ЯРУУ НАЙРАГ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?
/Лхамжавын Лувсандоржийн яруу найргийн үнэ цэнэ /
Ертөнц ердөө үнэлэх цэгнэх ч боломжгүй мэт. Яруу найраг ч ялгаагүй. Хэн нэгэн саруул ухаантан яг тийм үнэтэй гэж хэлж тодорхойлоод түүнийг нь дэлхий бөмбөрцөг даяараа хүлээн зөвшөөрөх боломжгүйд л хамаг учир шалтгаан нь оршиж байгаа юм. Маш товчхондоо бол “хүн бүхний сэтгэлд нэг өнгө бий гэсэн үг. Нэг үнэ цэнэ бий гэсэн үг. Тэр л өнгөөрөө ертөнцийг харж, гэрэлтүүлж, ойлгож ухаарч байдаг. Тэр л үнэ цэнээрээ ертөнцийг үнэлж дүгнэж, үгүйсгэж няцааж байдаг. Яруу найргийг ч ялгаагүй. Тэгэхээр яруу найраг ямар ч үнэтэй байж болох нь. Эсвэл байгалийн бүх өнгөний эмх замбараагүй холилдоон сүлэлдээн байж болно. Эсвэл үнэтэй, үнэгүй хоёрын эцсийн хэмжүүр ч байж болно. Энэ л эргэлзэхүйн герменевтикээс өгүүллийнхээ үндсэн санааг олж, онолын хамгийн энгийн түгээмэл ойлголтоор тайлбарлахыг оролдлоо.
А. ”Тухайн яруу найрагчийн сэтгэлийн өнгө, сэтгэлгээний хэлбэршил, гоо сайхны илэрхийлэл, үзэл санаа, аливаад хандах хандлага зэргийг бичсэн шүлгээс олж тодруулж болно”. Нөгөө талаараа яруу найргийнх нь үнэ цэнийг тодорхойлж болно. /Бас тэгэх боломжгүй ч гэж үздэг үзэл баримтлал уран зохиолд бий/ Тиймээс “яруу найраг ямар үнэтэй вэ?” гэсэн асуултын минь цаана тухайн яруу найрагчийн сэтгэлийн дотоод өнгө төрхийг нээн илрүүлэх гэсэн нууцхан хүсэл эрмэлзэл буйг анзаарна биз. Түүнээс бус ямар нэгэн үнэ ханш хайсан, олж тодруулахыг оролдсон зүйл үгүй юм. Зөвхөн Лхамжавын Лувсандорж хэмээх оюун санааны ҮНЭ ЦЭНЭ юунд оршиж буйг нээхийг эрмэлзсэн юм.
ХХ зууны дунд үеэс дэлхийн уран зохиолд “хүүрнэл-яруу найраг” гэдэг ойлголт бий болсон гэдэг. Энэ нь яруу найргийн бас л нэг өнгө. Гэтэл яг тэр үед Зөвлөлтийн яруу найрагт “эстрадын тавал” гэдэг ч нийтлэг илэрхийллээрээ “нийтлэл-яруу найраг”-ийн төлөөлөгчид ид хүчтэй байсан. Е.Евтушенко бол тэр “нийтлэл-яруу найраг”-ийн томоохон төлөөлөгч. Монголд бүр тодруулвал “Үйлдвэрчний ордонд болсон яруу найргийн үдэшлэг” дээр тэр “нийтлэл-яруу найргаа” л уншсан байж таарна. Тиймээс л Монгол найрагч түүнд эмзэглэсэн. Тэгээд л :
Тайзан дээр өндөр шар орос
Ташаа тулан гарч ирэв. /Л.Лувсандорж” Үйлдвэрчний ордонд болсон яруу найргийн үдэшлэг”/
Хорьдугаар зууны
Найргийн шүтээн гэгддэг тэр
Хорь гучин сурвалжлагаа
Шүлэглэн уншив. /Л.Лувсандорж” Үйлдвэрчний ордонд болсон яруу найргийн үдэшлэг”/
Эрхэм сурвалжлагч Евтушенко та
Энд шүлгээ уншаад дэмий. /Л.Лувсандорж” Үйлдвэрчний ордонд болсон яруу найргийн үдэшлэг”/ хэмээн тухайн үед Монгол-Зөвлөлтийн ган бат найрамдалд сэв суулгах ”тэрс” шүлгээ биччихсэн хэрэг. Үнэндээ сэтгүүлч-яруу найрагч гэх хос мэргэжилтэй ХҮМҮҮС сүүлдээ сурвалжлагаа шүлэг гэж андуурах байдалд хүрдэг гэм байсанд /одоо ч байгаа/ яруу найрагч их эмзэглэдэг байжээ. Тэр их эмзэглэлийг амьд сэрүүнд ахуйд нь уулзаж учирч явсан зохиолч Д.Төрбат, яруу найрагч С.Батмөнх нарын дурсамжаас харж болно. Жинхэнэ яруу найргийн төлөө гэсэн “ийм эмзэг сэтгэл” Л.Лувсандорж хэмээх яруу найрагчийн ҮНЭ ЦЭНЭ.
