ГУРАВДУГААР БҮЛЭГ
Нэгдүгээр үзэгдэл
/тайз харанхуй. Алсад бөмбөрийн дуу цуурайтна. /
1-р хий хүн: - Хубилай сэцэн хаан Япон улсын хаанд Туушжунаар явуулсан итгэмжийн бичигтээ бууж өгөх үү? Тулалдах уу? дарай хариу өг хэмээн шаарджээ. Дайн тулаан болбол хэнд ашиг тус нь ямар болохыг бурхан мэдэх хэрэг гэж гарцаагүй ялан дийлнэ гэдэгтээ эргэлзэхгүй байлаа.
2-р хий хүн: -Тулааны талбарт хоноглодоггүй заавал хуарандаа ирж амардаг Монгол цэргийн энэ хатуу ёс дэглэм энэ тулаанд тэдэнд их гарц хохирол авчирсан гэдэг. Олон зуун цэрэг далайн шуурганы өмнө дайны талбараас буцаж ирч хөлөг онгоцондоо хологлож байжээ. Гэнэт далай хуйлран шуугиж ганцхан шөний дотор 150000 зуун тавин мянган цэрэг сүйджээ.
/Ховсдогч лам, Ничирэн хуварга хэдэн цэргийн хамт гарч ирнэ. Ховсдогч лам модон сараалжин дотор суух Монгол элч нарыг тойрон алхана. /
Туушжун: -Эрхэм хуварга юунд биднийг муур мэт гэтнэ.
Кэвоонжу: -Ямар нэгэн хэрэг сэдсэн бололтой. Түүнээс биш юунд ийн тойрон алхах билээ.
Ардай: -Цаадах нь харин их л үнэн хуваргын дүртэй юм. Харин энэ ч дээ? Мэдэхгүй. Хорт могой л болов уу даа? /хуруугаараа Ховсдогч ламыг заана/
/Ховсдогч лам модон сараалжины энд тэнд гарч хоёр гараараа зайнаас ховсдох дүр үзүүлнэ. Энэ үед Токүмүнө хаан ноёд сайдуудаа дагуулан хүрч ирнэ. Ховсдогч ламын элдэв хөдөлгөөнийг харж зогсоно. /
Ховсдогч лам:/Толгойгоо сэгсэрч/- Ийм олон хүнийг хараахан ховсдож хүчирэхгүй байна. Сараалжнаас нь нэг нэгээр нь гаргаж ирээд ховсдоё.
Туушжун: -Ах дүү нар минь энэ ламаар ховс хийлгэх нь. Жибэн түшмэлийн түрүүн хэлснийг сая л ухаарав. Бидний уур хилэнг оволзуулж хожим их цэргийн өөдөөс далайн шуурга босгох шид бүтээсэн юм байна. Юу ч болж байсан Зүрх улаан уулаа бодлоосоо салгаж болохгүй шүү? Тэгж чадвал ямар ч ховс үйлчлэхгүй.
Ардай: -Тийм бол бөөгийн тэнгэртэй Зүрх улаан уулаа бодлоосоо үл салгая.
/Эхлээд Туушжунг сараалжнаас гаргаж ховсдох гэсэн боловч хичнээн оролдоод дийлсэнгүй. Ховсдогч лам хөлсөө арчсаар Ардайг гаргаж ирээд зайнаас хоёр гараа агаарт эргэлдүүлж сүрийг үзүүлнэ. Ардай зөвхөн тас тас инээсээр сууна. Токимүнэ хаан энэ бүхнийг хараад хилэгнэн босож ховсдогч ламыг хуруугаар чичлэн /
Токимүнэ: - Чиний өнөө бардам ам яалаа. Бидэнд гайхалтай зүйл харуулна гээгүй билүү?
Ховсдогч лам: /царай нь улалзан /-Хаантан минь тогтож хайрла. Миний ховс хэнд ч нөлөөлдөг юм. Гэтэл нүдний өмнүүр улаан хөшиг татчихаад ямар ч аргагүй байна. Эдний ард даадаг хүч нь дийлдэхгүй их юм. / чичигнэн хэлнэ /
Туушжун: -Хаантан, Монголчуудын тэнгэрийг хилэгнүүлэв дээ? гэж би таньд эс хэлэл үү?
