Жүжгийн санаагаа хэрхэн олсон
тухай
Зохиолынхоо үүдэл санааг бодит амьдралаас үндэслэн олсон
юм. Миний
хувьд өөрийн эмзэглэж явдаг зүйлдээ тулгуурлан зохиолоо бичихийг эрмэлздэг.
Жүжгийн гол дүр болох Дорж, Тулга хоёрын дүрийг
гандангийн нэгэн ламаас олж “Иднэ эс
идвэл идүүлнэ” хэмээх 3 бүлэгт 8 үзэгдэлт жүжгээ бичих болсон. Хоёр жилийн өмнө
буюу туулай жил гарч байхад шинийн арван
таванд багтааж ном уншуулахаар ээжтэйгээ ганданг зорьсон билээ. Ганданд очоод
ээж маань өмнө нь ном уншуулж байсан ламаар дахин уншуулна гэсээр өнөөх ламаа хайж олсон нь
үнэхээр л сайн уншдаг нь харагдаж байсан. Ганцхан тэр ламын урд хүмүүс урт дараалал үүсгэж байхад, цаана
суусан бусад лам нар хүнгүй шахуу сууж
байсан нь миний хувьд үнэхээр чадалтай лам
байна гэж бодоход хүрсэн юм.
Удалгүй ээж
бид хоёрын ном уншуулах ээлж болоход бид хоёртой хамт найман хүн сууж цуг ном
уншуулах болсон. Өнөөх лам маань номоо унших явцдаа таван минут ч анхаарлаа
төвлөрүүлэхгүй утсаар ярьж, цаана явж байгаа таньдаг хүн болгоныг дуудаж
элдвийг ярилцаж, даллага авахуулах гэж байсан тавагтай чихэр жигнэмэгээс аль
өнгөтэйг нь аваад шүүгээндээ хийж байлаа. Удалгүй лам багш
“За болчихлоо” гэсэн нь ном уншиж дууслаа мөнгөө өг гэсэн дохио байв.
Тэнд сууж байсан хүмүүсийн нэг хүн л арван мянга бусад нь түүнээс дээш мөнгө
өгч байв. Ламтан сүсэгтэн олныг наашаа дөхөөд суу гэхэд зарим хүмүүс адис өгөх
нь гээд тэргүүнээ гудайлгахад , “Ойроос нэг өөрийн гэсэн сүм
хийд барих гэж байгаа хандив өгнө шүү” гээд жижиг цаасан дээр
утасны дугаараа бичээд сүсэгтэн олонд тарааж өгсөн.
Энэ бүхэн нь хожим бодоход хүний итгэл үнэмшил, сүсэг
бишрэлд тулгуурлан хялбар аргаар мөнгө
олох гэсэн санаа байв. Ламын энэхүү үйл
явдлыг бүтнээр нь жүжигтээ
бичээгүй ч амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс нийгэмд ихээхэн байгааг
тэрхүү ламын үйлдлээс сэдэвлэн хошин жүжиг бичихийг зорьсон юм.
Дүрийн боловсруулалт:
Тулгаа - Доржтой нэг нутгийн залуу боловч орчин үеийн стильтэй үсээ тод өнгөөр будуулж,
чихээ цоолсон байна. Үргэлж “-Орчин үетэйгээ хөл нийлүүлэн амьдар...”- гэж хэлдэг дунд зэргийн
нуруутай залуу. Тулгаагийн дүрийг өөрийн
сайн танил найзаасаа олж, түүний ярьж хэлж
байгаа байдал зан авирын ажиглаж, дүрийг гаргаж ирэхийг зорьсон юм. Тэрээр
зоримог шийдэмгий зантай зорьсон зүйлдээ шантралгүй тэмцдэг сайн талтай боловч энэхүү жүжигт маань
зорилгоо буруу тодорхойлон түүндээ хүрэхийг
хичээж яваа нэгэн юмаа. Түүний зорилго бол их хэмжээний мөнгөтэй болж
хэний ч дор орохооргүй амьдрах хүсэлтэй
боловч тэрхүү зорилгодоо хүрэх замаа хүмүүсийг хууран мэхлэж лам зайран
болж жүжиглэж, түүгээр ч зогсохгүй жүжгийн төгсгөлд бөө болж олон түмнийг
хууран мэхлэж байгаагаар буруу бодол
санаагаа хэрэгжүүлнэ. Мөн зохиолд гарах
бөө ламын дүрийг судлаж, ажиглаж байгаад зохиолоо бичсэн. Бөө бөөлөх зан үйл нь бүх талаараа
театрчилсан тоглолт гэдгийг мэдэж авсан билээ.