1970-аад оны үеэс орчин цагийн Монголын яруу найрагт М.Ширчинсүрэн, Д.Цоодол, Л.Лувсандорж нарын нэг өөр яруу найраг бий болсон. Нэг өөр шинж нь “ДУРСАМЖ, ДҮРТ ЯРУУ НАЙРАГ, ДУУЛЬ” гэсэн гуравхан үгэнд бүхэлдээ багтана. Араас нь залгаад гарч ирсэн 1980-аад оны яруу найрагчдад мэдээж хүчтэй нөлөөлсөн. Үнэндээ тодорхой хугацааны дараа “М.Ширчинсүрэн–дурсамж, Л.Лувсандорж-дүрт яруу найраг, Д.Цоодол-дууль” гэсэн илүү тодорхой хамаарал бий болсон нь ажиглагдана. Хэдийгээр дүрт яруу найраг хэмээх энэ нэр томьёог одоохондоо Л.Лувсандоржид илүү хамааруулж буй боловч түүний араас гарч ирсэн цөөнгүй яруу найрагчид энэ хүрээнд хүссэн хүсээгүй багтана. Энд л яруу найрагч Л.Лувсандоржийн ҮНЭ ЦЭНЭ оршиж байгаа юм. “Ган тулга” найраглалын Буян, “Өнгө” найраглалын Ням, Түлээчний охин, Токиогийн ядуу шүлэгч, Сайхан залуу эхнэртэй хөгшин эр, “Тахилгат” найраглалын уран Манжаа, “Дуутай мөндөр”-ийн дуугай Дугар, “Монгол зан”-гийн Бадарч, Балдан өвгөний үг”,”Лели, Ненси, Эгиймаа, Виктор Хара, Ардын хоршооны хөөрхөн Бурмаа” гээд Л.Лувсандоржийн яруу найргийн олон “ДҮР” бидний оюун санаанд урган босно. Одоо л та үнэхээр тийм юм байна гэж бодох болно. ҮНЭ ЦЭНЭ гэдэг үг ийм үед илүү их хэрэг болдгийг анзаарна.
Мөн Жанчхүүгийн даваанд 1945 онд холбоочин Жанчив амь үл хайрлан урагшилна. Монгол туульсийн хөлөг баатрууд “аяга цус, атга яс, аль уулын энгэрт асгарна гэж амиа хоохойлох билээ “гэж тангараг өргөдөг шиг үл шантран тэмцэнэ. Гэхдээ улсын баатар Жанчивын урсгасан цус, алдсан амь бахархам баатарлаг явдалд бус энэ шүлгийн чөлөөт задгай хэлбэр, туульсийн яруу найргийн уламжлал ямар хүчтэй илэрч байгааг дараах жишээ бэлхнээ харуулна.
