Friday, October 29, 2010

миний үгүүллэг

Тэнд
Цас лавсан орох тусам модод бөгтийсөөр, он удаан жил амьдралтай хайр найргүй зууралдсан өвгөн хүнтэй адил харагдана. Саяхан л энэ хэдэн моддын дээгүүр солонго нумран татаад, борооны дараах чийглэг нялуун үнэрт согтсон юм шиг бүдүүн бүдүүн мөчрөө сарзайлган гуйвж байсан санагдах юм. Өдөр хоног, сар жил ямар ч хурдан арилан өнгөрдөг болоо вэ? хэмээн эргэцүүлэн суухуйд тэнд байшингийн дээвэр дээрээс их цас гулсан унаж, тэдний цонх харагдахаа болив. Удалгүй тэр өөрөөсөө ч том хүрз барин байшингаас гарч ирээд, дээврээс унасан цасыг хэдэн тийш нь шидлэхэд том эрээн алчуур нь тэнд зуны эхэн сарын нуга хөндийг эрхгүй эргэн санахад хүргэнэ. Чандаган туулайн үсний сор шиг цагаан салхи цасан дээр мушгирсан хээ урласан нь тэнд намрын дунд сард элсэн манхны хормойгоор том эрээн могой баруун зүг мурилзан одсон мөр байсныг санагдуулна. Морин хашааны дэргэдүүр чарганы хос мөр чанх зүүн зүгийг чиглэн зурайсаар голын шугуй руу шурган орж байсан нь өнөөдрийн их цасанд бүдгэрэн бүдгэрсээр үзэгдэхээ байжээ. Хаврын их уснаар энэ зам нар шингэх үед мөнгөн утас шиг гялайн харагдаж, тэнд гөрөөсний туранхай янзага чүүчигнэн зогсож байж билээ.
Тэр цасаа арилгаж цонхоо онгойлгожээ.Сагсгар хар нохой түүнийг тойрон сүүлээ эгээ л сэнс шиг эргэлдүүлдэх нь тэнд өнгөрсөн зуны адаг сард хэцэн дээр тохсон хар даашинз салхинд нисэн алдан хийсч, хэдэн хар тодол үргэн, гуагачсаар миний дэргэдүүр өнгөрснийг сануулна. Гэтэл одоо хэдийнээ өвлийн дунд сар гарчээ. Намар оройхон загаснаас буцаж явахдаа үүгээр өнгөрөхөд энэ хар нохой учиргүй боргож, дэргэд ирээд зүс таньж буцаад сагсалзан одож билээ. Ирэх хавар лав арваад хар юм гаргана даа? гэдэс нь их том харагдана. Эр нохой шиг яасан бие томтой амьтан бэ? Доороос хайрч хүйтэн оргиход яаран босож хүрэмнийхээ хормойг сэгсэрвэл тэнд намрын эхэн сард хуш мод түшин суугаад бичсэн захидал минь цасан дээр унав. Олон хоног халаасанд явсаар нугалаасаараа харлаж, олон ч удаа түүнд өгөхөөр зориглон атгахад минь байдгаараа үрчийжээ. Тэдний яндангаас хуурай түлээний шингэн цагаан утаа дээш олгойдож, тэр хувинтай цас авч ороод, төдхөн хоёр алаг үнээндээ ус уулгаж харагдана. Өнөөдөр л энэ захиаг шатаана аа. Гэхдээ тэдний пийшинд шатаах юм шүү хэмээн бодсоор уулнаас уруудан буулаа. Хар нохой бараанаар хуцаж байснаа, морин хашаан дээгүүр давахад минь таниад сүүлээ сагсалзуулан ирч, гарыг минь долооход хаанаас ч юм бэ, утсан загасны үнэр гарав. Сэгсгэр харыг хулгай хийж дээ гэж хардан бодоод байшинд ороход өөдөөс хуурай түлээ чад пад хийн асах чимээ, даршилсан ногоо, хуурсан самарны үнэр угтав.
