Thursday, December 22, 2011

эсээ


 МИНИЙ ХОТ
/эсээ/
...Өчүүхэн хануур хорхой өвчин бүхнийг эдгээх үү?
   Үгүй дээ?
    Этгээд хорыг агуулсан
   Энэ хот л адгийн муухай юм даа?

    Жон Донны энэ шүлгийг багадаа асар том зүрх гарган орчуулж билээ. Одоо эргээд бодохоор айдас ар нуруугаар могой мэт гулгах билээ. Ямар их зоригтой байж вэ? Одоо бол намайг хашир, бодол хоёр хэв торго шиг ороожээ.
    Анх том ахтай цахилгаан шатанд сууж үзсэн юм. Тэгэхэд дотор ялимгүй айдас байсан ч Ю.Гагарин шиг “явлаа” гэж шивнэсэн санагддаг юм. Учир нь анх удаа газраас тасарч байгаа минь тэр. Тэр сонин мэдрэмж дахиж надад төрөөгүй. Яруу найраг орчуулах гэж оролдож байсан “эр зориг” шиг минь алга болчихсон. Энд тэндхийн олон л цахилгаан шатаар өгсөж, урууджээ.  Гэхдээ анхных шиг тийм мэдрэмжийг би хэзээ ч мэдрэхгүй гэж бодохоор “жил жилийн анхны бороо шиг шинэхэн, жил жилийн анхны цас ариухан” амьдарч чадахгүй хүний булингар дотор гуниглахаас өөр яах билээ.
    Анх би хотын гудманд бороо орохын нууцлаг хийгээд тайлагдашгүйг зургаан насандаа мэдсэн юм. Цардмал зам дээр шаагин буух борооны дуслууд эхлээд унахдаа “ёолох” дуу гаргах шиг санагдсан юм. Хатуу замыг мөргөөд буцаж ойгоод дахин унахдаа харин “инээх” шиг цалгиун дуу гаргаж билээ. Тэр өдөржин толгойд инээх ёолох хоёр хослон сонсогдсоор хамгийн анхныхаа болоод хамгийн эцсийн “гэгээн ариун” шүлгийг бичүүлсэн юм. Нэг талаараа “миний хот” миний анхны яруу найргийн багш байсан юм. Навчис хөлөөр нэг хөглөрөхөд духанд минь нарийн үрчлээ нэмэгдэж, тархинд минь яруу найргийн шад мөрүүд эгнэн босож ирдэг хэвээрээ. Хаалгыг нь тогшиж зүрхлэдэггүй байсан охиныхоо аавд орцонд толгойгоо эргэтэл загнуулаад өвлийн нарны ёлтгор гэрлийг харж зогсохдоо ”хэн ч халдаж зүрхлэхгүй илч гэрлийн бүрхүүл” намайг хамгаалдагийг мэдэж билээ.
   Нэг бус удаа өндөр байшингийн дээвэр дээрээс доошоо харж үзсэн. Нисчихвэл нисчихмээр мэдрэмж надад байнга төрдөг байсан. Одоо хэрхэхийг бүү мэд. Бодвол мэдрэмж бус айдас бүх биеэр дүүрэх биз, ээ.
   Нэг бус удаа муурын зулзага өндрөөс шидэж үзсэн. Ямар ч өндрөөс дөрвөн хөл дээрээ буух тэр бяцхан амьтан бидэнд “амьдралд юу ч тохиолдлоо гэсэн ямар ч байсан зогсож байх нь зөв юм” гэсэн ухааралыг өгсөн юм. Угтаа амьдралд элэг дөрвөөрөө мөлхөхгүй  нь тулд тэмцэж зогсож байх учиртайг тэгэхэд ухаарсан гэсэн үг.
   Нэг жил МИНИЙ ХОТОД их үер бууж, хавь ойрын бүх гуу жалга усаар дүүрсэн юм. Модон гүүрэн дээр нэг настайвтар эр хэдэн өдөр зогсож билээ. Эхнэр хүүхэдгүй тэр ганц бие тэр насаараа хураасан эд хөрөнгө, байшин хашаагаа усанд урсгачихаад эр хүний ховор хар нулимсыг бөмбөрүүлж зогсохыг хараад “ийм бэртэгчин болохгүй юм шүү” гэж өөртөө тангарагласан гэж байгаа.
    Нэг жил их хатуу хүйтэн өвөл болсон юм.  Хүрэн “Волга” байрны үүдэнд эвдэрсэн зогсож байв. Тэр машиныг тойроод нэг алдартай яруу найрагч алхаж байх нь тэр.  Хөөр бахдалтай  хүү гүйгээд очив. Тэгээд “ би шүлэг бичдэг юм” гэсэнд “аан” гэснээс өөр юм хэлсэнгүй. Машиныг нь түлхэж өнхрүүлсээр асааж өгөв. Нарийн утаа суунаглуулсаар бараа нь тасрахдаа  ”баярлалаа” ч гэхгүй явчихаж билээ. Тэгээд араас нь харж зогсохдоо “шүлэг бичдэг хүүхдүүдийг хүн чинээ санадаггүй ийм бүдүүлэг яруу найрагч болохгүй юм шүү” гэж мөрөөдөн бодож билээ. Тэр л бодлоороо би шүлэг бичдэг хүүхдүүдтэй халгаж салгахгүй зууралдаж яваа ч юм билүү, яаж билээ.
    Энэ бүх мэдрэмжийг би ХОТ-оосоо түүсэн юм. Миний амьдралын бүх ухаарал, өчүүхэн төдий гэгээрэл минь бүгд ХОТТОЙ холбоотой. Тиймээс л би омог бардмаар “МИНИЙ ХОТ” гэж тунхагладаг юм. Үнэхээр ч энэ хотын тухай би л хамгийн сайн мэддэг юм шиг санагддаг үе надад байсан. Одоо ч хэвээрээ...
