Thursday, November 29, 2012

хөрөг

ШИРЭЭ ТҮШИН БОДЛОГОШРОГЧ ...
   “Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна” гэхээр тэр гүн ухаантан лав эрт цагийн хүн биш тун ойрхи цагийнх болох нь тодорхой. Тэгээд ч ширээ ер нь тийм ч эртний зүйл биш байх гэсэн бодол төрнө. Хэрэв “шанаа тулан бодологошрон” гэсэн бол огт өөр хэрэг. Хамаг нарийн учир нь ширээнд л байгаа юм гэж өөрсдийгөө бүрэн хуурахад хүрнэ. Гэтэл цаана нь байгаа “бодлогошроно” гэдэг хамаг гол үгийг хэн ч үл анзаарна. Тийм үг огт байхгүй мэт зөвхөн ширээний тухай ярина. Ширээний тухай бодно. Цагийн ханш ийм юм. Ийм цагт “бодлогошрогчид” бус харин “ширээнүүд” үнэд хүрнэ. Залуус бодлогошрогч биш “ширээ” болохыг хүснэ. Яруу найрагт ч “ширээнүүд” шилээ хараад эгнэж байхад “бодлогошрогчид” хуруу даран цөөрсөөр байна.  Эмгэнэл энэ юм. Нөгөө талаараа Гамлетийн ганцаардал шиг арга барагдмаар, Макбетийн эндүүрэл шиг өчүүхэн, хөөрхий Эдип шиг бүх юм санамсаргүй, Григорий Мелехов шиг мухардал юм.
  Хөдөлмөр нэр төр алдар гавьяаны хэрэг биш, хөдөлмөрлөлгүйгээр нэр төр алдар гавьяанд хүрэхийг санаархагч тавцан сайтай “ширээнүүд”  гэмгүйхнээр бодлогошрогчдийн өмнүүр ханхалзах тоолонд уур унтуу минь хүрч, өр зүрх дэнслэн, өвчүү цээж хөндүүрлэнэ. Гэтэл “бодлогошрогч” байж мэдэх нэг хүн “хэн байх нь чухал биш хүн байх нь гол” хэмээн үертэй гол шиг амьдралын захаар  жараахай шүүрдэгч хүү мэт алхаж явна.
“Нөмрөөд ирэх манан хэний сэтгэлийн дээл вэ?” гэдэг шиг нөмрөөд ирэх гунигт бодлуудыг хөмрөөд хаяхыг хүсэвч “цохлоод ирэх үйлийн үрийг яалтай” гэгчээр  нэг л мэдэхэд сэтгэлийн дээл шиг бодлын манан дунд төөрөн алдана. Тэр төөрөгдөл дунд хүний муу нь тод харагдаад сайн нь  улам ч бүдгэрнэ. Өдөр шөнөгүй толгой дээрээ дэнлүү барьсан үнэн худал нь мэдэгдэхгүй СҮҮДРҮҮД  харанхуй дундуур улсын хаан мэт эрх дураараа урагшаа хойшоо сэлгүүцнэ. Манан мэт сэтгэлтэй хүмүүсийн магнай тэнэгэр, манай энэ үеийн гуниг тэр юм.
   Нэг хүн улаан цайм бие сэтгэлээрээ хохирчихоод “Тэр муу залуу хөөрхий, би өөрөөсөө л болсон юм. Хүн муу хэлээд яахав. Миний л байгаа байдал, би л муугаасаа л болсон байна. Тэнэг хүн чинь хөөрхийд итгээд, чааваас тэр мууд буруу өгөөд яах вэ? гэсэн үгс амнаасаа унагах нь одоо л лав эрүүлгүйд тооцогдож,  долоовор хуруугаа цохондоо тулгаад нар зөв эргүүлэхэд хүргэнэ. Нимгэн шар царайгаа үрчийлгэж, өвдөж шаналсанаа нуух гэж оролдоод “ядарсан тэр амьтнаас ял асуугаад юу хийнэ, яахав дээ, тэр надаас болж” гэхэд нэрэлхүү Монголын нүүрэн дээр өрөвч зөөлөн сэтгэлийн өнгө гэрэл тодорно. “Зэрлэг нугас”-ын оюутан залуу шиг зориггүй, “Алтан сүм” шиг аяндаа сэтгэл шатаах, өнчин Тулга шиг цээжин дээр тээглэсэн, Дон Кихот шиг, Блокийн тухай Цветаевийн шүлгийн мөр шиг  эрийн дүр арилж:
Зүрхээ эгээ л очир алмааз шиг гэрэлтүүлэн,
Зүдэг амьдралын харанхуй дундуур алхья, би  гэж хэлээд замын унаанд суугаад унасан нутаг Завхан биш ар хойдох уулс нь нийлсэн Архангайд амьдрахаар одно. Яруу найрагчийн л эхнэрт байхаар нэртэй Янзага нь сөөсгөр хэдэн хүүхэд нь тосоод авахыг бодохоор зүдэг амьдралын харанхуй дундуур зүрхээ гэрэлтүүлж яваа нь даанч үнэн санагдана. Данко шиг эсвэл Ричард Бахын цахлай шиг, Намдаг гуайн хөгшин чоно шиг, Козетта эсвэл Шоша охин шиг сэтгэл гэрэлтүүлсэн шүлгийн мөрүүд тэнгэрт татсан сүүн зам шиг харагдахад тэртээ ХХ зуунд оюутны байрны дөрвөн давхард охидын тасгийн үүд таглаад нулимст нүдээр шүлгээ уншиж зогссон гэрэлт шар ах минь эрхгүй бодогдоно.
Хурууны хээ, навчны судалтай адилхан болохыг ойлгоод хүнд муу санахаа больсон нь хорвоо ердөө төгсгөлгүй эхлэл, эхлэлгүй төгсгөл гэдгийг таньсан сэтгэл юм. Тийм сэтгэлээс ад хорын  зүйл яавч гарахгүй болохоор ЯГОИЗМ  гэдэг урсгалын төлөөлөгч яруу найрагчдаас цөөхөн төрдөг гэнэм. Хүнээс хожим юу үлддэг вэ? гэсэн асуултанд зарим нь үйл хэрэг нь ч юм уу, туульс бүтээл нь гэх бий. Гэвч аль алин цагийн зугаа мэт. Харин “сэтгэл” гэдэг  юу юунаас ч илүү мөнхийн санааг бурхан бидэнд  гал олж, чулуу эмтэлж зэвсэг хийхээс минь ч өмнө “өгсөн”  бололтой. Энэ л уугуул язгуурын Санта Клауссын зул сарын бэлэг шиг ууттай зүйлээ задлаад зам зуур гээчихээгүй хүмүүс хурууны хээ, навчны судал хоёр адилхан болохыг “нээх” ухаан удамшин хадгалагддаг болжээ. Физикийн нээлт тоо нь цөөхөн учраас үнэтэй юм. Харин яруу сайхны нээлт элбэг учраас хэн ч анзаарахгүй өнгөрөх нь бий. Заримдаа гүн ухаантан ширээ түшин бодлогошироод ч яруу сайхны нээлтийг дэргэдээсээ алддаг байж болох юм. Үлэмж гэгээн явах хэцүү ч үлэмж гэгээн явахыг хүсэх сэтгэл төрөх юунаас ч бэрх. Хомер шиг сохор боловч үздэг, Таскалийн “Зугаатай библи” шиг бүгдийг хөнгөнөөр хардаг тийм л төрөлх хүн-суурь хүнээс МӨН ЧАНАР болж үлддэг билээ.
