Friday, December 24, 2010

"Ганцхан тогшилт тэгээд чулуун зүүд" романы нэгээхэн хэсэг

Агаар

   Гудамжныхаа ах нарын даалгавар гүйцэтгэж, задгай шар айраг авахаар тавын бидон санжигнуулан гүйж яваад урт цагааны хажуугийн гудманд би анх түүүнтэй танилцсан юм. Нарийхан жинсэн өмднийхөө шуумгийг эргүүлээд хар гутал цагаан оймс өмчихсөн харваас дэгжин залуу байв. Шүдэн завсараараа сийгүүлэн байж ” Хөөе, нааш ир”.
Дөчин мянгатын шинэ залуусын нэг гэж бодоод нилээд хулмагархан түүн рүү дөхөж очлоо. - Бацаан энэ хавьд  үнэртэй усны дэлгүүр хаана байдгийг мэдэх үү?
-               Мэдэхгүй.
-               Үнэртэй ус зардаг өөр дэлгүүр мэдэх үү? Би уриалгахан толгой дохилоо.
Тэгээд түүнийг дагуулаад Их дэлгүүрийн баруун талын жижиг дэлгүүрт оруулав. Цэнхэр хайрцагтай сүрчигийг авах гэсэн боловч мөнгө нь хүрсэнгүй. Хэсэг бодолхийлснээ миний гартаа санжигнуулах савыг  харснаа:
·         Миний дүү сүү авах мөнгөө ахдаа зээлчих
·         Сүү биш ээ байрны ах нарын шар айрагны мөнгө...
·         Би орой л чамд аваачаад өгчихнө, миний дүү санаа зоволтгүй. Байрныхаа ах нараас нуугдчих, маргааш л аваад өгнө биз. Тэд нар ганц өдөр пиавдалгүй ямар үхчих юм биш. Ах нь найз охиндоо төрсөн өдрөөр нь үнэртэй ус авч өнгө гээд хэлчихсэн юм. Өнөөдөр ядаж төрсөн өдөр нь...
Аль түрүүнээс гартаа тас атгаж явсан хэдэн төгрөгөө түүнд сарвайв.
·         Баяртай ахын дүү орой уулзая гэснээ нааш эргэж цүнхнээсээ нэг пянз гаргаж ирээд:
·         Англи улс гэж мэдэх үү?
·         Мэдэлгүй дээ?
·         Энэ их алдартай  хамтлаг оросоор “Воздух” гэдэг юм. Монголоор “Агаар” шүү дээ? Дүүдээ дурсгаж байгаа юм. Англиар ёстой мэдэхгүй гээд явж одов.
    Би хэдэн өдөр түүнийг гэрийн гадаа ирээд шүгэлдэн гэж хүлээсэн боловч тэр ирээгүй. Гудамжны ах нарт хэдэн өдөр сайн дарамтлуулаад сүүлд нь ааваас мөнгө гуйж задгай шар айраг авч өгсөн билээ. Өдөр бүхэн өнөө пянзыг нь тавьж сонсоно. Нэг л өөр орчинд умбаад орчих шиг л санагдана. Ийм пянз өгснийх нь төлөө би түүнийг их эрт уучилсан юмдаг. Нэг дуу нь надад хачин их таалагддаг байв. Найз охиндоо төрсөн өдрөөр нь сүрчиг авч өгөх гээд мөнгө байдаггүй, эцэст нь дэлгүүр тоноод тэгээд шоронд саралжин төмөртэй жижигхэн цонхоор агаар шунан үнэртэж зогсохдоо агаар сүрчиг шиг байсан бол би ингэж суухгүй дээ? хэмээн мөрөөдөж байгаа тухай дуулдаг юм. Хожим би түүнтэй гудманд олон удаа таарсан ч мэдээж намайг таниагүй. Тэр залуу агаарыг үнэртэй ус болгох төлөвлөгөөтэй хэвээрээ яваа юм шиг санагдаад уулзаж зүрхлээгүй юм. Харин “Агаар” гэдэг Английн хамтлагыг хөгжмийн нэвтэрхий толиос хайгаад олоогүй билээ. Тийм хамтлаг Англид байтугай дэлхийд байгаагүй байж болох юм. Хэдэн жилийн өмнө би тэр эртний пянзаа хайж хайж олоод цэнхэр цүнхэндээ хадгалаад тас мартсан билээ.
Гэтэл тэр өдөр хуучны нэгдүгээр дэлгүүрийн гудманд түүнтэй халз тулгарчихав.
-               Та намайг таньж байна уу?
-               Танилгүй яах вэ? Чи өмнө нь надтай дуугарахгүй л зөрөөд явчихдаг байсан ш дээ? Олон удаа таралдсан шүү? Оюутан байхад чинь хүртэл хэд хэдэн удаа энэ гудманд зөрсөн. Чи ном сугавчилаад явж байдаг байсан даа?
-               Би таныг намайг танихгүй байх гэж бодоод дуугардаггүй байсан юм.
-               Ах нь худлаа ярьчихсан болохорор санаа зовоод байдаг байлаа. Дүү юу хийж байна.
-               Геологич...
-               Газрын  ам ухдаг хүн болоо юу? За завтай юу? Ахыгаа дагаад яв. Энэ хажуугийн хөгжмийн дэлгүүрт орьё. Дүүдээ “Агаар” хамтлагийн шинэ CD авч өгнө , өө.
Үнэхээр “New Wind” гэсэн шинэхэн цомог худалдаалагдаж байв. Дэлгүүрээс гараад үүдэнд нь хэсэг зогсож ярилцав.
-               Ийм хамтлаг үнэхээр байдаг юм уу?
-               Байдаггүй болоод би чамд шинэ CD - г нь авч өгөх үү?
-               Очоод сайн сонсоорой. За баяртай, дараа сайхан уулзана, аа. Агаар үнэртэй ус  шиг сэнгэнэж байна даа? гэв.
Би араас нь харж зогсоод агаарыг удаан гэгч шуналтайгаар үнэртсэн боловч угаар утаанаас өөр юу ч үнэртсэнгүй.