   Яг л Уильям Фолкнер 19 романыхаа 15-д нь, 70 үгүүллэгээ тэр чигт нь Америкийн Миссисипи мужийн Йокнапатофа хэмээх жижиг тойрог хийгээд тэндхийн хүмүүсийн  тухай бичсэн гэдэг шиг би өөрийнхөө хот, тэндхийн хүмүүсийн тухай л бичээд байгаа юм. Зохиолч сайн мэддэг зүйлээ сайн бичдэг гэдэг бас оргүй үг биш ажээ.  /Анзаарсан бол би муу бичдэггүй учраас сайн бичдэг гэдэг үгийг их зоригтой хэлээд байгаа юм/
 Хавар эрт цэцэрлэгийн моддын дундуур эхнэртэйгээ хөтөлцөөд гүйж явахдаа ”удахгүй аав болно” гэсэн сонин мэдрэмжийг би энэ хотоос л авсан. Тийм учраас миний хот-миний зүрх сэтгэлийн хот. Утаар угаар нь ч надад сайхан. Уушгигүй л болно биз. Би харамсдаггүй. Гэхдээ заримдаа боож үхмээр ч санагддаг. Түгжрээ, хараал ерөөл, уур омогтой, гялалзсан хүмүүсийг хараад багтармаар байдаг. Гэвч энэ хоттой  би үйлээр учирсан гэдэгтээ итгэдэг. Намайг долдой, бялдууч, бэртэгчин болгоогүйнх нь төлөө ХОТДОО би баярладаг.
  Ерээд оны дунд үед нэгэн яруу найргийн наадам дээр тайзны ард хэдэн шүлэгч охид хөвгүүд ийн ярилцаж билээ.
   Улаан хацартай хөдөөх охин “Манай талд нар мандах юутай зүйрлэшгүй сайхан шүү? Хариуд нь бид:
  -Тагтан дээрээ зогсоод нар мандахыг харах түүнээс чинь сайхан.  Энэ богинохон яриа огт мартагддаггүй юм. Хожим талд нар мандахыг бишгүй л харсан. Шүлэг бичдэг улаан хацартай охин шиг /одоо тэр охин ямар цагаан хацартай болсон гэж санана/ тийм дуу алдмаар мэдрэмж  надад ер төрөөгүй. Аргагүй биз. Харин тагтан дээрээ нар тосоод, тамхи татаж зогсохдоо би асар их эрч хүч мэдэрдэг. Өвлийн цантсан цонхон дээр байгаль хүйтэн жавар уураар ямар хээ урласныг багадаа ажиглан суух дуртай байв. Тийм нэг хээ ажигласан өдөр нарны зурвасхан гэрэл цонхон дээр тусахад бурхан буйд итгэсэн юм. Тийм өнгө гэрлийн цогцлыг гагцхүү бурхан л бүтээж чадмаар байж билээ. Уулга алдан хашгирмаар тэр агшинд миний хотод ч ямархан далдлаг гоо сайхан нуугдаж байдгийг ойлгосон юм.
    Шөнө орой харанхуй гудмаар, айлуудын цонхны гэрэл бараадан алхаж үзсэн хүн гэрэл гэгээ ямар чухлыг мэдэрдэг. Намар оройн хүйтэн бороонд хотын нойтон гудмаар яаран гүйж явахдаа “амьдралд дандаа нар ээсэн өдрүүд байдаггүйг” ухаарна. Зам дээр тогтсон тогтоол усыг тойрч эсвэл харайж гарахдаа ”амьдралд тойрох, алгасч харайх явдал бишгүй тохиолдохыг” мэднэ. Манант өглөө машины цуваа талийгаачийг ачаад миний хотын баруун хойд энгэрийг чиглэхэд “ би ч ялгаагүй гарцаагүй нэг өдөр үхнэ” гэдэг сонин бодол төрнө.
   Энэ бүхнээс миний хот-яруу найргийн, миний хот –ухаарлын хот болох нь тодорно.  Гагцхүү түүний зүрх сэтгэлийг мэдрэх шаардлагатай. Гарцаагүй үнэн болохыг БИ тэнгэрийн дор гайхал тэнэгүүдтэй тэрсэлдэн байж БАТАЛНА.

                                                                                                                                          2011 он

4 comments:

  1. Надад төрдөг мэдрэмжийг эссе болгоод биччихсэн юм шиг л санагдлаа. Хаяа хотоор алхахаар дотроос ямар нэгэн "энэ бол миний хот, би үүнтэй салшгүй холбоотой" гэсэн тийм нэг мэдрэмж дотроос хатгаад байдаг. Таны бичсэн зүйлийг анх удаа 100% ойлголоо (эсвэл мэдэрлээ ч гэх юм уу).

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. bi ch bas mani nasan deer ochhooroo mongoliin shiwtsaariig, vvnees ilvv bichne gedegtee itgel dvvren ywaa, nadad terseldeh ch shaardlag algaa bagshaa....

    ReplyDelete
  4. ...“ би шүлэг бичдэг юм” http://xocxyh.blogspot.com/ =P

    ReplyDelete