Tuesday, October 30, 2012

үгүүлэл

                            Энэ нэгэн цагт... ийм нэгэн хүн...
1990-ээд он. Хамаг бүхэн алга эргүүлэх мэт өөрчлөгдөж, хайрлаж явсан шүтээнүүд ч хоймроос хаяанд шидэгдэж байлаа. Тэр цагт арилжаа наймаа, амин зуулгаа бодсон олны дунд цөөхөн хэдэн “гэгээнтнүүд” яруу найргаас өөр юм огтхон ч бодолгүй алхаж явсан юм. Арай л хэтрүүлж хэлэхэд тэд бурхад байлаа. Тэр бурхадын дэргэд бурхадаасаа ч дутахгүй “бурхад” дагаж явна. Барааг нь холоос хараад биширч явсан арван хэдэн насны минь дурсамжийн хайрцаган дотор “АМАРХҮҮ АХ” гэдэг нэр хэдийд хэрхэн хадгалагдсаныг сайн санахгүй юм. Ямар ч байсан О.Дашбалбар гэдэг бурханы дэргэд Ж.Болд-эрдэнэ, Ш.Уянга, Л.Энх-амгалан, Х.Бүрэнтогтох гээд “гайхамшигтай гэгээн ертөнцүүд” дагаж явдагсан. Тэдний дунд харсан байх.  Үгүй ч байх. Магадгүй түүнийг би “бурхан”-ы үе үехэн дагуул “бурхадтайгаа” залардаг Чин Ван Ханддоржийн өргөөний хоёр давхарт “ГУНУ”-гийнхны шүлэг уншиж “гунганалддаг” хойморийн, хийморийн өрөөнд харсан байх. Үгүй бол Багшийн дээдийн үүднээс нь л охидын тасгуудынх нь  нэг тийм хоосон ходоод хонхолзуулсан үнэртэй оюутны байранд харсан байх. Үгүй бол Архангай аймгийн Цэнхэр суманд гучин хүүхэн тойруулчихаад 30 машины тэвшин дээр 40-ийн бидон тэвэрчихсэн “манай сумынхан жимсэнд явлаа” гээд ганцаараа ханхайж суухад нь харсан байх... Алин нэг нь гэж эцэслэж санах зүйл алга. Учир нь учрал тохиолоос илүү уран зохиолын зам мөр биднийг холбосон байх.
 2010-аад он.  Гэвч одоо энэ бүхнийг хэн халуунаар дурсаж, гэгээнээр санахсан билээ. Он жил улирах тусам “гэгээнтнүүд” цөөрсөөр ”гэмтнүүд” олширсоор байх шиг санагдана. Тэр цагт энэ цагийн зарим баатруудыг хаана юу хийж ханхалзаж явсаныг би санадаггүй юм. Харин санахгүй байя гэвч санагдах Мягмарын Амархүү бол хэзээний л яруу найрагч, одоо ч хэвээрээ л яваа юм. Заримдаа
Гуравхан үсэгтэй доромж үгээр
Гутаалгасандаа би уйлав мэтийн  “оньсого” шиг ойлгомжгүй шүлгүүд бичиж, заримдаа
Голын дээгүүр шувууд нисэн өнгөрөв
Гол дундуур сүүдрүүд нь сэлж өнгөрөв
Сүүдрүүдээ хатаахаар эрэг дээр орхиод
Сүрэг шувууд нисэн одов зэргийн  дотроо уулга алдмаар содон мөрүүдийг урлаж яваа юм. Нэмэх хасах хоёр туйл руу “үсчиж” нэмэгдэж, бас хасагдсаар яваа юм. Абстракт зураг шиг эсвэл абсурд зүүд шиг амьдарч яваа юм. Хамгийн гайхалтай нь урвах хийгээд шарвах сэтгэлгүй утга зохиол хийгээд уран зурагт үнэнч яваа юм. Үүнээс өөр хувь тавилангийн ямар ч том шагнал үнэндээ байхгүй  гэдэгт итгэж яваа юм. Шимширмээр гуниг дундуур Шервуд Андерсоны нэг үгүүллэгийн нэр шиг ”Сентименталь аялал” хийж яваа юм. Аялах замдаа амьдралыг шоглож, “уян сэтгэлийн” /сентименталь/ өргөл болсон уянга шүлгээ бичсээр яваа юм. Өөр яах ч билээ, өөр хувь тавилан түүнд заяасангүй.
Чиний явсан замаар