Гадил жимс

Дэлгүүрт шинэхэн гадил зардаггүй. Харин хатаасан гадил хаа сайгүй байдаг байв. Гэтэл “саяхан хурааж авсан шинэхэн банана аваарай” гэж хашгирах дууг сонсоод тэр зүгт сонирхон явж очвол халзан толгойтой залуухан эр инээд алдаад, үнэхээр гадил жимс зарж байв.
-               Та хаанаас оруулж ирсэн юм бэ?
-               Хятадаас, аа. Өөр хаанаас байх вэ дэ?
-               Нэг ширхэгийг авья.
Анх удаагаа хатаагаагүй гадил идэж үзсэн юм. Чихэрлэг амтыг нь мэдрээд яагаад сармагчин энэ жимсэнд дуртай байдгийг ойлгов. Маргааш нь бас өнөө залуугаас нэг гадил авч идэв. Түүнээс хойш арваад хоног автобусныхаа мөнгөөр гадил авч идээд алхаад харьдаг байв. Сүүлдээ жимсний худалдагч ч намайг таньдаг болж “Дүү хичээл сайн уу? За жимсээ авах уу? гэсээр угтдаг болов. Бид хоёр ч муугүй танилцлаа.
-               Энэ жимсийг чинь учиртай жимс гэдэг юмш дээ? Идсэн жимснийхээ хальсыг арван жил хадгалвал сайн ханьтай учирдаг гэдэг юм.
-               Худлаа байлгүй дээ?
-               Миний энэ наймаа хийж байгаа гудамж хуучин Хүрээний хятадын хороолол байсан юм. Би чинь тэндэхийг данжаадын хүү шүү дэ? Эрлийзээ нуудаггүй ганцхан монгол доо, би гээд тас тас инээхэд нь түүний тэр энгүүн байдалд надад шууд таалагдаж билээ.
Тэр өдөр идсэн жимснийхээ хальсыг цэнхэр цүнхэндээ хийгээд хадгалчихсан юм. Энэ жил яг арван жил болж байна. Сайн ханьтайгаа хараахан л учраагүй явна. Оройтож гэрлэхээр хүүхэд хэнзддэг юм гэж ээжийн үглэх сүүлийн үед хирээс хэтрээд байлаа.
-               Та энэ хайрцагийг өргөөд оруулаад өгөөч
-               Тэгье, ээ. Юу юм бэ?
-               Жимс,ээ.
-               Гадил юм уу даа?
-               Тийм.
Бүсгүй хоёр хайрцагтай жимсээ автобусанд оруулах гэж тэвдэж байхад нь тааралдсан юм. Хажуугийн суудал дээр тухлан суугаад жижигхэн гар цүнхнээсээ эрээн алчуур гаргаж хөлсөө арчив.
-               Чи жимс худалдаалдаг юм уу?
-               Тийм, ээ.
-               Би чамайг хүргээд өгч болох уу?
Орой бүхэн албатай юм шиг түүн дээр очиж гадил жимс нэг ширхэгийг иддэг болов. Тэгээд орой бүхэн түүнийг нь гэрт дөхүүлж өгнө. Өргөн нарийн гудамжаар өгсөж уруудсаар Дарь-Эхийн эцэст суух холын од шиг бяцхан цагаан байшинд очно. Түүнтэй улам дотносож, хөдөөнөөс шилжиж ирээд наймаа хийж амьдардаг, аав ээж нь нас бараад ганц эрэгтэй дүүтэйгээ үлдсэн, дүү нь цэрэгт явсан, энэ намар халагдаж ирнэ гээд түүний тухай би бүгдийг мэдэж билээ. Хонин бор нүдтэй, улаахан хацартай, богинохон тайрмал гэзэгтэй түүнийг минь хэн ч сайхан бүсгүй гэж хэлэхгүй ч наддаа бол хамгаас түшигтэй, хамгаас сайхан, бас хамгаас ухаалаг нь санагддаг байлаа. Гэвч гадил жимсний тэр яриа худал байсан юм. Удалгүй цэргээс дүү  нь халагдаж ирээд эгчийгээ дагуулан явсан бөгөөд түүнээс сураг тасраад одоо нэгэнт олон жил өнгөржээ. Гэсэн ч миний  цэнхэр цүнхэнд өнөө залуугаас авч идсэн гадил жимсний хальс одоо ч хүртэл бий.