Галт бөмбөг
Газрын өр өмлөн
Тэн тэнгийн
шороо чулуугаар
Тэвэг өшгөчин “наадна” /Л.Лувсандорж” Холбоочны дууль 1985,189/
Аливаа үндэсний уран зохиолд аман хийгээд эртний сонгодог бичгийн уран зохиолын хүчтэй уламжлал байдаг. Тэр уламжлалыг хэрхэн “шинэчилсэн” гэдгээр нь орчин цагийн зохиолчдын эрэмбэ тогтоогддог нэг тийм бичигдээгүй “хууль“ уран зохиолд үйлчилж байдаг. Энэ л оюун санааны хуулийн хүрээнд авч үзвэл Л.Лувсандоржийн яруу найргийн хамгийн гол ҮНЭ ЦЭНЭ тогтсон уламжлалыг хүчтэй шинэчилсэнд оршиж байгаа юм. “Шаалуухүүгийн дууль”, “Хархул хааны балгас”, “Дуу мэндлэхүй”, “Өнгө “ найраглалаас уламжлал хэрхэн нөлөөлөөд эцэст нь хэрхэн шинэчлэгдсэн болох “дүр зургийг” харж болно. Баталгааг ч бас холоос хайх хэрэггүй. “.../алтан дэлээ хийсгэсэн агсам цагаан морь, арван түмүүлээ зээглэж, ангаалан давхиж ирэх шиг их нуурын давалгаа нижигнэн наашлаж, эргийн дээгүүр өнхрөхдөө эрч нь сулраад эрх цагаан ишиг шиг өлмий шөргөөгөөд буцна /, туульсийн хэтрүүлэл /хээрийн өвс хэнз унаганы нуруун дээгүүр солбиод, унтаад босоход нь ууцыг нь хотойлтол ширэлдээд/ амьдчилал /алтайн зулайд уяатай ботгон цагаан үүлэнасга хад нурааж буйлан тэшсээр ирэхэд/ яруу дуулал, /ингэн нүд ийм мэлмэгэр байдаг даа?/ харшуулал /байх газраа олсон бол толгой ч гэлээ оргил, суух суудлаа олсон бол тэнэг ч гэсэн цэцэн/, төлөөлөл / таван бүлээн зүс, таван уяхан эгшиг, тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ/ гэх зэрэг уран дүрслэлийн махбод элбэг байгаа юм./С.Дулам ”Төгсөөгүй найргийн төгсгөлгүй үргэлжлэл” 1985,11/
Баталгаа үнэхээр ийм ойрхон байхад илүү нэмж хичээн тайлбарлах шаардлага алга. Сэтгэлгээний болоод амьдралын тогтсон хэв маяг, нэг үгээр уламжлалыг шинэчлэх явц мэдээж ганц нэг яруу найрагчийн хийх ажил биш. Хэдэн хэдэн үеэрээ тэрхүү үйл хэргийг үргэлжлүүлдэг үр дүнг нь ИРЭЭДҮЙ эдэлдэг. Хамгийн гол нь эхлэлийг “ӨДӨӨГЧ” яруу найрагчид тавьсан байдаг. Уран зохиолын түүхэнд ихэнхдээ ӨДӨӨГЧИД биш БҮТЭЭГЧИД нэр суугаа мандуулдаг. Гэтэл цаана нь анхны шанг татсан ӨДӨӨГЧИД төдий л дурьдагдахгүй өнгөрөх нь бий. Угтаа өдөөгч байна гэдэг хувь тавилангийн хэцүү атлаа бахархалтай оноолт ч юм шиг. Тийм л хэцүү оноолт, тийм л хэцүү өдөөгч шинж чанарыг Л.Лувсандоржийн яруу найргийн нэн чухал ҮНЭ ЦЭНЭ гэж үзэх ёстой.
Тэгэхээр “яруу найраг ямар үнэтэй вэ?” гэсэн яруу асуулт минь үндсэндээ хэмжигдэх боломжгүй үнэтэй гэсэн ялимгүй дэврүүн ойлголтонд биднийг аваачна. Оюун санааны “ҮНЭ ЦЭНЭ” чухамдаа ганцхан хэмжүүрт л хэмжигдэж, ганцхан шүүлтүүрт л шүүгдэнэ. Түүнийг ноён цаг хугацаа хэмээнэ.
