ИРЭЭДҮЙН-НҮД
Мэдээж ирээдүйн-нүдээр өнөөдрийг эсвэл өчигдөрийг харах хэцүү. Энэ хэцүүг яруу найргаас өөр урлагаар илэрхийлэх бараг боломжгүй ч байж болох юм. Зөн совин, ирээдүйг таамаглах чадал хүч яруу найрагчдад илүүтэй ихээр далдаас заяасан байдаг. Дэлхийн ирээдүй судлалын академиудын зарим судалгаа ч томоохон зохиолч, яруу найрагчид яагаад тийм увдис чанартай байдгийг судлахад чиглэсэн байна. Магадгүй Нострдамус зөнч, эмч гэхээсээ илүү яруу найрагч байсан бөгөөд бүх зөгнөлөө шүлэглэж бичсэн нь санамсаргүй зүйл биш. Зөвхөн яруу найрагт ч бус хүүрнэл зохиолд ч бас тийм боломж хязгааргүй байдгийн сонгодог жишээ Ж.Оруэллийн “1984” роман юм. Голдуу Орос сайтуудын явуулсан бүх цаг үеийн шилдэг номын жагсаалтанд энэ роман үргэлж эхний аравт багтаж жагсдаг нь тэрхүү “зөнч” байдалтай нь холбоотой санагдана. Хэдийгээр “уран зөгнөлт” зохиол хэмээх арай өөр төрөлд зохиолуудыг нь багтаах боловч ноён Жюль Вернийг зүүдэндээ ирээдүйг хардаггүй байсан гэхэд би хувьдаа итгэхгүй. Харин манайхны улаан цайм зүтгэдэгээр Д.Нацагдоржийн “Од” шүлэгт яаж ч хайгаад “монгол хүн сансарт нисэхийг” зөгнөн харсан зүйл нэг ч байхгүй. Ер нь манай яруу найрагт олон жил хүчтэй оршсон ерөөл магтаал төдий аман яруу найргийн уламжлал аливааг бодитчилж хараад бодитчилсон сэтгэлийн аясыг илэрхийлдэг учраас харамсалтай нь хүний дотоод зөн билиг, сэтгэлийн ээдрээт нууцлаг байдал, гэгээн совин, шидэт мэдрэмж зэрэг бодит бус зүйлсийн жишээ төдийлөн элбэг бус.
Энэ гунигтай байдал 1990 оноос хойш огт өөр болж эдүгээ цагийн ид үнэлэгдэж буй цөөнгүй яруу найрагчдын бүтээлээс тэдгээр бодит бус атлаа ЖИНХЭНЭ яруу найрагт асар чухалд тооцогддог зүйлсийг олж харж болно. Мэдээж ид үнэлэгдэж буй хэмээх ойлголтонд алдар хүндийн тайз, олон нийтийн таашаалаас ангид оюун санааны дээд түвшинд зогсох яруу найрагчдыг хамруулж ойлгох нь зөв. Ийм үзэлтэй, ийм бүтээлтэй яруу найрагчдыг төрүүлсэн цаг үе хийгээд ийм яруу найрагчдын тодорхой оюунлаг ХҮРЭЭ бий болсон нь Монгол яруу найргийн асар том дэвшил гэдгийг цаг хугацаа, түүний өндөр хэмжүүртэй түүх хожим гэрчлэх болно.
Үнэндээ аливаа үндэстний яруу найргийн ОЮУН САНААНЫ түвшин ахих, үсрэнгүй шилжих хөдөлгөөн дунд одоо ба ирээдүйг холбон залгамжлах гойд өвөрмөц яруу найрагчид олноор төрөн гардаг нь гайхалтай. Тийм бахдам үеийн залгамж холбоог үргэлжлүүлэх хувь тавилан оноогдсон шүлэг бичигчдийн тоонд Чимэдрэгзэнгийн Өсөхболдыг оруулан тооцоход юун буруутах билээ.
