“Ариун гар”
/ Батжаргалын Одгэрэл, Цэндийн Доржсэмбэ нарын яруу найргийн тухай /
Хүмүүн төрөлхтөн “Ариун” гэдэг үгийг олон янзын зүйлд хэрэглэжээ. ХХ зуунд “Ариун дайн” нэртэй хүчирхэг дуу Дэлхийн 2-р дайны гал утаан дундаас цуурайтсан түүхтэй. Дайн тулаан хүртэл “ариун” байж болдог хүний хорвоод ОО цаас хүртэл ийм нэртэй байх энгийн үзэгдэл ч юм уу даа? “Ариун эх минь” гэж Христосын шашинд эх дагинаа магтан дуулдаг бол “ариун явдал мөн үү? ариун явдал мөн үү?” хэмээн аймаар үзэл сурталжсан монгол кинон дээр нэгэн эм багтран хашгирдаг бөлгөө. Энэ мэтээр “АРИУН” хэмээх үгийн тухай олон жишээг бэлээхэн дэлгэж болмоор байвч “Ариун гар” гэж юу болох тухай үндсэн асуудалдаа оръё доо?
1. Миний бие 1990-ээд оноос хойших реалист бус уран зохиолын түүхийг “Монголын уран зохиолын стандарт бус сэтгэлгээ” хэмээх 16 цуврал өгүүлэлдээ хураангуйлан бичихийг чадан ядан оролдож байна. Болох бүтэх эсэхийг одоохондоо хэлэх юм алга. Ямар ч атугай эхнээс нь энэ мэтээр явуулж байна.
Нэгэн яруу найргийн уншлага дээр сүр дүр ихтэй шүлэг бичдэг ах маань “би шүлэг бичихдээ заавал гараа угаадаг. Яруу найраг бол ариун зүйл” хэмээн номлоход нь нас балчир байсан би ихэд биширч билээ. Хожим шүлгийн түүврийг нь уншаад “цэвэр гараар бохир юм бичих ч гэж дээ?” хэмээн гуниглан бодсонсон. Эндээс л ариун гарын тухай бодол минь эхэлсэн юм.
1990-онд одоогийн суут ах нар минь зарим нь ажил төрлөө хийгээд зарим нь 3,4-р курсийн оюутнууд гүйж явлаа. Монголын Зохиолчдын Эвлэлийн “Нээлттэй хаалганы өдрүүд”-д наймдугаар ангийн нусгай бацаан намайг нөхдийн хамт очиход тэд маань цээж нилээд ханагар болсон ч гар нь ариун байсан юм. Нэг үгээр яруу найргаас асар ангид орших амьдралын бохир зүйлүүд рүү гараа дүрээгүй, дүрж амжаагүй байсан гэсэн үг. Нөгөө талаар зүрх сэтгэлд нь яруу найраг л бүх орон зайг нь эзэлж байснаас АТ, АН, АХ, АА зэрэг товчилсон нэртэй /АТ –албан тушаал, АН- алдар нэр, АХ- ашиг хонжоо, АА-амьхан амбици / жижиг сажиг зүйлүүд огт ор сураггүй байсан билээ. Тэгвэл энэ хооронд цаг хугацаа тэднийг ч бас биднийг ч асар ихээр өөрчилж, өөрчлөгдөж явсаар эргээд харсан чинь утга зохиолд одоо ч “ариун гар” хэвээр яваа хоёрхон хүний нэр сэтгэлд дүржсэн байх юм. Тухайн үедээ нэгэн танхим дүүрдэг тэр олон хүнээс ийм цөөхөн нь гэж бодохоор хүрэл зүрх ч хайлнам. Мөн яагаад тэднийг би “ариун гар” гэж нэрлэснээ тайлбарлах нь бараг илүүц биз, ээ. Бүх юм нэгэнт бидний нүдэн дээр ил байна. Гэхдээ өөрт буй барин тавин хоёр “үндэслэл” -ээ тоочих нь зөв юм уу даа?
