Thursday, February 2, 2012

шүүмж


                 УУЛЫН ХҮНИЙ ТУХАЙ УЛААНБААТАРЫН ТЭМДЭГЛЭЛ
             /Яруу найрагч Х.Батаагийн “Гунигийн манан дундуур” туучихуй /
1.    ДУРСАМЖИЙН манан ДУНДУУР...
  Тэнгэр цэв цэлмэг атал хацар дээр борооны дусал мэт зүйл буув. Тагтан дээрээсээ ус шүршдэг дэггүй хүүхдүүдийн тухай бодтол одоо чинь хамаг цонх хаалттай өвлийн сүүл сар, идэр ёсийн хүйтэн. Тэгэхээр гэж үргэлжлүүлэн бодтол гэнэт нэгэн нөхрийн дүр жавар манан хоёрын дундуур жаргах нарыг сөхөн босож ирнэ. Баруун Алтайгаас бараан царайтай ч цагаахан сэтгэлтэй Батаа над руу сэржим дэвшүүлж байгаа нь тэр ажээ. Олон жил яруу найргийн ертөнцөд гэмгүй нөхөрлөж яваа тэр эрхэм үе үехэн над руу хэрэг болгон “залгаж” шинэхэн номныхоо сураг залгах болсоор хэдэн сарын нүүр үзэв. Тэгээд л ойрд сэтгэлд хадаатай явсан бодлууд намайг Алтай хотын ёотон шиг жижигхэн цагаан байшингууд дунд аваачжээ. Өдийд тэр / Х.Батаа / зузаан хүрмэн дотроо зуны нар шиг шатаж яваа. Аймгийн төвийн номын сангаас гараад айхтар том үйл хэрэг бүтээсэн  ялалт гавьяаны эзэн мэт яруу найргийн тухай хэтэрхий гэгээн бодлууд хөврүүлээд гэрээдээ харьж яваа. Утаагүй агаар уушиглаж, хольцоогүй мөрөөдөлд умбаж яваа. Эсвэл өглөө эрт азгүйтээд тааралдсан хэдэн нөхөртэй өдрийн турш ширээ түшиж, шил хоослочихоод улаа бутарсан халмаг эр уран зохиол гэдэг чинь гээд гар гозолзуулж, өөрийнхөө зохиосон хаа ч батлагдаагүй онолоо батлах гэж улайран байгаа. Тэрхүү ялимгүй амьдралаас тасархай иш онолын хэзээ ч ойлгож байгаагүй “нөхдүүд” нь ийм нэгэн эр яах гэж ямар ч ашиг хонжоогүй “уран зохиол” бодож, ямар ч ашиг хонжоогүй “яруу найраг” бичиж, ямар ч ашиг хонжоо бодохгүй амьдарч яваад нь гайхсандаа ойлгосон дүр үзүүлж учиргүй толгой сэгсрэн малгай унагаан шогширч байгаа. ХАРИН...
   Энэ зууны эхний жилүүдэд шүлэг бичдэг гээд цээж хаяласан “хөгшин” оюутан надтай анх танилцаж билээ. Ном эрдэм сурах гэж ирсэн биш хотод зөвхөн шүлэг бичих гэж ирсэн мэт аашилна. Шинэхэн шүлгүүдээ залхтал уншиж энэхэн хорвоогийн учир явдлыг хүүрнэнэ. Нас чацуу ч, мөч зөрөөтэй /тэр надаас нилээд өндөр / хоёр хүн Улаанбаатарын тоостой гудмаар уран зохиол ярьж урагшаа хойшооо мянган удаа алхсан билээ. Ухаан нь чамгүй цагааширсан толгой, Аюурзаны орчуулгаар Георгий Ивановыг уншчихаад, “өөр юмаа энэ яруу найраг гэж” өөртөө шивнэхийг нь ч би хулгайгаар сонссон юмдаг. 