“НОМ
ХӨТӨЛБӨР” ТҮМ ТҮМ НАСЛАТУГАЙ. ГЭВЧ...
Хятадын түүхэн кинонууд дээр л
“ЭЗЭН ХААН ТҮМ ТҮМ НАСЛАТУГАЙ” хэмээн албат боолууд нь хашгираад байдаг юм
билээ. Бодвол түм түм наслах сайхан байх л даа? Гэхдээ махан бие, цусан төрөлд
төрсөн хүн яаж ч цэцгэн бясалгал, цэгэн бариа хийлгээд түм наслах боломжгүй
амьтан даа, хөөрхий. За, тэр амьтан хүний түм наслах ч яах вэ? Цаана чинь боловсролын
шинэ сайд өөр шигээ “шинэ” хөтөлбөр зарлав. Нэр нь одоохондоо Монголчууд бидний
хувьд “Гуттенбергийн библи”-ээс илүү
үнэтэй санагдах “НОМ”. Нэгэн цагт хаягдал цаасанд ачуулж, урд хөрш рүүгээ
экспортлож байснаа бодвол ямар ч байсан цаасан дээр “НОМ” хөтөлбөр гээч сураг
эртний сайхан зүйл амилж эхэллээ. Нам, нам гэж хорин жил талцсанаа одоо л ном
ном гэж ганц нэг дуугарах болжээ. Ялимгүй оройтсон байх. Энэ хооронд ном бол
уншдаг, хэрэглэдэг зүйл биш харин тавиур дээр тоосонд дарагдаад хэвтэж байх
ёстой гэсэн хэвийн бодолтой хэд хэдэн үе өсөн өндийжээ. Болдогсон бол энэ
сайхан хөтөлбөрөө эцэг хуулийн нэг хувь шиг сайхан хэвлээд төрийн ордондоо
залармаар санагдав. Дээр нь бидний орчлонд аливаа юмс “түм түм” наслаж болдог
бол энэ хөтөлбөрөө л өдөр бүр тэгж ерөөмөөр байна. “НОМ ХӨТӨЛБӨР ТҮМ ТҮМ
НАСЛАТУГАЙ” ГЭВЧ...
Түүний өмнө хоёр их аварга ташаа тулаад зогсож байна. Хөөрхий муу хөтөлбөрийг
минь авч шидээд, ачиж тонгороод, эвдэж хэмхчээд, эвхэж хуниад тавьчихаар хүчтэй
аваргууд. Эхний аваргын нэрийг ИНТЕРНЕТ гэнэ. Түүнийг ямар арга мэхээр, яаж
давахаа сайн тооцоолохгүй бол “НОМ” хөтөлбөр минь нам даруулна даа? Одоогоор
лав интернет орчин шиг олон хэрэглэгчтэй сүлжээ хүн төрөлхтөнд алга. Тэр тусмаа
хүүхэд залуусын өдөр тутмын энгийн хэрэглээ болчихоод байна. Дээхэн үед нэг
олдсон номоо гудамжаараа тойруулж уншаад хавтас нүүргүй нэг салбайсан юм л
болсон байдаг нь одооныхоор бол фээсбүүк хавьцаа л хэрэглээ байж дээ? Ном
хөтөлбөрийг нам даруулахгүй нь тулд яагаад “хүүхэд
залуучуудад зориулсан номын үндэсний сүлжээ” байгуулж болохгүй гэж. “Өөрийг нь
өөрөөр нь” гэж урд зүгийн нэг мэргэн цэцэн хэлдэг биз дээ? Түүн шиг л. Энэ сүлжээнд
хэн ч хандаж болно. Аль ч шатны багш хичээлдээ энэ сүлжээг ашиглаж болно.