Токимүнэ: -Дуугай тат, муу боол.
/Хоёр цэрэг сараалжнаас Кэвоонжуг гаргаж ирэхэд /
Токимүнэ - Наад хүн чинь Солонгосын Намигон хүн байна. Түүний уур хилэнгээр юу хийх билээ? Буцаа.
/Хоёр цэрэг Кэвоонжуг буцааж, өвгөн хуурчийг барин гарч ирнэ. Өвгөн хуурч арьсан ууттай хуураа үүржээ./
Токимүнэ: /Ховсдогч ламд хандаж / -Чи тэр омог сүртэй эрчүүдийн ховсдож чадаагүй юм чинь. Энэ үхэхээс бусдыг үзсэн хөгшин цэргийг яахан ховсдож барах.
Ховсдогч лам: -Хаантан минь... /гараараа дохиж үгийг нь таслаад, хажуудаа зогсоо хоёр цэрэгт хандаж /
Токимүнэ: -Тэр үүрсэн зүйлийг нь авчир. /хоёр цэрэг өвгөний хуурыг булаан аваад Токимүнэ хаанд өргөн барина. Тэрээр хуурыг уутнааас гаргаж эргүүлж тойруулж үзээд /
Токимүнэ: -Хөгжим бололтой юм. Дуу гардаг л юм байх даа? /хун хуурын нэг утсыг татахад цангинасан дуу гарна. Их л зэвүүцэн хуурыг өвгөн рүү шидээд, ховсдогч ламд /
Токимүнэ: -Алив, ховсд /хилэнтэйгээр хэлнэ./
/Ховсдогч лам хэд хэдэн удаа гараараа магнайд нь хүрч их л хичээх боловч өвгөн огт хувирахгүй алсыг харна./
Өвгөн хуурч: /хуураа тэвэржээ/ -Ламтан та дэмий өөрийн үйлийг барав. Өвгөн миний онгод тэнгэр чиний наад сарвалзахад чинь ихэд уурлан хилэгнэж байна.
Ховсдогч лам: /хөлсөө арчин/- Хаантан минь өршөө. Хаантан минь өршөө. /өвдөг сөхрөн мөргөнө./
Токимүнэ: -Аа муу хуурамч их амт. Чи гэмгүй түшмэлийг минь илбэдэж хилсээр хороолгосон ажээ. Одоо өөрөө адгийн муу үхлээр үхэх болно, чи
Ничирэн: -Хаантан минь тогтож хайрла. Энэ ламд юун буруу байх вэ? Их хүчийг ямар ч чадалтан дарж давж үл чадах. Муу үйлд арга мундахгүй хэмээн би хэлсэн шүү дээ? Тэр /сараалжин дотор зогсоо Атуухаг зааж / харваас цус шингэн, нас балчир юм. Түүнийг ховсдоод үзэг.
Токимүнэ: /ялимгүй тайвширч/- Тэр хүүг гаргаад ир.
Ардай: -Дүү минь тэсээрэй. Зүрх улаан улаа сэтгэлээсээ бүү алдаарай. Дайсанд муугаа үзүүлэхгүй шүү? Чи чинь Монгол эр шүү дээ?
Туушжун: -Даанч балчир юм даа?
Атууха: -Ардай ах, аа. Би хичээнэ, ээ.
/Хоёр цэрэг Атуухаг чирэн гарч ирнэ. Ховсдогч лам зайнаас хоёр гараараа ховсдох хөдөлгөөн хийнэ. Удалгүй Атуухагийн нүд сүүмийж, толгой нь Ховсдогч ламын гарын аясаар ганхана /
Атууха: -Ходуна чи энд юу хийж яваа юм. Энэ харь газар чамд аюултай. Даруй түргэн буц. Эцэг тань хайгаад сүйд болж байгаа.
/далдаас бүсгүй хүний дуу гарна /
Дуу хоолой: -Атууха минь чамайг хайсаар ирэв.
Атууха: -Чи минь яаж энэ хол газрыг туулав.