Б. Ноён цаг хугацааны боломжийн “алслал”-аас олон зүйл их тодорхой харагдах юм. Хамгийн шударга, ямар нэгэн “арын хаалга, татлаа түлхээ” ороогүй зүйл магадгүй хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд тэр л байдаг байх. Түүнийг маш товчхондоо ”цаг хугацааны шүүлтүүр” гэж нэрлэдэг. Илүү дэлгэрүүлвэл оюун санаа-цаг хугацааны тунгаагуур юм даа? Хэн тунаж үлдэх эсэхийг урьдчилан хэлж таамаглахад даанч төвөгтэй. Нэр алдар, одон тэмдэг, хурааж хуримтлуулсан хөрөнгө зоорь, хүрлээр цутгасан хөшөө, алтны уурхай, ашигт малтмалын лицензтэй бол үлдэж хоцорно гэсэн хэмжүүр байхгүй. Харин авилгал авдаггүй, хэзээ ч юугаар дутагдаж үзээгүй, дутагдах учиргүй цаг хугацаа, түүний үнэний шүүх, ирээдүйн оюун санааны өндөр босго л хэн нь хэн бэ? гэдгийг шийдэх бөлгөө. Зөвхөн үнэний талд бүх зүйл үйлчилнэ. Тэр ч байтугай Густав Флоберийн хэлсэнээр “зовлон гуниг ч хуучрах” хорвоод цагийн цагт шинэ мэт байх “үнэндээ гайхамшигтай” хувь тавилан билээ. Гэтэл ИРЭЭДҮЙ энэ л хувь тавиланг олгохдоо цаг хугацаанаас хамгийн энгийн атлаа хачин гүн гүнзгий агуулгатай дараах гурван асуултыг асуудаг ажээ.
НЭГДҮГЭЭРТ: -ТЭР ХЭН БАЙСАН БЭ?
ХОЁРДУГААРТ: -ТЭР БИДЭНД ЮУ ҮЛДЭЭСЭН БЭ?
ГУРАВДУГААРТ: -ТЭР ЮУНД ИТГЭДЭГ БАЙСАН БЭ?
Даанч энэ гурван асуултанд хэн дуртай нь омог бардам хариулж чаддаггүй гэнэ. Учир нь энэ асуултанд өөрөө бус цаг хугацааны дараа хэн нэгэн, хэсэг бүлэг хариулдаг юм. Нуулгүй хэлэхэд нэгдүгээр асуулт эдүгээ цагийн уран зохиолын судлалд их л чухал боловч үерхэж нөхөрлөж, дотносож, уран зохиолын тухай халуун яриаг сонсож, хажууд нь байж, дэргэд нь зогсож үзээгүй учраас амьдрал, намтарын талаар мэдэх зүйл хомс тул зөвхөн шүлгээс нь яруу найрагчийн талаарх мэдээлэл цуглуулж байна. Тиймээс яруу найрагчийн:
Хан-Өндөрийн хаданд
Цагаан морьтой гараад
Бага насаа сундалж
Цоохор морьтой ирнэ. /Л.Лувсандорж” Шүлэг, найраглал”1985,45/ хэмээх шүлгээс л ТЭР ХЭН БАЙСАН БЭ? асуултын зурвасхан хариултыг олж авч болох юм. Тэр гэгээн сайханд тэмүүлэн мөрөөдөгч байжээ. Мөн дурсан санагалзагч, хайрлан уярагч байсан байна. Хатуу хөлдүү, гүжир муйхар сэтгэлгүй байжээ. Яагаад ийм эргэлзээгүй хэлээд байгаагийн минь баталгаа ердөө энэ дөрвөн мөр шүлэг. Бага атлаа том баталгаа юм.
