Thursday, April 18, 2013

ouoool

                                  Жүжгийн санаагаа хэрхэн олсон тухай
              Зохиолынхоо үүдэл санааг бодит амьдралаас үндэслэн олсон юм.  Миний хувьд өөрийн эмзэглэж явдаг зүйлдээ тулгуурлан зохиолоо бичихийг эрмэлздэг.
       Жүжгийн гол дүр болох Дорж, Тулга хоёрын дүрийг гандангийн нэгэн ламаас олж  “Иднэ эс идвэл идүүлнэ” хэмээх 3 бүлэгт 8 үзэгдэлт жүжгээ бичих болсон. Хоёр жилийн өмнө буюу  туулай жил гарч байхад шинийн арван таванд багтааж ном уншуулахаар ээжтэйгээ ганданг зорьсон билээ. Ганданд очоод ээж маань өмнө нь ном уншуулж байсан ламаар дахин  уншуулна гэсээр өнөөх ламаа хайж олсон нь үнэхээр л сайн уншдаг нь харагдаж байсан. Ганцхан тэр ламын урд  хүмүүс урт дараалал үүсгэж байхад, цаана суусан бусад лам нар  хүнгүй шахуу сууж байсан нь  миний хувьд үнэхээр  чадалтай лам  байна гэж бодоход хүрсэн юм.
       Удалгүй ээж бид хоёрын ном уншуулах ээлж болоход бид хоёртой хамт найман хүн сууж цуг ном уншуулах болсон. Өнөөх лам маань номоо унших явцдаа таван минут ч анхаарлаа төвлөрүүлэхгүй утсаар ярьж, цаана явж байгаа таньдаг хүн болгоныг дуудаж элдвийг ярилцаж, даллага авахуулах гэж байсан тавагтай чихэр жигнэмэгээс аль өнгөтэйг нь аваад шүүгээндээ хийж байлаа. Удалгүй  лам багш  “За болчихлоо” гэсэн нь ном уншиж дууслаа мөнгөө өг гэсэн дохио байв. Тэнд сууж байсан хүмүүсийн нэг хүн л арван мянга бусад нь түүнээс дээш мөнгө өгч байв. Ламтан сүсэгтэн олныг наашаа дөхөөд суу гэхэд зарим хүмүүс адис өгөх нь гээд тэргүүнээ   гудайлгахад , “Ойроос нэг өөрийн гэсэн сүм хийд барих гэж байгаа хандив өгнө шүү” гээд жижиг цаасан дээр утасны дугаараа бичээд сүсэгтэн олонд тарааж өгсөн.
Энэ бүхэн нь хожим бодоход хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэлд тулгуурлан хялбар  аргаар мөнгө олох гэсэн санаа байв. Ламын энэхүү үйл  явдлыг  бүтнээр нь жүжигтээ бичээгүй ч амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс нийгэмд ихээхэн байгааг тэрхүү ламын үйлдлээс сэдэвлэн хошин жүжиг бичихийг зорьсон юм.



Дүрийн боловсруулалт:
         Тулгаа - Доржтой нэг нутгийн залуу боловч  орчин үеийн стильтэй үсээ тод өнгөөр будуулж, чихээ цоолсон  байна.  Үргэлж “-Орчин үетэйгээ хөл нийлүүлэн  амьдар...”- гэж хэлдэг дунд зэргийн нуруутай  залуу. Тулгаагийн дүрийг өөрийн сайн танил  найзаасаа олж, түүний ярьж хэлж байгаа байдал зан авирын  ажиглаж,  дүрийг гаргаж ирэхийг зорьсон юм. Тэрээр зоримог шийдэмгий зантай зорьсон зүйлдээ шантралгүй тэмцдэг  сайн талтай боловч энэхүү жүжигт маань зорилгоо буруу тодорхойлон түүндээ хүрэхийг  хичээж яваа нэгэн юмаа. Түүний зорилго бол их хэмжээний мөнгөтэй болж хэний ч дор орохооргүй амьдрах хүсэлтэй  боловч тэрхүү зорилгодоо хүрэх замаа хүмүүсийг хууран мэхлэж лам зайран болж жүжиглэж, түүгээр ч зогсохгүй жүжгийн төгсгөлд бөө болж олон түмнийг хууран мэхлэж байгаагаар  буруу бодол санаагаа хэрэгжүүлнэ.  Мөн зохиолд гарах бөө ламын дүрийг судлаж, ажиглаж байгаад зохиолоо бичсэн.  Бөө бөөлөх зан үйл нь бүх талаараа театрчилсан тоглолт гэдгийг мэдэж авсан билээ.