Заавал номын эх ч байх албагүй. Тухайн
номоор бүтээсэн баримтат хийгээд уран сайхны кино, эх сурвалжууд, судлаачдын
тайлбар, зарим эх зохиолуудын хураангуй хэлбэр ч байж болох юм. Зохиолчдын
хөрөг, намтар, үзүүлэн зурагт хуудсууд ч байг. Зөвхөн “НОМ” хөтөлбөр гээд хэдэн
ном жагсаах биш, харин үндэсний ирээдүйн соён гэгээрэлд хандсан ийм нэг алхмыг
төр хийх цаг хэдийнээ болсон шүү? Сайхан зүйлийн эхлэл сайн зүйлээс л үүдэлтэй
байдаг. Үнэхээр ирээдүй хойчоо номтой нөхөрлүүлэх, номын үнэ цэнийг ойлгуулж,
ардчилалын үнэт зүйлс гэдэг шиг номыг “үнэт зүйл” мөн хэмээн боддог наашаа
сэтгэлгээг суулгаж өгөхөд бүхий шатны багш нарын үүрэг оролцоо асар их юм.
Гэтэл ойрын хэдэн жил ном огт уншаагүй гэж хэлэхэд хатуудахааргүй болсон МОНГОЛ
ХЭЛ-УРАН ЗОХИОЛЫН БАГШ нэртэй МОНГОЛ ХЭЛНИЙ багш нараа яах вэ? /Арай ч
бүгдээрээ биш байх л даа? Гэхдээ л цөөнгүй / Тэдэнд яаж өөрчлөгдөж байгаа үзэл
санаа, сэтгэлгээ, уран зохиолын талаар ойлгуулах вэ? Хүүхдүүдээ ном уншуулахаас
илүү тэднийг яаж, ямар аргаар, ямар урамшууллын хэлбэрээр ном уншуулах вэ? Энд л
сайхан хөтөлбөрийн минь бодитой хэрэгжих үү? эсвэл цаасан дээр үлдэх үү?
гэдгийн хамаг учир нуугдаж байгаа юм. Уншдаггүй багшаас уншдаг шавь төрсөн тохиолдол
миний амьдралын энэ хэдэн жилд тааралдаагүй, тааралдах ч үгүй байлгүй. Тэгэхээр
эхний ээлжинд МОНГОЛ ХЭЛ-УРАН ЗОХИОЛЫН БАГШ нарт зориулсан “НОМ” хөтөлбөр
хэрэгжүүлмээр санагдана. Нэгэнт нийгмийн харилцаа эдийн засгийн хөшүүргээр
хөдлөх болсон энэ цагт “НОМ” хөтөлбөрийг манлайлсан багш нарт бодитой шагнал
урамшуулал олгомоор. Шалгах шалгаруулах тогтолцоог ч бий болгомоор байна.
Мэдээж төсөв, тайландаа энэ хөтөлбөрт зориулж тодорхой мөнгө санхүүгийн сан
босгомоор. Тэр цагт л “НОМ” хөтөлбөр магад жинхэнэ утгаар хэрэгжиж болох юм.
Өөр бас нэг асуудал байна, аа.
Хоосон
чанарын тухай айлдаж, айлдаж ойлгохгүй болохоор нь язгуурын нэгэн аймгийн
номтой хуварга шавь нартаа хөндлөн туссан нарны гэрэл дээр сууж иш үзүүлжээ. Ном айлдах нэг хэрэг, харин иш
үзүүлэх өөр хэрэг. Одоо номлогсод л олон болохоос өөрийн биеэр үлгэр үзүүлэгсэд
цөөрчээ. Багш нарын дунд. Миний мэдэхийн л эх зохиолыг Равдан, Чаминчулун
хоёроос дутахааргүй уран уншдаг багш нар цагаан хэл аманд өртсөн юм уу?
хөөрхийс, “улаан номонд” оржээ. Тиймээс л өөрийн биеэр иш үзүүлж ном бүтээгч
багш нарыг “НОМ” хөтөлбөр хэрхэн дэмжих тухай нэг байтугай, хэд хэдэн заалт оруулж,
ном бүтээлийг нь дэмжин хэвлүүлэх талаар тодорхой бодлого хэрэгжүүлвээс сайны
үр сайтар боловсрох нигууртай бус уу?
Хоёрдугаар аваргын нэрийг УЛС ТӨР гэнэ. Миний л мэдэхийн 1990-ээд орноос
хойш боловсролын яамны тамга атгасан бараг л бүх сайдууд нэг сайхан хөтөлбөр
зарлан тунхагласаар ирсэн юмдаг. Хэрэгжсэн нь хэд билээ. Энэ хооронд нийтийн
боловсролын түвшин унасаар ирсэн үү гэхээс ахисан гэдэг нь одоогийн хурган
дарга нарын хэлдэгээр “АСУУДАЛТАЙ”. Санаж бодсон сайхан алхамаа “ажил” биш УЛС
ТӨР” болгодогт хамаг явдал байгаа юм. БОЛОВСРОЛ улстөржсөн үү? УЛС ТӨР
боловсоржсон уу? гэдэг марзан юм шиг асуултаас л харах өнцөг тодорно. Яасан бэ?
