СЭМБЭЭГЭЭ САНАХУЙ...
90-ээд оны тоостой
гудманд хамтдаа торойж ч явсан, горойж ч явсан Лхагвасүрэнгийн Батцэнгэлийнхээ
номын баяраас /хүмүүс номын нээлт гэх нь элбэг юм. Харин хөөрхий би
"нээлт" гэдэг энэ сайхан үгэнд дургүйдээ биш нээлт хийж амжаагүйдээ
энэ үгийг ховор хэрэглэж, нэг ч номоо "нээж" үзээгүй явна / гараад
Төв Шуудангийн өмнүүр харьж явах замдаа Сэмбээгээ /ЦЭНДИЙН ДОРЖСЭМБЭ/ гэнэт
үгүйлэн саналаа.
Цувж зогссон машинуудын
хоорондуур, таглаагүй орхисон траншейны нүхэн дээгүүр харайхдаа ч түүнийг
санасан сэтгэл минь мартагдсангүй. Энэ л шуудангийн үүдэнд бид хоёр хичнээн
удаа уулзсан гэх вэ? Ганц ширхэг тамхиа хүртэл хувааж татаад салсан ч удаа бий.
Гэвч энэ бүхэн сарниж замхарч өөр цаг, өөр тэнгэрийн дор өөр хүмүүс сүлжилдэн зөрсөөр байна. Олоон
жилийн өмнө оюутан байлаа. Зуугийн ундаагаар гурван хуушуур даруулж идээд яруу
найргийн баяр, их дээд сургуулийн дугуйлан хэсэж явдаг байлаа. Шүлгийн ном
бидний хувьд одоогийн Оюу толгойгоос ч бараг үнэтэй үе байлаа. Эргээд санахайд
элэг зүрх эмтэрнэм. Тэр л цаг хугацаа дунд Цэндийн Доржсэмбэ гэсэн жинсэн өмдөн дээр
шөвгөр хар гутал өшиглөсөн намхан бор хүүтэй танилцсан юмсан.
Урагшгүй царайлаад
явах нь хүртэл урагштай харагддаг эрсэн. Одоо чухам альхан газар улсын
шалгалтандаа унасан оюутан шиг эсвэл улсуудын хэлдэгээр "ус цутгуулсан
зурам" шиг ертөнцөд ховорхон гэмгүй царай харуулаад алхаж яваа бол доо?
Энэ уруу доройхон "жижигхэн" хүнээс ямар "том" ухаан гардаг
юм бэ? гэж бодоход түүний яруу найраг намайг хүргэдэг учраас Сэмбээг би үе
үехэн "Момо найз, аа хө" гээд шилээ маажаад ороод ирээсэй гэж хүсдэг
юмсан. Гэтэл сураг алдраад нэгэн оныг үдэв. Хэнд ч таалагдахыг хүсдэггүй
"ХАРСАН ТЭНГЭРТЭЙ" хүн ховорхон болсон энэ цагт түүний шүлгүүд Монгол
уран зохиолд чамгүй үнэ цэнэтэй юм. Дандаа л бусдад хандсан мохоо хутга шиг
зусар шүлгүүд дэндүү их сонсоод арга барагдахаараа өөр рүүгээ шивнэсэн
Доржсэмбийн шүлгүүдийг унших дуртай. Ажил албаны эрхээр Баянхонгорын Өлзийт
сумаар хэдэн удаа дайран өнгөрөхдөө цастай гудмаар нь тамхи татаад бөгтийж яваа
түүнийг олж харах гэж нүд чилээсэн удаа цөөнгүй. Гэвч бид тэнд таралдах учиртай
хувь ерөөл зурагдаагүй, зурагдсан ч цаг нь болоогүй бололтой.