Анхны хайрын захиа

Үүрнээсээ эрт унаад хашаа дамжин ниссээр яваад жигүүр нь ургасан бор шувууны дэгдээхэй шиг миний анхны хайр сэтгэлд минь уянгатайхан дурсамж үлдээжээ. Хаврын адаг сард мод шарлахыг тэгэхэд л анх хараад их л гайхаж байсансан. Хэт халуунаас болоод өвс ногоо шарлан хатаж, хүн амьтангүй сэрүүн нөмөр газар бараадаж өдрийн халууныг өнгөрөөж байлаа. Далбагар том нарны цагаан бүрхтэй, эрээн даашинзтай охин хав халуухан гараа өгөөд “Намайг Мөнхөө гэдэг. Би шүлгийн дугуйланд элсэхээр ирсэн юм” гэж билээ. Аагим халуунаас болсон юм уу? Манай дугуйланд багш бид хоёроос өөр хэн ч явдаггүй байв. Багш минь самбар дээр нов ногоон талын зураг тогтоогоод “наадахаа хараад шүлэг бичиж бай” гээд гараад явчихна. Хүйтэн шар айраг шимээд байрны гадаа сүүдэрт сууж байна. Би ч “ногоон тал минь та сайн уу? номин өнгөөр налайж байна уу? гээд хэдэн хуудас шүлэг бичнэ. Сэрүү унахаар орж ирж харчихаад маргааш цагтаа ирээрэй” л гэнэ. Тэр үед шүлэг бичихгүй өнжих надад ямар нэгэн болохгүй хэрэг хийчихсэн мэт санагдана. Түүнээс хойш  Мөнхөө гэдэг охин бид хоёр дугуйландаа явсаар, шүлгээ бичсээр багш минь шар айраг шимэнгээ сүүдэрт хэвтсээр аагим халуун нэг юм намдаж билээ.
-               Чи ямар сэдвээр шүлэг бичдэг вэ?
-               Өс хонзон...
Хий л алмайраад би юу дуугарч чадсангүй. Өс хонзонгоор хүн шүлэг бичдэг юм гэж санаанд байсангүй. Цэцэрлэгт хүрээлэнгийн дундах усан оргилуурын ирмэг дээр суугаад жижигхэн хөлөөрөө ус үсчүүлэн, нарны гэрэлд солонгорон харагдах усны цацрагийг нүдээ онийлгон харах түүний хүүхэд ахуй төрх одоо ч сэтгэлд илхэн байна.
-               Яагаад заавал өс хонзон гэж..
-               Манай аав яруу найрагч хүн байгаа юм.
-               Ямар сайхан юм бэ?
-               Юу нь сайхан байгаа юм. Би түүнээс илүү бичиж өс хонзонгоо авах гэж дугуйланд явах болсон юм. Тэр эээж бид хоёрын үнсэнд хаясан шалз шиг орхиод явчихсан. Нэг муу тэнэг хүүхэн дагаад, тэр нь бас шүлэг бичдэг юм гэсэн. Би тэр хоёроос илүү алдартай яруу найрагч болно. Тэгээд тэр хоёрын дэргэд очоод уран зохиолын түүхэнд та хоёр нэр  байтугай мөр ч байхгүй. Харин минийх гээд шүлгүүдээ уншина.
  Энэ ярианаас хойш бид хоёр улам ч дотно болсон санагддаг юм. Хоёр биендээ бичсэн шүлгээ уншина. Тэр дандаа л “за яахав дээ? гайгүй дээ?  “гэсэн өс хонзонгийн шүлгүүдээ бичсээр, харин би “сургуульдаа явах замд чиний тухай бодлууд хөглөрнө, сууж түүсээр би хичээлээсээ хоцорно” гээд цаагуураа сэтгэлээ илчилсэн шүлгээ уншина. Тэр ер анзаарсан шинжгүй.
-               Чи ч авьяастай юм, аа. Ирээдүйд шүлгүүдийг чинь уншаад манай аав чамайг шавь ор гэх байх. Тэгэхээр нь чи охиноо гомдоосон яруу найрагчийн шавь болохгүй гэж хэлээрэй. Заавал хэлнэ шүү. Тэгвэл би чамд насан туршдаа баярлана.
-               Би тэгвэл заавал хэлнэ, ээ
Модод оройгоосоо нүцгэрч эхэлсэн үесэн. Шувууд хэдийнээ буцаад тэнгэрт зөвхөн тэдний ганганаа үлдэж хоцоржээ. Навчис хөл дор шажигнана. Дугуйлан тарчихаад түүнийг дөхүүлж өгөхөөр хамт явж байлаа.
-               Би маргаашнаас өөр дугуйланд явна, аа
-               Юуны...
