АЛАГ ХОРВООГИЙН
НАЙРАНД АРГАГҮЙ Л...
Толгой дээгүүр утаан зурвас татуулаад хурдан
онгоц нисэн өнгөрөхийг харсан шиг цонхны тавцан түшин зогсов, би. “Алаг хорвоогийн найранд аргагүй л ганцаардаж
явна” гэсэн багшийн минь шүлгийн мөрүүд толгойд үсрэн орж ирэхэд өнөөдөр
өөрийгөө итгэлт олон дүү нар, дотно сайхан шавь нар, хань ижил, найз нөхдөөрөө
хангалттай хүрээлүүлсэн ч “аргагүй л ганцаардаж” яваагаа мэдэрлээ. “ГАНЦААРДАЛ”
гэдэг энэ хачин үгийг өмнө нь огт ойлгодоггүй байж дээ. Магадгүй нас хэтэрхий залуу, цус хэтэрхий шингэн
байснаас болсон биз. Тэр цагт энэ шүлгийг анх сонсчихоод их гайхаж байсансан. ОЧИРБАТЫН
ДАШБАЛБАР шиг дэндүү олонтойгоо хүн яахаараа хэмээн эргэлзэн тээнэгэлзсэн
юмсан.
1.
Онц сурдаг ч дэггүй, хэлэмгийдүү ч шулгадуу хүү байжээ. Тиймээс багш нь
сургуулийн номын санд үе үехэн цоожлох. Цонхоор гадагшаа харахаар сумын төвийн
нэгэн хэвийн дүр зураг. Уйдсан хүү тэгээд л уншиж эхэлжээ. Уншаад л байж,
тавиур дээрх хэдэн ном дуусчээ. Заримдаа хачин чанга дуугаар цуурайтуулан
уншдаг байжээ. Оройхон багш нь ирж хорионоос нь гаргана. Сүүлдээ ямар ч гэм
хийгээгүй мөртлөө өөрөө өөрийгөө сайн дураараа өдөржин “хорих” болов. Хэн ч
байхгүй уншлагын хоосон өрөө, ялимгүй
сэрүүхэн, харин уншсан номондоо халууцсан хүү. Ийм л үзэгдэл дундаас жаахан хүү
анхныхаа ганцаардлыг олж авчээ. Өнөөх Д.Намдаг гуайн” шорон сайхаан” гэдэг шиг “тийм
ганцаардал үнэхээр сайхан байсан” гэж хожим их л хангалуунаар дурсан байж
билээ. Мөн тэнд л сумын сургуулийн номын сангийн цонхны тавцан түшээд анхныхаа
ганцаардал дунд анхныхаа шүлгүүдийг уншсан нь лавтай. Анхныхаа шүлгүүдийг
бичсэн нь тодорхой. Ингээд л яруу найргийн шидэт ертөнц түүнийг нэгмөсөн тэврэн
авах нь тэр. Ганцаардалтайгаа хамт.
2.
Ном бол хамгийн сайхан ганцаардал. Эцсийн ганц төгрөгөө
номонд өгөөд хоосон ходоодтой гүйх тийм эр зориггүй бол чи яруу найрагч
болохгүй” зөвлөөд ч байгаа юм шиг, занаад ч байгаа юм шиг яриаг нь олон удаа
сонссон. Хуушуур уу, ном уу гэсэн хоёрхон үг нь намайг тэр цагт мөн ч их
зовоосонсон. Одоо ч бодогдсон хэвээр. Харин “ном бол хамгийн сайхан ганцаардал”
гэдэг үгийг нь хожуухан ч гэсэн ойлгосон минь түүн рүү дөхөх явган шатны нэгэн
гишгүүр байлаа. Гишгүүрээр барахгүй түүний ганцаардлаас хуваалцах сайхан
боломжийг олгожээ. Тиймээс л “алаг хорвоогийн найранд аргагүй л...” яваа
санагдах юм. Инээд хөөр дотор ч ганцаардаж, эвсэл холбоо, итгэл найдвар дунд ч
ганцаардаж, ирж буцдагийн тухай бодох тусам тэмцэл өрсөлдөөнөөс ч ганцаардана.