Дуу хоолой: -Би оргосон билээ. Эцэг минь Их Нахунтай ураг барилдахаар тогтов. Тэгээд би хээр даагаа унаад энд ирэв.
Атууха: -Эвий минь. Бэрх холын замд зүдэрээ байлгүй. Их далайг хэрхэн гатлав.
Дуу хоолой: -Та Их Нахуны хөвгүүн Хучирыг таних билүү?
Атууха:- Үхэл л биднийг салгахаас өөр хэний хэн ч байсан салгаж чадахгүй. Амраг сэтгэлтнийг хүчээр салгах зориг эцэгт тань үгүй л юмсан. Тийм муйхар бодолтон биш дээ?
Дуу хоолой:- Гол нь дүү Агч минь Хучиртай анд бололцож, орсон гарсан ч хамт явах болов. Агч дүү минь намайг Хучиртай хуримлахыг ихэд ятгаж, сайн өдрийг тогтож аавыг ятгасан билээ. Хучир түүнд одоо Атууха таниас илүү эрхэм болжээ.
Атууха: /уурлан хилэгнэж / - Аа, муу Агч. Тангараг үл тасрахын ерөөл тавьснаа мартжээ. Андын тангараг үүгээр тасрав. Хожмын өдөр түүнээс заавал өсийг өсөх минь.
/Ховсдогч лам гараа алгуурхан буулгахад Атууха уурлан орилсоор сэрнэ. Ничирэн хуварга арьсан уутныхаа амыг дэлгэн тарни уншаад удалгүй уутны амыг таглана. Хоёр цэрэг Атуухаг буцаан модон сараалжин дотор хийнэ. /
Ховсдогч лам:/их л тааламжтайгаар/-Хэрэг бүтэв. /хөлсөө арчина. /
Токимүнэ: -Үнэхээр ганц муу хөвгүүнийг хилэгнүүлж чадав. Хэрэг бүрэн сайн эөс бүтэв.
Ничирэн: -Оргүй хоосноос дээр билээ? Далайн бурхад таалах биз. /залбирна/
Ховсдогч лам: -Ничирэн хуварга таны уут л хоосон бүү байгаасай. /зэвүүнээр хэлнэ/
Атууха:/толгойгоо барин сууна/ -Ах нар мину, би тэссэнгүй. Муу эрийн шинж үзүүлэв. Уур хилэнгээ өстөнд өгөв.
Өвгөн хуурч: /тайвнаар/-Гэмгүй дээ дүү минь. Харин чиний үзсэн бүхэн хоосон гэдгийг сайн сана. Анд Агч чинь тангарагаасаа няцаагүй. Амраг Хотуна чинь эрд очоогүй. Сая чамд муу зүүдэн үзүүлэв. Тэнгэр тэднийг яавч өршөөхгүй.
Ардай: - Энд өвөл хүйтэн болов уу?
Кэвоонжу:- Та юунд огтоос хамаагүйг бодно.
Ардай:-Хүйтэн бол сайхан даа? Би чинь хүйтний хоолой гэдэг газар өссөн хүн шүү дээ? Манай тэнд өвөл мөн чиг хүйтэн шүү?
Туушжун: -Атууха дүүгийн зориг зүрхийг бахдана. Санаагаар унах юун. Харин ч ийм муу зүйл үзсэн гэхэд өчүүхэн омог тэдэнд өгөв.
Өвгөн хуурч: -Тийм шүү? Үнэхээр бахдмаар зоригтой байв. Даанч эцэст нь хашгирав. /бүгд инээлдэж, Туушжун Атуухагийн толгойг илнэ. Өвгөн хуурч хуураа гарган эртний сайхан аялгуу хөгжимдөнө. Жибэн улсууд тэднийг тойрон зогсоод гайхан харна. /
Ничирэн :-Тэд өөрсдийгөө тэнгэрт тэтгэгдсэн хэмээдэг. Үнэн ажээ.
Ховсдогч лам: -Хаантан минь, одоо цаазыг гүйцэтгэвээс зохино.
Япон ноён: -Манай Жибэн улс эхний довтолгоог няцаасан, тэнгэр бурхан биднийг ивээсэн. Тиймээс юунаас айх билээ. Цаазыг даруй гүйцэтгэх нь зөв.
