Tuesday, January 1, 2013

ou

НҮҮДЭЛЧДИЙН ОЮУН САНААНЫ СҮҮЛЧИЙН ТЭНЭГЛЭЛ


Болор цомчид хийгээд тэдгээрийн шүтэн бишрэгчид болох
зажлалгүй залгигддаг зөөлөн чихэрт дуртай
“Стандарт хүүхдүүд” хандав.

Антист Лу

1.    Энүүхэндээ гэхэд “Болор цом” эгдүүтэй тэнэглэл

Ингээд бодохоор инээд багадмаар. Өнгөрсөн зуунаас илүүтэйгээр энэ зуунд нүүдэлчид их “тэнэгтэж” байгаа. Моодноос гарсан зүйлийг механикаар мооджуулах гэж чичрээд. Цаг үеэсээ хоцорсон зүйлийг цаг үетэй нь хөл нийлүүлэн алхуулах гээд. Шинэчлэл тарихын оронд “уламжлал” ургуулж “тэнэгтээд”. Түүнээсээ болж бүр “супер тэнэг” байдалд ороод. Үүний нэг жишээ нь өөрсдийгөө элит давхаргынхан гэж тодорхойлдог яруу найрагчид. Тэд удахгүй найр наадмаа хийх нь. “2 шүлэг буюу 2000 төгрөг”-өөр.  Энд тэнд ийм зарлал тавиад...
/"БОЛОР ЦОМ" – 30
Оны шилдэг шүлэг шалгаруулах "БОЛОР ЦОМ"-30 яруу найргийн наадмын шүлгийг 2012 оны 12 сарын 03-аас эхлэн МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авахаар боллоо. Яруу найрагчид шүлгээ өгөхдөө энэ онд бичсэн 2 шүлэг буюу 2000 төгрөгтэй ирнэ. Шүлгийн сэдэв чөлөөт тул яруу найрагчид дурын хоёр шүлгээ өгнө. Анхлан 1983 онд зохиогдож байсан "БОЛОР ЦОМ" наадам өдгөө  30 жилийнхээ босгыг алхах гэж байгаа тул энэ жилийн наадам шинэ оны дараа болохоор боллоо. Сүүлийн жилүүдэд орон нутагт зохион байгуулагдаж байсан бол энэ жил 30 жилийнхээ ойг Улсынхаа нийслэл Улаанбаатар хотноо зохиохоор болоод байна. Нийт яруу найрагч нартаа амжилт хүсье./

 “Болор цом” гэж болсон болоогүй хүмүүсийн болчимгүй агсам, эрээвэр хураавар хүмүүсийн инээдмийн цуглуулга болсон уралдааны уур амьсгал ийн эхлэв. Орон нутгаар аялж яваад “оршуулагдах” байсан Болор цом хүрээнд ирж хөгөө тарих нь. “Хүүхдүүд”-ийг “маллаж”, тархийг нь “самнах” нь. Социализмын “солио”-г ардчиллын авсанд хийж санаа нь амрах нь.
Цаг үетэйгээ хөл нийлүүлэх, цаашлаад түрүүлэх талаар хүмүүс тэмүүлдэг байхад манай Зохиолчдын Хороо өнгөрсөн үетэйгээ хөл нийлүүлж, яаж хоцрогдолтой, цаг хугацааны алдангитай хөгжих талаар бодож явдаг мэт. Бас л өвөрмөц хоцрогдол. Хоцрогдол арилгана гэдэг ганцхан дунд сургуульд л шаардлагатай “хавсралт программ” биш.
Социализмын жороор шинэ зууныхны тархийг угаана гэдэг энэ цаг үед бол их ээ хол эндүүрсэн үлгэр. Тээр холд тэнэсэн “домог”. Яруу найраг бол яахав дээ, явцуу хүрээний ойлголт, гэхдээ яах аргагүй оюун санааны эд эс юм. Тиймдээ ч олон нийт бага сага сонирхдог болоод эд ингэж аашилж авирладаг биз.

2.    Хол явахааргүй “хошин тэнэглэл”
Бодоод байхад Болор цом их “хөөрхөн” хошин шог, тэрүүхэндээ. Инээд хүрмээр ч юм шиг, тэгээд төсөөлөхөөр эмгэнэл илэрхийлмээр ч юм шиг. Хойч үеийн шавь нар, дүү нартаа захихад дуу, дүрсийг нь сайн хурааж авч байх хэрэгтэй. Дурсгалтай. Ирээдүйд үр хүүхдүүд маань музейд бичлэгийг нь үзээд инээж байг. Тэр үед “дэндүү” хошин шог. Энэ үед бол эмгэнэлт хошин шог.
Нэртэйгээр нь Болор цомд жүжигчдийг оруул. Эд нар чинь алиа салбадай, уран уншигч, утсан хүүхэлдэй, сайн дурын уран сайханч, сэтгэгдэл тэрлэгч, уран жиргээч болж хувирлаа.
Эсвэл сайн жүжигчид төрүүлэх гээд реалити шоу зохион байгуулаад байгаа  жүжигчид, найруулагчид юуны өмнө энэ наадмыг очиж үзэх хэрэгтэй. Авах гээхийн 4 ухааныг ардчилсан нийгэмд хэрэгжүүлье.
Тэдний жүжиглэх ур чадвар, дуу хоолойны өнгө, хэрхэн жиргэж байгаа талаар ард түмэнд сайн тайлагнавал ард түмэн тэднийг илүү сайн ойлгоно. Мөн Зохиолчдын хороо бидний үед нийцсэн шинэчлэл хийж амжихгүй байвал хошин шогийн продакшнуудтай хамтарч ажиллавал илүү амжилтанд хүрнэ. Сэтгэлгээ хэрэггүй эрин үеийн иймэрхүү хүмүүст инээд л хэрэгтэй.