         Дорж -  Зохиолын маань гол дүр болох  Доржийн дүрийг өөрийн хамаатны хөдөөний залуугаас олж харсан. Онигор нүдтэй, намхан бор,  байнга уулга алддаг, тэрээр мөнгөний тоо хэмжээг малаар тооцон боддог. Мөн Доржийн дүрээр өөрийн эмзэглэж явдаг зүйл болох агаарын бохирдол, хөрсний бохирдол, ундны усны хомсдол зэрэг нь  хүмүүст ямар хортой болохыг, хот хөдөө хоёрыг харьцуулж байгаагаар  зохиолдоо тусган бичсэн болно.
       Зохиолын бусад дүрүүд нийгэмд ихээхэн ажиглагддаг түгээмэл дүрүүд байгаа:

Цолмон: -Гэнэн цагаахан, итгэмтгий бүсгүй. Чин үнэн сүжигтэй, эмээтэйгээ амьдардаг,  хөдөөнөөс  ирсэн  оюутан охин.
Жанцан лам: -Хуурамч зальхай, баян  чинээлэг дөч эргэм насны хувраг
Баянхүү   Энэ цагийн чинээлэг амьдралтай бинзесмен залуусийн  нийтлэг дүр төрх.

Оюука - Тулгаа, Дорж  хоёртой нэг ангид сурдаг  даруухан охин.

Бусад  дүрүүд: Ангийн багш, Цолмонгийн эмээ, Маралжин, Ануужин, Эмүүжин

Олны хэсэг: Уушийн газар наргиж буй залуучууд. Нэг ангийн оюутнууд, Хүрээ хийдийн орчмоор байх сүсэгтэн олон.


                                  Жүжгийн тухай товчхон
“Иднэ эс идвэл, идүүлнэ” гэх энэхүү  жүжиг маань гурван бүлэгт найман үзэгдэлт инээдмийн жүжиг бөгөөд нийгэмд тулгараад байгаа дээрэм  луйвар, мэхлэлт, хүний мөн чанар баян ядуугийн ялгаа, мөн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй  хүмүүсийг  хоёр оюутны  дүрээр мөн тэдний туслах дүрүүдээр  гаргахыг зорьсон  юм. Зохиолын үйл явдал их дээд сургуулийн хоёр оюутан сургалтын төлбөрөө алдсанаар  эхэлнэ. Мөнгөгүй болсоноор сургуулиас мөн түрээсний гэрээсээ хөөгдөхөөр болж  түргэн хугацаанд их мөнгөтэй болох аргыг хайж  эцэст нь ганданд очиж  жанч  өмсөж үзмэрч, зурхайч болж хүмүүсийг хууран мэхлэх болдог.
 Энэ бүхэн нь сүүлдээ улам даамжран  нэгэн баян  залууг “...Гэрийн чинь тотгон дээр үхлийн хараал жатга шившсэн байна тэрхүү хараалыг зөвхөн би л хариулж чадна...” гэж итгүүлнэ. Үнэн хэрэгтээ  өөрсдөө мөнөөх залуугийн  гэрийнх нь тотгон дээр хараал  зурж,  сайн мэрэгч төлөгч болон жүжиглэн хүмүүсийг хууран  мэхэлж байгаагаар зохиолын өрнөл хэсэг үргэлжлэх ба бүр цаашилсаар өөрсдөө ч мэдэлгүй  мэргэшсэн зальтай луйварчид болсон байдаг. Хүмүүсийн сүсэг бишрэл дээр тулгуурлан мөнгө олоод зогсохгүй  өөрт таалагддаг охиндоо өөрийгөө заяаны хань нь гэж итгүүлнэ. Энэ бүхэндээ ханаж цадахгүй  цаашлаад тэнгэрийн нэрийг барьж, бөө болж хууран мэхлэлтээ үргэлжлүүлнэ.
Гэвч буруу зүйл хийсэн бол түүнийхээ шийтгэлийг заавал хүртэх хэрэгтэй. Бурхан тэнгэрийн нэрийг барьж  хүмүүсийг хуурч байгаа хоёр оюутан залуугийн зүүдэнд элдэв зүйлс орж ирснээр... болохгүй зүйл хийж байснаа ухаарах болно. Дорж гэх залуу нь өөрийн гэм буруутайг илчлэж “...Хожим хойно бурхан дээр очиход багахан ч болов гэм нүглээ залруулаад очно...” гэж хэлэн өөрийн биеэр цагдаагийн газарт мэдүүлэг өгч зохих шийтгэлээ хүлээх болно. Харин Тулгаа зорилгодоо хүрэхээс нааш зорилгоосоо буцахгүй, энэ хорвоод өөрийн гэм буруутайг хэнд ч хэлэхгүй, бурхны өмнө очоод л бүх гэм нүглээ нэгийг ч үлдээлгүй хэлж шийтгэлээ хүлээх болно хэмээн хууран мэхлэлтээ цааш үргэлжлүүлж хэнд ч хэлж болохгүй тэр их нууцыг өөртөө хадгалж сэтгэлийн их дарамтанд  орж байгаагаар  энэхүү жүжиг төгсөх юм.



