СЭТГЭЛИЙН ОРОН
ХАРАНХУЙЛВААС...
Удахгүй лаа шүдэнз их хэмжээгээр бөөндөнө гэсэн зар маш ихээр тавигдана.
Гэрийн үнэ ч зах зээл дээр навс унана. Учир нь 21-нд юу ч болсонгүй. Гэхдээ хүн
гэдэг амьтан энэ хэвээрээ байвал өөр нэг өдөр 21-н болж л таарна. Учир нь бид
бүгдээрээ дүрсэнд дурлаж, зөвхөн дүрсийг ихээр шүтэх болжээ. Гоо үзэсгэлэн,
яруу сайханг зөвхөн дүрсээс хайна. Нүд хөмсөг, уруул амны дүрсэнд дурлана.
Бэлхүүс өгзөг, хөл гарны дүрсийг шүтнэ. Хорвоо бүхэлдээ дүрсээс бүтсэн мэт
өнгөцхөн хийгээд гэнэнээр сэтгэнэ. Суух сууц, унах унаа, барих утас, өмсөх зүүх
бүгдийн дүрс чухал.
Өнөөгийн олны төсөөллөөр ганцхан дүрс мэт үзэгдэх болсон ертөнцөд улам л
өнгө гэрлийг чухалчилсаар. Гялбалзаад л байвал сайхан гэж андуурч эндүүрсээр.
Будаад л шунхдаад л аль болохоор өнгө алагласан байвал хүсэл ханана. Хэрэв
анзаарсан бол хүмүүс бидний өмссөн зүүсэн ямар хурц тод өнгөтэй болсон гээч.
Эргэн тойрон ямар эрээн мяраан болсныг тогтож нэг анзаараарай. Аймшигтай өнгө
гэрлийн сүлэлдээн. Толгой эргэж дотор муухай оргино.
Өнөөгийн олны төсөөллөөр зөвхөн өнгө алагласан гэрэл мэт харагдах болсон
ертөнцөд улам бүр үнэрийг эрхэмлэсээр. Анхилуун л ханхлаад байвал сайхан гэж
андуурч эндүүрсээр. Гэвч анхилуун үнэртэн өндөр үнээр авч суга хүзүү рүүгээ
цацах атлаа өдөр шөнөгүй “хүний үнэргүй” явдал хийнэ. Хүний үнэргүй араншин
гаргана. Элдэв цэцгээс гаргаж авсан ялдам үнэр анхилуулавч байнга баас үнэртсэн
мэт ярвайж явна. Агааржуулагч агаарт цацаж агаарыг хүртэл үнэржүүлэхийг хүснэ.
Орчлонгийн сайн муу үнэрийг бус гагцхүү таатай сайхныг хамраараа сорохыг хүснэ.
Өнөөгийн олны төсөөллөөр чухамдаа анхилуун үнэр л сэнгэнэх ертөнцөд улам
л дуу чимээг шүтсээр. Түжигнээд нүжигнээд л байвал сайхан л хэмээн андуурч
эндүүрсээр. Нүргэлсэн их дуу чимээн дотроосоо өрөөлийг битгий хэл өөрийгөө ч
олж сонсохоо байжээ. Угтаа хамаг бүгдийн дуу чимээ, нүргээнийг сонсовч юуг ч үл
сонсоно. Таг дүлий мэт хамаг юм нэг л хэмнэлээр шуугина. Сонсоод байгаа мэт
толгой дохиж зүгээр л сонссон дүр үзүүлэх бөгөөд угтаа “би, би” хэмээн нян
өвчин хамаг биеэр нь бужигнана.
Өнөөгийн олон ДҮРСТИЙН ОРНООС, ДҮРСИЙГ ШҮТНЭ. ДҮРСЭЭС ГЭРЛИЙН ОРОНГ
ШҮТНЭ. ГЭРЛИЙН ОРНООС ҮНЭРИЙН САЙХАНГ ХАЙНА. Өөрсдийнхөө бүтээсэн дүрс, гэрэл,
үнэрийн оронг ердөө утга учиргүй ДУУ ЧИМЭЭГЭЭР
дүүргэжээ.