Хархан нүдийг нь харалгүй олон сар болсноо, юунаас ч илүү түүнийхээ нүдийг их санаснаа сая анзаарав. Тэвэрч аваад үнсчихмээр байсан ч зориг минь хүрсэнгүй. Ширээний хажуугийн сандалын өнцөг дээр цомцойн суулаа. Одоо харин шинэхэн барьсан талхны үнэр сэнгэнэнэ. Хагалсан түлээ нямбай өрсөн үүдний өрөөнд хуучин модон орыг босгоод тавьжээ. Уг нь энэ орон дээр түүний хөгшин эх нүдээ аниад, агуйд олон жил даяан хийсэн хуваргын дүртэй сууж байдагсан. Бие бараад удсан гэхэд арц хүжийн үнэр нь хэвээр, намхан ширээнийхээ ард маани уншаад сууж байгаа мэт бодогдов. Цонхоор зөвхөн цас орох л харагдана. Хязгааргүй цагаан, бүр зах хязгааргүй цагаан дунд тэнгэр газрын хаяа ч үл үзэгдэнэ. Мөрөн дээр тогтсон хэсэг цас хайлаад энгэр руу урсаж байлаа. Тэнд өнгөрсөн хавар хоёр даяанч лам ирж, голын шугуйд сар суусан бол мөн хэсэг алтны эрэлчид газар малтаж төнхөж хэд хоносон билээ. Өөр хүний бараа харалгүй хагас жил тойрчээ. Сүүлд алтны эрэлчид явсны дараа майхныхаа гадсыг газраас сугалалгүй орхисонд нь таварцаглаж унаад духаа сүрхий шалбалснаа санаад инээд өөрийн эрхгүй хүрэв. Түүний голоос ус аваад эргэхэд нь тосож очих гэж яваад тэгж хөглөж билээ. Хэдэн өдөр л улаан халзан тугал шиг юм явсансан.
- Танайх ууландаа юу?
- Ууландаа
- Сүрхий хүйтэн байна уу?
- Хүйтэн байна, аа
- Чи сайн уу?
- Сайн.
- Өвөлжөө тохитой биз дээ?
Тэр цонхоор гадагшаа харснаа, “орсоор л байна даа? их орох нь ээ” гэж надад ч юм уу, өөртөө ч юм уу мэдэхгүй хэлээд эрээн алчуураа засахад, түмэн өнгийн цэцэгс үнэрээ зэрэг илгээв үү гэлтэй ер бусын сайхан болов.
Тэнд хаврын сүүл сард газар ногоон туяа суугаагүй, хагд өвс цасны хайруугаа гээгээгүй байхад шилтэй архи газар булснаа гэнэт санав. Энэ хүйтэн цастай өдөр архи уух сайхан даа? гэж бодлоо. Газар ч булаагүй юм ,аа, зурамны нүхэнд л шургуулчихсан, одоо гараад хайвал ч бараг олно доо? Цас ухах л бэрх юм. Тэгснээс биш ч хэмээн хөгжилтэйгээр бодоод мухар сандалаасаа өндийж цонхоор голын наадах хөндийг харах гэсэн боловч хааяагүй цагаан тал нэлийж байна.
- Уулнаас бугын сүрэг бууж ирсэн үү?
- Өчигдөр манай гадуур өнгөрсөн.
- Талд их цас буужээ.
- Их,ээ их.
Бүсэндээ хавчуулсан томруулдаг шилээ сугалан аваад “шүдэнзэнд хэмнэлттэй эд дээ? хөөрхий муу хөгшин эхэд минь хайгуулын орос өгсөн юм гэнэлээ” гэж надад л хандаж хэлэв бололтой өгүүлээд, цааш эргэж пийшин дээрээс данхтай цай дөхүүлж өгснөө:
- Халуун цай уу. Даараа байлгүй.
- За.
Намрын эхээр төвөөс буцаж явахдаа гадна нь зориуд унагаасан боодолтой шүдэнз ууттайгаа тэр хэвээрээ цонхны тавцан дээр харагдана. Уутан дотор нь захиагаа хийе гэж хичнэээн бодоод зүрх зориг хүрээгүй юмсан. Хэдэн ширхэг том чихэр байсан нь харин үзэгдэхгүй байна. Лавлан харвал цонхоо дулаалсан эсгий дотор чихрийн цааснуудыг нарийхан хайчлаад хийжээ. Хачин гоё болжээ.
Бид хоёрыг хэсэг нам гүм болоход хуурай түлээний чад пас хийн шатах чимээ, ханын цагны чаг чаг хийхтэй хослон их л найрсуу сонсогдоно.
- Хоол идэх үү?
- Тэгье.
Түүнийг цаашаа эргэх хоорондуур захиагаа пийшинд нь хийж орхилоо. Хоромхон зуур хуниралдан шатаж, пийшингийн амнаас цагаан утаа уугив. Ард шаазан аяга хагарах, түүний дуу алдах хоёр бараг л зэрэг сонсогдов. Сочин эргэж харвал тэр агаарт “Би чамд сэтгэлтэй” гэсэн утаан бичгийг минь үсэглэн байв.

1 comment:

  1. Tugsgul ni dutuu bna sh dee huyagaa ah aa

    Nemj shivj oruul l daa.

    ReplyDelete