Үлэмж гэгээн явахуй, хурцхан гэрэлтэй мөнгөн одод хундага шиг үзэгдээд байхаар чинь шүлэг биихгүй байх гэмт хэрэг билээ. Тийм хурцхан одод хундага шиг үзэгдэхгүй байхад шүлэг бичих бас гэмт хэрэг юм. Харин үлэмж гэгээн явахад хорвоогийн үзэгдэл бүхэн саруул сайхан харагдах ч хүний явдал бузар буртагийг үл мэдэх гэнэн цайлгануудын тэргүүн эгнээнд Суворовын морин хорооны халимаг эр шиг дүүлж яваа түүний нүдэнд юм бүхэн харагддагаасаа хавьгүй илүү гэрэлтэй үзэгддэгийг мэдээд гайхаад барахгүй. Гэнэн  цайлганууд, хүүхэд насаа оюун санаандаа тээн явагчид  харваас өр зөөлөн байдаг.
 Инээхдээ хүртэл ямар ч хяналтгүй эрх дураараа инээдэг. Шүлгүүд нь яг л инээд шиг нь эрх дураараа. Инээснийхээ дараах шиг ялимгүй гэрэвшингүй байх нь шүлэг эзэн хоёр адилхан байдгийн жишээ. Гэтэл даанч олон хүний шүлэг эзэн хоёр газар тэнгэр , гал ус шиг ялгаатай байдгийг би мэднэ. Шүлэг шиг нь санаад зарим хүмүүст сүрхий хууртсан минь хичнээн билээ. Харин энэ инээд шигээ шүлэгтэй хүн, шүлэг шигээ л хүн, хүн шигээ шүлгүүдтэй нэгэн. Ноён шүлэгч нохой шүлэгтэй байхыг хараад өөр шигээ шүлэгтэй “тэднийгээ” өмөөрөх бодол дотроос төрнө.
Дотогшлох тусмаа ус шиг цээлсэж, дорхноо тэгээд гал шиг бадрах хүсэл төрөөд унтарч асаж яваа  нь Өмнөговийн Ноён суманд амьдарч байснаас нь ч сайхан юм. Баастын Золбаярын “Гэгээн хэсүүлчин” хэмээн бахархаж бичсэн шиг сайхан юм. Нүүж явна даа? хэмээн инээж суусан шиг нь сайхан юм. Харин дотогшлох тусмаа харанхуйлдаг бусдын сэтгэл шиг биш улам улам цээлсэж байгаа нь сайхан юм. Өөр юу юу ч сайхан юм, бүү мэд. Түүний сэтгэл тэр чигээрээ өвлийн түлээгээ хагалж хураагаад байшингаа тултал өрсөн ууланд суух анчин өвгөний сэтгэл шиг сайхан юм. Дорхноо тэгээд гал шиг бадрах хүсэл нь дорхноо тэгээд салхи шиг намдах чанартай нь сайхан юм. Дандаа бусдыг түймэрдчихээд байдаг гал шиг хүмүүсээс асаж унтарч явдаг нь аятайхан санагдах нь сайхан юм.
Маргааш нь тэгээд нар мандахдаа миний харцаар гэрэлтэх болно хэмээх бардамнал маргаашийн тухай эрхгүй бодуулна. Маргааш нар мандах нь тодорхой. Мэдээж тэр хүний хоргүй сайхан харцаар гэрэлтэх болно. Ийм л итгэл дүүрэн амьдрахад өнөөдрийн бага зэргийн “адал явдал” дайраад л өнгөрөх үйл болохоос биш дагаад салахгүй “гай” бишийг хэлэх хүслээр дүүрэн байж Базарсадын Баттулгын хэмээх ширээ биш “ширээ түшин бодлогоширогчийн” тухай ийм хэдэн үгийг энэ удаа хэлхэв дээ?
                    
                            ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
                                                   2012-11-28
 

1 comment:

  1. Нэгэн өдөр гудманд таараад номоо бэлэглэж байсан шиг ээ, үгсийн цомирлогийг үе үе бадраадагт тань баярлалаа.

    ReplyDelete