                                       Жүжгийн төрөл зүйл,   хэлэх гэсэн санаа
Төрөл зүйл: Хүний муу муухай шинж төлөв зан суртахууны дутагдал согогтой тал, эсвэл нийгмийн шударга бус муу муухайг олны инээдэм болгож шоолж үзүүлдэг жүжгийн зохиолын төрлийг  инээдмийн жүжиг гэнэ.
Хүнийг инээлгэхэд “юу” хүргэдэг вэ гэвэл ямар нэг хэлбэрээр далдлагдсан зөрчил, хүний ой тойнд орошгүй гэнэт илрэн гарч ирэхэд инээд хүрдэг байна.  Аливаа юмс үзэгдлийн  агуулга хэлбэр хоёрын зөрөө гэнэт илрэхэд инээдмийг үүсгэдэг байна.
“Иднэ эс идвэл, идүүлнэ” хэмээх жүжиг маань зарим талаараа шашны театрын хэлбэртэй. Энэ жүжигтээ нийгэмд тулгараад байгаа хууран мэхлэлтийг хоёр оюутан залуугийн дүрээр шог хошин байдлаар гаргахыг хичээсэн. Хэдийгээр тэр хоёр оюутан мэргэн лам хувилгаан, эрдэм чадалтай бөө  биш ч тэрхүү лам, бөөгийн дүрд хэрхэн орж хүмүүсийг хууран мэхлэж байгааг нь хэтрүүлэг нэмж бага ч болов инээдэмд байдлыг харуулахыг зорьсон.
Хэлэх санааны хувьд: Хүн бол энэ дэлхийд аялах гэж ирдэг, амьдралаа түр зуурынх гэж мэдсээр байж мөнх юм шиг бодож, миний үг бол чинь үнэн учир нь гэвэл надаар дамжуулж бурхан хэлүүлж байна гэж өөрийн эрх ашиг хэдхэн төгрөгний төлөө хүмүүсийг хууран мэхлэж сэтгэлд нь сэв суулгаж амьдарч байгаа залуус, хэнд итгэхээ мэдэхээ байсан итгэл найдваргүй амьдрал, хэнтэй ч сэтгэлээсээ ярилцаж чадахгүй  асар их хууран мэхлэлт, энэ бүхнийг хоромхон зуурын асуудал, хүнд бэрх цаг мөчүүдээс гарахын тулд  жирийн л амьдарч байсан залуус энэхүү замыг сонгож өөрсдөдөө дааж давшгүй их зовлон шаналалыг бий болгоно.
Ирээд буцах хүний амьдралд мөнгөнөөс эрхэм олон чухал зүйл байдгийг мэдээгүй, тэгж их хичээж хүмүүсийг хууран мэхлэж олсон эд хөрөнгө байлаа ч аз жаргал, инээд хөөрийг хэзээ ч эд хөрөнгөөр авч болдоггүйг амьдралын утга учир баян чинээлэгт  бус нэг нэгнээ гэсэн эрхэм нандин сэтгэл, нэг ч болов сэтгэлээ нээгээд ярих найз нөхөрлөл, хүний амьд явахын утга учир чухам юу вэ? гэдгийг бага ч болов зохиолдоо илэрхийлэн гаргахыг зорилгоо болголоо.