-               Уран хатгамал... Ээж намайг уран зохиолын дугуйланд явахаар дүргүйцээд байх юм. Тэгэхээр чи л миний өс хонзонг манай ааваас аваарай. Шүлгүүдээ уншаад чи охиноо гомдоосон болохоор ийм муу шүлэг бичиж байгаа юм гэж хэлээрэй. Би чамд итгэж байгаа шүү? гэчихээд нүүрээ даран гүйсээр орц руугаа явж оров.
   Цөөнгүй удаа уулзахаар гэрт нь очсон боловч тэр байсангүй. Тэгээд удалгүй Зүүнхараа руу ээжтэйгээ хамт нүүж одсон гэж дуулдсан билээ. Би түүнд “анхны хайрын захиа” бичсэн юм. Одоо ч цэнхэр цүнхэнд минь хадгалаастай бий. Чиний өс хонзонг ааваас чинь заавал авна гэж захиа минь эхэлдэг юм. Олон жил өнгөрсөн болохоор өөр юу бичсэнээ мартаж орхижээ. Бодвол хайртай гэдгээ л илчилсэн байх. Хэд хэдэн удаа уншиж үзэхийг хүссэн ч зориг хүрээгүй юм. Учир нь хожим өөрөөсөө ичих их хэцүү байдаг шүү?
   Харин нимгэн хавтгай чулуун дээр сийлсэн архирч буй баавгайны дүрсийг би нууцаар аваад хашааны нэг буланд булчихсан юм. Хааяа нэг гаргаж ирээд Чулуу ахыгаа дурсдаг байв. Голдуу л энд тэнд амь алдахын наана азаар мултарсан адал явдлууд нь санагдана. Магадгүй надад зөвхөн тийм л зүйлээ ярьдаг байж дээ?
   “Би хариугүй алуулахын даваанд тэндээс мултарч гарч ирлээ шүү? Гурван бүдүүн залуу бүсэлчихээд би ч дунд эргэлдэж гарсан. Хоёрыг нь нэг нэг цохилтоор л унагааж, үлдсэнийг нь сандлаар гөвшчихөөд замын унаанд амжиж суулаа шүү? Тэд нар намайг насандааа мартахгүй дээ? Ямар ч байсан хоёр хоног толгойных нь дүйрээ гарахгүй гээд тас тас хөхөрч өөхөн чулуу шиг шүдтэй ярзайлган толины өмнө булчингаа зангируулаад өөрөөрөө бахархаж зогсдогсон.
  Гэтэл нэг өглөө хэн нэгэн хүн хашааны хаалга хүчтэй балбав. Удалгүй гэрт хүүхэд тэвэрсэн эгч орж ирсэн юм. Ээж цай аягалж өгсөнд аягатай цайнд уруул битгий хэл гар ч хүргэсэнгүй.
·         Та Анандын ах мөн үү? хэмээн ааваас асуув.
·         Аав “тийм, ээ” гэснээс өөр юм дуугарсангүй.
  Өнөөх эгч хэсэгхэн дуугай сууснаа “Энэ түүний хүүхэд. Одоо гурван сартай. Би сургуульдаа явах болсон. Та дүүгийнхээ хүүхдийг сайн хүн болгож өсгөөрэй. Би нэр өгч амжаагүй шүү” гээд аавын өвөр дээр хүүхдээ орхичихоод гараад явсан билээ.
   Манай гэрийнхэн бүгд алмайрч орхиод түүнийг гудамжны үзүүр тойроод далд орсон хойно сэхээ авч араас нь дуудахаар ахыг гаргасан боловч тэр эмэгтэй бараа сураггүй алга болсон байв. Ээж хүүхдийн өлгийг задалж харснаа” хөөрхөн охин байна. Өвгөөн чи бид хоёр сайхан охинтой болчихлоо шүү дээ?” хэмээн бүр үнэн сэтгэлээсээ дуу алдав. Аав ч дээрээс нь тонгойж харснаа “ангайчихаад манай талийгаачтай адилхан юм” гэв. Ингээд би дүүтэй болсон түүхтэй.  Өлсөж цангасандаа хуруугаа шов шов хөхөж байсан дүүд минь аав Цэцэн гэж нэр өгсөн ч бүгд Ангай гэж дууддаг болов. Ангай бид хоёр ёстой амрах завгүй тоглож өсөцгөөв. Хэдий надаас зургаан насаар дүү ч багын дэндүү сэргэлэн хүүхэд байсан даа? Хааяа бид хоёр хашааны буланд нуусан түүний аавын чулуун сийлбэрийг гаргаж ирээд үздэгсэн. Охидуудтай дээс тоглох насандаа  “А, А алцгар А агуу том  А, дэлхийгээс том А, нарны ёсөн гарагаас том А,  гэж гудамж дүүрэн хашгирна. Бас “А,А алтан загас, амин голын мөнгөн загас, Түй, түй түмэн бодис түүний дараа..”