Чийг татсан байна
Бодвол чи уйлсан юм болов уу? Энэ шүлэг ингээд дуусчих байтал /Бороо орсон юм болов уу? / гэсэн ямар хэрэгцээгүй дээр нь ”бодлогогүй” мөр нэмээд бодлогоширч яваа юм. Энэ л сайхан. Учир нь түүнд үүнээс өөр илүү дутуу хувь тавилан байхгүй учраас. Байсан бол “банк” байгууулж, “банкат” хийж, “банкрот” болж явахгүй юу.
2012 он. Яруу найраг яг ямар онцлогтой “урлаг” вэ? Яагаад зүрх сэтгэлтэй хүний “зүрх сэтгэл”-ийг ховсдон татах хүчийг агуулна вэ? Ийм “сэдэл” асуултанд хэн бүрэн дүүрэн хариулсан билээ дээ? Би лав санахгүй юм. Харин “Усанд тусах дүрсийг минь загас зүсэж орхилоо” гэх ийм “зен” мэдрэмж “ халууныг тайлж, даарахыг өмсөөд харин би өвөл рүү явлаа”гэсэн нилээдгүй хүний хувьд гайхширмаар учир шалтгааныг зөрчсөн мэт омог бардам илэрхийллүүд яруу найргийн тайлагдашгүй “урвал”-д биднийг нэгмөсөн автуулдаг нь гагцхүү “гайхамшиг” гэдэг ганцхан үгээр илэрхийлэгдэнэ. Тэгвэл М.Амархүү хэмээх энэ “ертөнцөд” хэдхэн үгүүлбэрийн өмнө жишээ болгосон хэд хэдэн шүлэг шиг нь тийм гайхамшигт чанар байх ч “гайхамшиггүй” чанарууд цөөнгүй байдаг юм.
   Яагаад агаарын урсгал тийм өндрөөс гэнэт ийм нам дор унадагийг нь би одоо ч сайн ойлгодоггүй. Түүнтэй адил яруу найрагчийн шүлгүүд агаарын урсгал шиг асар өндрөөс огцом нам дор гэнэт унана. Энд л яруу найрагчийн тогтворыг /оюуны санааны хүрсэн түвшингээ/ хадгалж сураагүй сул тал харагдана. “Усан дээр завилаад усны тухай бодно” гэж гүн сэтгэж өндөр авсанаа “уран бүтээлээ туурвиж суугаа намайг улсууд дандаа магтана” гэсэн юу ч гэж хэлж тодорхойлохооргүй нам унасан юм бичнэ. /Дээрх хэдэн үгүүлбэр надад О.Дашбалбар багшийн минь С.Дашдооровын тухай бичсэн хөрөгийн хэсгийг эрхгүй санагдуулчихлаа/ Цөөнгүй номноос нь би энэ байдлыг ажиглаж байлаа. Одоо түүнд яаж яруу найрагтаа “тогтворыг хадгалж сурах вэ?” гэсэн том асуудал байна. Нуулгүй хэлэхэд М.Цэдэндорж абугайн орчуулсан “Би дурласан сэргэлэн залуу явнам, би түгшин айн бишрэн байнам” гэдэг А.Блокийн шүлэг шиг  яруу найрагч М.Амархүүгийн шүлгүүдийн эхний мөрүүдийг уншаад л цаашаагаа өгсөх уруудахын  алин бол гэсэн бодолтой ”түгшин айн биширэн” байлаа.
Мөн 2012 он. Зарим хүн наснаасаа эрт сургаал айлдаж, христийн сүмийн пастор шиг номлол айлдаж эхэлнэ. Экс ерөнхийлөгчийн “титэм үг” шиг шүлэг бичиж эхэлнэ. Түүнийгээ яруу найраг гэж эндүүрэн андууран ойлгоно. Харин яруу найрагч М.Амархүүд тийм том эндүүрэл андуурал байхгүй нь сайхан. Гэхдээ нэг шүлгийг эс тооцвоос.
Эмээж яв
Эм хүний
Эрхтэн хүн нүдтэй.
Эмээхээс илүү эмээж яв
Эм хүний
Эрхтэн бүхэн шүдтэй. Яруу найраг гэхэд даанч хэцүү. Олон насаар дүү бага залуу бидэндээ” сургамжилсан” шинжтэй. “Титэм үг” юм уу хаашаа юм. Ийм л бодолтой шүлгүүдийг эргүүлж суугаад
Дугтуйтай захидал дотор
Дулаахан хаврын тухай бичжээ