Ердөө боловсролыг улс төрийн том талбар
мэтээр харчихаж. Тийм талбарт хүч үзэхийг хүсэцгээж, боловсрол улс төржчихөж.
Хэн хожих вэ? Түмний хүүхдийн дуу шуугиан дунд эрдэм номын авшиг хүртээж суугаа
хэдэн багш уу? Үгүй, ээ цааш нь улс төрчид өөрсдөө бодох хэрэг...
Тэнэг миний бодлоор муухан зохиолоо сайтар ”сурталчлах” зохиолч сайн улс
төрч ч юм шиг. Харин сайн зохиолоо муу сурталчилдаг зохиолч муугаас муу улс төрч
юм уу даа? Ийм нэг гажуу баталгаагаараа
юу хэлэх гээд байна вэ? “НОМ” хөтөлбөрт сонгон шалгаруулах номын чанарын тухай
л. Номыг ганган эрээн хэвлэх нэг асуудал. Хүүхдийн сонирхолыг татах үүднээс.
Харин “ганган эрээнээс” цаашгүй ном уншихыг тулгах гэмт хэрэг. Ёстой хааяа нэг
алган боовны амт үзүүлдэгээс илүү хүүхдийн эрх, эрх чөлөөнд халдсан явдал болно
гэдгийг мэргэн түшмэд мэдэх биз. Тэгэхээр ирээдүйнхээ төлөө ядаж нэг удаа
“шударга” алхам хийхийг л анхааран сануулахыг хүссэн хэрэг. Хүүхэд залуучуудын
одоогийн хэрэгцээ сонирхолд бус ирээдүйн мэдлэг боловсролд нь тохирохоор шилдэг
шилмэл бүтээлүүдийг нарийн сонгож авахгүй, танил тал, нэртэй алдартай, одонтой
тэмдэгтэй гэдгийг гол шалгуураа болговоос “НОМ” гэдэг уйтгараас улам улмаар тасран холдож
хөтөлбөр боловсоруулагчдын зөв тодорхойлсон шиг “ Нийтийн
соёлын гол бүрэлдэхүүн хэсгүүд болох кино, интернэт, хөгжмийн урсгал, хэвшмэл
хэллэг, хувцасны загвар нь өсвөр үеийнхний хүсэл, сонирхол, сурах арга барил,
амьдралыг үзэх үзэлд хүчтэй нөлөөлөх боллоо. Үүний улмаас өсвөр үеийнхний дунд
үнэт зүйлийн төөрөгдөл, соёлын баримжаа алдах үзэгдэл бий болж, тэдгээр нь
нийгмийн үзэгдлүүдийг ухамсаргүйгээр даган дуурайх, идэвхгүй хандах, түүнчлэн эсэргүүцэх
байдлаар илэрч байна” гэсэн түгшүүрт
цаг үе, ирээдүйн иргэд биднийг угтаж байна.
Одоо л “анхаараарай,
алтан нарны хүүхдүүд, ээ... атомын бөмбөг дэлбэрлээ” гэдэг Д.Пүрэвдорж гуайн
шүлэг шиг хүн, хүн бишийн чанартай атомын бөмбөг дэлбэрэх гээд байна. Үүнээс
аврах гарцыг “НОМ” гэж олж харсан “шинэ” сайдад нэн талархахаас өөр яах билээ. ГЭВЧ...
Өнөөх ташаа тулан ханхалзаж байгаа “ХОЁР АВАРГЫГ”
эс хайхрах аваас “НОМ” нэртэй лам гурван эрдэнэ шиг хөтөлбөр маань намын
сонгуулийн амлалт шиг цаасан дээр үлдээд магадгүй хэдэн жилийн дараа урд хөрш
рүү хаягдал нэртэйгээр ачигдахыг ХЭН МЭДЛЭЭ.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
No comments:
Post a Comment