80-аад онд монгол хэлэнд орчуулагдсан гадаадын бүх зохиолыг бараг цээжилчихсэн гэмээр эх адаггүй хаанаас нь бол хаанаас нь ярьж гарна.  ХАРИН...
   Түүний тухай нэг уран сэцэн үг олж хэлэх юмсан гэж удтал бодов. Тэгээд л эцэст нь “Хулганаагийн БАТАА хэмээх энэ “хувь хүн” төөрөг заяаныхаа зөргөөр түйвээж яваа САЛХИ билээ” л гэсэн шүлэг шиг үгүүлбэр өөрт таалагдаж билээ. Өрөөлд яахыг бүү мэд.  Үүнээс илүү уянгалаг сайхан илэрхийлэл надад ердөө олдохгүй нь. Бусдад яахыг бүү мэд. Учир нь заримдаа Батаа шиг эрх чөлөөг, Батаа шиг хүн л эдлэдэг юм даа? гэх хачин сонин бодол надад төрнө.
2.    БАТАА шиг ЭРХ ЧӨЛӨӨ
  Нэг л өглөө талимаарсан нүд гаргаад “танай хотоос явлаа” гэсэн юм. Тэгээд л сар гаран үдүүлж байж, сая л нэг юм уул Алтайгаа зориод Улаанбаатарыг минь голон одов. Дуулж л явна анд нь гэж дуу шиг аялгуутай юм ярина. Дуулж яваа нь дуу хоолойноос нь мэдэгдэнэ. Уйлж л явна даа гээд хааяахан залгана. Уйлж яваа нь дуу шиг л сонсогдоно. Яруу найраг-залуу нас-эрх чөлөө. Ямар ч байсан үзлээ, тууллаа, яруухан амьдарлаа хэмээн нас ахисан эр  захиас хэлэх мэт ядаргаатай баахан юм үглэнэ. Сайн яруу найрагч байгаагүй, ээ би мэднэ. Гэхдээ муу юм бичээгүйг минь чи мэднэ. Хоёрын хооронд заримууд шиг шүлэг бичсэнээс бичээгүй нь дээр санагдах болов. Одоо би шүлэгч биш овоо түвшинд ойлгодог уншигч болохоор шийдлээ, Болор цом үзлээ, танай зохиолчдын хороо... миний буруу юм шиг баахан загнана. Эрх чөлөө ханх хийсэн яриаг нь эргэцүүлж би удаан бодно. БАТАА шиг эрх чөлөө гэсэн балай “зүйрлэл” бодож олно. ГЭВЧ...
  Ээжийн хүү Батаагийн “эрхлэх” нь хэтэрсэн санагдах үед хүүхэд л хэвээрээ яваа түүнийг өтлүүлэхгүй байгаа сэтгэлийг ойлгоно. Гэгээн багын сэтгэлээрээ тэр томчуулын ертөнцийг “эрхлэж” туулахыг санаархана. Арван хэдэн насны сэрлээрээ гучин хэдэн насанд шүлэг бичсэнд нь атаархана. “Хөгшин эхийгээ л гомдоож байна” гэж хүүгийн ёсоор зүрх шимшрүүлэн өгүүлнэ. Ийм л нэг эрх чөлөөний ертөнцтэй, дурсамжийн манан дундуур дуулж нэг, уйлж нэг явна. Ийм л нэг яруу найргийн амин халуун галтай, уран зохиолын ертөнцөд уруудаж нэг, буруудаж нэг явлаа. ГЭВЧ...