гээд чарлаж гарна. Аав “муу хүний дуу чанга гэдэг юм” Энэ хүүхэд яасан чанга дуутай муу орилоо вэ? хэмээн үглэж суудаг байлаа. Наймдугаар ангид орох жилээ Ангай гэнэт гайхмаар намуухан яриатай, нүдээрээ инээвхийлсэн өндөр цагаан охин болж хувирлаа. Аав шигээ толины өмнө эргэлдээд “Ах, аа би хөөрхөн байна уу?” гэж асуух нь надад олон жилийн өмнөх Чулуу ахын минь дүр харагдах шиг болдогсон. Тэр миний төрсөн дүү биш гэдгээ мэднэ. Ээж л түүнд үнэнийг хэлэх ёстой гэж үзээд саяхан төрсөн өдрөөр нь бүгдийг ярьсан юм. Ангай нэг л өдөр жаахан гунигтай явсан даа? Тэгээд маргааш нь “Та надад аавын баавгайтай чулууг гаргаж өг. Би өөрөндөө хадгалмаар байна” гэж билээ. Ээж эхэндээ юу хаанаас олоод ирээ вэ? гэж хачин янзгүй байснаа “ахаас үлдсэн чулуу. Би нууж тоглодог байсан юм” гэснийг сонсоод над руу хачирхсан харцаар ширтэж” чи энэ чулуунаас болж геологич  болсийм биш биз дээ” хэмээн хачин ёозгүй асуув.
·         Үгүй, ээ яалаа гэж дээ? гэсэнд “аа, мэдэхгүй” гэснээс өөр юм хэлсэнгүй.
   Намайг геологич болохыг хамгийн их эсэргүүцсэн хүн бол ээж.  Дандаа хөдөө хөрч гадаа гандсан явдаг дэмий мэргэжил гэнэ. Харин аав бол ёстой эр хүний хийх ажил гэж далдуур дэмжих боловч ээжтэй ам мурийхаас болгоомжилж юу ч дуугарахгүй сууна. Гэвч би өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад геологич болсон юм. Ангай намайг хэдэн сараар яваад ирэхээр бөөн баяр угтана. Тэгээд л ангийнхан хөвгүүд хэдэн захиа өгсөн. Манай гудамны банди түүнээс болж хоорондоо зодолдсон гээд намайг байхгүйд болж өнгөрсөн адал явдлуудаа өдөржин ярина. Ангайд саяхан нэг банди жижигхэн цагаан хав бэлэглэсэн юм. Гэтэл түүний хайртай нохой түүний ярьснаар хачин доожоогүй хүүд урвачихсан гэнэ. Эм нохой шал тэнэг юм гэснээ нүдэндээ нулимс мэлтэлзүүлээд:
“Урвах гээд түүнийг дагаад сааснагнаад байсныг мэдээд анхнаасаа дэргэд нь уйлдаггүй байсан юм. Нулимсыг минь хараад бүр ч омогших шиг болсон. Түүнд нулимсаа харуулахгүй гэж хичнээн хичээсэн ч чадсангүй.  Тэгээд худаг дээр тааралдсан өнөө бандийг дагаад явчихаар нь хувинтай усан дотор мэлтэгнэх царайгаа удаан гэгч нь харлаа. Өмнө нь ямар байгаад одоо ямар болсноо мэдэхгүй ч нүүр царайд нь ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн юм шиг санагдсан шүү? Гомдол сэтгэлд дүүрээд ирэхээр багтаж ядахдаа нулимсанд шингээд нүдээр асгардаг гэж хоёр нүдээ тас аньсан ч нэмэр хэрэг болсонгүй. Зүгээр аяндаа нүдний аяга дүүрээд асгараад байдаг юм билээ. Хүн хүндээ гомдоод ингэж уйлж унжиж болно доо, гэтэл би нохойд гомдоод ингэж уйлж суух ч гэж дээ? хэмээн бодохоор бүр ч ихээр шорвог нулимс хацар даган урсахыг мэдэрч байлаа” гэж дуржигнуулснаа,  ярианыхаа сэдвийг гэнэт өөрчилж:
·         Ингэхэд та одоо авгай авмаар юм. Наад сахал үсээ хусмаар юм. Хэн таныг 25-тай залуу гэж хэлэх юм. Яг өвгөн хүн. Шороо чулуу ханхалуулсан. Ах минь даанч дээ гээд толгой сэгсэрэхэд нь хамгийн ихээр ээж дэмжиж:
·         Ёстой, ёстой гэж хэлээд сэтгэл хангалуунаар инээв.
Ангай тэгснээ нүдээ эргэлдүүлж “миний зүүд аймаар борооны тухай, бүх юм хайлаад байсан” гэв.