Яагаад гэвэл дугтуйнаас нь
Яргуй үнэртэнэ  гэсэн хөнгөхөн юм шиг атлаа гэгээхэн сэрлүүд сэтгэлийг гижигдэнэ. Өөрийн эрхгүй инээд алдана. Энд л нөгөө “тогтворын тухай” дахиад бодоход хүргэнэ. Нэгэн хүн “шувуу хэзээ нисэж сурдаг вэ?” гэсэн асуултанд “агаарт далавчаа дэвэлгүй тогтвороо хадгалж сураад л “гэж хариулсан байдаг юм.
2012 оны 10 сар. Намрын шар наран дор дахиад л дурсамж хөвөрнө. Хэдэн жилийн өмнө Булган уулын зүүн суганд бидний хэдэн зохиолчийг найрлангаа нарлаж суухад хотоос хождож гараад араас Амархүү ах “айлчлан” ирж билээ. Тэнд би “Дайны цагийн захиа” гэдэг дайчин шүлгийг нь уншуулсан юм. Их л хичээсэн боловч яагаад энэ хүн сүүлийн үед цөөнгүй шүлгэндээ “захиа”,”зурвас”,”дугтуй” гээд бичээд байх болсныг ойлгоогүй. Тэр үед ч ойлгоогүй, одоо ч ялгаагүй. Адал явдал хайгчид бол аятайхан ”уран сэтгэмж” босгож болохоор. Даанч надад тийм их билиг авьяас заяасангүй.
   Гэвч нэг бодол байна. Яагаад захиа гэж. Магадгүй яруу найрагч бидэнд сэтгэлээ захиа мэт илгээхийг  хүссэн юм биш үү? Даанч тэр захианд очих хаяг байсангүй. Учир нь хэнд хаяглах нь тодорхойгүй. Хэрэв хаяглавал “хүн төрөлхтөнд” гэх юм уу даа?
Нэгийгээ эцэслэхэд нөгөө нь уйлж байна
Нүд нь харин нулимсгүй байна.
Хэзээ нэгэн цагт түүнийг эцэслэхээр
Хэн нэгэн нь нүдгүй уйлна даа?
   Үнэхээр нүдгүй уйлагчдад, нулимсгүй уйлагчдад яруу найрагч захидал бичихийг хүсээд байна. Нүдгүй уйлагчид амьдралд яг “хатаамал” мэт оршино. Тэдэнд яруу найраг зүгээр л зугаа. Ахих дэвших, авирч мацахад нь хэрэггүй бол хорвоогийн хамгийн сайхан зүйлүүд юу ч биш. Яруу найрагчийн нэгэн шүлэгт энэ амьдралд алаг бяруу, аргал /хоргол/ байсан хоёр шар гэгээ татуулаад Шамбалд уулзах тухай бичсэн шиг тийм бүдүүлгээр, тийм гэнэхнээр амьдралыг төсөөлнө. Энэ бүхэнд эмзэглэсэн яруу найрагчийн зүрх “авс болсон зургийн цомогт, амь тавьсан хатаамал” мэт чимээгүй байхыг тэсэхгүй. Тэгээд л захиа бичихийг хүсчээ.
Яагаад зурвас, захиа, дугтуй гэсний учрыг зөв тайлбарласан гэдэгтээ 100 хувь итгэх арга алга. Мөн буруу тайлбарласан гэдэгтээ эргэлзэх 100 хувь сэтгэл алга.
   Ганцхан “энэ цагт ийм нэгэн хүн” бидний дунд урьдын адил яруу найраг гэдэг гэгээн мөрөөдөлдөө хөтлүүлж, сураар боосон гэзгээ шидлээд алхаж яваа юм. Хорвоог хамгийн сайхан өнгөөр харж, хорвоогийн хамгийн сайхан дуу авиаг сонсож яваа “энэ цагийн ийм нэгэн хүн” буюу Мягмарын Амархүү өгсөж урууддаг шүлэг шигээ өгсөж уруудаж яваа билээ.
2012 оны 10-р сарын 30.  Эзра Паундын төрсөн өдөр... Үүнийг бичих минь ч хувь тавилангийн оноолт биз, ээ?

                                                                                          Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг

1 comment:

  1. Пүрэвхүүгийн Батхуяг таны нийтлэлийг хэрхэн тархиндаа суулгах вэ?

    ReplyDelete