Эндра Адид хайртай. А.Фетийг хүндэлдэг,
надтай адил Блокт дурласан, Тангадын Галсанд шавь ороогүй, Пүрэвжавын Пүрэвсүрэнг
шүтдэггүй, Дан Нямааг дагадаггүй, Аюурзанад дотно, Батцэнгэлд хайртай, Дашбалбарыг
дуурайдаггүй, Уянга, Болд-Эрдэнэ хоёрыг дагаж явдаг, уухаараа уйлдаг,
уйлахаараа айлгах гэдэг энэ яруу найрагч нэг хэсэг эрээн ноосон ороолтоор гангарч явсан ч одоогийн
энэ "эрээн мяраан" улсууд шиг болоогүй нь урж тастаад буцаад
эвлүүлсэн юм шиг шүлгүүдээс нь дэндүү ихээр мэдрэгдэнэ. Нэгэн үе зураглал
сайтай шүлгүүд бич гэж ах нар бидэнд айлддаг байлаа. Даанч ах нараасаа
бүтээлчээр суралцах хувьгүй бид уран сайхан зураглалтай шүлэг бичиж сураагүй
юм. Харин ухаарал сэхээрэл ихтэй бичдэг болцгоосон. Батчулууны Эрдэнэсолонго,
Цэндийн Доржсэмбэ, Даваасүрэнгийн Ган-Очир, Лхагвасүрэнгийн Батцэнгэл,
Даваадоржийн Энхболдбаатар, Гончигийн Ням-Очир, бид хэд бол 90-ээд оныхноос
хэдэн насаар дүү ч 90-ээд оны яруу найрагчид лавтай мөн. Нэгэн удаа тэр надад:
Ц.Доржсэмбэ: -Манай Өлзийтөд Орос цэргийн анги
байсан юм. Гэтэл хоёр цэрэг дэглүүлж дээрэлхлүүлсэндээ хорсоод дээд оныхоо хал
цэргүүдийг бөөнөөр нь буудаж орхиод буу зэвсэг агсаад хөдөө нэг өвгөн эмгэн
хоёрын гэрт бүгчихсэн юм.
-За
Ц.Доржсмбэ:-
Оросууд тэр хоёрыг бүслэж аваад бууж өгөхгүй гэхээр нь манай нутгийн эмгэн
өвгөнтэй хамт дөрвүүлэнг нь гэртэй нь их буугаар буудчихсан юм.
-Худлаа
байлгүй.
Ц. Доржсэмбэ:- Аймаар байгаа биз.
Тэр
надад энэ түүхийг ярьж билээ. Түүнээс
хойш олон жил бидний ард үлджээ. Үнэхээр
тэр явдал "аймаар" тэнэг хэрэг ч би одоо огт өөр зүйлсээс айх болжээ.
Би одоо юунаас айдаг вэ? Жинхэнэ яруу найргийн
дээд чанараасаа жинхэнэ яруу найрагчид нь урвах. Эсвэл цагийн эрх, хүний
явдлаас болж номын тоо нэмэгдээд шүлгийн чанар муудах. Нөгөө л тооноос чанар ч
билүү? чанараас тоо ч билүү хуулийн адил. Энгэр дээр ганц нэг шар
"юм" гялтагнахад зүрхэн дэх яруу найраг минь бүдгэрэх вий гэхээс
айнам.
Би
бас юунаас айдаг вэ? Зам дундаас гэнэт тодорсон зарим хүмүүс "нийтийн
хэрэглээний" шүлгүүд биччихээд Ц.Доржсэмбээ шиг минь "гунигт
дүрт" үзүүлж энд тэнд зургаа нааж хэвлүүдэхээс айнам. Энэ миний айдас Доржсэмбээтэй ямар холбоотой вэ?
Авьяастангуудын суух суудал дээр аргатайчуул нь заларч мэдэх цаг учраас.
Заримда залраад байгаа учраас л "үзүүлбэр"-т дургүй яруу найрагчдын
өмнөөс үзүүлбэр үзүлэгчид тодроод байгаа учраас Ц.Доржсэмбээг санахуй зуураа
өөр бусдыг бодном.