"Улдаан хотын зүрх" номын хэдхээн шүлгээс

8.
Чамайг ӨВӨЛ, НАМАР гэж гунигтай нэрлээд
Чиний зүгт бүгдийг харамгүй илгээжээ.
Чимээгүй, өнгө гэрэлгүй, зах хязгааргүй
Чиг зүггүй, чийглэг газарт – ЦАГ ХУГАЦАА
Хийн зуухаа асаагаад СИЛЬВИА шиг
Амиа хорложээ.
Чамайг дахиад л ӨВӨЛ, НАМАР  гэж нэрлээд
Чиний зүг бүгдийг илгээхийг хүсэвч
Хүйтэн цонхны шилэн дээр
Хурууны хээ бүдэгхэн үлдээд
Хүчилтөрөгч дутагдсан мэт амьсгал давчдаж
Хийн зуухаа асаагаад –БИ
Амиа хорложээ. 

25          Сар
Хэсэг бусаг үүлэн цаанаас шагайх
Хэтэвчтэй зоос шиг саран
Хэтэрхий царайлаг юм.
Холливудын засварын газар орсон
Хонгор охидууд шиг
Шав шар юм. 

58
 Далавчийг минь түр өгөөч, би удахгүй, ээ
Далай дөнгөж орчихоод ирье.