  Өөрийгөө бас хааяахан өнгө мөнгөний амь тавьсан цаг үед “ӨӨР” хүмүүстэй дотнохон яваа азтай эр гэж санаад алтан нарыг атган алдан хөөрцөглөнө. Мөн заримдаа “ӨӨР “шүлгүүдийг нь уншин суугаад цааш явалгүй замаа орхиж, цармын бялзуухай мэт ганцаардуулсанд  нь  гансран гомдоно.  Явган сандал, цэцэрлэгийн модод, хавар цагийн болзоо, хайрын хүрээлэн дотор хөгшин хэрээний нас тоолж үзчихээд яруу найргийн “хүүхдүүдэд” бүгдийгээ орхиод явж чадсан эрх чөлөөний эр зоригийг хайрлана. ГЭВЧ...
3.    ҮХЭЛД  дурласан СЭТГЭЛ
 Энэ яруу найрагч Х.Батаагийн зөвхөн ҮХЭЛД дурласан СЭТГЭЛИЙГ бус бүхий л сэтгэлийг нь хурааж чадсан шүлэг. Гэгээн тунгалаг, уян зөөлөн, өршөөлгүй хатуу, жамыг дагахаас өөр аргагүй, ганцаардсан, үзэн ядсан, арга барагдсан бүх сэтгэлийг нь илэрхийлдэг юм. Даанч ойрх цаг хугацаанд ийм шүлэг байтугай бүр шүлэг бичихгүй байгаад нь сүрхий гайхширна. ХАРИН...
Хаанаас ч юм бэ, энэ хуучин завийг олжээ, найзууд минь
Хаашаа ч юм бэ, хөвж явна, харанхуй шөнөөр
Далай намуухан долгилж хааяа хундага жингэнэнэ
Дарсны лонх ээлж дараалан ус цалгилуулан живж одно
Гэгээ муутай сар тэнгэрт сүүмийж, голын нүд мэт харагдана
Гэнэ гэнэхэн нялх салхи биднийг  хоргоосоор хөлчүүрч одно
Багаасаа л аялсан ижийн тухай дуу хол ойрыг сүлж 
Банзан гитарын намуухан эгшиг дүлий загасыг ч уяраана
Үжирч муудсан ёрог даавуун  далбаа минь ээ?
Үхлийн зүг гагцхүү амгалангийн зүг хийсэж дэрвэлзээрэй
Зорчиж яваа хөөрхийлөлттэй хэдэн хүнийг
Зовлон шаналалаас ангижруулж бурхны зүг одоорой
Далай намуухан долгилно, бид төөрөөд уджээ
Дасал болсон гуниг хамт аялаж явна
Би залуудаа ад үзсэн бол уучлаарай гуниг минь
Бишгүй л олон жил хоёул хамт аяллаа
Гуниг минь, анд нөхөр минь чи одоо яв даа
Гашуун жимс идэж байгаа хэн нэгэн дээр оч доо
Бид аз жаргалаа  оллоо
Сүүлчийн хүлэг минь, хөлөг онгоц минь,  хуучин муу завь минь
Сүнс , хүсэл мөрөөдлийг тээж цааш одоорой
Далай зах хязгааргүй мэлтэлзэнэ
Үүр гэгээрнэ
Давалгааг ярьж усны гүн рүү лонх биш шүлэгч живнэ.