Нэгдүгээр үндэслэл: Ариун сэтгэлтэй шүлгүүд ба Б. Одгэрэл, Ц. Доржсэмбэ
Ариун сэтгэлтэй байна гэдэг ариун гартай байгаагийн нь илрэл бөгөөд ариун сэтгэлээс, ариун гараар дамжиж “ариун шүлэг” төрөх ажээ. Энэ бол гарцаагүй нэгдүгээр үндэслэл. Үнэндээ энэ цаг хугацаанд яруу найрагчийн хувьд ч хувь хүнийхээ хувьд ч хамгийн хувирч өөрчлөгдөөгүй нь тэд нар юм даа? Надтай олон хүн санаа нийлнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Энэ огтоос эргэлзэхгүй байгаа “итгэл” минь бараг миний нотлох гээд ядаад байгаа “ариун гар” гээчийн 50 хувь нь гээд ойлгочих. Зарим тань үе үехэн “хэрмэл” замаар гундуухан алхаж явдаг Ц.Доржсэмбээг эсвэл нам, ном хоёроо сольж лам болсон Б.Одгэрэлийг яагаад ийнхүү цоллож буйг минь мэдэхийг хүсвэл яруу найрагч Б. Одгэрэл “Үл таних зочин”/2003/, Ц. Доржсэмбэ “Хэнд би таалагдах ёстой вэ? /2006/, “Харсан тэнгэр /2009/ номнуудыг олоод уншихад л хангалттай. Тэнд л ариун сэтгэл хангалттай буй.
Хоёрдугаар үндэслэл: Тэдэнд ямар ч хамаагүй ба хамаатай зүйлс
Тэд нарт Монголын зохиолчид хэд хуваагдсан байх, Монгол хэдэн улс төрийн намтай байх, хэдэн хүн жилд одон тэмдэг хүртэх, хэдэн хүн оны шилдэг болох ямар ч “хамаагүй” зүйлүүд болой. Мөн бичсэн зохиолгүй атлаа эсвэл нэг бичсэн зохиолоо хэдэн жилд хэд дахин хэвлүүлээд “шагнал” нэхэх, үгүй бол зарим нэр нүүртэй эсвэл нэр нүүр горилсон зохиолчид “message”-ний зохиолуудаар номын зах зээлийг булах, олсон ашигаараа дахин тийм зохиолуудыг “бөөндөх”, цэл залуугаараа “сонгодог нэртэй” богино үгүүллэгийн ном гаргах, алдаршихын тулд булган малгай, хоргой дээл өмсөж зурагтын нүүр дүүрэн гарч, мэдэхгүй бүр гадарладаггүй байж уран зохиолын тухай ярих, авъяасгүй гэдгээ гадарлаад “хэрүүлээр” шүүмж бичиж амьдралаа залгуулах, чадахгүй гэдгээ мэдсээр байж удирдан манлайлахад дурлах, ЯМАР Ч ХАМААГҮЙ. Энэ л нөгөө үлдсэн 50 хувь нь буюу. Ингээд л бүхэлдээ тэд нар “ариун гар” гэж нэрлүүлэх, цоллуулах хэмжээнд хүрч байгаа юм. Харин ийм “нийгмийн идэвх санаачлагагүй“ нөхдүүд атлаа уран зохиолын амьдрал дахь шударга бус бүхэнд эмзэглэн явдгийг нь би мэднэ. Уулзаж учрах тоолондоо би тэд нарын “нууцлаг” хийгээд “ариун” байдлыг олох нээх гэж оролддог юм. Эхэндээ “хувь тавилан” гэж андуурдаг байсан бол одоо “мөн чанар” нь гэж ойлгох болсон юм.