Өдийд сар өвдөгөө усанд дүрчихээд
“Өө яасан хүйтэн” хэмээн дуу алдаж зогсоо

Эргийн хясаан дунд нэгэн  эм хавч
Эрийгээ сартай хардаад
Хөрөөний ир шиг хуруугаа ангалзуулсаар
Хүйтнийг ч мэдэхгүй яарч яваа

Далавчийг минь түр өгөөч, би удахгүй, ээ
Далай дөнгөж орчихоод ирье

             Нүд алдам цэлийх их усны
             Нүцгэн биеийг нэг илчихээд
             Олон нугалаастай даашинз шиг мандалд нь
             Одод шумбахыг бас харчихаад

             Даанч удахгүй би хүрээд ирнэ, ээ
             Далавчийг минь түр өгөөч 

65
Ийм л элбэг  дэлбэг, будаг шунхгүй
Тийм л улирлыг Хавар гэдэг юм.
Ирчихээд хаалга тогшиж зүрхлэхгүй
Ичимхий жаахан охины дүртэй юм.

Цувных нь хормойгоор ногоон туяа татаад
Гутлынх нь өсгийд ногоо ширэлддэг юм.
Цуутай дорнын улаан хацар шиг
                 тэнгэрийн хаяанаас ирэх
Цуурай бүхнийг тосон сонсвоос

Хавар,  Хавар,  Хавар… 

78
“МАНДЕЛЬШТАМ” томоор бичихээс өөр аргагүй
Түүний нэрийг,-“ЯРУУ НАЙРАГЧ” гэдэг
Ялимгүй алдар нь гутаах шиг
Яагаад ч юм бэ, байнга- БОДОГДОНО.

“Есенин” ердийн бичихээс өөр аргагүй
Түүний нэрийг яруу найрагч гэдэг нь
Яагаад ч юм бэ, хэтэрхий
Өргөөд байгаа юм шиг-САНАГДАНА.

“БЛОК”, “Блок” алинаар нь ч бичсэн
Түүний нэр –“БУРХАН” гэдгээс өөрөөр
БУРХАН  минь яагаад –СОНСТДОХГҮЙ
БАЙНА ВЭ?

                                                            БИ

  Энэ номоо хувьдаа, БИ  яруу найргаар бичсэн “роман” гэж ойлгоод байгаа юм. Үнэндээ гурван жил сэтгэлд хадаатай явсан мөрүүдийг гуч гаруй хоногт цаасан дээр буулгаж энэ номыг бүтээв.

  БИ- энэ шүлгүүдээ ирээдүй үеийнхэнд зориулж бичсэн юм. Тэдний амьдралын хэмнэл, хүсэл мөрөөдөл, уйтгар шаналан, эмзэглэл, “гэгээрэлд” зориулж бичсэн юм.

  БИ-энэ шүлгүүдээ олон нийтийн хүчтэй таашаалаас ангид байх “хувь тавиланд” зориулж бичсэн юм.

  БИ-энэ шүлгүүдээ улс төр, бизнес, албан тушаал, цаг үеийн тачьяадсан дуу хоолой, тэр бүхэнд толгойгоо хэт шаачихаад яруу найргаа аль эрт алдчихсан үеийнхнийхээ өмнөөс “ичсэндээ” бичсэн юм.

  БИ- энэ шүлгүүдээ утга зохиолын хүрээгээр сүр дүртэй эргэлддэг ч хийж бүтээсэн зүйлгүй хэсэг бүлэг хүмүүсийн эрхэмсэг дээрэнгүй зан байдалд “эмзэглэсэндээ” бичсэн юм.

  БИ- энэ шүлгүүдээ эргэн тойрныхоо яруухан гоо сайханг эсвэл эгэл үнэнг, “энгийн” байдлаар нь “энгийн” шүлэглэх гэсэн хүслээр бичсэн юм.

  Би-энэ шүлгүүддээ ХОТЫН АМЬДРАЛ  хийгээд ХОТЫН ЗҮРХ СЭТГЭЛИЙН тухай бичсэн юм.

  БИ –энэ шүлгүүдээ “өөрийн” амьдралыг үзэх үзэл, гүн ухаан, өөрийн яруу найргийн өнгө төрхийг илүүтэй харуулах гэсэн эрмэлзлээр бичсэн юм.

