойд ууланд цас будраад
Хүйт даагаад жиндэж л суугаа
Наадамд гоёдог торгон дээл нь
Нар салхинд гандсан л байгаа
Ширүүхэн төрхтэй аав минь
Намуухан яриатай болчихсон л байгаа
Бурууд хатуу шударга аавын минь
Бусдыг уучлах нь нэмэгдсэн л байгаа
Бууж мордох хүний хорвоод
Бурхан шүтдэг болчихсон л байгаа
Энгэр газрын цас ханзарч
Эхний яргуй нүдлэн байгаа
Ээжийн дэргэд аав минь суугаад
Энэхэн хорвоог бодож суугаа
Уулсын оройд наран тусаад
Улирлын сайхан ирэх цагт
Тэнэгхэн хүү чинь таньдаа очих
Тэр л цагийг хүлээж сууна даа?
Тэнэгэр талын зоо хотолзуулах
Тэмээн жин шиг цаг хугацаа
Тэгэвч яасан удаан бэ?

1 comment: