Wednesday, December 26, 2012

ou

ОПТИМУС МАКСИМУС
  Хэдэн жилийн өмнө нэгэн  жолооны дамжаа төгсөгчид улсын шалгалт өгчээ. Унах нь унаж, тэнцэх нь тэнцэж. Хамгийн сонирхолтой нь шалгалтын дараа жолооны багш нь машинаа цэвэрлэжээ. Бараг л хоёр атга будаа, нэг атга элс гарсан гэнэлээ. Энэ яриа магадгүй ялимгүй дэгсдүүлсэн байх л даа? Гэхдээ л үнэний хувь цөөнгүй бий. Лам үзмэрч, мэргэч төлөгч нарын ид шид шингээсэн элс будааг бүгд л сэмхэн доогуураа цацчихаж. Элс будаа цацаад бүх юм сайхан бүтдэг бол овоо хэдэн шуудайг олж аваад хав дарчихдаг хэрэг. Ажил төрөл хөөцөлдөхдөө амьтан хүн рүү цацаж байхгүй юу? Зугаатай л амьдарцгааж байна даа?
  Заримдаа шалгалт аваад дуусахад хөл дор яагаад элс шороо шажигнаад байдгийг хожуухан ч гэсэн ойлгосон юм. Хожмын сэхээтнүүд ч ид шидэнд итгэж эхэлжээ. Гол нь элс будаа цацчихаад хамаг хэрэг сайнаар бүтвэл өөртөө биш цаад ид шидтэндээ, элс будаандаа итгэнэ. Гэтэл элс будаатай, арга чарга хийлгэсэн “би зүгээр” гэсэн өөртөө итгэх итгэлд л  хамаг учир байгааг анзаарах ч сөхөөгүй. Харанхуй мухраар сүсэглэнэ. Манай нийгмийн хамгийн эдгэшгүй өвчин “мухар сүсэг” болжээ. Үлгэр домог, илбэ шидэнд итгэдэг хүүхэд нас бол сайхан юм. Хар багаасаа муу санаа, шалихгүй хашир ухаан суусан хүүхдүүдэд  би дургүй. Хэвлүү хүүхэд гэдэг чинь магтах юм биш харин харамсмаар явдал. Гэнэн итгэмтгий байх нь даанч зохих насандаа нуруу үүүрсэн өвгөн шиг юм болчихвол тийм ч сайхан биш. Түүний эсрэг аливааг арай өөрөөр харах насандаа ид шид илбэ засалд итгэдэг байвал нуруу үүрсэн хэвлүү хүүхдээс ч тэнэг харагдана. Эр нөхрүүдийнхээ олж ирсэн хэдэн төгрөгийг энд тэндэхийн “хувилгаануудад” өгчихдөг эмэгтэйчүүлийг энэ амьдралдаа бишгүй харлаа. Тэд амьдралыг ид шид гэж бодох юм.  Хэдэн жилийн өмнө талийгаач Пүрэвдоржийн Сундуйжав гуай ”Монгол минь хальсан уут, хадаг хоёроор дүүрэв” гэж халагласан нэвтрүүлэг хийж билээ. Одоо үнэхээр мод бүхэн хадагтай, бүүр замын шон хүртэл хадагтай болжээ. Ид шидтэй мод чулуу, замын шон, хаалганы бариул, хашааны хаалга. Үлгэрт гардаг далдын хар малгай, нисдэг хивс, шидэт бишгүүртэй л адилхан ид шидтэй моднууд ой тайгаар дүүрэн боллоо.
  Би байгалийн хүчинд итгэдэг. Гэхдээ ид шидэнд биш. Ээж мод, хийморийн овоо, энергийн төв хүнд ямар нэгэн нөлөө үзүүлдэгт итгэдэг. Элдэв гэм зэмийн өвчин саагаас эдгээдэг гэдэгт итгэдэг. Уул хангайдаа сэржим өргөдөг, ус ургамалтай ярилцдаг. Харин тэднээс мөнгө гуйдаггүй, эрх мэдэл албан тушаал нэхдэггүй, эд хөрөнгө шаардаж энд тэнд нь хадаг уядаггүй. Сайн муу яваагаа хадаг уясан хаалганы бариултайгаа холбож ойлгодоггүй.
  Нэгэн ээж надаас” манай хүү сүүлийн үед хичээл номондоо хир байна” гэж билээ. Урмын бодоод “сайжирч байгаа “ гээд хэлчихсэн чинь учиргүй баярлаад “аргагүй, аргагүй, саяхан Түвдээс нэг том хувилгаан ирсэн юм. Багшийн сахиусыг зүүснээс хойш их л өөр болчихсон” хэмээж билээ. Дараахан нь би хүүгээс нь “ээж чинь ямар ажил хийдэг юм” гэхэд “их сургуулийн эдийн засгийн багш” гэсэн юм даа? Тэр үед би Манай улсын эдийн засаг өсөхгүй байгаа нь бодит үр ашиг, гадаад дотоод худалдаа биш ид шидэнд итгэгч эдийн засагчдаар дүүрсэнийх юм байна гэж мунхаглан бодож билээ. Хүүгийнх нь сурлага сайжирсан нь хүүгээс нь биш, хөөрхий хүүгийн хичээл зүтгэлээс бус нэгэн ламын улаан зангианаас болж байна гэж боддог эдийн засагч олон байхаар Оюутолгой үндэсний баялаг биш харин ИД ШИД юм бишүү? Дарга нар ч бас түүнийг ид шид гэж хараад ид шид мөн гэдэгт итгүүлэхийг хүсээд байгаа юм. Яг л “онгод гэдэг ид шид” ирэхийг хүлээгээд юу ч хийлгүй суудаг зохиолч байдагтай адил нийгэм даяараа ид шидэнд итгээд түүнийгээ тэсэн ядан хүлээж байна. Хэзээ ирэх бол нэг л өдөр үлгэрт гардаг ханхүү шиг цагаан морьтой ороод ирнэ дээ? Мөн сайхан даа? хэмээн алгаа үрэн сууна. Хөгжилтэй л сайхан амьдарцгааж байна даа?
   Холливудын саяхан хийсэн нэг кинон дээр харь гарагаас ирсэн хүчирхэг төмөр оюун санаа ОПТИМУС МАКСИМУС хүн төрөлхтөнийг гаднаас ирэх аюулаас хамгаалдаг. Өнөөдөртөө бол энэ чинь ИД ШИД. Маргааш яахыг тааж мэдэхгүй юм. Харин энэ ОПТИМУС МАКСИМУС манай үлгэрийн болдоггүй бор өвгөний нисдэг бор морь  хоёр яг адилхан. ИД ШИДЭТНҮҮД. Хүн төрөлхтөний зөн билгийн хүлээлт. Харин бидний хагас социалист, хагас капиталист нийгэм даяар минь үсэрхийлсэн ид шидэнд итгэх мухар сүсэг ердөө Холливудын бүтээсэн ОПТИМУС МАКСИМУС ба бидний мэддэг НИСДЭГ БОР МОРЬ хоёр хадаг уясан МОД гуравт баатар тайж Цогтын бичсэнээр “сэтгэлийн агаар нэгэн” буй.
  Харин тэд технологийн хувьд шал ондоо. Яг л  чукчагийн онигоо шиг. Нэгэн чукча сугалаагаар Мовсква явах эрхээр шагнуулжээ. Явж ирээд нутгийнхныгаа цуглуулаад, аялалын туршид үзсэн харсанаа ярив. Би эндээс чаргаар хот ороод тэндээсээ онгоцонд суугаад... Гэтэл нэг нөхөр нь “хүүе, ингэхэд онгоц ч юу юм бэ? Чукча нэг бодолхийлэв. Тэгээд :-би та нарт алим гэж нэг зүйл авчирсан даа? –тийм, тийм. Тэгвэл түүнээс чинь “шал ондоо” юм байдаг юм гэжээ. Түүн шиг л шал ондоо зүйлүүд. Ид шид технологийн хувьд улам дэвшилтэт болсоор. Нисдэг бор мориос ОПТИМУС МАКСИМУС  хүрэв. Гэтэл бидний ид шидэнд итгэх сэтгэлгээ бараг хойшоогоо хэдэн алхам ухарчээ. Эцэстээ элс шороонд хүрэв. Аятайхан л амьдарцгааж байна даа?
 Уран зохиолд ч ид шид хүчтэйгээр үйлчлэх болов. Би энэ зохиолоо зүүдэндээ биччихсэн. Паа, энэ чинь ид шид. Санаандгүй явж байтал гэнэт нэг юм чихэнд шивнээд, хаанаас ч юм бүү мэд, тэгээд л шууд урсгаад л хэдхэн секундын дотор энэ найраглалыг бичсэн юм. Паа бас л ид шид. ОПТИМУС МАКСИМУС шивнэсэн юм уу, хаашаа юм. Дууны шүлэг бичих юмсан гээд бодоод явж байтал гэнэт гудамжинд эхлээд аялгуу орж ирээд л дараа нь үг нь урсаад л бас дуулах дуучных нь дүр харагдаад л бүр клип нь дүрсжээд топ модель охин тоглоод л жүжигчин юм уу, алиалагч юм уу мэдэгдэхээ байсан залуу хайртыгаа хайгаад л. Паа энэ бол ёстой ид шид. 
 Шинжлэх ухаан бол тэрчигтээ ид шид. Тулганд гал түлж амьдарсан нь өвчин тусаж үхэхгүй гэдэг нь бараг л суурь шинжлэх ухаан. Морь унасанаар монгол хүн майга болоогүй гэдэг бараг л хавсарга шинжлэх ухаан. Тарваганы “хүн мах” идвэл нойр булчирхай эдгэрнэ гэдэг нь оны шинжлэх ухааны нээлт. Хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн зүйл бол баавгайны тархи. Баавгайны тархи 11 саяд хүрэв. Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн үр ашиг нь энэ. Ид шидгүй юм хаанаас ч хайгаад олоход бэрх болов.
  Хаана сайн будаатай лам хуварга, эсвэл шороотой үзмэрч байна. Тийшээ аяны жолоо өргөнө. Дэндэвийн Пүрэвдоржийн дуу шүлэг ”санасан зорьсон хэрэг бүтэх, аяны жолоо тийшээ байна” гэдэг шиг л юугаа үл хайрлан зүтгэцгээх мөртлөө хөгшин ээждээ цагаан сараар ядаж очиж золголгүй олон жил болсон байх энүүхэнд. Ямар сайндаа л миний нэг ойрын ах дарга болчихоод эхлээд ээждээ биш том даргадаа очиж золгодог байсан юм даа? Би бүр гайхаж цөхдөгсөн. Ээжээс илүү ачтан гэж бас байна, аа. Сонгодог л аж төрцгөөж байна даа?
ОПТИМУС МАКСИМУС-ууд нийгэмд улам олширсоор,гэвч ид шид хэзээ ирэх вэ? Шашингүй хүн бол бурханаа хайж яваа хүн гэдэг. Харин ИД ШИД хайж яваа хүн бол бурханаасаа бултаж яваа ХҮН мөн гэж бодлоо. Даанч сүүлийн үед нэг ч удаа бурхандаа залбираагүй санагдав.  АРАЙ ОПТИМУС МАКСИМУС-д...
                         Яаран залбирах минь  УМ, АМИН, АЛЛАХ

                      Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг
                                           2012-12-26

Saturday, December 22, 2012

үг

СЭТГЭЛИЙН ОРОН ХАРАНХУЙЛВААС...
  Удахгүй лаа шүдэнз их хэмжээгээр бөөндөнө гэсэн зар маш ихээр тавигдана. Гэрийн үнэ ч зах зээл дээр навс унана. Учир нь 21-нд юу ч болсонгүй. Гэхдээ хүн гэдэг амьтан энэ хэвээрээ байвал өөр нэг өдөр 21-н болж л таарна. Учир нь бид бүгдээрээ дүрсэнд дурлаж, зөвхөн дүрсийг ихээр шүтэх болжээ. Гоо үзэсгэлэн, яруу сайханг зөвхөн дүрсээс хайна. Нүд хөмсөг, уруул амны дүрсэнд дурлана. Бэлхүүс өгзөг, хөл гарны дүрсийг шүтнэ. Хорвоо бүхэлдээ дүрсээс бүтсэн мэт өнгөцхөн хийгээд гэнэнээр сэтгэнэ. Суух сууц, унах унаа, барих утас, өмсөх зүүх бүгдийн  дүрс чухал.
  Өнөөгийн олны төсөөллөөр ганцхан дүрс мэт үзэгдэх болсон ертөнцөд улам л өнгө гэрлийг чухалчилсаар. Гялбалзаад л байвал сайхан гэж андуурч эндүүрсээр. Будаад л шунхдаад л аль болохоор өнгө алагласан байвал хүсэл ханана. Хэрэв анзаарсан бол хүмүүс бидний өмссөн зүүсэн ямар хурц тод өнгөтэй болсон гээч. Эргэн тойрон ямар эрээн мяраан болсныг тогтож нэг анзаараарай. Аймшигтай өнгө гэрлийн сүлэлдээн. Толгой эргэж дотор муухай оргино.
  Өнөөгийн олны төсөөллөөр зөвхөн өнгө алагласан гэрэл мэт харагдах болсон ертөнцөд улам бүр үнэрийг эрхэмлэсээр. Анхилуун л ханхлаад байвал сайхан гэж андуурч эндүүрсээр. Гэвч анхилуун үнэртэн өндөр үнээр авч суга хүзүү рүүгээ цацах атлаа өдөр шөнөгүй “хүний үнэргүй” явдал хийнэ. Хүний үнэргүй араншин гаргана. Элдэв цэцгээс гаргаж авсан ялдам үнэр анхилуулавч байнга баас үнэртсэн мэт ярвайж явна. Агааржуулагч агаарт цацаж агаарыг хүртэл үнэржүүлэхийг хүснэ. Орчлонгийн сайн муу үнэрийг бус гагцхүү таатай сайхныг хамраараа сорохыг хүснэ.
   Өнөөгийн олны төсөөллөөр чухамдаа анхилуун үнэр л сэнгэнэх ертөнцөд улам л дуу чимээг шүтсээр. Түжигнээд нүжигнээд л байвал сайхан л хэмээн андуурч эндүүрсээр. Нүргэлсэн их дуу чимээн дотроосоо өрөөлийг битгий хэл өөрийгөө ч олж сонсохоо байжээ. Угтаа хамаг бүгдийн дуу чимээ, нүргээнийг сонсовч юуг ч үл сонсоно. Таг дүлий мэт хамаг юм нэг л хэмнэлээр шуугина. Сонсоод байгаа мэт толгой дохиж зүгээр л сонссон дүр үзүүлэх бөгөөд угтаа “би, би” хэмээн нян өвчин хамаг биеэр нь бужигнана.
  Өнөөгийн олон ДҮРСТИЙН ОРНООС, ДҮРСИЙГ ШҮТНЭ. ДҮРСЭЭС ГЭРЛИЙН ОРОНГ ШҮТНЭ. ГЭРЛИЙН ОРНООС ҮНЭРИЙН САЙХАНГ ХАЙНА. Өөрсдийнхөө бүтээсэн дүрс, гэрэл, үнэрийн оронг  ердөө утга учиргүй ДУУ ЧИМЭЭГЭЭР дүүргэжээ.
ГЭТЭЛ СЭТГЭЛИЙН ОРОН ХАРАНХУЙЛСААР. Тэнд улам цөлжсөөр. Тэтгэврийн мөнгөө харамлалаа гэдэг шалтгаанаар эхийгээ хүү нь хөнөөнө. Олон сумтай буу мөрлөж ороод л толгой залган сууж эрдэм сурч байсан ижил нөхдөө тугалган сумаар шүршиж орхино. Энд тэнд тэсэрдэг дэлбэрдэг бөмбөг булж, түүнд нь олон зуун хүн өртөж хорвоог орхихыг ариун явдал гэж үзнэ. Ээжийнхээ цүнхнээс мөнгө хулгайлж гурван хоног өдөр шөнөгүй COUNTER STRIKE-даад шууд эмнэлэгт хүргэгдэж, шөнөжин “алаад өг, алаад өг, буудаад” хэмээн хашгирч хононо. Өндөр насанд тусалдаг өргөсөн юмын дамжилдаг үе дуусаж өндөр настанг түлхдэг, өргөсөн юмыг нь булаадаг үеийнхэн жигдрэн жагсана. Хэн ч сэтгэлийн орон бүрэн харанхуйлваас дүрстийн хийгээд гэрлийн орон ч бүрэн харанхуйлна гэдгийг олж харахгүй. Харсан нь түүгээр ашиг олохыг санаачилж, хөөрхий олны хэдэн бор төгрөгийг лаа шүдэнзэнд  өгөөд дуусгана. Ном биш хов ярьдаг гэгээнтнүүдээр дүүрч, хүний бүтээсэн бүх л оюун мэдлэг үнэгүйдэж, нэг гарынхаа алган дээр шүлсээ хаяад нөгөө гараараа цохиж үсэрсэн зүгт нь явахыг номлогчид үстэй толгойноос бүр толгойны үснээс олон болжээ. ГЭТЭЛ ЭНЭ ЗУУР СЭТГЭЛИЙН ОРОН УЛАМ ХАРАНХУЙЛСААР... Харин эсрэгээрээ дүрстийн орон улам хуурмаг өнгө гэрлээр гялбалзсаар, зул жаргахын өмнө бадамлахын адил санагдана.
  Бидэнд сэтгэлийн орноо цэлмээх ганцхан боломж бий. Тэр нь сэтгэл дүрсгүй, өнгөгүй, үнэргүй ч Сэтгэл дүрсээс илүү дүрс юм, Гэрлээс илүү гэрэл юм. Ямар ч үнэрээс сайхан үнэр юм гэдгийг таньж мэдэх явдал. Зүгээр л сэтгэлээ таних явдал. Сэтгэлийн хүчээ мэдрэх явдал. Тэр л хүчийг мэдрээгүй цагт дүрс хийгээд гэрлийн оронд тачьяадан дурлах нь хэвээр байна. Харин ч улам бадрахын олон шалтаг нэмэгдсээр, мөнх цаст уулын оройн мөсөн мэт зузаарсаар байх гэнэ.
  Нэгэн эгэл хүмүүн даяанчийн агуйд саатжээ. Даяанчаас тэр” ямар бурханг шүтвэл хамгийн ашигтай вэ? гэж асуусан гэдэг. Өвгөн /мэдээж даяанч нар голдуу өвгөн байдаг / даяанч түүнийг удаанаар ширтсэнээ “СЭТГЭЛ” гэдэг бурхан гэжээ. Сэтгэл тэгэхээр бурхан байх нь.  Их хаан ”сэтгэлийн  барьваас бие нь хаа холдох” гэсэн гэнэлээ. Сэтгэл тэгэхээр биеэс хүчтэй байх нь. Монгол хэлэнд бас” СЭТГЭЛГҮЙ” гэдэг үг бий. Ямар сэтгэлгүй хандаа вэ? Ёстой сэтгэлгүй явдал гэхийг бишгүй сонсож явлаа. Сэтгэл тэгэхээр хүний аж амьдралын дээд суртахуун байх нь. Түүнийг л таньж мэдээгүй цагт дүрстийн оронд шунах хүсэл багасахгүй билээ.
 Биднийг сэтгэлийн харанхуйгаас  хагацаах ганцхан сайхан зүйл бий. Магадгүй СЭТГЭЛ гэдэг бурханы бэлэг ч юм билүү? Харин би түүнд хар багаасаа хайртай байсан. Одоо ч хайртай хэвээрээ. Түүнийг ЯРУУ НАЙРАГ эсвэл ЗОХИСТ АЯЛГУУ гэдэг. Яруу найраг бол хүний сэтгэлийн дээд мэдрэмж юм. Яруу сайхны дуулал юм. Хүний сэтгэлийн дуулал юм. Түүнээс бус тайзан дээрээс гоншигнодог “ард түмэн минь өлсөж байна, яасан төр вэ, хөөрхий хоосон ходоод” гэх мэтийн шүлэглэсэн өргөдөл гомдол биш. Тэр хэтэрхий ариун гэгээн зүйл. Түүнийг шавар шалбаагтай хутгалдуулахыг хүсэгчдийн сэтгэлийн орон лавтай будангуйрсан байж таарна.
  Сайхан шүлэг уншсаны дараа сэтгэл нэг л цэлмээд явчихдагийг мэдрээгүй бол таны сэтгэл харанхуй нь нянд баригдаж, овоо өвчилжээ гэж оношлож болно шүү? Яруу найраг нэг талдаа яруусал юм. Нөгөө талдаа ариусал юм. Сэтгэлийн ариусал юм. Шүлгийг тарни мэт тоолон уншихуйд ухаарал гэгээрэл цэцэг мэт дэлгэрч дүрс хуурмаг, өнгө зуурдын, үнэр саринагч, дуу чимээ хоосон болохыг таньж зөвхөн сэтгэлд бүгд буйг ойлгоно.
  Эцэст нь дүрстийн оронд юу их вэ? Дүрсэнд шунах хүсэл их. Тэр хүслээ зөвхөн сэтгэлээрээ хазаарлана. Нэгэнт хүсэл шунал чинь хазаарлахын аргагүй их болоход сэтгэлийн орон тань харанхуйлж эхэлнэ. Энэ бол хөхрөгч дээр цэлийдэг гэдэг шиг гарцаагүй үнэн. Хэрэв сэтгэлийн орон харанхуйлваас хичнээн түмэн лаа асааж, гал түлээд юу ч туслахгүй нэмэр үгүй  гэдгийг ойлгохгүй аваас дараагийн 21-н давааны цаахан байна. Хүү нь ээж рүүгээ сүх далайна. Үхэр цохих мэт юу ч бодолгүй тоншиж орхино.
  Гэвч бусдаас илүү эмс энэ хуурмаг үзэгдэлд дурлан шунана. Эр нөхрөө далдуур мэхлэж, алиа шалигийг үүсгэнэ. Дүрсэнд биеэ битгий хэл нүдээ өгөхөөс ч буцахгүй болно. Зуурын төдий хуурмаг гэрэлтэй болохын тулд оёуулж, огтолуулж, наалгаж, зүүлгэж, татуулж, соруулж баларна. Гэвч сэтгэлийн өвчнөө үл тооно. Сэтгэл хоосрон байгаагаа үл анзаарна. Ерөөс сэтгэл ямар хэрэгтэйд эргэлзэж эхэлнэ. Түүнтэй түүнгүй өнгө гэрэл байна, дүрс байна, үнэр байна хэмээн андуурна. Хөөрхийс үс нь богиноссон ч ухаан нь уртассангүй. ГЭТЭЛ ЭНЭ ЗУУР СЭТГЭЛИЙН ОРОН УЛАМ ХАРАНХУЙЛСААР...
Хэрэв сэтгэлийн орон бүрэн харанхуйлваас 21-нийг номлогчдыг шоолох биш “худал” үнэнд гүйцэгдэж лаа шүдэнз цуглуулаад ч лай ланчигаа эдлэх вий.
  ХҮН гэдэг амьтан харваас байгалийн амьтан байтлаа амьдрал бүр амьсгалахаа хүртэл тооцож, томьёолсон электрон машин, төмөр хайрцаг төдий зүйл болж хувирах гэж үү? Манай үеийн Баатарын Галсансүхийн бичсэн шиг ” сэтгэл гэдэг эрхтнээ” яах вэ? Бүүр цаашлавал СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТНЭЭ ЮУГААР ЭДГЭЭХ ВЭ? Бүүр эцэст нь тулгавал ердөө ганцхан асуулт л байна.
МӨНГӨ ТООЛОХ УУ? ШҮЛЭГ УНШИХ УУ?
                             Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг
                                          2012-12-22

Tuesday, December 18, 2012

үг

                                “НИСЭХ ХҮСЭЛ”-ИЙГ “ГҮЙЦЭЭВ”
                        /Л.Баасансүрэнгийн ”Нисэх хүсэл” номын тухай/
НЭГ. НИЙТЛЭГ ҮГ  
   Одоо бүгдийг залгих шуналтай эрин зуун дуусаж, гэгээн хүслийн эрин эхэлж байгаа тухай бүгд ярьцгааж байна. Бүгдийг авах идэхийн хүслээр амьдарсан хүн төрөлхтөн одоо л таних мэдэхийн хүслээр амьдарч эхэлнэ гэнэ. Юутай сайхан цаг вэ? Энэ цагийн эхэнд зарим хүнд онцгой хувирал явагдана. Тэдний биенээс цэцгийн сайхан үнэр өвөл зунгүй анхилж, үг яриа нь яруу сонсголонгийн дээд болж, буй биеэрээ бурханд хувилах юм гэнэлээ. Тэгвэл зарим нь язгуурын сайнаа үзэж шүлэг бичиж эхэлнэ. Товчхондоо оюун санаагаараа бурханд тэмүүлж, түүний зүг уусан нягтарахыг хүчтэйгээр эрмэлзэнэ. Ердөө “нисэх хүсэл” төрнө. Нэгэн судалгааны санал асуулгаар арван хүн тутмын найм нь нисэж зүүдэлсэн гэж хариулжээ. Хэзээ нэгэн цагт хүмүүс нисдэг байсан эсвэл удахгүй нисдэг болно. Харин яруу найрагчид хэзээний нисэх хүслээр дүүрэн амьдардаг. Тэд газраар алхавч оюун санаа нь энд биш алс огторгуйд тэнгэрт, ер бусын орон газар байх нь түгээмэл. Энэ л хачин сонин хувь тавилан Лхаантувдангийн Баасансүрэнд оногджээ. Түүний шүлгүүд үнэхээр “нисэх хүслээр” дүүрэн юм. Оюун санааны хязгааргүй цээлд шумбах эрмэлзлээр дүүрэн байна. Энэ л чанар нь хуваагчаас дахин хуваагч байх хүсэл яруу найргийн дотоод гүн эрчимлэг давхарга руу түүнийг оюун санааг татаж байна.
   Бидний үзлээр яруу найргийн сэтгэлгээ давхар хуваагч чанартай юм. Аливаа юмс үзэгдлийг хүн хараад өөрийн бодлоор сайн муу, сайхан муухай хэмээн гоозүйн хүрээнд яруу сайхны үнэлэмжээр хуваадаг. Харин яруу найраг бол тэр л хуваагдлыг дахин хуваах боломжтой онцгой урлаг юм. Зөвхөн анхдагч хуваагч байх яруу найрагт ердийн явдал, харин дахин хуваагч байна гэдэг аз завшаан, авьяас, хувь ерөөл гэдгийг ойлгосон “БҮТЭЭГЧ” чанар Баасансүрэнд бүрэлдсэн байна. Одоо харин дахин хуваагч чанарт тэмүүлж шүлгээ бичих л зам үлдлээ.
   Хөдөөх ахуй нам гүмийн дунд хонины захад шүлэг бичиж суух амьдралын нэг л сонгодог агшин. Энэ агшныг бүтээгч байна гэдэг ховорхон хувь заяа гэж Л.Баасансүрэн нилээд эртнээс ойлгож ухаарсан ажээ. Шүлгүүдээс нь зүгээр нэг гоо сайхныг өнгөцхөн илсэн сэрлүүд бус бүр навчсын судал, өвсний гүн рүү өнгийсөн сэрэхүй ноёлж байна. Харах үзэх, амьдрах амьсгалах бүхэн нь байгальтай ойр байгаа нь мэдэгдэнэ. БАЙГАЛЬ-БУРХАН гэдгийг ойлгоод бурханы дотоод яруу сайхныг олж хүртэх гэсэн ХҮСЭЛ олон шүлгүүдээс нь гэрэлтэнэ.
   Нэгэн бодол одоо ч надад төрдөг. Тэр цагт Эрээнцавд Нямсүрэн шүлгээ яаж бичдэг байсан бол, өвөл юу хийж, хавар мод түшээд, зун тэр модныхоо сүүдэр дор, намар навчсаар тоглодог байсан болов уу? Энэ цагт Сольтогтохын Дамдиндорж цасанд чарга хөллөөд Орхоны эх өгсөж, мөс цоолож загас барьдаг болов уу? Халуун пийшин дээр цас унахыг эсвэл борооны дусал шажигнахыг чагнаад шүлгээ бичдэг болов уу? Түүнтэй адил би Баасансүрэнгийн шүлгүүдийг уншиж суугаад Эрдэнэмандалдаа, Зүүн цүүрийн голд адуундаа явахдаа ямар дуу исгэрдэг бол Хархул хааны балгас хавиар өнгөрдөг болов уу? Жимсэнд яваад ямар морьтой бууж ирдэг бол гэсэн зугаатай бодлуудад ээрэгдэж байлаа. Ийм ахуй дунд шүлэг бичих шиг төгс зүйл үгүй гэдгийг хүн төрөлхтөн саяхнаас л анзааран мэдэв. Зөвхөн шүлэг ч бичих биш зүгээр л амьдрах. Зүгээр ч нэг амьдрах бус
Хаврын амтыг үзэх шиг
Нулимсаа эрээд олох шиг
Нууцаа өөрөөсөө хайх шиг  
Хачин мэдрэмжүүд
Хаанаас ирээд сэтгэлд  үүрээ заснав /Л.Баасансүрэн” Нисэх хүсэл” 2012/ хэмээн   шүлэг бичиж хорвоо ертөнцийг танихаас гадна өөрийнхөө дотоод сэтгэлийн хөдөлгөөөнийг олж мэдэхийг хүсэж амьдрах чухал гэдгийг ойлгож эхэлжээ. Мөн зүгээр нэг өөрийгөө танин мэдэх бус хаврын амт хичнээн сайхныг бүх зүрх сэтгэлээрээ мэдэрч амьдрах, аяндаа асгараад байгаа нулимсаа хаанаас урсаад байгааг эрээд олох зэргийн хачин мэдрэмжүүддээ ээрүүлэн гэнэт хаанаас ирээд тэр бүхэн сэтгэлд үүрээ засав хэмээн эргэлзэхэд л яруу найргийн чухам утга учир оршиж байгааг мэдвээс зохилтой ч тэр хэдийн мэдэхээс цаагуур мэдсэн нь мэдэгдэнэ.
 “Нисэх хүсэл” номноос хоёр зүйлийг анзаарч болно. Нэгдүгээрт: 2011 оноос хойш энэ шүлэгч ямар өөрөөр сэрж мэдэрч, бичиж эхэлсэнийг, хоёрдугаарт: яруу найргийн мөн чанарыг ухаарч, өвөрмөцөөр  бичих хүсэл ямар их байгааг. Тиймээс энэ ном бүхэлдээ эрэлхийлж яваа Л.Баасансүрэнгийн ололт амжилт, алдаа эндэгдэл юм. Гэвч хамгийн гол нь өөрийгөө хийгээд ертөнцийг олж танихын эрж хайхын сэтгэлээр жигүүр хийж, нисэх хүсэл улам оргилсоор буй нь шүлгүүдээс нь шууд мэдэгдэнэ. Тэгээд ч хүсэл зорилгогүй залуу хүмүүс их болсон энэ цагт тэр алс бөглүү хөдөө газар яру найргийн ийм халуун сэтгэлтэй нэгэн суугаад мал хуй, аж амьдралынхаа хажуугаар шүлэг бичиж байгаа нь эрхгүй сэтгэл хөдөлгөдөг юм. Гэтэл орон хотод суугаад боломж байгаа мөртлөө огт шүлэг бичихгүй байгаа шүлэг бичдэг байсан залууст ч харамсах сэтгэл төрдөг юм. Харамсах сэтгэл төрөх төрөхдөө:
Бодлоос минь хэн нэгний
Бодол ханхлах тусам
Бороо хэдэн хоногоор зүсрээсэй...  /Л.Баасансүрэн “Нисэх хүсэл” 2012/  хэмээн үнэн сэтгэл зүрхнэсээ бичихийг хүсэхгүй байгаад нь бүр ч их.
ХОЁР: ХАНДАЛ ҮГ
  Энэ номонд  илэрхий олон алдаатай, зөвтгөх үг олдохгүй шүлгүүд ч бий. Гэхдээ яадаг юм, байж байг гэж бодоод энэ удаа үлдээв. Бусад нь хүн яаж яруу найргийн учир хүчтэйгээр хувирч өөрчлөгдөхийг хүсдэгийг хараг гэж мунхаглан бодов. Түүнээс бус төвөнхний цаана түрэгдэж ирсэн үгс байсан гэдгийг минь ойлгож Баасансүрэн шүлгүүддээ илүү чамбай, нягт, бүтээлч хандана гэдэгт итгэнэ. Хэзээ нэгэн цагт бусдын хаалгыг хааж, өөрийнхөө үүдийг нээх хэрэгтэйг ч зарим шүлэг чинь хэлээд байна. Зарим шүлэг чинь тийм саруул хөдөөд байж, түүнээс ч саруул харж, эрүүл сэтгэхийг анхааруулж байна. Дуу чимээний хаанчлал бус дуу чимээгүй нь хаанчлалд нэвтрэхийг чи хүсэж байна. Тэнд л жинхэнэ дотоод яруу сайхны нууцлаг дуу хоолой цуурайтаж байдгийг чагнана. Тэнд л жинхэнэ яруу найргийн чухам юутай ч харьцуулж, жишиж болохооргүй гоо сайхан оршиж байдгийг мэдэх болно. Уураар хийгээд түлшээр ажилладаг хөдөлгүүр биш харин сэтгэл зүрх, онцгой мэдрэмжээр ажиллаж байдаг мөнхийн хөдөлгүүр бол яруу найраг гэдгийг илүү бясалгаж ухаарах ёстойг хэлэх байна.
 
ГУРАВ. ЗАХИАС ҮГ
Түүнийг илүү их ажигла. Түүнийг илүү ихээр чагна. Түүнд гүн нэвтрэхийг оролд. Түүний ер бусын хувирлуудыг ажигла. Тэндээс чи өөрийгөө илүү ихээр ойлгож, мэдэж таних болно. Тэр бол БАЙГАЛЬ. Чамд байгаа давуу тал бол ердөө энэ. Энэ бол Д.Нямсүрэнгийн давуу тал, С.Дамдиндоржийн давуу тал. Маргааш чиний давуу тал байхыг би хүснэ.
Нутаг орон чинь өөрөө асар том яруу найргийн биоталбай. Тэнд Лхамжавын Лувсандоржийн, Сүхбаатарын Бөтмөнхийн, Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн, Бидэрийн Баярсайханы, Мягмарын Амархүүгийн “амьсгал” буй. Түүгээр амьсгал. Монгол минь өөрөө яруу найргийн асар том биоталбай. Тэнд Дашдоржийн Нацагдоржийн, Дамдинсүрэнгийн Урианхайн, Очирбатын Дашбалбарын “амьсгал буй. Түүгээр ханаж цадалгүй амьсгал. Орон Дэлхий минь тэр чигээрээ яруу найргийн биоталбай. Тэнд Уолт Уйтмений, Таагүүрын, Блокийн, Эзра Паундын, Силвия Платын “амьсгал” буй. Түгээр шунан дурлан” амьсгал”.
ГҮЙЦЭЭ.
                                    Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг
                                                2012-12-18







Sunday, December 16, 2012

багш минь

АЛАГ ХОРВООГИЙН НАЙРАНД АРГАГҮЙ Л...
 Толгой дээгүүр утаан зурвас татуулаад хурдан онгоц нисэн өнгөрөхийг харсан шиг цонхны тавцан түшин зогсов, би.  “Алаг хорвоогийн найранд аргагүй л ганцаардаж явна” гэсэн багшийн минь шүлгийн мөрүүд толгойд үсрэн орж ирэхэд өнөөдөр өөрийгөө итгэлт олон дүү нар, дотно сайхан шавь нар, хань ижил, найз нөхдөөрөө хангалттай хүрээлүүлсэн ч “аргагүй л ганцаардаж” яваагаа мэдэрлээ. “ГАНЦААРДАЛ” гэдэг энэ хачин үгийг өмнө нь огт ойлгодоггүй байж дээ. Магадгүй  нас хэтэрхий залуу, цус хэтэрхий шингэн байснаас болсон биз. Тэр цагт энэ шүлгийг  анх сонсчихоод их гайхаж байсансан. ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР шиг дэндүү олонтойгоо хүн яахаараа хэмээн эргэлзэн тээнэгэлзсэн юмсан.
1.    Онц сурдаг ч дэггүй, хэлэмгийдүү  ч шулгадуу хүү байжээ. Тиймээс багш нь сургуулийн номын санд үе үехэн цоожлох. Цонхоор гадагшаа харахаар сумын төвийн нэгэн хэвийн дүр зураг. Уйдсан хүү тэгээд л уншиж эхэлжээ. Уншаад л байж, тавиур дээрх хэдэн ном дуусчээ. Заримдаа хачин чанга дуугаар цуурайтуулан уншдаг байжээ. Оройхон багш нь ирж хорионоос нь гаргана. Сүүлдээ ямар ч гэм хийгээгүй мөртлөө өөрөө өөрийгөө сайн дураараа өдөржин “хорих” болов. Хэн ч байхгүй уншлагын  хоосон өрөө, ялимгүй сэрүүхэн, харин уншсан номондоо халууцсан хүү. Ийм л үзэгдэл дундаас жаахан хүү анхныхаа ганцаардлыг олж авчээ. Өнөөх Д.Намдаг гуайн” шорон сайхаан” гэдэг шиг “тийм ганцаардал үнэхээр сайхан байсан” гэж хожим их л хангалуунаар дурсан байж билээ. Мөн тэнд л сумын сургуулийн номын сангийн цонхны тавцан түшээд анхныхаа ганцаардал дунд анхныхаа шүлгүүдийг уншсан нь лавтай. Анхныхаа шүлгүүдийг бичсэн нь тодорхой. Ингээд л яруу найргийн шидэт ертөнц түүнийг нэгмөсөн тэврэн авах нь тэр. Ганцаардалтайгаа хамт.
2.    Ном бол хамгийн сайхан ганцаардал. Эцсийн ганц төгрөгөө номонд өгөөд хоосон ходоодтой гүйх тийм эр зориггүй бол чи яруу найрагч болохгүй” зөвлөөд ч байгаа юм шиг, занаад ч байгаа юм шиг яриаг нь олон удаа сонссон. Хуушуур уу, ном уу гэсэн хоёрхон үг нь намайг тэр цагт мөн ч их зовоосонсон. Одоо ч бодогдсон хэвээр. Харин “ном бол хамгийн сайхан ганцаардал” гэдэг үгийг нь хожуухан ч гэсэн ойлгосон минь түүн рүү дөхөх явган шатны нэгэн гишгүүр байлаа. Гишгүүрээр барахгүй түүний ганцаардлаас хуваалцах сайхан боломжийг олгожээ. Тиймээс л “алаг хорвоогийн найранд аргагүй л...” яваа санагдах юм. Инээд хөөр дотор ч ганцаардаж, эвсэл холбоо, итгэл найдвар дунд ч ганцаардаж, ирж буцдагийн тухай бодох тусам тэмцэл өрсөлдөөнөөс ч ганцаардана.
   Омголон залуу насандаа би энэ орон хотод хоёр шуудай номтой л орж ирсэн юм гэж билээ. Одоо санахад тэр өөрийг нь хүрээлсэн олны дунд хоёр шуудай ганцаардлаа үүрээд, хэдэн дэвтэр дүүрэн ганцаардалтайгаа алхан орсон юм. “Тэнгисийн давалгаа” хэмээх нэртэй тэр ганцаардлууд өөр шиг нь “ганцаардлуудын” анхаарлыг эрхгүй татсан гэдэг. Олон хүнд ямар ашиггүй санагддаг, бүр харагддаг ГАНЦААРДАЛ  нь ч хүртэл аз авчирдаг хүний ертөнцийн явдлыг яах билээ. Яг л тэр 1980—аад оны адал явдал дунд хэдэн муусайн “ганцаардлаа” чемоданлаад ах дүү СССР-ын улс, алтан Москваг зорьсон гэдэгсэн.
3.    “Амьд ганцаардал” миний арван жилийн бага ангийн багш байв шүү дээ? Данзангийн Нямсүрэн. Гараас нь би бас нэг ганцаардлыг авч билээ. Хоёрдугаар ангийн хүү надад Сергей Есенин гэсэн гадаад “ганцаардал” бэлэглэж байсан юм. Ямар байна. Харин Баруун-Уртын гудамжинд нэг амьд “ганцаардлыг” харсан юм. Данзаннямын Шагдарсүрэн. Хромон гуталын түрий “гармошиглосон” эр, тамхиныхаа утааг савсуулаад алхаж явдагсан. Дараахан нь Мишигийн Цэдэндорж гэдэг “ганцаардлыг” шүтдэг боллоо. Дөнгөж саяхан дэлгүүрээс худалдаж авсан шиг “ганган” эрийг их л эртнээс биширсэн юм. Тэгээд л хаалгыг нь тогшиж босгыг нь мөн олон удаа элээсэн дээ?  Тийм л “ганцаардал”-уудын нэг болохыг их хүссэн гэж өрнүүхэн хүүрнэж суусан цаг хугацааг хайрлан санав.  Тэгэхэд л яруу найраг ганцаардал юм гэдгийг илүүтэй ойлгосон ажээ. Гэвч тэр цагт яруу найргийг ”олонтойгоо оволзох” урлаг гэж ойлгож байв шүү? Одоо ч хэвээр. Ямар сайндаа л уран зохиолын сургуульд явах ганцаардлуудыг  “олонлог” энэ тэрийг олдог тооны ухаанаар шалгаж байхав дээ? Шалгалтын хуудсан дээр нь ингэж бичив. Өвгөд дээдсээсээ бид /ганцаардлаа/ хүлээж авсан, үр ачдаа /ганцаардлаа/ хүлээлгэж өгнө. Зоригтойгоор болоод зориудаар “ганцаардал” гэдэг үгийг нэмэв. Харин соёлтойгоор хашилтанд хийв.