Ничирэн: -Элчийг хороох нь төрийн ёсонд хазгай. Хуварга би хэдийгээр төр ёсыг сайтар мэдэхгүй ч түмний ёсыг муугүй мэднэ .
Ховсдогч лам: /чангаар инээж/ -Улсын их багш төрийн ёс мэдэхгүй байх уу? Хуварга таны айлдсан үг айхад хүргэнэ.
Ничирэн: -Муу явдал сайн үйлд хүргэхгүй. Үйлийн үр гарцаагүй. Тэнгэрт нисэх шувууны өд газарт унахад түүнийг цагтаа нисэж явсаныг хэн ч үл мэднэ. Харин биднийг ийм мунхаг зүйл хийснийг хожим хэн ч үл мартана. Муугаар дурсах биз. /явж одно /
Токимүнэ: -Энэ Ничирэн бидэнд хоригдож байгаагаа мартжээ.
Япон ноён:-Одоохондоо түүнд хор хүргэж болохгүй. Хувилгаан эрдмийн ашиглах хэрэгтэй.
Ховсдогч лам: -Харж л байж больё. Тийм эрдэм энэ хуваргад бий юу? Аа, мэдэхгүй /мөрөө хавчина/
/ Токимүнэ ноёд сайдуудаа дагуулан явж одно. /
Кэвоонжу: -Өглөөний энэ хэдхэн цагийн дотор ямар их явдал болж өнгөрөв, өө. Заримыг нь харж амжсангүй. Толгойдоо тогтоож ч завдсангүй. Жирэлзээд л өнгөрөв биш үү?
Атууха: -Харин тийм.
Ардай: -Тэгдэг юм. Нэгэн тулалдаанд би жадаараа гурван хятад цэргийг нэвт сүлбэсэн юм. Дараа нь хэрхэн сүлбэснээ санах гээд чадаагүй шүү? Хоромхон зуур л болоод өнгөрч билээ.
Туушжун: -Ардай баатар зүүдэлсэн бус уу? Тэгээд санахгүй байсан биз.
/Бүгд инээлдэнэ. /
Ардай: -Хаанаас даа? Бүр Шан-янь балгадын тулалдаанд болсон юм.
Өвгөн хуурч: -Тэр Шан-янь балгадын тулалдаанд би бас усанд живэх шахсан юм. Их ус хөлгүй тун аймаар юм билээ. Усан даланг гатлаад цааш давших үед мориноосоо уначихсан юм. Бишгүй л олон тулалдаанд оолцож явлаа. Нэг ч мориноос унаж байгаагүй. Аргагүй л уулыг цас, эрийг нас дарах ажээ.
Кэвоонжу: -Дахиад өнөөдүүл айсуй.
Ардай: -За даа, цаг болжээ. Бөмбөрийн дуу нижигнэв. /босож зогсоод биеийн чилээг гарган сунайна. /
/Тайз харанхуйлна./
1-р хий хүн: - Хаадын түүхийг айдас мөрдөж явна. Эрх мэдэл, зэрэг ямбаа алдахаас айсан айдас. Бүр сүр хүч орсон биежиж томорсон айдас. Түүхийг дарангуйлсан айдас.
2-р хий хүн: -Айдаст автагдаагүй хүн гэж хаана ч байхгүй. Зарим нь амь насаа алдахаас, зарим нь амраг хайртаа алдахаас, зарим нь алдар нэр, зарим нь эд баялагаа алдахаас айнам. Түүхийн хором бүхэн ямар нэг айдсаар дүүрчихжээ.
1-р хий хүн: -Нэг бодлын сайхан юм даа? Айдасгүй бол хүмүүс... Бодохоос ч зэвүүцмээр байна шүү?
Хоёрдугаар үзэгдэл
/Тайзны гэрэл тодорч цаазын тавцан дээр Монгол элч нарыг зогсоожээ. Япон цэргүүд бүслэн зогсоно. Токимүнэ ноёд сайд нарын хамт өндөр ширээн дээр заларна. Ховсдогч лам хажууд нь бараадан зогсоно. Элдэв туг хиур сүртэйгээр намирна./
Токимүнэ: - Ховсдогч лам нааш дөх л дөө? Юунд гэрэвшин зогсоно.