3.    Домогт “Болор цом”-ын гунигт тэнэглэл
Нөгөө талаар Болор цом бол гараг андуурсан хүмүүсийн “коммент” уншлага. Ерөөл, хараалын ерөнхий шившлэг. СУИС-д жүжигчний мэргэжлээр элсэх гэж  ур чадварын шалгалт өгч байгаа ч юм уу, аль эсвэл улс төрд хөл тавих гээд багийн засаг даргын бандан сандал зүүдэлж мөрөөдөөд түүндээ хүрч чадаагүй гоморхоод байгаа хүмүүсийн мөрөөсөл шиг. Эсвэл аав ээжээсээ мөхөөлдөс нэхээд гудманд “иргэний дуу хоолой, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж” байгаа хүүхдийн тунирхал шиг. Нөгөөтэйгүүр Монголын түүхийн хичээлийг яруу сайхнаар хэн сайн өгүүлэх тухай уралдаан ч юм шиг. Эс бөгөөс эх орныхоо төлөө юу ч хийгээгүй байж, юу ч хийж чадахгүй байж эх оронч царайлж цээжээ балбаж өөрийгөө зүхэх гимнастик хийгээд байгаа хожимдсон гэмшигч шиг. Эсвэл санал гомдлын дэвтэр шиг. Мөн амьдралд яаж аальгүйтэх, архийг хэнтэй, хэрхэн амжилттай уух, амрагаа хэрхэн араар нь тавих, яаж 21 дарь-эх, 108 будда болох тухай  чөлөөт сэдвийн зөвлөгөө, тайлан ч юм шиг. 

4.    Насанд хүрсэн нялх” тэнэглэл
Ажиглаад байхад Болор цомд “хүүхдүүд” их дуртай. Гэхдээ насанд хүрээгүй биш, насанд хүрсэн атлаа сэтгэлгээ нь нялхаараа хүмүүс. Тэд шүлэгчдийн уншиж буй шүлгийн үг, үсэг, цэг, таслал болгонд нь “ач холбогдол” өгнө. Хөг хөгөөр нь “тэмтэрнэ”. Жиргэх, шулганахыг нь мэдэрнэ. Ангаахай, дэгдээхэйгээр нь хүртэл ангилна. Алга ташина... “Хүүхдүүд хөөрхөн”. Ахин дахин алга ташина... Дугуй дугуйгаа олно гэж энэ. Тэднийхээ уран жиргэж байгааг чих тавин сонсч, нүд алдан үзнэ.
Энэ нийгэмд ийм хүүхдээрээ сэтгэхүйтэй олон хүн үржиж байна. Ер нь насанд хүрсэн “нялх” хүмүүсийн “тэнэглэл” шиг өрөвдөлтэй зөнөглөл үгүй. Тэд өнгөн чанар хөөгсдийг алга ташин дэмжиж мөн чанар хайгсдыг халаасан дахь мөнгөөрөө хавчиж гадуурхан ирээдүйг нь багалзуурдана. Ийм үед сонгодог урлаг гудамжинд гарч гудамжны хөөсөн үзэгдлүүд урлагийн амин сүнст шингэдэг түгээмэл хууль бий. Мэдээж үнэтэй хувь нэмэр оруулагсад нь тодорхой. Томчууд нэртэй пайз зүүсэн “жижиг” сэтгэлгээтнүүд.
Харин би бодно, Болор цом дэндүү гунигтай болсон талаар. Бөөн гуниг, бөөн уйтгар болсон тухайд. Тэд итгэхгүй. Гоё зүйл гоёороо л байдаг гэж төсөөлнө. Гоё зүйл нь харин гоёмсог өнгөтэй гутамшиг болсон гэвэл итгэх ч үгүй. Яах аргагүй хүүхдүүдийн төсөөлөл. Ядаж 108 будда болох энээ тэрээ хэнээнээсээ салж Эйнштэйний 108 жилийн өмнө нээсэн харьцангуйн онолыг унших хэрэгтэй. Цаг цагаараа байдаггүй.
Улигт стилээ хэт шүтнэ гэдэг уйтгартай асуудал. Ийм зүйлээс өдий хүртэл уйддаггүй, хүүхдүүд ч хүүхдүүд.  Хайзенбэргийн тодорхойгүйн зарчимд төөрч 21 дарь-эх болох гэж мөрөөдөж яваа хүмүүст 21-р зуун гараад 10-аад жил болсон гэдгийг хэн нэгэн сануулмаар.
Шулуухан хэлэхэд Болор цом бол яруу найргийг шинжлэх гэсэн, шинэчлэх гэсэн биш яруу найргийг ядууруулах, гудманд гаргах  гэсэн “сонирхол”. Жил бүр болдог энэ наадам эцэстээ Монголын зохиолчдын хорооны сайн дурын уран сайханчдын уралдаан болж хувирна. Энэ нь ч хоцрогдсон моод болж.
Аливаа юм ер нь биш болоод ирэхээрээ л биш болдгийг бид “доторлоно”. Тэд ч “гадарлана”. 
Аллах тэнгэр минь, Болор цом гэдэг ийм нэг амбицын аархал нүүдэлчдийн оюун санааны сүүлчийн тэнэглэл байх болтугай.
Уламжлал унтаж, шинэчлэл сэрээсэй.

                              Лу. Батнасан

No comments:

Post a Comment