Thursday, February 17, 2011

ХАВРЫН ХАВАРТ

Хаврын хаварт би цас шиг хайлж 
Ханшийн ногоотой дахин ургаж 
Хар турлиахтай хамт хашгирч 
Хагд өвстэй ханилан ногоорно


Хаврын хаварт би бургас шиг бултайж
Хашааны ёроолоор халгайтай цухуйж
Хагдрахаа мэдэлгүй яаран цэцэглэж 
Хангалуунаар ширэг өвс шиг сэгсийнэ.

Хаврын хаварт би шинээр төрж 
Хамаг биеэрээ хачин сайхан 


АРИУСНАМ.


 

Wednesday, February 16, 2011

Өнөөдрийн сэтгэгдэл

Өнөөдөр би нэг газар хоёр зэргэлдээ өрөөнд шахуу магтуулж, муулуулав.Сонин юм шүү? Боловсролын сургуулийн номын санч Банзай ах /бид нарын дууддагаар / -Чи ч яахав дээ л зохиолч, би ер чамайг таалдаггүй юм. Чиний бичсэнийг уншаад надад ийм бодол төрдөг гэхэд жаахан гомдол төрөөд түүнд би энэ хавьдаа л намайг бараадах байтугай барааг минь харах зохиолч алга гэж томров. Тэгээд хажуу өрөөнд нь орж Энхбаяр ахтай уулзлаа. Хэдийнээс үг сэтгэл нийлдэг бас болоогүй, ээ доовторын ажлын удирдагч минь- Чи үнэхээр бичиж байна шүү? Одоо чамтай ярих юм алга. Би Галсансүхийг фронт командлагч гэсэн юм. Одоо харин чамайг  бас ингэж нэрлэх хэмжээнд хүрчээ гэв.  Түрүүний гомдол ор тас мартагдаад хөөрсөн амьтан боловсролын их сургуулийн шатаар хийсээд бууж одов. Тэгээд харьж явах замдаа ийм нэгэн бодол бодлоо. 
Бодол 
Лимонов яагаад Пушкинг "тэр цаг үеийн сорилтонд аль хэдийнээ тэнцэхээ больсон байна" гэж бичсэний учрыг ойлгов. Би одоо яг үзэл санааны хоёр зааг дээр яваа юм байна. Нийтийн хямдхан доогуур таашаалаас дээгүүр, тэдний хүрч ойлгох хэмжээнээс урагшилчихаж, тэгэхээр зарим нь ойлгохгүй дээ биш ойлгочихоод ойшоохгүй байгаа дүр харуулахыг оролдож байна. Харин нөгөө заагт нь оюун санааны дээд түвшинд тэнцэх эсэхэд минь эргэлзсэн ч дотроо найдвар тавьж итгэл урам өгч байгаа хүмүүс зогсож байна. Унах урагшлах эсэхийг минь  уран зохиолын ертөнцийхөн нэг үгээр нүд тавин харж байна. Атаархаад бүр илэрхий хачин болоод байх "нөхдүүд" ч олон болжээ. Үүнийг өмнө нь би бас сэтгэгдэл болгон бичиж байв. Өнөөдөр гэрийн орогнолоосоо гарч гадуур явсан чинь бас л ийм явдал тохиолдов. Тэгэхээр миний бүгээд байгаа минь зөв ч юм шиг. Гэхдээ том болж байгаагаа өөрөө мэдэх хойно жижиг шувуу жиргэхийг тоохоо байж дээ? хэмээн өөрийгөө бас нэг талаар тайвшруулав. Нөгөө талаар яагаа ч үгүй байна гэдгээ улам мэдрэв. Өнөөдрийн сэтгэгдэл нэг иймэрхүү...