Эдүгээ цагт уран зохиолын хүмүүжүүлэх, үзэл сурталжуулах үүрэг гэж мухардмал онолын түвшинд ярих ямар ч утгагүй болсон нь ойлгомжтой. Үнэндээ сэтгэлийн боловсрол хийгээд хүн байхын боловсрол олгох үүрэгтэй гэж үзвэл бас л нэг хэмжигдэхүүн, явцуу хүрээнд уран зохиолыг хаших гэсэн оролдлого болох биз. Харин сайн уран зохиолыг “сайн хүмүүс бүтээдэг гэсэн” үзэл санаа он цаг улирах тусам улам батлагдсаар байна. Тиймээс л ТЭР ХЭН БАЙСАН БЭ? хэмээх нэгдүгээр асуулт зохиолчдод илүү их хамааралтай болчихоод байгаа юм. Тодорхой холбоосоор та зөв сайн хүн байж чадсан бол таныг зөв сайн үйлийн оюун санаа ивээж, зөв сайн зохиол бичүүлэх хүч, төвлөрөлийг өгнө. Эсрэгээрээ муу хүн байсан бол сайн бүтээл бичих үндэсгүй гэсэн ойлголтонд шууд тулж очно. Гэхдээ хүн байх гэдэг ойлголт хоорондоо холбоо хамаарал бүхий гурван ангилалтай
- ХҮН БАЙХ
- ХҮН ШИГ ХҮН БАЙХ
- ЗӨВ ХҮН БАЙХ
Хүн байх гэдэгт хөл гартай, нүд хөмсөгтэй, толгой тархитай байх гэсэн хамгийн нийтлэг шинжүүд, харин хүн шиг хүн байх гэдэгт олон зүйлийн ойлголт багтана. Хамгийн наад зах нь хүн шиг шуналтай байх, хүн шиг амьдралтай байх, хүн шиг үр хүүхэдтэй байх зэргээр хичнээн бол хичнээнийг нэрлэж хамааруулж болно. Тиймээс илүү их нурших хэрэг гарна. Харин “ЗӨВ ХҮН БАЙХ” гэдэг ойлголтонд харамсмаар цөөхөн зүйл хамаарна. Ердөө ЗӨВ БОДОЛТОЙ БАЙХ, ЗӨВ ХҮСЭЛТЭЙ БАЙХ, ЗӨВ ТЭМҮҮЛЭЛ ЗОРИЛГОТОЙ БАЙХ, ЗӨВ СЭТГЭЛТЭЙ БАЙХ. Ингээд л гүйцээ.
Зөв байж, зөв амьдарсан зөв хүмүүс /зохиолчид/ шилдэг сайн бүтээлүүдийг бичнэ. Гаргалгаа нь хачин энгийн. “Тэр хэн байсан бэ?” гэдэг асуултын хариулт ч тодорхой.
Хоёрдугаар асуултанд ганцхан үгүүлбэрээр маш товчхон хариулья. Тэр бидэнд “Хархул хааны балгас” домог найраглал үлдээсэн юм. Хархул хаан нэгэн удаа анд явахын цагтаа:
Хажууд нь бөхөлзөх шадар ноёноос
Хамгийн нүүрэн дээр ийн асуув
-Цус шиг ув улаан хацартай
Цас шиг цав цаган царайтай /Л.Лувсандорж” Холын бараа” 1980,82/ үзэсгэлэнт эм бий юу гэхэд нэгэн зусар түшмэл “таны охин дүү” гэжээ. Эндээс Хархул хааны эмгэнэлт эхэлж байна. Хаан төрийн эмгэнэл эхэлж байна.