Дорж - Зохиолын маань гол дүр болох Доржийн дүрийг өөрийн хамаатны хөдөөний
залуугаас олж харсан. Онигор нүдтэй, намхан бор, байнга уулга алддаг, тэрээр мөнгөний тоо
хэмжээг малаар тооцон боддог. Мөн Доржийн дүрээр өөрийн эмзэглэж явдаг зүйл
болох агаарын бохирдол, хөрсний бохирдол, ундны усны хомсдол зэрэг нь хүмүүст ямар хортой болохыг, хот хөдөө хоёрыг
харьцуулж байгаагаар зохиолдоо тусган
бичсэн болно.
Зохиолын бусад дүрүүд нийгэмд ихээхэн
ажиглагддаг түгээмэл дүрүүд байгаа:
Цолмон: -Гэнэн
цагаахан, итгэмтгий бүсгүй. Чин үнэн
сүжигтэй, эмээтэйгээ амьдардаг,
хөдөөнөөс ирсэн оюутан охин.
Жанцан лам: -Хуурамч зальхай, баян
чинээлэг дөч эргэм насны хувраг
Баянхүү – Энэ цагийн чинээлэг амьдралтай бинзесмен залуусийн нийтлэг дүр төрх.
Оюука - Тулгаа, Дорж
хоёртой нэг ангид сурдаг даруухан
охин.
Бусад дүрүүд: Ангийн багш,
Цолмонгийн эмээ, Маралжин, Ануужин, Эмүүжин
Олны хэсэг: Уушийн газар наргиж буй залуучууд. Нэг ангийн оюутнууд,
Хүрээ хийдийн орчмоор байх сүсэгтэн олон.
Жүжгийн
тухай товчхон
“Иднэ эс идвэл, идүүлнэ” гэх энэхүү жүжиг маань гурван бүлэгт найман үзэгдэлт
инээдмийн жүжиг бөгөөд нийгэмд тулгараад байгаа дээрэм луйвар, мэхлэлт, хүний мөн чанар баян
ядуугийн ялгаа, мөн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн бэлэнчлэх
сэтгэлгээтэй хүмүүсийг хоёр оюутны
дүрээр мөн тэдний туслах дүрүүдээр
гаргахыг зорьсон юм. Зохиолын үйл
явдал их дээд сургуулийн хоёр оюутан сургалтын төлбөрөө алдсанаар эхэлнэ. Мөнгөгүй болсоноор сургуулиас мөн
түрээсний гэрээсээ хөөгдөхөөр болж
түргэн хугацаанд их мөнгөтэй болох аргыг хайж эцэст нь ганданд очиж жанч
өмсөж үзмэрч, зурхайч болж хүмүүсийг хууран мэхлэх болдог.
Энэ бүхэн нь
сүүлдээ улам даамжран нэгэн баян залууг “...Гэрийн чинь тотгон дээр үхлийн
хараал жатга шившсэн байна тэрхүү хараалыг зөвхөн би л хариулж чадна...” гэж
итгүүлнэ. Үнэн хэрэгтээ өөрсдөө мөнөөх
залуугийн гэрийнх нь тотгон дээр
хараал зурж, сайн мэрэгч төлөгч болон жүжиглэн хүмүүсийг
хууран мэхэлж байгаагаар зохиолын өрнөл
хэсэг үргэлжлэх ба бүр цаашилсаар өөрсдөө ч мэдэлгүй мэргэшсэн зальтай луйварчид болсон байдаг.
Хүмүүсийн сүсэг бишрэл дээр тулгуурлан мөнгө олоод зогсохгүй өөрт таалагддаг охиндоо өөрийгөө заяаны хань
нь гэж итгүүлнэ. Энэ бүхэндээ ханаж цадахгүй
цаашлаад тэнгэрийн нэрийг барьж, бөө болж хууран мэхлэлтээ үргэлжлүүлнэ.