         

                            Дипломын ажлын төлөвлөгөө


-           “Иднэ эсвэл идүүлнэ” гурван бүлэгт, найман үзэгдэлт жүжгийн эх зохиол

-           “Иднэ эсвэл идүүлнэ” гурван бүлэгт, найман үзэгдэлт жүжгийн задаргаа
        

·          Жүжгийн санаагаа хэрхэн олсон тухай 
·           Хэлэх гэсэн санаа
·            Төрөл зүйл
·            Дүрийн боловсруулалт
·            Зохиолын тухай товчхон


Sunday, April 14, 2013

үгүүлэл


ЗААГ ДЭЭР...

Ертөнцөд юм бүхэн заагтай. Зааг завсаргүй зүйл нэгээхэн ч үгүй санагдана. Амьдрал үхэл хоёрын зааг дээр зарим нь ирж, зарим нь буцаж байх билээ. Хүн ч ялгаагүй өгсөх уруудах, гэгээрэх мунхрахын зааг дээр санаж сэрж, мартаж будилж явдаг амьтан. Санаж сэрэхээсээ мартаж будилах нь ч их болсон санагдана. Нэг талдаа санах ёстойгоо мартаж, мартах ёстойгоо санах болсон гажуу байдал хүний орчлонгоор нэг “газар авчээ”.  Үнэндээ ЗААГ ялгаа гээч юмыг л хаана ч мэдэхээ байсан цаг юм. Их бага, үнэн худлын зааг ялгаа бүдгэрэх тусам шижир алт чулуу хоёр нэг газар хэвтэх болжээ. Цагийн энэ ГАЖУУДАЛ-ыг эс анзааран хайхаръя гэвч уран зохиолд бүр илтээр ЗААГ ялгаа сарниж, зах замбараагаа алдах болов. Ийм л эмзэг цагийн ЗААГ дээр Монгол яруу найргийн оюун санаа, ой санамжинд олон шинэ нэрс бүртгэгдэж эхэллээ. Эдгээр нэрс нэг хүчирхэг үеэс нөгөө үе рүү шилжих “ЗАВСАРТ” бус харин уран зохиолын залгамжлан залгалдах тэр холбоог үргэлжлүүлэн бичигдэж байгаа нь уран зохиол дох ҮЕ гэдэг ойлголтыг бүрэн илэрхийлэх ХҮЧ гэж би үздэг. Эрч хүчтэй тийм л залуу оюунаар Монголын уран зохиолын хүч сэлбэгдэж, эгээ л далайн давалгаа мэт араас түрэн  орж ирж байна. Жам ёс мөн юм. “Хөх мэдрэхүй”, “Шинэ үнэр”,”Шинэ мянган”,”Язгуурын бүлэг”,”Дэд хувьсгал” гээд уран зохиолын шинэ хүчирхэг бүлгүүд төрөн гарч, хэдийнээ яруу найргийн ертөнцөд зам мөртэй болсон бол тэдгээрийн араас Эрдэнэ-Очирын Энхтайван, Энхболдбаатарын Сударчулуун, Пагвадоржийн Урнаа, Мөнхцолын Батбаяр, Балдоржийн Алтанхуяг  нарын эвлэлдсэн “ОЛОН ЦАГ” яруу найргийн бүлгэм мэндэлж байна. Одоохондоо Монголын уран зохиолд аргагүй шинэ нэрс. Гэвч тодорхой цаг хугацааны дараа манай хүрээнийхний танил дотно нэр болно гэдэгт “багш” нэрийг зүүн явагч би үл эргэлзэнэ. Их сургуулийн нэг, хоёрдугаар ангийн эдгээр залуучуудын сэтгэл зүрх яруу найргаар хөглөгдөж, урвах шарвах бодолгүйгээр уран зохиолд шунан дурлаж байна. Юу сайхан тэр л сайхан. Эд мөнгө, эрх мэдэлд бус уран зохиолд шунан дурлах сайхан.