  БИ-энэ шүлгүүдээ  “дотоод” сэтгэлдээ бүрэн захирагдаж, ашиг хонжоо, алдар нэрийн тухай өчүүхэн ч бодолгүй бичсэн юм.

  БИ –энэ шүлгүүдээ хөрөнгөтний хүсэлт захиалгаар ч юм уу, дуу болоод хүмүүс “гонгинолдож” байхаар хүсэж бичээгүй юм.

 БИ- энэ шүлгүүдээ “шилэн аяганы төлөө” бичээгүй юм.

БИ-энэ шүлгүүдээ ямар ч хэлбэрээр хамаагүй олж уншсан “хүмүүс”-т ганцхан зүйлийг хэлэхийг хүссэн юм.

БИ-энэ шүлгүүдээ энд тийм ижил шүлэг байна хэмээн “гөрдөж” магадгүй түгээмэл сэтгэлгээ, нийтлэг хэлбэрээр бичсэн юм.

БИ-энэ шүлгүүдээ 1-ээс 108 хүртэл дугаарласан нь бүхэлдээ нэг “цогц” гэдгийг нь ойлгуулах гэж тэгсэн юм.

БИ- энэ шүлгүүдээ өөрөөсөө өөр хүнд нэг их таалагдах гэж бичээгүй боловч өөрөөс минь өөр цөөнгүй “гайгүй” хүмүүс таалан гэдгийг мэдэрч бичсэн юм.

БИ-энэ шүлгүүдээ “төгс” гэж нэрлэхгүй ч төгс бус “юмаа” нүүр улайхгүй өргөмжилдөг тийм аймаар эр зоригоор бичээгүй юм.

БИ-энэ шүлгүүдээ хожим шалих ялихгүй юмаар “худалдчихгүй” байхыг хүсэж бурханд залбирч бичсэн юм.

БИ-энэ шүлгүүдээ 2010 оны 1-р сарын 25-наас, 3-р сарын 8-ний хооронд нар сарны тохиол,  өдөр шөнийн зааг 17.00 -оос 22.00 цагийн завсар босон суун, бодож боловсруулж бичсэн юм.

Би- шүлгүүдээ БИ өөрийгөө л гэж боддог юм.

                                                                                      П.Батхуяг
                                                                      /”Хүрээ хөвгүүд” бүлэг, Момо /

Номын нэр:”Улаан ХОТЫН  зүрх

86
Цүнхэн дотроосоо –Хаврыг гаргаж ирээд
Цонхоор шидэхэд модод гөлөглөнө.
Цуурай ихтэй хана туурга инээмсэглэж
Цуурхал мэт салхи үзүүрээсээ зөөлөрнө

Хэнэггүйхэн энгэрээ задгайлсан-ХАВРЫГ
Цүнхэндээ дахин чихэж  орхиход
Хаалганы цаана  цасан алгуурхан бударч
Хамаг итгэл алдарсан мэт –ӨВӨЛ
Хашааны үүдээр бүртэлзэхийг хараад

Цүнхэн дотроосоо-Хаврыг гаргаж ирээд
Цонхоор шидэхэд монос цэцэглэнэ.

                                                                   2008-04-15
93

Яг тийм хувцастай, эрүүтэй, нүдний шилтэй
Яруу найрагч,  ганцхан хувь- ЭРХ ЧӨЛӨӨ
Явах замдаа тунгалагшиж, улам тодорч
“Яагаад?”, “яагаадын” дотор ээдрэн бүрэлдэж

Гүн уйтгарт харц, цувтай, шидэт таягтай
Гүйцэд боловсроогүй, сайн ойлгоогүй
Гүзээлзгэнэ шиг бэлзгэр улаан хацартай
Гүйлсийн цэцэг шиг богинохон настай

Нэг үзэгдээд, од шиг харваад
Нэрийг нь бүгд цээжилээд,  удахгүй мартаад
Яг тийм хувцастай, эрүүтэй, нүдний шилтэй,
Яруу найрагч, ганцхан хувь- БЛОК 

 
98

Нягтрал-хаврын амьсгалтай хамт ирээд
Нялх ногоо цухайх газаргүй
Миний-ХОТ

Түгжрэл-төмөр урсгалтай хамт ирээд
Түрүүчийн яргуй ургах газаргүй
 Миний-ХОТ

Цемент бүгдийг орлож байхад
Цэцэг навчаар ч яах…
Эрдүүхэн бодол төрүүлэх
Энэ миний –ХОТ