Гэвч буруу зүйл
хийсэн бол түүнийхээ шийтгэлийг заавал хүртэх хэрэгтэй. Бурхан
тэнгэрийн нэрийг барьж хүмүүсийг хуурч
байгаа хоёр оюутан залуугийн зүүдэнд элдэв зүйлс орж ирснээр... болохгүй зүйл
хийж байснаа ухаарах болно. Дорж гэх залуу нь өөрийн гэм буруутайг илчлэж
“...Хожим хойно бурхан дээр очиход багахан ч болов гэм нүглээ залруулаад
очно...” гэж хэлэн өөрийн биеэр цагдаагийн газарт мэдүүлэг өгч зохих шийтгэлээ
хүлээх болно. Харин Тулгаа зорилгодоо хүрэхээс нааш зорилгоосоо буцахгүй, энэ
хорвоод өөрийн гэм буруутайг хэнд ч хэлэхгүй, бурхны өмнө очоод л бүх гэм
нүглээ нэгийг ч үлдээлгүй хэлж шийтгэлээ хүлээх болно хэмээн хууран мэхлэлтээ
цааш үргэлжлүүлж хэнд ч хэлж болохгүй тэр их нууцыг өөртөө хадгалж сэтгэлийн их
дарамтанд орж байгаагаар энэхүү жүжиг төгсөх юм.
Жүжгийн төрөл зүйл, хэлэх гэсэн санаа
Төрөл зүйл: Хүний муу муухай шинж төлөв зан суртахууны
дутагдал согогтой тал, эсвэл нийгмийн шударга бус муу муухайг олны инээдэм
болгож шоолж үзүүлдэг жүжгийн зохиолын төрлийг инээдмийн жүжиг гэнэ.
Хүнийг инээлгэхэд “юу” хүргэдэг вэ гэвэл ямар нэг
хэлбэрээр далдлагдсан зөрчил, хүний ой тойнд орошгүй гэнэт илрэн гарч ирэхэд
инээд хүрдэг байна. Аливаа юмс
үзэгдлийн агуулга хэлбэр хоёрын зөрөө
гэнэт илрэхэд инээдмийг үүсгэдэг байна.
“Иднэ эс идвэл, идүүлнэ” хэмээх жүжиг маань зарим
талаараа шашны театрын хэлбэртэй. Энэ жүжигтээ нийгэмд тулгараад байгаа хууран
мэхлэлтийг хоёр оюутан залуугийн дүрээр шог хошин байдлаар гаргахыг хичээсэн.
Хэдийгээр тэр хоёр оюутан мэргэн лам хувилгаан, эрдэм чадалтай бөө биш ч тэрхүү лам, бөөгийн дүрд хэрхэн орж
хүмүүсийг хууран мэхлэж байгааг нь хэтрүүлэг нэмж бага ч болов инээдэмд байдлыг
харуулахыг зорьсон.
Хэлэх санааны хувьд: Хүн бол энэ дэлхийд аялах гэж ирдэг,
амьдралаа түр зуурынх гэж мэдсээр байж мөнх юм шиг бодож, миний үг бол чинь
үнэн учир нь гэвэл надаар дамжуулж бурхан хэлүүлж байна гэж өөрийн эрх ашиг
хэдхэн төгрөгний төлөө хүмүүсийг хууран мэхлэж сэтгэлд нь сэв суулгаж амьдарч
байгаа залуус, хэнд итгэхээ мэдэхээ байсан итгэл найдваргүй амьдрал, хэнтэй ч
сэтгэлээсээ ярилцаж чадахгүй асар их
хууран мэхлэлт, энэ бүхнийг хоромхон зуурын асуудал, хүнд бэрх цаг мөчүүдээс
гарахын тулд жирийн л амьдарч байсан
залуус энэхүү замыг сонгож өөрсдөдөө дааж давшгүй их зовлон шаналалыг бий
болгоно.
Ирээд буцах хүний амьдралд мөнгөнөөс эрхэм олон чухал
зүйл байдгийг мэдээгүй, тэгж их хичээж хүмүүсийг хууран мэхлэж олсон эд хөрөнгө
байлаа ч аз жаргал, инээд хөөрийг хэзээ ч эд хөрөнгөөр авч болдоггүйг амьдралын
утга учир баян чинээлэгт бус нэг нэгнээ
гэсэн эрхэм нандин сэтгэл, нэг ч болов сэтгэлээ нээгээд ярих найз нөхөрлөл,
хүний амьд явахын утга учир чухам юу вэ? гэдгийг бага ч болов зохиолдоо
илэрхийлэн гаргахыг зорилгоо болголоо.
Дипломын ажлын
төлөвлөгөө
-
“Иднэ эсвэл идүүлнэ” гурван бүлэгт, найман
үзэгдэлт жүжгийн эх зохиол
-
“Иднэ эсвэл идүүлнэ” гурван бүлэгт, найман
үзэгдэлт жүжгийн задаргаа
·
Жүжгийн санаагаа хэрхэн олсон тухай
·
Хэлэх гэсэн санаа
·
Төрөл зүйл
·
Дүрийн боловсруулалт
·
Зохиолын тухай товчхон