Sunday, December 12, 2010

маргааш хэрэглэнэ

                  “Амьтдын цагаан толгой”,  амьдрал-танин мэдэхүйн ном
   Сүүлийн үед хэрэгтэй ашиг тустай хэрэглээний ном их үнэд орох болжээ. Хоол хийх, байшин сав барих, хайрлаж дурлах, зөв амьдрах, хэл сурах зэрэг зүйлийн тухай бичсэн хүний амьдралд гарцаагүй хэрэгтэй номнууд олноор зах зээлд борлогдох болжээ. Хүн улам хэрэглээг шүтэх болсоны илрэл биз. Цаг үе, нийгмийн хандлагаа дагаад уран зохиолын бүтээлээс хүртэл “бодот ашиг” хайх болсон эдүгээ цагт зурагт, компьютер хоёроос нь холтгож  хүүхдийг яаж номтой нөхөрлүүлэх тухай их ярих болжээ. Ямар аргаар яаж нөхөрлүүлэх талаар одоохондоо хэн ч олигтой арга олоогүй л байна. Харин олон янзаар, олон хэлбэрээр ном хүүхэд хоёрыг ойртуулах гэж үзэж байна. Гэвч уран зохиолын номтой сайн ойртож нөхөрлөхгүй байгаагийн  шалтгаан нь миний бодлоор хоёр зүйлтэй холбоотой юм.
   Нэгдүгээрт: - Техникийн дэвшлээс л хүн төрөлхтөн татгалзахгүй л бол хүүхдийг номтой нөхөрлүүлэх боломж тун бага. Дээр хэлснээр зурагт компьютер хоёроос нь л хүчээр салгадаггүй юм бол.  Харин тэр техник технологийн дэвшлээ ашиглан уран зохиолд дуртай болгодог нэг арга  өндөр хөгжилтэй гадагад улсуудад бас байна. Түүнээс бус цаасаар хэвлэсэн номонд дуртай болгох гэдэг их бэрх санагдана. Гэхдээ ямар ч боломжгүй зүйлсээс ч боломж олж хардаг хүн төрөлхтөний эрэлч чанар байгаад итгэсэн хэвээр. Ном гэхээр эгнэсэн мөрөөр эгнүүлэн бичсэн эх байдаг гэдэг хуучин ойлголтоосоо татгалзаж, олон сонирхолтой хэлбэрүүдийг эрэлхийлж эхэлжээ. Электрон ном энэ тэр гээд сонссон л байлгүй дээ?  
  Магадгүй та бүхний хүүхдүүддээ уншуулахаар шийдсэн “Амьтдын цагаан толгой” хэмээх энэ ном ч тэр эрэлч чанарын нэг гэдгийг хэлье. Яагаад гэвэл энэ цагаан толгойноос сургалт –танин мэдэхүйн цогц олон мэдлэгийг нэг дороос хүлээн авч болно. Таны хүүхэд амьтдын үр зулзагын нэрийг мэдэж, зургийг нь өнгө ялган зурж, монгол бичгээр шүлэглэсэн эхийг уншиж, англи эхийг нь цээжлэж, оньсого тааврыг тааж, оюун ухаанаа тэлнэ гээд бод доо? Хэзээ манай хүүхдийн тэр тусмаа сургуулийн өмнөх насныханд, хүүхдэд зориулсан ном бүтээлд ийм олон талт цогц мэдлэгийг олгох талаар хэзээ бодож санаж байлаа. Тиймээс энэ санааг анхлан сэдсэн зохиогчид талархал дэвшүүлэх нь зөв биз.
   Хоёрдугаарт: -Энэ цагийн хүүхдүүдийн оюун санааны хэмжүүрт тэнцэх бүтээлийг бичихгүй бол бидний мэдэх тэр цаг, одоогийн энэ цаг хоёр газар тэнгэр шиг ялгаатай болжээ. Зугаацах юм номноос өөр байгаагүй цагт “Монте-Кристо”, “Нууцат арал”, “Шадар гурван цэрэг”, “Арван таван наст ахмад”, “Усан доогуур наян мянган бээр аяласан нь”, “Жонон гуйлгачин хоёр” зохиолууд чинь насанд хүрэгчдийн гэгддэг байв шүү дээ? Гэтэл одоо энэ зохиолуудыг ном цаас сонирхдог 12, 13 -тай хүүхдүүд л уншиж байна. Өнөө “Робинзон Крузо”, ”Гулливерийн аялал”, ”Гуталт муур”, ”Цасан гоо”, ”Нугасны муухай дэгдээхэй” зэрэг зохиолууд 4, 5 -тай хүүхдүүдийн хэтрүүлсэн хүнд өлгийтэй багынх нь зохиолууд болчихжээ.    