ГЭТЭЛ СЭТГЭЛИЙН ОРОН ХАРАНХУЙЛСААР. Тэнд
улам цөлжсөөр. Тэтгэврийн мөнгөө харамлалаа гэдэг шалтгаанаар эхийгээ хүү нь
хөнөөнө. Олон сумтай буу мөрлөж ороод л толгой залган сууж эрдэм сурч байсан
ижил нөхдөө тугалган сумаар шүршиж орхино. Энд тэнд тэсэрдэг дэлбэрдэг бөмбөг
булж, түүнд нь олон зуун хүн өртөж хорвоог орхихыг ариун явдал гэж үзнэ.
Ээжийнхээ цүнхнээс мөнгө хулгайлж гурван хоног өдөр шөнөгүй COUNTER STRIKE-даад шууд
эмнэлэгт хүргэгдэж, шөнөжин “алаад өг, алаад өг, буудаад” хэмээн хашгирч
хононо. Өндөр насанд тусалдаг өргөсөн юмын дамжилдаг үе дуусаж өндөр настанг
түлхдэг, өргөсөн юмыг нь булаадаг үеийнхэн жигдрэн жагсана. Хэн ч сэтгэлийн
орон бүрэн харанхуйлваас дүрстийн хийгээд гэрлийн орон ч бүрэн харанхуйлна
гэдгийг олж харахгүй. Харсан нь түүгээр ашиг олохыг санаачилж, хөөрхий олны
хэдэн бор төгрөгийг лаа шүдэнзэнд өгөөд
дуусгана. Ном биш хов ярьдаг гэгээнтнүүдээр дүүрч, хүний бүтээсэн бүх л оюун
мэдлэг үнэгүйдэж, нэг гарынхаа алган дээр шүлсээ хаяад нөгөө гараараа цохиж
үсэрсэн зүгт нь явахыг номлогчид үстэй толгойноос бүр толгойны үснээс олон
болжээ. ГЭТЭЛ ЭНЭ ЗУУР СЭТГЭЛИЙН ОРОН УЛАМ ХАРАНХУЙЛСААР... Харин эсрэгээрээ
дүрстийн орон улам хуурмаг өнгө гэрлээр гялбалзсаар, зул жаргахын өмнө
бадамлахын адил санагдана.
Бидэнд сэтгэлийн орноо цэлмээх ганцхан боломж бий. Тэр нь сэтгэл дүрсгүй,
өнгөгүй, үнэргүй ч Сэтгэл дүрсээс илүү дүрс юм, Гэрлээс илүү гэрэл юм. Ямар ч
үнэрээс сайхан үнэр юм гэдгийг таньж мэдэх явдал. Зүгээр л сэтгэлээ таних
явдал. Сэтгэлийн хүчээ мэдрэх явдал. Тэр л хүчийг мэдрээгүй цагт дүрс хийгээд
гэрлийн оронд тачьяадан дурлах нь хэвээр байна. Харин ч улам бадрахын олон
шалтаг нэмэгдсээр, мөнх цаст уулын оройн мөсөн мэт зузаарсаар байх гэнэ.
Нэгэн эгэл хүмүүн даяанчийн агуйд саатжээ. Даяанчаас тэр” ямар бурханг
шүтвэл хамгийн ашигтай вэ? гэж асуусан гэдэг. Өвгөн /мэдээж даяанч нар голдуу
өвгөн байдаг / даяанч түүнийг удаанаар ширтсэнээ “СЭТГЭЛ” гэдэг бурхан гэжээ. Сэтгэл
тэгэхээр бурхан байх нь. Их хаан ”сэтгэлийн барьваас бие нь хаа холдох” гэсэн гэнэлээ. Сэтгэл
тэгэхээр биеэс хүчтэй байх нь. Монгол хэлэнд бас” СЭТГЭЛГҮЙ” гэдэг үг бий. Ямар
сэтгэлгүй хандаа вэ? Ёстой сэтгэлгүй явдал гэхийг бишгүй сонсож явлаа. Сэтгэл
тэгэхээр хүний аж амьдралын дээд суртахуун байх нь. Түүнийг л таньж мэдээгүй
цагт дүрстийн оронд шунах хүсэл багасахгүй билээ.
Биднийг сэтгэлийн харанхуйгаас хагацаах ганцхан сайхан зүйл бий. Магадгүй
СЭТГЭЛ гэдэг бурханы бэлэг ч юм билүү? Харин би түүнд хар багаасаа хайртай
байсан. Одоо ч хайртай хэвээрээ. Түүнийг ЯРУУ НАЙРАГ эсвэл ЗОХИСТ АЯЛГУУ гэдэг.