  Эдгээр залуусын нэг Мөнхцолын Батбаяр. ЗААГ дээр зогсож байгаа ХҮЧНИЙ нэг хэсэг юм. Тиймээс шүлгүүдээс нь  “нэн шинэ үеийн яруу найргийн” өнгө төрх тод илэрч байна. Тэр бол “тэсрэгч чанар”. Ердийн тогтмол гүйдлээр бус байнгын хүчтэй хэлбэлзлийг үүсгэх шүлгийн дотоод эрчим хүч ялгарч байдаг.  Тэрхүү “тэсрэгч чанар” бүхий дотоод эрчим хүчний “өдөөгч “ нь хайр сэтгэл. Үнэндээ тэсрэгч чанарыг бүрдүүлэгч нь ганцхан “хайр сэтгэл” гэж тодорхойлвол ч ихээхэн учир дутагдалтай зүйл болно.
   Хайр сэтгэл, гоо охин, зүрх энэлэн шаналах, бүгдийг гэнэт ухаарах, хоосонг таних, бодит байдал хаа ч үгүйг мэдэх, хаврын нүдээр харж бясалгах, намрын зүрхээр шаналах М.Батбаярын шүлгүүдийн “үнэт чанар” бөгөөд энэ бүхнийг “Монголын нэн шинэ үеийн яруу найраг”-ийн ертөнцөд мөн хамааруулж ойлгож болно. Хүнийг хайрлах, хүний эмгэнэлийг хайрлах, хүний хүйтрэлд эмзэглэх ч энэ цагийн яруу найргийн бас нэгэн “өнгө” юм.
           Далавчгүй мөртлөө тэд нисэхийг хүсдэг
           Дандаа л түүнийгээ бүтнэ гэж боддог
           Өрөөлд дэндүү олон дурлачихсан болохоор
              Өөрийгөө хайрлах хайр хүмүүст үлдээгүй.
/М.Батбаяр ”Хамгийн сонгодог болоод чөлөөт  ялыг амьдрах гэдэг / гэж энэ зууны хүмүүсийн дотоод хүйтрэлийг, хий хоосон мөрөөдөлдөө хөтлөгдөн “амьдарч” явааг тэр илчилсэн байна. Илчлэгдэж буй “үнэн” нь хүмүүс бидэнд  бусдыг хайрлах нь битгий хэл өөрийгөө ч хайрлах хайр үлдсэнгүй хэмээсэн нийгэм-социологийн олон цуврал судалгааны үр дүнд гарч болох ”том” дүгнэлтэнд М.Батбаярын цөөнгүй богино шүлгүүд хүрээд байна.
   Эдүгээ хүн төрөлхтөнд “ДЭЛХИЙН ДУЛААРАЛ  БА  ХҮНИЙ ХҮЙТРЭЛ” гэсэн гадаадаар хэлэх юм бол хоёр “глобал” асуудал байна. Хүний хүйтрэлийг зогсооход уран зохиол, тэртусмаа яруу найраг онцгой үүрэгтэй. Нэг үгээр сэтгэлийн хүйтрэлийг яруу найргаар дулаацуулна гэсэн үг. Гэтэл энэ их үйл хэрэгт Ховдын цэнхэр хязгаарт төрсөн жирийн нэгэн монгол хүү хувь нэмэр оруулж,  халуун элгэмсэг сэтгэлээр шүлэг бичиж байгаа нь хамгийн сайхан. Магадгүй “Тэнэглэл нь ухаарлаасаа ариухан
                                               Тэмдэг зүсгүй хорин нас минь /
М.Батбаяр “Тэнэглэл нь ухаарлаасаа ариухан” / гэх “нялх” ухаарал ч тэр үйл хэрэгт том хувь нэмэр оруулж байгаа гэж үзэхэд юу  буруудах. Тэгээд ч ЗААГ дээр зарим нь дөнгөж  толгой өндийлгөөд “тэнгэр”-ийн тухай ярьж, ойрхон зуурхан ганц нэг тайзнаас тайз руу ниссэнээ яруу найргийн хорвоог тойрсон мэтэд бодож андуурч байхад арай өөр суурь бодолтой залуус яруу найргийг “тайз”-ны өрсөлдөөн, шүлгийн уралдаан төдийгөөр үзэхгүй байдагт баярлаад баршгүй. Тийм зөв хандлага М.Батбаярын бичсэн шүлгүүдээс шууд анзаарагдана. Учир нь тав зургаа төдий мөртэй богино шүлгүүдийг “тайзан” дээр унших гэж бичдэггүй юм. Зарим нь шүлэг уншихаар тайз руу гарахдаа бөх шиг дэвж шавж “тэнэгтэж” байхад