Ховсдогч лам: -За хаан эзэн минь /ойртон зогсоно. /
Токимүнэ: -Монгол элч нарын айдас мэдрэгдэж байна уу?
Ховсдогч лам: -Үгүй. Хаантан минь. Юу ч үл мэдэрнэ.
Токимүнэ: -Гайхмаар юм.
Туушжун: -Жибэн ихэс дээдсээ, сүүлийн үгээ хэлэхийг хүсэж байна.
Токимүнэ: -Хэлэхтүн. Ёсийг бодож хэлсэн үгийг чинь чулуунд сийлж үлдээмз.
Туушжун: - Тэнэмэл салхи хадан хясаанд тулж
Чигээ өөрчилдөг.
Тэнгис далай савандаа дүүрээд
Цэлэлзэн хөөсөрдөг.
Тэнэгийн дотор гэрэл тусавч
Цацрахын хувьгүй бөхдөг
Тэнгэрийн гэсгээл хатууг гэдгийг
Хожмын явдал гэрчилдэг.
Токимүнэ: Бүү сүрдүүл. Би айхгүй байна.
Кэвоонжу: - Гандмал сарны гэрэл
Хуучин сүүдрээ үлдээнэ.
Гансрах сэтгэлийн дотор
Хөнгөн гуниг бүрхэнэ.
Төрөлх хязгаараас ирэх
Салхины амт анхилуун
Төрсөн бие хоргодох ч
Сэтгэлийн амь тасарахгүй.
Токимүнэ: - Хөөрхий чи юунд Монголчуудын гар хөл болж, манай улсыг тагнаж явааг би эс ойлгоно. Тиймээс ял цааз адилхан өршөөлгүй.
Кэвоонжу: -Би өршөөл эс гуйсан билээ. Харин хамт явсан Со-Чан түшмэл хэрхэснийг асуумаар байна.
Токимүнэ: /инээд алдсанаа/ -Хэдийнээ цааз гүйцэтгэсэн. Та нарын хамаг хэргийн учрыг харин тэр түшмэл бидэнд илчилсэн тустай. Гэвч нэгэнт хааны зарлиг хатуу хойно яах билээ.
Кэвоонжу: -Хааны зарлиг хатуу байх гол гэж үү? Шударга бус бол хичнээн хатуу байгаад..
Япон түшмэл:- Муу Намигон боол чи эзэн хаанд эрдэм заах санаатай юу? Дуугаа тат.
Кэвоонжу: - Монголчуудын сүр хүч юунд байгааг мэдэх үү? Бусдын ухааныг өөрийн хэрэгт ашиглаж чаддагт л байгаа юм.
Ардай: -Түүнийг эд яахан ойлгох. Эрхэм Кэвоонжу үгээ дэмий бүү цац. Түүнийг сайтар гамна гэдэг юм.
Токимүнэ: - Чалчиж дууссан бол...
Ардай: -Гарт минь илд байваас...
Атууха: -Тийм бол харамсах юмгүй тулалдсаар дуусахсан.
Өвгөн хуурч: -Хуураа л энд ганцааранг нь орхих нь.
Япон ноён: -Манай улсын нэр төрд дураар халдаж, эзлэн түрэмгийлэхийг санаархагч Юань улсын Хубилай хааны туршуул Монгол элч нарыг цаазлан хороох учиртай. Токимүнэ хааны зарлигаар цаазыг ёсоор гүйцэтгэ.
Туушжун: -Хүний амийг хорооход хүндтэй шалтгаан хэрэгтэй гэдэг билээ. Танай хаан тийм шалтгаанаа эс дурьдав.
Токимүнэ: -Чи муу албан элч бус тагнуул.
Туушжун: -Хэн гэж үзэх нь хаан таны хэрэг. Би өөр юу ярих вэ?
Япон ноён: -Цаазыг ёсоор гүйцэтгэ.
/Япон цэргүүд Монгол элч нарыг бүчин авах үед Ардай их дуугаар /
Ардай: -Тэнгэрийн гэсгээл хатуу шүү?
No comments:
Post a Comment