Омголон залуу насандаа би энэ орон хотод
хоёр шуудай номтой л орж ирсэн юм гэж билээ. Одоо санахад тэр өөрийг нь
хүрээлсэн олны дунд хоёр шуудай ганцаардлаа үүрээд, хэдэн дэвтэр дүүрэн
ганцаардалтайгаа алхан орсон юм. “Тэнгисийн давалгаа” хэмээх нэртэй тэр ганцаардлууд
өөр шиг нь “ганцаардлуудын” анхаарлыг эрхгүй татсан гэдэг. Олон хүнд ямар
ашиггүй санагддаг, бүр харагддаг ГАНЦААРДАЛ
нь ч хүртэл аз авчирдаг хүний ертөнцийн явдлыг яах билээ. Яг л тэр
1980—аад оны адал явдал дунд хэдэн муусайн “ганцаардлаа” чемоданлаад ах дүү
СССР-ын улс, алтан Москваг зорьсон гэдэгсэн.
3.
“Амьд ганцаардал” миний арван жилийн бага ангийн багш
байв шүү дээ? Данзангийн Нямсүрэн. Гараас нь би бас нэг ганцаардлыг авч билээ.
Хоёрдугаар ангийн хүү надад Сергей Есенин гэсэн гадаад “ганцаардал” бэлэглэж
байсан юм. Ямар байна. Харин Баруун-Уртын гудамжинд нэг амьд “ганцаардлыг”
харсан юм. Данзаннямын Шагдарсүрэн. Хромон гуталын түрий “гармошиглосон” эр,
тамхиныхаа утааг савсуулаад алхаж явдагсан. Дараахан нь Мишигийн Цэдэндорж
гэдэг “ганцаардлыг” шүтдэг боллоо. Дөнгөж саяхан дэлгүүрээс худалдаж авсан шиг
“ганган” эрийг их л эртнээс биширсэн юм. Тэгээд л хаалгыг нь тогшиж босгыг нь
мөн олон удаа элээсэн дээ? Тийм л “ганцаардал”-уудын
нэг болохыг их хүссэн гэж өрнүүхэн хүүрнэж суусан цаг хугацааг хайрлан санав. Тэгэхэд л яруу найраг ганцаардал юм гэдгийг
илүүтэй ойлгосон ажээ. Гэвч тэр цагт яруу найргийг ”олонтойгоо оволзох” урлаг
гэж ойлгож байв шүү? Одоо ч хэвээр. Ямар сайндаа л уран зохиолын сургуульд явах
ганцаардлуудыг “олонлог” энэ тэрийг
олдог тооны ухаанаар шалгаж байхав дээ? Шалгалтын хуудсан дээр нь ингэж бичив.
Өвгөд дээдсээсээ бид /ганцаардлаа/ хүлээж авсан, үр ачдаа /ганцаардлаа/ хүлээлгэж
өгнө. Зоригтойгоор болоод зориудаар “ганцаардал” гэдэг үгийг нэмэв. Харин
соёлтойгоор хашилтанд хийв.
4.
Б.Явуухулангаар манай үеийнхэн “адислуулсан” юм. Энэ
үгийг тэр нэг их ганцаардсан үедээ хэлж билээ. Тэр үед “Ахмадын Хороо”-ны
байшингийн /энэ байшингийн суурин дээр одоо нэг их өндөр шилэн асар бий / модон
цонхоор нар тусаад түүний ширээн дээр нь “Зохист аялгуу” нэртэй уран зохиолын
хамгийн сайхан сонин хөглөрч, хажууд нь Цэвэгжавын Батбаатар ах хар савхин
хүрэмтэй гангарч суулаа. Үнэндээ бол
өөрөөр нь манай үеийнхэн “адислуулаад” эхэлчихсэн цаг байлаа. Ганцаардал нь
асар хурдтайгаар ба хүчтэйгээр “халдварлаж” эхэлсэн юм. Тийм халдвар туссандаа шүлэг
бичдэг залуучууд бие биендээ сайрхдаг он жилүүд байв. Түүний бичсэн өгүүлэл,
эсвэл ярьсан ярилцлаганд авьяастай хэмээн нэр дурьдагдсан ”ганцаардалд
суралцагсад” шууд л авьяастай, ирээдүйтэй гэсэн сүрэгт нийлж, дунд сургуулийн нусгай миний дотор ямархан их
атаархал амилан босож байсныг санах ч юм биш. Багш байсан гэх Данзангийн
Нямсүрэн, Данзаннямын Шагдарсүрэн, Мишигийн Цэдэндорж шигээ өөрөө бидний хувьд
“амьд ганцаардал” болж түүчээ тогоруу шиг түүний араас төөрсөн хурга
шиг”юмнууд” дагаж явлаа. Ганцаардалыг гайхалтай өвлөж авсан шигээ
гайхамшигтайгаар ”өвлүүлж”, алаг хорвоогийн найран дээр аргагүй л ... явлаа
даа?