Monday, February 14, 2011

КИНО


ЯРУУ НАЙРАГЧ О.ЭЛБЭГТӨГСИЙН 
"ЭМГЭНЭЛИЙН ҮР ХӨВРӨЛ" НОМЫН ӨМНӨТГӨЛ


Дээхэн цагт киног “СҮҮДЭР ШИЙ” гэдэг байжээ. Оносон нэр эсэхийг  мэдэхгүй. Гайхал гадаад үгийг хэрэглэхгүй байхыг хүсвэл сүүдэр ший гэх нь зөв ч юм шиг. Гэтэл ертөнцийн бараг бүх хэлэнд кино л гэдэг үгээр нэрлэдгийг бодохоор орчуулах гэж аргаа барах нь буруу ч юм шиг. Ямар ч байсан КИНО бол хүн төрөлхтөний бүтээсэн олон гайхамшгийн нэг яах аргагүй мөн. Хувьсгалын их удирдагчийн хэлснээр бүх урлагийн дотроос ганцаараа үлдэж мэдэх хамгийн их магадлалтай нь ч мөн. Учир нь кино зах зээл шиг ирээдүйтэй том бизнес урлагт одоохондоо лав алга.
   Харин сүүлийн үеийн зарим нэг монгол киноноос аливаа урлагийн мэргэжлийн түвшин, оюун санаа хоёр унахаараа ямар доод хэмжээнд хүрч болдгийг харж болно. Зөвхөн их мөнгөөр сайн кино бүтээдэггүйг одоо л ганц нэг “МОНГОЛ” хүн гайгүй сайн ойлгож байх шиг байна. Эхлээд үзэл суртал дараа нь мөнгөний гачаал одоо бол сэтгэлгээний хоцрогдол монгол кинонд ямар их саад болж буйг хэлэх ч юм биш.
 Дээрх 149 үгээр кино урлагийн тухай миний “ОРОС” хэл дуусаж байна. Үнэндээ мэргэжлийн кино шүүмжлэгч биш учраас цааш нь илүү дутуу үг хэлэх нь ёс суртахууны хувьд бүдүүлэг явдал гэж үзлээ. Гэвч  киногоор яагаад жаахан “оролдсоны” учрыг  учир мэдэх хүмүүс удахгүй ойлгоно.
Нийтийн халуун усны газар
Цонхнуудын гэрэл нэгэн хэвээр ёлтойх энэ бяцхан хотод
цоо шинээр төрөхөөр нийтийн халуун усны газар очвол
эзэмдсэн залуу эзэмдүүлсэн бүсгүйнхээ өөдөөс харж зогсоод
эхнэрийнхээ хөхийг шуналтайгаар илэх нь хэвийн үзэгдэл.
Зогсоо зайгүй түлхэлцэх хүн голын урсгалд шахагдсаар
заасан шугамыг даван гишгэхэд, жижүүр авгай
Давидын бэлэг эрхтнийг илбэх мэт мойног хуруугаараа
далан таван номерийг заахад дуулгавартай цэрэг
даргынхаа тушаалыг авсан мэт яаран орох нь хүртэл
дандаа ижилхэн давтагдаад байгаа мэт ой ухааныг
дансны аргаар бага багаар нь чимхэн хороох
даанч харамсмаар, гомдмоор энэ амьдралтай
“Дайн зарлах хэрэгтэй” гэсэн уриалгатай санал нэг
олон арван хүмүүс нийтийн халуун усны газраас
малийтал инээсээр гарч ирэхдээ бүхнийг умартаад
эртхэн харьж зурагтынхаа өмнө тухлан суугаад
эрх жаалуудаа ирэхээс өмнө эротик кино үзэхээ чухалчилж
яаран сандарч таксинд гар өргөж гэрээ зүглэхтэй
яг адилхан би хаашаа ч юм бэ тэмүүлээд
өмнөх бодлууд үүл шиг хуралдахаа болиод
өөр шинэ санаа, сэдэл сэрэл өдөөж, сэтгэл гижигдээд
энэ байгаа амьдралынхаа эзэн нь хэмээн омогшоод
эрх чөлөөг эдлэхээр, эхнэрийнхээ өвөр лүү шургана.         