Харин дээрх хэдэн үгсийн хувьд яарсан том дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй бий ч яруу найргийн уламжлал шинэчлэл гэх хуучинсаг ойлголтын хүрээнд бус оюун санааны залгамж холбоо гэх дээд ойлголтонд хамруулж үзвэл тийм биш болох нь шууд анзаарагдана. Нийгмийн шинжлэх ухааны эдүгээ цагийн ойлголтоор хүчтэй хэсэг бүлэг дундаас ХҮЧТЭЙ манлайлагчид төрөн гардаг гэж үздэг. Түүнтэй адил уран зохиолын хүчтэй үе бүрэлдэж байж ХҮЧТЭЙ төлөөлөл төрөн гардаг хуультай. ХҮЧ гэдэг үгийг бяр булчин, гүйлт харайлт, шидэх савах гэж ойлгоогүй гэдэгт итгээд үе дотроосоо хүч түрэн гарч ирэх нь АВЬЯАС, БОЛОВСРОЛ, СЭТГЭЛГЭЭ, ЭРЧ ХҮЧ, АМЬДРАЛЫН ЗӨВ ХАНДЛАГА, ХУВЬ ТАВИЛАН, ЕРӨӨЛ БИЛИГ, УХААН, ЗАЛБИРАЛ БЯСАЛГАЛ гэсэн дэндүү олон зүйлийн шүтэлцээн дунд бүрэлддэг болохоор хожмын нэг нартай өдөр Дорж, Дулмаа, Жон Китс, Нацагдорж, Эмилч Бронте, Энэрэл, Элбэгдорж чухам хэн гэдэг залуу өөрийн үеээ төлөөлөн уран зохиолын тэргүүн магнайд зогсохыг хэлж мэдэхгүй тул Ч.Өсөхболд хийгээд түүний үеийн бүгдэд итгэл, зорилго, тэмүүлэл үлдээхийг хичээдгийг минь нэгдүгээрт бурхан өршөөг, хоёрдугаарт дээд оюун санаа өршөөнө биз.
Чухамдаа Ч.Өсөхболдын шүлгүүдээс олж харсан зүйл минь “ИРЭЭДҮЙН-НҮД” гэсэн хоёрхон үгэнд багтаж байгаа юм. Маргааш битгий хэл өнөөдөр, өнөөдөр битгий хэл хорин минутын өмнөхийг ч тааварлан хэлэх “боломжгүй” мэт санагддаг / үнэндээ зарим талаараа тийм шинжтэй / бидний амьдралд ирээдүйн бурхад хүний үгийг анхааралтай сонсдог болно гэсэн ирээдүйн их итгэлтэй хүмүүс буй ажээ. Ч.Өсөхболд тэдний нэг байж:
Таны хэлснээр би амьдралд
Хайртай
Гэхдээ амьдралд хайртай байгаадаа
Гэмшиж явдаг шүү, Бурхаан /Ч.Өсөхболд” Амьдрахыг хачин их хүсэх” 2010/ хэмээн өнөөдөр хэлсэн түүний үгсийг ирээдүйд БУРХАН сонсоно гэсэн найдвар дүүрэн шүлэглэсэн байна. Гэхдээ яагаад амьдралд хайртай байгаадаа гэмшээд байгааг өөр бусад шүлгээс нь хайхад хялбар олдоно. Түүнд буй энэ олон эргэлзээ, бурханд хандсан олон АСУУЛТУУД ямар үнэ цэнэтэй болохыг магадгүй тэр ирээдүйгээс олж харсан байж болох юм. Тэгээд л:
Таны бүтээсэн
Миний амьдралд бурхаан /Ч.Өсөхболд” Зөөлөн, зөөлөн” 2008/ яагаад бүх юм нэг л биш байгаад гайхан эргэлзсэн, гэнэн, хүүхдэрхүү:
Буруу гэж бодсон өөрийнхөө зөвөөр
Бурхан таньд хамаагүй амьдарч болох уу?
Зөвшөөрөл өгөөч
Зүгээр л ... /Ч.Өсөхболд” Нүд рүүгээ яаж харахыг надад зааж өгсөн” / гэсэн чөлөөт хандалууд бичигдсэн байна. Одоо цаг хэзээд ирээдүйгээс илүү “гялбалзаж” харагддаг. Тэр гялбаанд татагдаж зохиол бичсэн зохиолчид тэр гялбаан дундаа л уусдаг. Энэ номлолыг надаас өмнөөс хэлсэн олон мэргэдэд залбирья. Өнгө хуурмаг үзэгдэлд автаад уран зохиолыг хээнцэр гоёмсог зүйл мэтээр ойлгоод эргэлт буцалтгүй болчихсон “зохиолчдоос” Ч.Өсөхболдыг “ирээдүйд тэмүүлсэн” энэ л чанараараа ялгарч байгаасай хүснэ. Одоохондоо түүнээс надад илүүтэй мэдрэгдэж байгаа чанар нь энэ. Энэ чанар сайн муу, сайхан муухай нь тухай одоохондоо ярих нь бас эртдэх явдал. Зөвхөн яруу найргийг ухаарах суурь ойлголтууд нь зөв тавигдсан нь Ч.Өсөхболдын өнөөдрийн бас ирээдүйн үнэт чанар юм. Мөн түүний эвлэлдэн нэгддэг “Шинэ үнэр” бүлгийн залуусын ч хамгийн нийтлэг чанар бол ”яруу найргийн оюун санааг “ хэрэглээний доод хэмжүүрээс дээгүүр авч үздэгт оршиж байна. Нэгэн цагийн шалгуур, оюун санааны шүүлтэнд бүтээсэн бүхэн орох ёстой болдог гэдгийг тэд бас хатуу ойлгосон нь сайшаах зүйл яах аргагүй мөн. Амьдралд нийтлэг хийгээд түгээмэл байх зарчим сайхан л даа? Харин ЯРУУ НАЙРАГТ дээрх зарчмууд шиг утгагүй зүйл үгүйг ХХ зууны нийгэм-соёл, үнэт зүйлс, сэтгэлгээний орчинд ОЮУН САНАА хангалттай баталсан. Энэ бүхнийг олон давтан хэлэх, бүр байнга хэлж байхыг биднээс улам бүр нийтийн болж байгаа манай уран зохиолын сэтгэлгээ шаардаж байна. Тиймээс Өсөхболдын чөлөөт сэтгэлгээний шүлгүүдийг, уран зохиолын үзэл баримтлалыг, нийтлэг бус, түгээмэл бус байхыг эрмэлзсэн чанаруудыг, эгээрэл ухаарал, цаг хугацаа, ирээдүйд хандсан дотоод бясалгалуудыг хүлээн зөвшөөрөх болж байна. Түүнээс бус хэлбэр, урлахуй талаас нь түүний шүлгүүдийг авч үзсэнгүй.