Дээр нь бас монголын хүүхдийн уран зохиолын тухай ярихгүй байхын аргагүй юм. Одоогийн хүүхдүүдийн оюуны санааны төвшнөөс хамаагүй дор, манай зохиолчдын модон иштэй чихэр, хэдэн бөхтэй ч тэмээ билээ, хадны мангаа энэ тэр гэсэн “хачин” зохиолууд нойр хүргэхээс хэтрэхээ байсныг нуугаад яах вэ? Харин “Амьтдын цагаан толгой” гэдэг энэ ном ямар ч байсан үсэг нүдлэж, үг холбож суугаа багачуулын нойрыг хүргэж, номноос залхаахгүй гэдгийг хэлэх байна. Харри Поттерийн цуврал шиг нууцлаг, тайлагдашгүй ертөнцөд аваачиж, эсвэл Алиса шиг ер бусын гайхамшигтай орон зай, цаг хугацаанд очих ч тийм их сонин содон байхаа больжээ. Уран сайхнаас илүү бодот сэтгэлгээг чухалчлах болсон тул Рей Бредберигийг уншиж сэргэхээс, эрүүл амьдрахуйн жорыг их унших болсон билээ. Тэгвэл хүүхдүүд ч бодот чадвар хөгжүүлэх номыг л ном гэж үзэх болсон нь энэ цагийн аясаа дагаж буй явдал юм.
  Одоо харин “Амьтдын цагаан толгой” номыг Хэнтийн Батхүү хэмээх яруу найрагч эрхэм зохиосон гэдгийг хэлье. Яруу найргийн чухам авьяасаа хүүхэд багачуулд зориулж байгаа нь үнэхээр сайшаалтай. Хэнтий нутгийн яруу найргийн дэг сургуулийн галын дэргэдээс босож, эдүгээ их утга зохиолын хаалгаар орж ирээд хүүхдийн танин мэдэхүйн цуврал ном бүтээжээ.  “Амьтдын цагаан толгой” хэмээх энэ ном гурван дэвтэртэй. Цагаан толгойн 35-н үсгээр амилсан, сургалт-танин мэдэхүйн сурах бичиг. Миний нэмж тодорхойлж байгаагаар амьдрал-танин мэдэхүйн бүтээл. Яагаад амьдрал гээд байгаад гайхаж байна уу? Үнэхээр амьдрал сурах бичгээс огт өөр. Одоо чинь хүн тоо боддог байхаас илүү тоосго өрдөг байх нь амьдралд  хэрэгтэй гэдэг үзэл дэлгэрээд байна. Харин амьдралыг нээх, амьдралыг танин мэдэх нь хэрэгтэй гэдэг үзэл л дэлгэрэхгүй  юм.
  Ийм амьдралд хэрэгтэй үзлээс гадна энэ номын нэг тус байна. Тэр нь ан амьтнаа хайрлах сэтгэлийг хүүхдүүдэд насан багаас нь өвлүүлж байгаа юм. Байгаль экологиийн асуудал хурцадсан энэ цагт нялх амьтныг нэрээр нь нэрлэж, зүсээр нь ялгаж сурах ч бас “том” эрдэм билээ.  Энэ цаг, энэ цаг гээд олон дахин нуршаад байгаагийн учир энэ цагтаа хамгийн их тохирсон сурах бичгийг Х.Батхүү бичжээ. Яруу найраг ялдам сайхан үгсийн цуглуулга гэж андууран боддог үе ард хоцорч оюун санааны шинэ үе, шинэ хандлага сайнаар төлөвшин тогтож байна.
   Эцэст нь хэлэхэд “Амьтдын цагаан толгой” номоор эрдмийн гараагаа эхэлсэн таны хүүхэд ирээдүйд гэгээн сэтгэлтэй, ариун явдалтай, ухаан ихтэй, дулаан харцтай хүн болно гэдэг эрэлзэх хэрэггүй.

                                                       Пүрэвхүүгийн Батхуяг
                                                                2010-12-12
                                                            Улаанбаатар хот

1 comment:

  1. Дажгүй сайхан өгүүлэл байна. Номтой холбоотой юм болохоор нь номын сангийн вэбтэй холбочихлоо.

    ReplyDelete