   Амьдрал мэддэг, тэгээд мэдрэмжтэй найруулагчид бол энэ шүлэг бүхэлдээ нэгэн жижигхэн хотын нийтийн халуун усны газар болж буй гунигтай агаад сонин ахуйлаг уран сайхны КИНО. Виктор Цой, Кино хамтлаг бол ердөө л Оросын тэр үеийн урагшаа явахаа болиод мотор нь цохичихсон Москвич-1500 шиг социалист нийгмийн зогсонго амьдралын дүр зургийг гайхалтай харуулсан “КИНО” юм гэдгийг би сүүлд л ойлгосон. Түүнтэй адил дээрх шүлэг бол бидний амьдрал яг нийтийн халуун усны газар шиг эвлэрэл, номхон хүлцэнгүй байдлын дунд ялимгүй гунигтай өнгөрч байгааг кино-кадрууд шиг яруу найргаар илэрхийлсэн байгаа юм. Германы Брехтийн нэгэн жүжигт  эр эм хоёрын унаж явсан ГАЗ-24 хэмээх орос машин эвдэрчихээд хичнээн оролдоод асаж өгөхгүй зогсож байгааг харуулжээ. Шүүмжлэгчид тэр жүжгийг Орос автортай социализмын араа шүд гачсаныг далдуур харуулсан бүтээл гэж  үздэг. Түүнтэй адил монгол мөрөөдөгчийн тодорхойлсон “иргэний ардчилсан хүнлэг энэрэнгүй капиталист” нийгмийн маань эхнээс нь буруу өрчихсөн хана туурга нурж унахад тун дөхжээ. Энэ л нийгмээс шалтгаантай сэрэл мэдрэмжүүд яруу найрагчийн оюун санаанд кино-кадрууд шиг бууж байна.
   Амьдралын  бүх юм тийм нийтийн халуун усны газар шиг хар бараан биш л дээ? Анзаарч харах юм бол хорвоо ертөнц бүхэлдээ яруу сайхнаас ургаад яруу сайханд шингээд байх шиг санагдана. Тэрхэн үеийн санаа сэтгэлийн байдал ч мэдээж нөлөөлнө. Тэгээд л ийм зураглал тодорно.
Хаврын өглөө

Хаврыг үнэрлэхээр гадагшаа гарвал
хүн бүхэнд далавч ургажээ
Харааны шил шиг тунгалаг хүмүүсийн
харсан зүгт гэрэл цацарна
Харвасан од шиг зуурдын амьдралд
харанхуй шөнүүд олон ч гэлээ
Зөрөх бүхэнтэй танил хотынхоо
зүрхний цохилтыг илүүтэй мэдэрнэ                                        

   Энэ яруу сайхны хэсэгхэн мөчийг яруу сайхны гүн мэдрэмжтэй ямар ч зураглаач хальсанд буулгахыг хүснэ. Магадгүй нар ургах үеийн хаврын байгалийн гоо сайхныг харуулсан богино хэмжээний кино-кадр яруу найргаар амилж байна. Яруу найраг өөртөө бүх л урлагийн хэв шинжийг хадгалж байдаг гэж би үздэг.
   Зарим хүн шиг эхээс төрөхдөө реалист бус нөхөр байлаа гэж худлаа хэлэхийг хүсэхгүй байна. Би ч цагтаа тэр л үеийн бусдынхаа адил ”улаан туг залуучууд хоёр ихэр юм, уралдаан ялалт хоёрын нөхөр юм” гээд дуулж явлаа. Тиймээс Д.Сэнгээ, Ц.Гайтав нарыг уншиж байгаагүй гэж худлаа хэлэхгүй. Тиймээс ичихгүйгээр ийм жишээ татаж байна. Дээхэн үеийн үзэл сурталч зохиолч Д.Сэнгээ гуайн “Цолмон “шүлэг надад бага ахуй насанд шүлэг уншиж байна гэхээсээ кино үзэж буй мэт санагддаг байлаа. Морь унаад уралдаад л нэгдлийн хүү нэрээ бодоод л цоохор даага түрүүлээд л сэтгэл их догдолдог байлаа. Хожим яруу найрагч Д.Нямаагийн “Тэмээний уралдаан” шүлгийг нэгэн урлаг судлаач кинотой холбон тайлбарласан өгүүлэл уншиж байснаа ч санаж байна. Үнэхээр тэр “Тэмээний уралдаан” шүлэг бас л кино-кадр шиг санагдаж байж билээ. Тэгвэл хаврын өглөөний тухай энэ шүлэг ч ялгаагүй мэдэрч харвал сайхан улирлын дотор далавч нь ургасан, харааны шил шиг тунгалаг хүмүүс алхаж бус агаарт нисж яваа, харсан зүг бүхнээс гоо сайхны гэрэл цацарч, хачин яруухан бодлууд тэдний хоорондуур тэнүүчлин байгааг харах болно.
   Гэтэл амьдралын өдөр бүхэн ийм яруухан билүү? Мэдээж үгүй. Гомдмоор, ганцаардахыг хүсмээр, “Дууссан тамхи шиг сонирхолгүй амьдралыг
                  дундаас нь орхих уу? эсвэл уушиглах уу?” гэсэн хүнд бодолд нам даруулах үе цөөнгүй. Тийм үед ганцаардал бидэнд ямар үнэтэйгээ сануулдаг. Бас мэдрүүлдэг.
Ганцаардал