Хүлээлтээс авахуулаад анирдаж болохгүй хөг аялгуу, ганцаардал, амьтдралын аахар шаахар мэт атлаа хүндэтгэн үзэхээс өөр аргагүй болгодог элдэв зүйлс ч мэдээж түүний шүлгүүдэд буй.
Хэн нэгэн ямар нэг учралыг тэврээд
Хэзээ нэгэн цагийг хүлээн суугааг
Салхины анираас сонсном
Эргэх бүхэн эцэсгүй ч төгсгөл зүгтээ
Эрчлэн эрчлэн яарнам. /Ч.Өсөхболд” Сарны гэрэл дэх сүүдрээ” 2009/
Ийм гунигтай ч юм шиг мэдрэмжүүд нь ч ирээдүй рүү яаран яаран байгаа цаг хугацааны хурдыг тэнд хүлээж мэдэх элдэв явдлуудыг зөгнөсөн үгүй бол өнөөдрийн баяр хөөр, эндүүрэл андуурлын сэтгэлийг он цаг дамнуулан тээх гэсэн хүсэл оргилж байна.
Хоол өгдөг эзэн нь нохой мууранд бурхан гэж харагддаг. Зарим хүн далайг хараад бурхан бийд итгэсэн ч гэдэг. Сансарын нисэгчид нисэж ирээд бурханд их сүсэгтэй болдог тухай сонсож байлаа. Энэ бүхэн мэдээж өдөр бүхэн шахуу сүм гүйдэг, мөнгө алт гуйж залбирдаг мухар сүсэг, итгэл үнэмшлээс их ондоо л доо? Харин яруу найрагчдын хувьд бурхан далд оюун санааны хүч гэж төсөөлдөг юм. Тэгэхээр тэнгэрт орших цул нэгдмэл оюун санааг шүтэн бишрэх нь шүлэг бичих анхдагч архетип байхыг үгүйсгэхгүй. Өвөг дүр заавал тодорхой дүр байдлаар илрэх албагүй гэж үзвэл Өсөхболдын шүлгүүдэд өнгөрсөний бус ирээдүйн оюун санаа нөлөөлдөг байж болох юм.
Хэмжээ хязгаараас тасран, хэтэрхий анир гүм тийш одох, их зантай хүнд бага зан гаргах шиг ийм сайхан жаргалыг хаанаас би олох вэ? үүнээс илүү амьдралыг хэзээ би туулах вэ? хэмээх мөнхийн асуултууд одоо ч хариултаа хүлээн байна. Эртний Персийн яруу найрагч Рудакийн “эрүүл мэнд, ёс суртахуун, холч ухаан, нэр алдар” гэдэг эрхэм дээд дөрвөн чанар шиг “зөв ухаарал, оюун санаа, бүтээлч эрмэлзэл, амьдрах хүсэл” дөрөв Ч.Өсөхболдын шүлгүүдийн “ИРЭЭДҮЙН-НҮД”-нээс илэрхий харагдаж байна.
Ингэхэд бид юуг ихээр, бүр ихээр хүснэ вэ? Ямар ч тохиолдолд ганцхан асуулт байх юм.
Ирээдүйн- цэвэр тунгалаг, гагцхүү үнэн байхыг. Өсөхболдтой энэ л тал дээр 100 хувь санал нийлнэм.
Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг
2011.03.31
za amjilt usuhuu
ReplyDeleteяруу найрагчийг яруу найрагч л ингэж нээдэг юм. гэхдээ... яруу найрагч бүхэнд тийм боломж байхгүй момо
ReplyDeleteТа ч залуу яруу найрагчдыг нээхдээ, яруу шүлгийг мэдрэхдээ гаргуун Дамдинчойжоо сахиусны абшигтай хүн юмаа... Гэгээн үйлс тань дэвжиг дээ
ReplyDelete