Тэгвэл “Эцэст нь шулмын сүнс Элбэг хааныг эзэмдэж хамт яваа хүмүүст нь хандан ”цас шиг цагаан царайтай, цус шиг улаан хацартай, ийм үзэсгэлэнтэй эмэгтэй байдаг ч болоосой” гэж ихэд тамирдангуй дуугаар хэлжээ. Анд хамт явсан хааны бараа бологч Даюу “ Хаан эзэн минь тийм эмэгтэй байгаа” гэж дуу алджээ. Тэгээд араас нь “гэвч та түүнийг олж харахгүй байх” гэж ёжлонгуй хэлжээ. Уурлаж бачимдсан хаан” тэр чинь хэн юм бэ?” гэж тушаангуй асуув. Даюу “таны бэр” гэж хэлээд “тэр үүн шиг нэн үзэсгэлэнтэй сайхан” гээд цагаан цасан дээрх шинэхэн улаан толбыг заажээ./Жак Уэтерфорд “Монголын их хаадын нууц товчоо” 2009,123/ Эндээс Монголын түүхийн эмгэнэлт эхэлжээ. Эмгэнэлт эцэстээ юунд хүргэснийг түүхээс хөөн олж мэднэ биз.
Харин яруу найрагчийн эмгэнэлийг мэдрэх сэтгэлийн дээд илрэл “Хархул хааны балгас” найраглал. Энэ домгийг Архангай аймгийн Эрдэнэмандал сумынхан одоо ч ярьдаг. Тэнд “Хархул хааны балгас” одоо ч бий. Гэтэл Л.Лувсандоржоос өөр хэн ч бидэнд яруу найргийн өв болгож энэ эмгэнэлт домгийг үлдээгээгүй. Тэр цагт ТӨР өчүүхэн зүйлээс болж гутахын эмгэнэлийг түүнээс өөр хэн ч зориглож бичээгүй. Өнөөдөр ч төр бас л өчүүхнээс болж гутаж буйг олж харсан ч зүрхлэн бичих зүрхтэн ховор. Яруу найраг-эр зориг хоёрын нийлэх уулзвар улам холдсоор байгаа нь ирэх цагийн эмгэнэл ч байж болох юм.
Р.Киплингийн “Шунглийн ном”, Л.Лувсандоржийн “Шаалуухүүгийн домог” дуулиас илүү эмгэнэлтэй байж чадахгүй. Судлаач “Шаалуухүүгийн домог” дууль шүлгийн талаар ” энэ шүлэгт олон үхэл давхцсандаа ч бус эцэг үрийн холбоо амь бол амьдралаас эрхэм нандин холбоо байдгийг тайлах замаар нэгтгэн томоохон эмгэнэлт үзэгдэл болгон авсан нь дуулийн өвөрмөц агуулга төрөл зүйлийн шинжийг бий болгожээ. /Д.Галбаатар” Монгол дууль” 1994,85/ гэсэн илүү бодитой дүгнэлтэнд хүрсэн байна.
Илүү дутуу гэснээс энэ хоёр шүлгийг харьцуулаад уншихад гэмгүй. Уран зохиолд үүнийг оюун санааны нөлөөлөл, мөн бүтээлчээр суралцах ч гэдэг юм. Алин ч байж болох магадлалтай.
Сергей Есенин Лхамжавын Лувсандорж
Өнгөрсөн юм бүхэн эргэж ирэхгүй Өнгөрсөн юм бүхэн эргэж ирэхгүй
Сэрүүхэн тэр нэгэн шөнө эргэж ирэхгүй Сэтгэл булаасан тэр мөч эргэж ирэхгүй
Сэтгэлийн тэр нэгэн амраг эргэж ирэхгүй Сэргэлэн хөхөөн дуу ахиж эгшиглэхгүй
Цэцэрлэгт алтан гургалдайн дуулсан Унаган үсээр минь эрхлэн наадсан
Цэнгэлтэй тэр аяыг ажиж сонсохгүй Уудам нутгийн минь салхи ч сэвэлзэхгүй.