Ингэж ойлголтоо хувиргасны эцэст “тэгвэл тэдэнд юу хамаатай вэ?” хэмээн өөрөөсөө асуугаад удалгүй дараах хариултыг олсон доо? Сайн зохиолч сайн зохиол бичих, сайн зохиолч сайн зохиолоо сурталчлах, сайн зохиолч сайн үйл эхлүүлэх, сайн зохиолч сайн “шагнал” авах, сайн зохиолч сайн уугаад, сайн зохиол бичихээр амрах, сайн зохиолч сайн нэрээ гаргах, сайн зохиолч сайн зохиолчоо сайн магтах л ХАМГААС ХАМААТАЙ ажээ. Энд л уран зохиолын ертөнц дөх шударга ёс үйлчилж байдаг юм.
Сайн, сайн гэснээс нэгэн эрхэм шүүмжлэгч намайг “зулгуйдан магтдаг” хэмээн “гөрдөж” билээ. Би өөртөө “сайн юмыг сайн магтах” нь чухал гэж мунхаглан санаж явдгаас биш муу нь мэдээж “юмнуудын” тухай “үгүүлбэр” байтугай “үг” ч унагаадгүйг минь тэнгэр мэднэ, ээ
2. Харин одоо дээр цухас дурьдсан номнууд миний өмнө дэлгээтэй байна. Өмнө нь ч хэд хэдэн удаа дэлгэж уншсан юм. Унших болгонд л энэ хоёр яруу найрагчаас 1990-ээд оноос хойших МУЗ дахь стандарт бус сэтгэлгээ мэдрэгддэг юм. Эцэст хэлье гэсэн “дүгнэлтээ” гэнэдээд энд хэлчихлээ. Нэгэнт хэлэхээс хойш хаана нь ч хэлсэн яахав дээ? гэж өөрийгөө уужруулан бодоод ийм хэдэн шүлгийг “стандарт бус” жишээнд авч үзье.
Гуйж хүсэх минь увайгүй болоогүй
Гутаж гуних минь үнээ алдаагүй
Хувь тавиландаа би дасаагүй
Хуучин юм, шинэ амьдралаас би уйдаагүй. /Б.Одгэрэл 2003, 11/
Энэ аль 1991 онд бичсэн шүлгээс одоогийн Б.Одгэрэлийг олж харж болно. Тэр увайгүй болоогүй, гуньж гутрахдаа ч мөн чанараа алдаагүй, хуучин шинэ амьдралын алинаас нь уйдаагүй яваа. Хэрэв та түүнийг таньдаг бол нүдээ аниад хэсэгхэн хугацаанд түүний тухай бодоорой. Миний хэлсэн бүхэн “үнэн” болохыг та анзаарна. Харин огт таньдаггүй бол ийм нэгэн “ариун” чанараа алдаагүй, “ариун гар” монголын утга зохиолын 1990-ээд оны содон төлөөлөгч гэдгийг мэдэж ав.
Суурингийн минь бороо
Суурин шиг минь жаахан үүлнээс ордог
Тийм жаахан үүл рүү
Тэмүүлж өссөн нас минь солонго /Ц.Доржсэмбэ,2006,33/
Энэ шүлгийг тэр 1989 онд бичсэн юм. Түүнээс хойш 21 жил нэгэнт өнгөрсөн ч Ц.Доржсэмбэ одоо ч хүүхэд хэвээрээ, жижигхэн үүл рүү тэмүүлсэн “солонго” хэвээрээ явааг таньдаг хүн бүхэн нь мэднэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр ердөө л арван хэдэн жилийн өмнө Баянхонгороос сургуульд сурахаар хотод ирсэн шигээ л огт хувирч өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа нь гайхширлыг минь төрүүлдэг юм. Энд л хоёр яруу найрагчийн нийтлэг стандарт бус зүйл ба стандарт бус яруу найргийн сэтгэлгээ оршиж байна. Яг ямар хэлбэрээр оршиж буйг ойлгосонгүй гэж гайхаж байж магадгүй. Аргагүй л дээ? Манай танай багш нар хүнийг нь магтаад, зохиолыг нь шүүмжилдэг, зохиолыг нь магтаад хүнийг нь шүүмжилдэг сонин “арга” барилаар уран зохиолын шүүмжийг хөгжүүлсэн учраас зохиолч дотор буй оюун санааны “стандарт бус” зүйлийг яруу найргаас нь олж хардаггүй юм. Тэр нь бидэнд ямар их нөлөөлснийг ярих ч юм биш.
