Tuesday, December 18, 2012

үг

                                “НИСЭХ ХҮСЭЛ”-ИЙГ “ГҮЙЦЭЭВ”
                        /Л.Баасансүрэнгийн ”Нисэх хүсэл” номын тухай/
НЭГ. НИЙТЛЭГ ҮГ  
   Одоо бүгдийг залгих шуналтай эрин зуун дуусаж, гэгээн хүслийн эрин эхэлж байгаа тухай бүгд ярьцгааж байна. Бүгдийг авах идэхийн хүслээр амьдарсан хүн төрөлхтөн одоо л таних мэдэхийн хүслээр амьдарч эхэлнэ гэнэ. Юутай сайхан цаг вэ? Энэ цагийн эхэнд зарим хүнд онцгой хувирал явагдана. Тэдний биенээс цэцгийн сайхан үнэр өвөл зунгүй анхилж, үг яриа нь яруу сонсголонгийн дээд болж, буй биеэрээ бурханд хувилах юм гэнэлээ. Тэгвэл зарим нь язгуурын сайнаа үзэж шүлэг бичиж эхэлнэ. Товчхондоо оюун санаагаараа бурханд тэмүүлж, түүний зүг уусан нягтарахыг хүчтэйгээр эрмэлзэнэ. Ердөө “нисэх хүсэл” төрнө. Нэгэн судалгааны санал асуулгаар арван хүн тутмын найм нь нисэж зүүдэлсэн гэж хариулжээ. Хэзээ нэгэн цагт хүмүүс нисдэг байсан эсвэл удахгүй нисдэг болно. Харин яруу найрагчид хэзээний нисэх хүслээр дүүрэн амьдардаг. Тэд газраар алхавч оюун санаа нь энд биш алс огторгуйд тэнгэрт, ер бусын орон газар байх нь түгээмэл. Энэ л хачин сонин хувь тавилан Лхаантувдангийн Баасансүрэнд оногджээ. Түүний шүлгүүд үнэхээр “нисэх хүслээр” дүүрэн юм. Оюун санааны хязгааргүй цээлд шумбах эрмэлзлээр дүүрэн байна. Энэ л чанар нь хуваагчаас дахин хуваагч байх хүсэл яруу найргийн дотоод гүн эрчимлэг давхарга руу түүнийг оюун санааг татаж байна.
   Бидний үзлээр яруу найргийн сэтгэлгээ давхар хуваагч чанартай юм. Аливаа юмс үзэгдлийг хүн хараад өөрийн бодлоор сайн муу, сайхан муухай хэмээн гоозүйн хүрээнд яруу сайхны үнэлэмжээр хуваадаг. Харин яруу найраг бол тэр л хуваагдлыг дахин хуваах боломжтой онцгой урлаг юм. Зөвхөн анхдагч хуваагч байх яруу найрагт ердийн явдал, харин дахин хуваагч байна гэдэг аз завшаан, авьяас, хувь ерөөл гэдгийг ойлгосон “БҮТЭЭГЧ” чанар Баасансүрэнд бүрэлдсэн байна. Одоо харин дахин хуваагч чанарт тэмүүлж шүлгээ бичих л зам үлдлээ.
   Хөдөөх ахуй нам гүмийн дунд хонины захад шүлэг бичиж суух амьдралын нэг л сонгодог агшин. Энэ агшныг бүтээгч байна гэдэг ховорхон хувь заяа гэж Л.Баасансүрэн нилээд эртнээс ойлгож ухаарсан ажээ. Шүлгүүдээс нь зүгээр нэг гоо сайхныг өнгөцхөн илсэн сэрлүүд бус бүр навчсын судал, өвсний гүн рүү өнгийсөн сэрэхүй ноёлж байна. Харах үзэх, амьдрах амьсгалах бүхэн нь байгальтай ойр байгаа нь мэдэгдэнэ. БАЙГАЛЬ-БУРХАН гэдгийг ойлгоод бурханы дотоод яруу сайхныг олж хүртэх гэсэн ХҮСЭЛ олон шүлгүүдээс нь гэрэлтэнэ.
   Нэгэн бодол одоо ч надад төрдөг. Тэр цагт Эрээнцавд Нямсүрэн шүлгээ яаж бичдэг байсан бол, өвөл юу хийж, хавар мод түшээд, зун тэр модныхоо сүүдэр дор, намар навчсаар тоглодог байсан болов уу? Энэ цагт Сольтогтохын Дамдиндорж цасанд чарга хөллөөд Орхоны эх өгсөж, мөс цоолож загас барьдаг болов уу? Халуун пийшин дээр цас унахыг эсвэл борооны дусал шажигнахыг чагнаад шүлгээ бичдэг болов уу? Түүнтэй адил би Баасансүрэнгийн шүлгүүдийг уншиж суугаад Эрдэнэмандалдаа, Зүүн цүүрийн голд адуундаа явахдаа ямар дуу исгэрдэг бол Хархул хааны балгас хавиар өнгөрдөг болов уу? Жимсэнд яваад ямар морьтой бууж ирдэг бол гэсэн зугаатай бодлуудад ээрэгдэж байлаа. Ийм ахуй дунд шүлэг бичих шиг төгс зүйл үгүй гэдгийг хүн төрөлхтөн саяхнаас л анзааран мэдэв. Зөвхөн шүлэг ч бичих биш зүгээр л амьдрах. Зүгээр ч нэг амьдрах бус