/ орчуулсан М.Цэдэндоорж/ /Л.Лувсандорж” Шүлэг найраглал” 1985,101/
Зарим оюуны хоцрогдолтой ч хоцрогдолгүй юм шиг царай гаргаж чадагсад “хулгай” гэж хууль дүрэм ярих нь бий. Уран зохиолд ийм жишээг “ОЮУНЫ ЗИНДААРХАЛ” гэж бас тодорхойлдог. Яагаад ч юм Б.Явуухулан ”Би хаана төрөө вэ?” шүлгээ Д.Нацагдоржтой зандаархаж бичсэн гэдгийг мэдэх хэмжээнд очсон цагт дээрх хоёр шүлгийг ойлгох болно. Түүнтэй адил яруу найрагчийн зиндаархал дээрх шүлгийн харьцуулалтаас шууд анзаарагдана. Шотландын Роберт Бёрнсийн хэлбэрээр бичсэн “Ненси”, эсвэл Ярослав Смеляковын “Сайхан Лида охин” -г эрхгүй санагдуулах “Лейли” шүлгиийг ч мөн адил “оюуны зиндаархал” үгүй бол “бүтээлчээр суралцах” гэсэн хоёр хэмжээст хамааруулж ойлгохыг хүснэ.
Яруу найрагч Л.Лувсандоржийн “Өнгө” найраглалд:
Орчлонд бас
Сайхан үхэл байдаг юм.
-Сайхан үхэл ээ?
/Санаандгүй дуу алдав, би / Л.Лувсандорж”Шүлэг найраглал” 1985,204/ гэсэн мөрүүд бий.
Судлаач “Эл найраглал аливаа юмны гол шинж үзэгдэл өнгөндөө бус дотоод мөн чанартаа байдаг гэсэн гүн ухааны санааг илэрхийлжээ. /Х.Сампилдэндэв” Орчин үе, яруу найраг”1982,124/ гэж дүгнэсэн тал бий. Магадгүй тийм л дээ? Үзэгдэх өнгө ихэвчлин хуурамч байдаг. Өнгө гэдэг хуурмаг учраас үхлийг дандаа хар өнгөөр илэрхийлэх нь ч түүнийг /үхлийг/ хэлмэгдүүлсэн явдал гэсэн сонин санааг яруу найрагч гаргасан юм.
Тэр бидэнд шинэ санаа, дүр дүрслэл, эмгэнэл, баяр хөөр, эрт цагийн домог, шинэ цагийн түүх үлдээсэн юм. Зүгээр ч домог, түүх, дүр дүрслэл биш маш ҮНЭ ЦЭНЭТЭЙ.
“ТЭР ЮУНД ИТГЭДЭГ БАЙСАН БЭ?” хэмээх гуравдугаар асуултанд “Дуу мэндлэхүй” шүлгийн сүүлийн бадгаар хариу барихыг хүслээ.
-сэтгэлд гал байхад
Зууханд гал олдоно,оо
“Харж байгаарай” гэж
Харцаараа хэллээ, би /Л.Лувсандорж” Шүлэг найраглал” 1985,50/
Тэр хүмүүс биднийг харцаараа ойлголцдогт итгэдэг байсан байна. Хуурамчийн баг хуулах, хуйгүй сэлэм шиг үнэн” хэзээд ялна гэж итгэдэг байжээ. Ирээдүйд, ирээдүйн сайн сайханд итгэдэг байжээ. Яруу найраг хэзээ нэгэн цагт ялимгүй магтаал, төрийн өргөмжлөлөөс сална гэдэгт итгэдэг байжээ. Ийм итгэлтэй хүн ИРЭЭДҮЙД үнэлэгдэхээ ч мэддэг байжээ.
Одоо л “яруу найраг ямар үнэтэй вэ?” асуултанд “зургаан тэрбум, 600 сая ХҮН амьдардаг ДЭЛХИЙН үнэтэй” гэж хариулахыг хүснэ. Мэдээж дэлхийн яруу найргийн үнэ цэнийг өндөрт өргөхөд монгол хэлт яруу найргийн хүч нөлөөлсөн. Тийм их хүч агуулсан Монгол яруу найргийн сансарт Лхамжавын Лувсандорж хэмээх нэгэн ОД гялалзсаар буйд бүү эргэлзээрэй.
Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг
2011-04-10