  Зүгээр л уншаад үзэв үү? Энэ шүлэг яруу найрагч Х.Батаагийн бүр гал халуун нас, өнөөх эрх чөлөө-гуниг-гэгээн тунгалаг сэтгэл. Уншиж дуусаад зүгээр л бод. Яруу найраг гэдэг хөгжимлөг үгс тархины дотор чинь үгүй бол  зүрхэнд чинь үертэй голын үсчээ шиг цамнаж байвал ямар ч байсан одоохондоо бүр юм ОК.

4.    ЦООЖОО хайсан ТҮЛХҮҮР
  Яруу найраг заримдаа цоожоо гээсэн түлхүүр  эсвэл түлхүүрээ хайсан цоож мэт санагдах нь бий. Гэтэл яруу найргийн хаалгаар ороход ямар ч түлхүүр цоож хэрэггүй, ер нь тийм юмс огт байхгүй  хэмээх дэлгэрсэн үзэл санаа ч бас бий.  Эхэндээ авьяас, дараа нь мэдээж өөр бусад “ЮМ”, тэгээд бас нууц энэ тэр түлхүүр цоожны тухай номлосон онол суртахууны ном зохиол ч буй.  Ний нуугүй, сайн муугаа хэлэхэд гэгчээр тэр үзэл суртахуунаар Х.Батаагийн шүлгүүд лав энэ цагт  зөвхөн түлхүүр мэт хэмжээнд байна. Нэг үгээр цоожоо хайсан түлхүүр мэт мухардмал, өрөөсгөл тал байна. Хэдхэн дүр, цөөхөн илэрхийлэл. Бүсгүй, хэрээ, гудамж, дэнлүү, үхэл, ганцаардал. Хорвоод тэдгээрээс өөр харах зүйлгүй, хайрлах юмгүй болсон мэт. Хэт явцуухан байна. Хэрэв улам лавширвал ёстой “Гунигийн манан дундуур”  төөрөөд гуниг ч үгүй, манан ч үгүй болбол хичнээн харамсалтай билээ. ГЭВЧ...
  Харин энэ явцуурал  бүх хаалга түлхүүр цоожтой байх ёстой гэж үздэг бидний нийтийн хэвшмэл, баригдмал, тогтсон “бодол санаанд” л хамаг учир байгаа юм.  Тэр л бодол санаа яруу найргийг жинхэнэ түвшинд нь хүлээж авахад зүйрлэшгүй саад учруулах болжээ. Тиймээс л Батаагийн “гэгээ муутай сар тэнгэрт сүүмийж, голын нүд мэт харагдана” хэмээх мөр шүлгээр жишээлэхэд “голын нүд” хэмээн юуг хэлээд байгааг ойлгохгүй гомдоллон асуух  хэмжээнд яруу найргийн  хязгаар “баригддаг” болжээ.  Нэг л “баригдсан” бол дахиад шинээр өрөх босгох ямар хэцүүг би мэднэ. Тэр зовлонгийн өмнө сөхөрсөн олон залуу хүсэл тэмүүлэлийг ч бид мэднэ. Яагаад ийм гунигт “ишлэл” авсаны учир  “одоо оройтоогүй,  шинээр эхлэх, эрч хүч хуримтлуулах оюун санааны цаг хугацаа байна” гэдгийг л “Гунигийн манан дундуур” биднийг туучуулахыг хүссэн яруу найрагчид хандан хэлэх гэсэн юм.
   Оюун санааны шинэ эхлэл, түлхүүрээ олж цоожоо нээх цаг болжээ. Эсвэл цоожоо нээхээр түлхүүрээ түлхэх...
      ТЭР ЦАГИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭХ МИНИЙ УУЛЫН ХҮНИЙ ТУХАЙ       УЛААНБААТАРЫН ТЭМДЭГЛЭЛ ЭНЭ БОЛОЙ.
      
                                                                                                      Пүрэвхүүгийн Батхуяг
                                                                                                                2012-02-02

4 comments:

  1. ХУЛГАНААГИЙН БАТАА ГЭЖ...

    ReplyDelete
  2. Батхуягийн шүүмжүүд нэг хэвийн болж байна. Дээрээс нь энэ хүнээр бичүүлсэн бүх хүмүүс түүнд өртэй болоод чөтгөрийн тойрог үүсч байх шиг... Жаахан өөрөөр сэтгэ л дээ.

    ReplyDelete
  3. "хольцоогүй мөрөөдөлд умбаж яваа" нь л үнэн байгаа байх. "Утаагүй агаар уушиглаж" байгаа нь ч юу л бол доо. Одоогоос 5 жилийн өмнө одоогийн Улаанбаатар шиг утаатай байсан. Одоо юу болж байдаг юм бүү мэд. Дордсонуу гэхээс дээрдээгүй байх.

    ReplyDelete
  4. Энэ зууны эхний жилүүдэд ... үгийн сонголт оноолт гэж мэрэгжлийн хүмүүс өөр байхым аа

    ReplyDelete