Хаврын амтыг үзэх шиг
Нулимсаа эрээд олох шиг
Нууцаа өөрөөсөө хайх шиг  
Хачин мэдрэмжүүд
Хаанаас ирээд сэтгэлд  үүрээ заснав /Л.Баасансүрэн” Нисэх хүсэл” 2012/ хэмээн   шүлэг бичиж хорвоо ертөнцийг танихаас гадна өөрийнхөө дотоод сэтгэлийн хөдөлгөөөнийг олж мэдэхийг хүсэж амьдрах чухал гэдгийг ойлгож эхэлжээ. Мөн зүгээр нэг өөрийгөө танин мэдэх бус хаврын амт хичнээн сайхныг бүх зүрх сэтгэлээрээ мэдэрч амьдрах, аяндаа асгараад байгаа нулимсаа хаанаас урсаад байгааг эрээд олох зэргийн хачин мэдрэмжүүддээ ээрүүлэн гэнэт хаанаас ирээд тэр бүхэн сэтгэлд үүрээ засав хэмээн эргэлзэхэд л яруу найргийн чухам утга учир оршиж байгааг мэдвээс зохилтой ч тэр хэдийн мэдэхээс цаагуур мэдсэн нь мэдэгдэнэ.
 “Нисэх хүсэл” номноос хоёр зүйлийг анзаарч болно. Нэгдүгээрт: 2011 оноос хойш энэ шүлэгч ямар өөрөөр сэрж мэдэрч, бичиж эхэлсэнийг, хоёрдугаарт: яруу найргийн мөн чанарыг ухаарч, өвөрмөцөөр  бичих хүсэл ямар их байгааг. Тиймээс энэ ном бүхэлдээ эрэлхийлж яваа Л.Баасансүрэнгийн ололт амжилт, алдаа эндэгдэл юм. Гэвч хамгийн гол нь өөрийгөө хийгээд ертөнцийг олж танихын эрж хайхын сэтгэлээр жигүүр хийж, нисэх хүсэл улам оргилсоор буй нь шүлгүүдээс нь шууд мэдэгдэнэ. Тэгээд ч хүсэл зорилгогүй залуу хүмүүс их болсон энэ цагт тэр алс бөглүү хөдөө газар яру найргийн ийм халуун сэтгэлтэй нэгэн суугаад мал хуй, аж амьдралынхаа хажуугаар шүлэг бичиж байгаа нь эрхгүй сэтгэл хөдөлгөдөг юм. Гэтэл орон хотод суугаад боломж байгаа мөртлөө огт шүлэг бичихгүй байгаа шүлэг бичдэг байсан залууст ч харамсах сэтгэл төрдөг юм. Харамсах сэтгэл төрөх төрөхдөө:
Бодлоос минь хэн нэгний
Бодол ханхлах тусам
Бороо хэдэн хоногоор зүсрээсэй...  /Л.Баасансүрэн “Нисэх хүсэл” 2012/  хэмээн үнэн сэтгэл зүрхнэсээ бичихийг хүсэхгүй байгаад нь бүр ч их.
ХОЁР: ХАНДАЛ ҮГ
  Энэ номонд  илэрхий олон алдаатай, зөвтгөх үг олдохгүй шүлгүүд ч бий. Гэхдээ яадаг юм, байж байг гэж бодоод энэ удаа үлдээв. Бусад нь хүн яаж яруу найргийн учир хүчтэйгээр хувирч өөрчлөгдөхийг хүсдэгийг хараг гэж мунхаглан бодов. Түүнээс бус төвөнхний цаана түрэгдэж ирсэн үгс байсан гэдгийг минь ойлгож Баасансүрэн шүлгүүддээ илүү чамбай, нягт, бүтээлч хандана гэдэгт итгэнэ. Хэзээ нэгэн цагт бусдын хаалгыг хааж, өөрийнхөө үүдийг нээх хэрэгтэйг ч зарим шүлэг чинь хэлээд байна. Зарим шүлэг чинь тийм саруул хөдөөд байж, түүнээс ч саруул харж, эрүүл сэтгэхийг анхааруулж байна. Дуу чимээний хаанчлал бус дуу чимээгүй нь хаанчлалд нэвтрэхийг чи хүсэж байна. Тэнд л жинхэнэ дотоод яруу сайхны нууцлаг дуу хоолой цуурайтаж байдгийг чагнана. Тэнд л жинхэнэ яруу найргийн чухам юутай ч харьцуулж, жишиж болохооргүй гоо сайхан оршиж байдгийг мэдэх болно. Уураар хийгээд түлшээр ажилладаг хөдөлгүүр биш харин сэтгэл зүрх, онцгой мэдрэмжээр ажиллаж байдаг мөнхийн хөдөлгүүр бол яруу найраг гэдгийг илүү бясалгаж ухаарах ёстойг хэлэх байна.
 