Б.Одгэрэлийн энэ шүлэг ийм хэдэн мөртэй.
Би чамд хайртай болсноос хойш
Эгчид чинь хайртай болсон
Ээжид чинь хайртай болсон
Хүүд чинь хайртай болсон
Охинд чинь хайртай болсон /Б.Одгэрэл 2003, 29/
Харин эндээс ёстой нөгөө “стандарт бус” сэтгэлгээний яруу найргийн “гаж”,”гоц” байдлыг мэдэрч байна уу? Тэгвэл илүү дутуу үг нэмж хачирлахгүй. Хэзээ манай яруу найрагт өмнө нь хүүхэн хүнд дурлаад хүү, охинд нь хайртай болсон гэж бичиж байлаа. Магадгүй энэ л хэтэрхий “өргөн” хайр Б. Одгэрэлийн яруу найргаас бурханд дөхөх замын эхлэл ч байсан юм билүү? Яаж мэдлээ.
Тэгвэл Ц:Доржсэмбээгийн “Харсан тэнгэр” /2009/ шинэхэн номны шүлгүүд түүний бүрэн стандарт бус “төгөлдөржилтийн” илрэл болжээ. Дахиад л “зулгуй магтаал” гэж бодвол бод, би ямар “доллар” биш хүн бүхэнд таалагдах албатай биш. Тэгээд сайн номыг магтсан шиг магтана, аа.
Хаврын бороог л бороо гэхээс
Намрын бороог ямар бороо гэх вэ?
Насан залуугийн дурлалыг л дурлал гэхээс
Нас ахисан дурлалыг
Ямар дурлал гэх вэ.
Яг ингэж дуулсаар л байх болно.
Гадаа орох бороо манай дэлхийн
Хэд дэх бороо юм бол… /Ц.Доржсэмбэ 2009,58/
Үнэхээр хаврын бороо л жинхэнэ, насан багын дурлал ч жинхэнэ, өөр бас юу юу ч жинхэнэ билээ дээ? Тэр ийм л жинхэнэ юмсын эрэлд хатаж яваа яруу найрагч. Тийм ч учраас хааяахан “хэрмэл” замаар орчихдог байх гэж би сэжиглэдэг юм. Магадгүй ийм л “стандарт бус” зүйл, стандарт бус “зам” түүний амьдралд үгүй бол дахиад ийм шүлгүүдийг бичихгүй байх гэсэн бодол ” Харсан тэнгэр”/2009/ -ийг уншсанаас хойш төрөх болсон юм. Харин “хэрмэл” замаар яваад хүүрнэл зохиолын сайн ном бичсэн гэж би дуулаагүй. Тиймээс Ц.Доржсэмбэ эдүгээ “хэрмэл” бус “суумал” байдалд шилжиж үргэлжилсэн үгийн шинэ номоо бичиж эхэлсэн гэдгийг дуулгах байна. Гэхдээ хэзээ ч түүний “ариун чанар” нь түүний яруу найргийг өөд нь асар өөд нь татсаар байгааг анзаарахгүй байхын аргагүй юм.