4.    Б.Явуухулангаар манай үеийнхэн “адислуулсан” юм. Энэ үгийг тэр нэг их ганцаардсан үедээ хэлж билээ. Тэр үед “Ахмадын Хороо”-ны байшингийн /энэ байшингийн суурин дээр одоо нэг их өндөр шилэн асар бий / модон цонхоор нар тусаад түүний ширээн дээр нь “Зохист аялгуу” нэртэй уран зохиолын хамгийн сайхан сонин хөглөрч, хажууд нь Цэвэгжавын Батбаатар ах хар савхин хүрэмтэй гангарч суулаа.  Үнэндээ бол өөрөөр нь манай үеийнхэн “адислуулаад” эхэлчихсэн цаг байлаа. Ганцаардал нь асар хурдтайгаар ба хүчтэйгээр “халдварлаж” эхэлсэн юм. Тийм халдвар туссандаа шүлэг бичдэг залуучууд бие биендээ сайрхдаг он жилүүд байв. Түүний бичсэн өгүүлэл, эсвэл ярьсан ярилцлаганд авьяастай хэмээн нэр дурьдагдсан ”ганцаардалд суралцагсад” шууд л авьяастай, ирээдүйтэй гэсэн сүрэгт нийлж,  дунд сургуулийн нусгай миний дотор ямархан их атаархал амилан босож байсныг санах ч юм биш. Багш байсан гэх Данзангийн Нямсүрэн, Данзаннямын Шагдарсүрэн, Мишигийн Цэдэндорж шигээ өөрөө бидний хувьд “амьд ганцаардал” болж түүчээ тогоруу шиг түүний араас төөрсөн хурга шиг”юмнууд” дагаж явлаа. Ганцаардалыг гайхалтай өвлөж авсан шигээ гайхамшигтайгаар ”өвлүүлж”, алаг хорвоогийн найран дээр аргагүй л ... явлаа даа?
5.    Энэ Сүхбаатарын Батмөнх бид хоёроос өөр үеийхнийхээ тухай хэн ч тийм халуун сайхнаар бичээгүй.  Гэхдээ би чамаас том “ганцаардал”. Яг тийм эгзэгтэй үед нь би түүнийг сугадаад сургуулиас гарч билээ. Чи Д.Цогттой заавал очиж уулзаарай. Тэр  хэн хэний  дэргэд “том” ганцаардал, манай хэдийн дэргэд бараг л “бурхан” гэж билээ.  Даанч би “тэгнээ, тэгнэ” гэж амласнаа тэгэсхийгээд мартаж дээ? Бурхан минь, том “ганцаардал” болчихсоноо мэддэг том ганцаардлууд хэцүү л дээ? Харин одоо надад “том ганцаардал” болох хүсэл мөрөөдөлтэйгээ өтөлсөн жижиг ганцаардлууд бүүр чиг хэцүү санагдах болов. Магтуулах хүсэлтэй тэднээс зугатааж “ганцаардах” хүсэл төрнө. Цонхоор харагдах утаат уулын дээгүүр татсан тийрэлтэт онгоцны саарал утаа бүдгэрэн бүдгэрсээр... Үнэндээ Ноён хутагтынхаа хөлийг угааж, Нацагдоржийнхоо шарыг тайлж суухсан гэж томчуултай зиндаархаж “ганцаарддаг” хүнийг дагаж явсан он жилүүд минь надад далавч ургуулж одоо би нисэж яваа ч юм билүү? Хэн мэдлээ.
6.    Ганцаардагчдыг өөрсдийнхөө олонлогийн дунд гүтгэгчид хутгаж орхихыг хүснэ. Тэгээд л хэл амаа билүүдэж, хов живэнд түлхэнэ. Нэгэнтээ Д.Батбаяр багшийн хэлсэн шиг” зүгээр л тасарчихаж” тэр чадаагүй юм. Учир нь яруу найрагчийн хувьд хэдийнээ дэндүү алсад тасарчихсан ч эх орончийн сэтгэл нь түүнийг олонлогийн дотор аргагүй л оруулаад байсан юм. Ганцхан хэдэн шүлгээ л бодоод “ганцаардаж” явсан бол гэж зарим хүн дэмийрдэг. Тэр тийм аминчхан “ганцаардагч” байгаагүй юм. Одоо залуу шүлэгч бүхний номын өмнөтгөлийг намайг бичлээ гэж зарим нь өөнтөглөнө. Би зүгээр л номоо бариад ирсэн хүүхдүүдийг хараад “өрөвдөөд” байдаг юм. Ердөө сайн багшийн дэргэдээс миний сайтар сурсан ганцхан зүйл минь тэр. Өрөвдөх сэтгэл. Ганцхан шүлгээ бодоод “ганцаардаж” явж болно л доо? Даанч дотроос минь урагшлахгүй байгаа урагшгүй уран зохиолоо харахаар бухимдах сэтгэл төрөөд “тасраад явчих” үедээ би багш шигээ зууралдсаар суугаагаа өөрөө маш сайн ойлгодог. Хүмүүс яадгийг бүү мэд.
7.    Өвлийн нар жаргаж, цонхоор сэрүүн салхи сийгнэ. Өнөөдрийн  “алаг хорвоогийн найр” өндөрлөж байна. Толстойн “Найрын дараа” шиг...
8.    Аугаа их “ганцаардлын” төлөө харин амьдрахыг хүсэгчид тань шиг “алаг хорвоогийн найранд аргагүй л ганцаардаж сууна даа? БАГШ МИНЬ...
                                    ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
                                                      2012-12-02