Яруу найраг бол хүний сэтгэлийн дээд мэдрэмж юм. Яруу сайхны дуулал юм. Хүний сэтгэлийн
дуулал юм. Түүнээс бус тайзан дээрээс гоншигнодог “ард түмэн минь өлсөж байна,
яасан төр вэ, хөөрхий хоосон ходоод” гэх мэтийн шүлэглэсэн өргөдөл гомдол биш.
Тэр хэтэрхий ариун гэгээн зүйл. Түүнийг шавар шалбаагтай хутгалдуулахыг
хүсэгчдийн сэтгэлийн орон лавтай будангуйрсан байж таарна.
Сайхан шүлэг уншсаны дараа сэтгэл нэг л цэлмээд явчихдагийг мэдрээгүй
бол таны сэтгэл харанхуй нь нянд баригдаж, овоо өвчилжээ гэж оношлож болно шүү?
Яруу найраг нэг талдаа яруусал юм. Нөгөө талдаа ариусал юм. Сэтгэлийн ариусал
юм. Шүлгийг тарни мэт тоолон уншихуйд ухаарал гэгээрэл цэцэг мэт дэлгэрч дүрс
хуурмаг, өнгө зуурдын, үнэр саринагч, дуу чимээ хоосон болохыг таньж зөвхөн
сэтгэлд бүгд буйг ойлгоно.
Эцэст нь дүрстийн оронд юу их вэ? Дүрсэнд шунах хүсэл их. Тэр хүслээ
зөвхөн сэтгэлээрээ хазаарлана. Нэгэнт хүсэл шунал чинь хазаарлахын аргагүй их
болоход сэтгэлийн орон тань харанхуйлж эхэлнэ. Энэ бол хөхрөгч дээр цэлийдэг
гэдэг шиг гарцаагүй үнэн. Хэрэв сэтгэлийн орон харанхуйлваас хичнээн түмэн лаа
асааж, гал түлээд юу ч туслахгүй нэмэр үгүй
гэдгийг ойлгохгүй аваас дараагийн 21-н давааны цаахан байна. Хүү нь ээж
рүүгээ сүх далайна. Үхэр цохих мэт юу ч бодолгүй тоншиж орхино.
Гэвч бусдаас илүү эмс энэ хуурмаг үзэгдэлд дурлан шунана. Эр нөхрөө
далдуур мэхлэж, алиа шалигийг үүсгэнэ. Дүрсэнд биеэ битгий хэл нүдээ өгөхөөс ч
буцахгүй болно. Зуурын төдий хуурмаг гэрэлтэй болохын тулд оёуулж, огтолуулж,
наалгаж, зүүлгэж, татуулж, соруулж баларна. Гэвч сэтгэлийн өвчнөө үл тооно. Сэтгэл
хоосрон байгаагаа үл анзаарна. Ерөөс сэтгэл ямар хэрэгтэйд эргэлзэж эхэлнэ.
Түүнтэй түүнгүй өнгө гэрэл байна, дүрс байна, үнэр байна хэмээн андуурна.
Хөөрхийс үс нь богиноссон ч ухаан нь уртассангүй. ГЭТЭЛ ЭНЭ ЗУУР СЭТГЭЛИЙН ОРОН
УЛАМ ХАРАНХУЙЛСААР...
Хэрэв сэтгэлийн орон бүрэн
харанхуйлваас 21-нийг номлогчдыг шоолох биш “худал” үнэнд гүйцэгдэж лаа шүдэнз
цуглуулаад ч лай ланчигаа эдлэх вий.
ХҮН гэдэг амьтан харваас байгалийн амьтан байтлаа амьдрал бүр
амьсгалахаа хүртэл тооцож, томьёолсон электрон машин, төмөр хайрцаг төдий зүйл
болж хувирах гэж үү? Манай үеийн Баатарын Галсансүхийн бичсэн шиг ” сэтгэл
гэдэг эрхтнээ” яах вэ? Бүүр цаашлавал СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТНЭЭ ЮУГААР ЭДГЭЭХ ВЭ?
Бүүр эцэст нь тулгавал ердөө ганцхан асуулт л байна.
МӨНГӨ ТООЛОХ УУ? ШҮЛЭГ УНШИХ УУ?
Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг
2012-12-22
Юутай үнэн.
ReplyDelete