3. Энэ нэг номны хэсэг ” Шүүмжлэлд сэтгэлгээ нь дүн шинжилгээ, эргэцүүлэн бодолт учир баримт хангалттай. “Үнэн”-ийг хайх л хангалттай бөгөөд бусад нь аяндаа дагалдана. “Үнэн” бишийг зайлуулчих юм бол болох нь тэр “/Эдвард де Боно” “Стандарт бус сэтгэлгээ”2002,12/ гэсэн байдаг юм. Энэ номонд бас нэг ийм өгүүлбэр бий. ”Ядуу логик ядуу сэтгэлгээнд хүргэнэ” / Эдвард де Боно” “Стандарт бус сэтгэлгээ”2002,14/
Зуны цэцэрлэгийн моддын завсраар
Хүүхнүүдийн нүцгэн шилбэ
Загас шиг зурс зурс хийхэд
Хажуугийн хөх модон сандал дээр суусан
Хархүүгийн харц уургагүй загасчин адил… /Ц.Доржсэмбэ 2009, 51/
Энэ шүлгийн хариулт ноён Боногийн бичсэний эсрэг ”баян логик баян сэтгэлгээнд хүргэнэ. Үнэн бол үнэнд л хүргэнэ.
Юугаараа баян гэж мөн юугаараа “үнэн” гэж.хэн нэгэн нь надаас асуувал би “Дүрслэлүүд нь стандарт бусаар баян бас стандарт бусаар үнэн юм даа? Илүү сайн хариулт олсонгүй”. гэж товчхон хариулах байна.
Тэгвэл “Үл таних зочин” /2003/-д ийм нэг шүлэг надад эртнээс таалагддаг байлаа.
Мунхаг үгийн ард бидний сэтгэл
Хуцаж байгаа гөлөгний сэтгэл мэт
Дуулж байгаа гургалдайн зүрх мэт /Б.Одгэрэл” Үл таних зочин” 2003, 8/
Энэ шүлгийн хариулт” ядуу сэтгэл ядуу сэтгэлгээнд хүргэнэ”. Харин түүний эцэст хэн хохирч үлддэг тухай та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэх хойно. Би хуцаж буй гөлөгний сэтгэлээ хайрлаад цааш нь илүү дэлгэрүүлж чадахгүй нь ээ. Энд л стандарт бус логик нь, дүрслэл нь, сэтгэл нь, сэтгэлгээ нь бүрэн илэрч байгаа шүү дээ? Дээхэн үед С.Эрдэнэ гуайг өглөө хотын гудамжны чулуу бүхнийг тойрч ажилдаа ирээд үдэш гудамжны чулуу бүхнийг өшигчсөөр харьдаг гэж бичсэнийг уншиж байсан юм. Түүн шиг “ чулуу бүхнийг тойрч, чулуу бүхнийг өшигчихгүй нь төлөө” амьдрах ямар амттай тухай бодоход “ариун гар”-уудын шүлгүүд хүргэж байна. Нэг зураасыг хүрч болох хязгаарт нь хүртэл татсан мэт сэтгэгдэл төрүүлэх нь үгүй бол цөхрөл, эсвэл өөрийгөө илчилсэн илэн далангүй байдлын зааг дээр аваачих зэрэг нь тэдний яруу найргийн нийтлэг онцлог. Стандарт бус сэтгэлгээнийнх нь төсөөт тал болохыг яруу найргийн бус “нүдээр” харсан ч анзаарах болно. Цээжин дотор уянга төрж, мөн тэндээ үхэхийг яруу найрагчдаас илүү мэдрэх нь бараг үгүй.
Тэгээд л би “ҮЛ ТАНИХ ЗОЧИД”-ыг маань “ХАРСАН ТЭНГЭР” нь үргэлж ариунаар ивээж байхыг үнэн сэтгэлээсээ хүсэж байна. Хэдийгээр тэд ариун сэтгэл, ариун гараар бичсэн яруу найргаа хэсэгхэн өндөрлөсөн гэж ”хардаж” байвч хожмын манай утга зохиолын “АРИУН ГАР”-уудад “ДОМОГ” мэт байх биз, ээ
No comments:
Post a Comment