Wednesday, October 20, 2010

цуврал шүлгүүд

11.
Олон дэмий зурааснууд
Оюун ухааныг минь бүтээсэн
Шарсан зайдас шиг сар
Шал амтгүй царайгаа харуулаад
Хийн зууханд ялимгүй түлэгдсэн
Хэрчим өөх шиг нар хэлээ унжуулаад
Хэлбэр дүрс хэт шүтэгдэж байхад
Олон дэмий зурааснууд
Ойлгомжгүй сүлжилдээд
Эцэст нь ямар ч зорилгогүй
Эрчилэн чангарч байна.
Хэзээ энэ эрчилээ сулрахыг
Хэлж би мэдэхгүй ч
Оюун ухаан минь
Олон дэмий зурааснуудаа
- Үхлийн баллуураар баллуурдахад
Үнэхээр сайхан байлаа гэж…
12
Намайг хэн ч олохгүй болохоор
Нуугдаж тоглохоос залхаж гүйцээд
Нуурын ёроолд тавин жил хэвтсэн
Хөгшин цурхай мэт болжээ.
Хөөс мэт- энэ амьдралд
Өөр шигээ өнгөгүй хөөснүүдтэй
Нуугдаж тоглох утгагүйг мэдээд
Олон жил орогносон газраасаа
Огло үсрэн гарч ирвэл…
-Хоолойд олс чивчирэн чангарав
Хорвоо чи намайг олоогүй ш дээ?

2009-4-15

13. Хавар
Тэнэмэл юмнууд хаанаас ч юм ирээд
Тэнгэрээр нэг цэцэг тарааж хаячихаад
Тэр хар даа? хавар, хавар гэж шаагилдахад
Тэсэлгүй би гуя малгайгаа авч
Тэнэмэл юмнуудад мэхийн зогсдог
Нойтон бургасаар ороолгуулсан мэт
Хацар хорсоод
Хойтон хаврын тухай бодож эхэлдэг.


14
Эмгэн хүний үүдэн шүд шиг
Эмтэрч мөлийсөн
Энэ зууны төмөр араанууд
Намайг машиндсан ч
Уяхан сэтгэлтэйгээ хамт
Ургасаар байх
Уйтгарын улаан халгай даа.

2007 он
2010 он



15
Маргааш миний дотор төрөх
Манант хотын
Ганцаардалд зориулж
Тамхи татаж сурнам.

Маргааш миний дотроос чарлах
Манант хотын
Мансууралд зориулж
Шингэн дарсыг ууж сураад

Шилээр нь сарыг харах
Сэхээвчний үүднээс
Нисэж одмуй

2007 он
2009 он

16
Өгсөж явахдаа миний та нараас сурсан
Өөдгүй зангууд үрлэн чихэр мэт
Өнгөтэй.
Ягааныг нь улаантай нь хольж идээд
Яахыг минь та нар хараарай.
Ногооныг нь цагаантай нь хамт зажилаад
Уруудах замдаа
Уршиг их тарихаар минь
Уучлаарай.

17
Танихгүй үнэр саравчны зүгээс анхилаад
Тааламжтайгаар сар дээврийн төмөр
Шир шир долооход
Шинэ өдрийн доголон нулимстай
Арван таванд, би
Шиврээ борооны устай хамт
Шар нохойны минь идүүр дотор хөвөх
Оддыг хутган аваад тэнгэрт цацваас
Орилолдох дуу нь газарт унамой.

2008 он

1 comment:

  1. horvoo chi namaig UUl ni oloogui l baihgui yu.. hehe.
    13 dahi shueg ih taalagdlaa...

    ReplyDelete