Хараагүй хүн инээх шиг
Хаврын өглөөгүүр
Нярай моддын гэрэлт инээмсэглэл дунд
Бараан гунигаа эм гөлөг мэт тойруулж орхиод
Хүн нэгэн цагт далавчтай байсанд үнэмшин
Төсөөлөл дотроо шувуу шиг гүвтнэн алхах
Тийм араншинг хэн надад өгсөн юм бэ?
/М.Батбаяр “Хараагүй хүн инээх шиг” / гэсэн  халгайд гараа түлэхэд хорсож өвддөг шиг толгой хорсгосон шүлэг  бичихийг хүсэж байна. Үүнийг л товчхондоо ЗААГ гээд байгаа юм. Он цаг, нас сэтгэхүйн ч ЗААГ юм. Сэтгэлгээний  ч ЗААГ юм. Нялх моддын гэрэлт инээмсэглэл дунд бараан гунигаа эм гөлөг мэт тойруулж орхиод хүний тухай бясалгаж шүлэг бичихийг эрмэлзэж байна. Эм гөлөг мэт гуниг бүхэн нь “Хараагүй хүн инээх шиг” шүлэг болж байвал чухамдаа ирээдүй М.Батбаярын талд байна гэсэн үг билээ. Дарма Батбаяр багш, Ванхүүгийн Батбаяр ах , ноён Баабартай  амьдаа энэ хүүгийн шүлгийн мөрөөс  бадгаас “булталзаад” байгааг авьяас гэж олж харна. Хожим тэр чухал зүйл “булталзах” төдий биш харин ил сайхан гялалзаж байхыг хүснэ. Асар бага хугацаанд өөрчлөгдөж, өөрийн өнгө төрхөө олохыг мэрийж, бүтээлчээр суралцаж, шуналтайгаар уншиж, бичиж, сэтгэж байгаа нь асар их оюуны хурд түүнд буйг илтгэдэг юм.  Шүлэг бичихэд ч хурд бас чухал. Гол нь өөрт буй эрчим хүч, хурдыг шүлэг гэж андуурч бодсон “дэмий” юманд дэмий үрэхгүй байх нь чухал. Угтаа жинхэнэ яруу найргийн мөн чанарыг таньж, түүний туйлын санаа, гайхшруулагч чанар, ховсдох увдист нэвтэрч:
Үүрийн гэгээ, үдшийн бүрий
Яасан хол зай вэ?
Хэдэн хүн маргаашийг үзэж чадахгүй бол...
/М.Батбаяр “Үүрийн гэгээ,үдшийн бүрий” / гэсэн бодол эргэцүүлэл, гүн санаа, сэтгэл бүхий олон шүлэг бичих цаг хангалттай байгаад баярлаж байнам.  Минийхээр үхлийн тухай хир залуугаасаа эргэцүүлж эхэлнэ, амьдралд тэр хэмжээгээрээ хайртай болдог гэж үздэг. Тиймээс үхлийн тухай гялалзсан ганц мөр бичсэн бүх залуу хүнд би хайртай.
      Нэгэн цагт Перси Шелли, Вордсвортыг “ваарнаас илүү юм сэтгэж чадахгүй этгээд” гэж дүгнэж байсан ч тэр “нуурын сургуулийн” хүчирхэг төлөөлөгчийн нэг болж чадсан юм. Учир нь тэр хоёр хоёулаа Английн уран зохиолын ЗААГ-т төрсөн бөгөөд уран зохиолын ийм л ЗААГ-т  л  хүчтэй үе төрөн гарч өмнөх үеэ шахан бачимдуулдаг. Тэр л зүй тогтол Монголын уран зохиолд одоо өрнөж байна. ЗААГ дээр заримдаа “завсар” дундуур тодорхойгүй  үзэгдлүүд “гүйдэг” ч хол очиж,  голд сууж чаддаггүй билээ. Тиймээс л би “завсаруудад” биш “зааг” дээр зогсож байгаа ТЭД НАРТАА  л зав гаргах дуртай билээ. Юу сайхан ЗААГ сайхан.

                 ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
                                      2013-03-26