Нэгэн гэнэтээр тодрогч яруу
найрагч /шүлэгч гэмээр байсан ч/ надад "танай Доржсэмбэ архи уудаг
болохоос олигтой шүлэг бисэн юм уу?" гэж ам асуухад нь хэлэх үг олдохгүй
дэмий л "та олиггүй шүлэг олныг бичсэнээс архи уувал яадаг юм бэ?
"гэж хариулсан билээ. Түүнээс хойш өнөөх "тодрогч" намайг үзэхээ
байж, хаа явсан газраа муу хэлдэг болсон гэнэлээ. Ийм л өөр "бусдууд"
уран зохиолын ертөнцөд олон болох тусам жинхэнэ хүний "улаан номонд"
орохоор болсон тэднийхээ тухай ихээр бичмээр санагдах нь юуных вэ?
Ямар
сэтгэл гэхээрээ ургаа моддыг өвөл өрөвдөж, / моддыг өрөвддөг гэснээс би охиндоо
“жижигхэн гацуурхан өвөл хүйтэн байна даа?” гэдэг дууг хэдэн жилийн өмнө зааж
билээ. Охин минь миний дуулахыг чагнаж байснаа “тэртээ ойгоос гацуурханыг,
гэртээ бид нар авчирлаа” гэдэг хэсгийн сонсоод” энэ гацуурыг хүмүүс ойд нь байлгахгүй
яагаад гэртээ аваад ирэв” гэж асууж билээ. “Сүлд модоо засах” гээд гэхэд минь “тэнэг
юм. Хөрөөдсөн дөө? гээд их л харууссан билээ. Түүн шиг моддын хувь заяанд
шаналдаг хүн монголд минь олон төрөөсэй / хаврын бороог л бороо гэж бодож,
жинхэнэ цас байдагт итгэж, худлаа цасыг үзэн ядаж чаддаг байна вэ? Тийм л
сэтгэл зөвхөн яруу найрагчдад заяаж, тийм л сэтгэлтэй хүмүүсийг яруу найрагч
гэдэг ч юм шиг санагдана. Манай нэг сайхан яруу найрагчийн шүлэгт"
гунигтай нүдтэй хүмүүсийн хүүхдүүд шүлэг бичдэг" гэдэг шиг яруу найраг
гунигаар удамшдаг байхыг би л лав үгүйсгэхгүй. Өөр бас юугаар удамшдаг вэ?
Миний бодлоор Ц.Доржсэмбээ шиг минь хэнд ч хоргүй, атаагүй, өр зөөлөн сэтгэлээр
дамжиж удамшдаг байх. Би ч түүндээ итгэсээр...
Орон хотын хөл ихтэй гудмаар оройхон харьж
явахдаа гэрэл харж, гарцан дээр бөөгнөрсөн олны дотор хожмын гэрэлт ертөнцүүд
бий гэдэгт итгэх сайхан байдаг шиг гэлмэгхэн инээсээр гэрэлтэж яваа түүн шиг
яруу найрагчид араас жагсаж цантай өвөл халуун амьсгал нь ар хүзүү рүү
төөнөхийг мэдрэх сайхан. Тэр
л араас амбаардах гээд байгаа залуус Цэндийн Доржсэмбээгийн тухай биднээс өөр
бодолтой байгаасай гэхдээ л энэ бүхнийг бичиж, цээжинд хуралдсан
"хоосон" атлаа бодотой юм шиг тээглээд байгаа зүйлээ гаргав.
Сэмбээг
санасаар яваад орцоор орж, шатаар өгсөөд хаалгаа нээж, гэртээ ороход охин минь
зүггүйхэн гүйсээр өөдөөс ирэв. Хонгор охиноо тэврэн аваад хаалгаа хаахад
Сэмбээг санасан сэтгэл минь орцонд үлдлээ. Сэтгэл минь
даарах болов уу?
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2012-11-24
БУРХАН МИНЬ ЭНЭ ЦАГТ НАД ШИГ...
ReplyDeleteТаныг 11.24-нд энийг бичиж байхад Би Эрдэнэтийэ тосгонд Өлзийтийн сууринг чангаар орилж явлаа.
ReplyDelete