5.
Энэ Сүхбаатарын Батмөнх бид хоёроос өөр үеийхнийхээ тухай
хэн ч тийм халуун сайхнаар бичээгүй. Гэхдээ би чамаас том “ганцаардал”. Яг тийм
эгзэгтэй үед нь би түүнийг сугадаад сургуулиас гарч билээ. Чи Д.Цогттой заавал
очиж уулзаарай. Тэр хэн хэний дэргэд “том” ганцаардал, манай хэдийн дэргэд
бараг л “бурхан” гэж билээ. Даанч би
“тэгнээ, тэгнэ” гэж амласнаа тэгэсхийгээд мартаж дээ? Бурхан минь, том
“ганцаардал” болчихсоноо мэддэг том ганцаардлууд хэцүү л дээ? Харин одоо надад “том
ганцаардал” болох хүсэл мөрөөдөлтэйгээ өтөлсөн жижиг ганцаардлууд бүүр чиг
хэцүү санагдах болов. Магтуулах хүсэлтэй тэднээс зугатааж “ганцаардах” хүсэл
төрнө. Цонхоор харагдах утаат уулын дээгүүр татсан тийрэлтэт онгоцны саарал
утаа бүдгэрэн бүдгэрсээр... Үнэндээ Ноён хутагтынхаа хөлийг угааж,
Нацагдоржийнхоо шарыг тайлж суухсан гэж томчуултай зиндаархаж “ганцаарддаг”
хүнийг дагаж явсан он жилүүд минь надад далавч ургуулж одоо би нисэж яваа ч юм
билүү? Хэн мэдлээ.
6.
Ганцаардагчдыг өөрсдийнхөө олонлогийн дунд гүтгэгчид хутгаж
орхихыг хүснэ. Тэгээд л хэл амаа билүүдэж, хов живэнд түлхэнэ. Нэгэнтээ Д.Батбаяр
багшийн хэлсэн шиг” зүгээр л тасарчихаж” тэр чадаагүй юм. Учир нь яруу
найрагчийн хувьд хэдийнээ дэндүү алсад тасарчихсан ч эх орончийн сэтгэл нь
түүнийг олонлогийн дотор аргагүй л оруулаад байсан юм. Ганцхан хэдэн шүлгээ л
бодоод “ганцаардаж” явсан бол гэж зарим хүн дэмийрдэг. Тэр тийм аминчхан
“ганцаардагч” байгаагүй юм. Одоо залуу шүлэгч бүхний номын өмнөтгөлийг намайг
бичлээ гэж зарим нь өөнтөглөнө. Би зүгээр л номоо бариад ирсэн хүүхдүүдийг
хараад “өрөвдөөд” байдаг юм. Ердөө сайн багшийн дэргэдээс миний сайтар сурсан
ганцхан зүйл минь тэр. Өрөвдөх сэтгэл. Ганцхан шүлгээ бодоод “ганцаардаж” явж
болно л доо? Даанч дотроос минь урагшлахгүй байгаа урагшгүй уран зохиолоо
харахаар бухимдах сэтгэл төрөөд “тасраад явчих” үедээ би багш шигээ зууралдсаар
суугаагаа өөрөө маш сайн ойлгодог. Хүмүүс яадгийг бүү мэд.
7.
Өвлийн нар жаргаж, цонхоор сэрүүн салхи сийгнэ. Өнөөдрийн “алаг хорвоогийн найр” өндөрлөж байна. Толстойн
“Найрын дараа” шиг...
8.
Аугаа их “ганцаардлын” төлөө харин амьдрахыг хүсэгчид
тань шиг “алаг хорвоогийн найранд аргагүй л ганцаардаж сууна даа? БАГШ МИНЬ...
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2012-12-02
Үйлийн үрийн байшин гэгч нь энэ биз?
ReplyDeleteАлаг хорвоогийн найранд аргагүй л...
ReplyDelete