ГУРАВ. ЗАХИАС ҮГ
Түүнийг илүү их ажигла. Түүнийг илүү ихээр чагна. Түүнд гүн нэвтрэхийг оролд. Түүний ер бусын хувирлуудыг ажигла. Тэндээс чи өөрийгөө илүү ихээр ойлгож, мэдэж таних болно. Тэр бол БАЙГАЛЬ. Чамд байгаа давуу тал бол ердөө энэ. Энэ бол Д.Нямсүрэнгийн давуу тал, С.Дамдиндоржийн давуу тал. Маргааш чиний давуу тал байхыг би хүснэ.
Нутаг орон чинь өөрөө асар том яруу найргийн биоталбай. Тэнд Лхамжавын Лувсандоржийн, Сүхбаатарын Бөтмөнхийн, Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн, Бидэрийн Баярсайханы, Мягмарын Амархүүгийн “амьсгал” буй. Түүгээр амьсгал. Монгол минь өөрөө яруу найргийн асар том биоталбай. Тэнд Дашдоржийн Нацагдоржийн, Дамдинсүрэнгийн Урианхайн, Очирбатын Дашбалбарын “амьсгал буй. Түүгээр ханаж цадалгүй амьсгал. Орон Дэлхий минь тэр чигээрээ яруу найргийн биоталбай. Тэнд Уолт Уйтмений, Таагүүрын, Блокийн, Эзра Паундын, Силвия Платын “амьсгал” буй. Түгээр шунан дурлан” амьсгал”.
ГҮЙЦЭЭ.
                                    Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг
                                                2012-12-18







No comments:

Post a Comment