Өнөд ганцаар даяанчлан хэсэхүй
өвлийн амьсгал мэт сэрүүхэн амьдрал
Хувьсан өөрчлөгдөх цагийн эрхээр
хуучны дурсамжууд цантан бүдгэрнэ
Гарал угсаа минь сармагчнаас үүдэлтэй
гашуун үнэнтэй хэзээ ч эвлэрэхгүй
Ганцаардал цөхрөлийн алин боловч
гаргасан уураа амгаланд тооцно
Ууршин хоргодох залуу насаа
уушийн газар замбараагүй үрж
Уцаар гомдлын хүнд мөчүүдэд
ухаажих үгсийг сонсохыг хүссэнгүй
Хувирч элэгдсэн чулуун замаар
хувцас дүүрэн гунигтай алхахад
хурмастын доорх гунигт шүлэгчийг
хурын ус ч тоож норгохгүй
Өнөд ганцаар даяанчлан хэсэхүй
өргөст мод шиг ширүүн амьдрал
гадаад ертөнцийн хамаарал бүхнээс
ганцаардал миний гарал угсаа.

Уран зохиолын судлаач шүүмжлэгчдийн яруу найргаас дөрөв таван мөртийг нь тастан авч тайлбарладаг явдал нь ноцтой хэрэг, ёстой алдаа гэж үздэг яруу найрагчид бий. Энэ удаа тэдний үзэл бодлыг нэг талаар хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзэж буйг минь болгоон биз. Тиймээс шүлгийг бүхэлд нь тайлбарлах, тодорхойлох оролдлого хийж байна.  Харин зарим яруу найрагчид “яруу найрагт байж болохгүй ҮГ” гэж эх хэлнийхээ зарим үгийг илт гадуурхдаг. Үүнтэй нь харин үхсэн ч санал нийлэхгүй юм шүү?
/Библи, Коран, Бурхан багшийн сургаал ертөнцийг
Огт өөр өнцөгөөс нь олж харсан хүн бүрийн туршлагаас үүдсэн мэдлэг/
Энэ шүлгийг тийм  үзэл баримтлалтай яруу найрагчид юу гэж үзэх нь тодорхой. Тэднийхээр бол энэ шүлэг яруу найрагт байж боломгүй үгсийн цуглуулга болж таарна. Үгийг хүртэл үнэтэй, үнэгүй гэж үздэг үзэл бодол ч үнэхээр хэцүү дээ? Дээр орхисон “Ганцаардал” шүлэг хэдэн халуун зүйлийн дундуур биднийг чирэн явна. Яг л киноны үйл явдал дунд яваад орчихдог шиг. Нэгэн уушийн газраас гараад гэрийн зүг гэлдэрч яваа залуугийн дүр. Гудамжинд үзэгдэх үзэгдлүүд, бороо шаагаад л, өндөр шонгийн ёлтгор гэрэл савлаад л... Гайгүй авьяаслаг кино зохиолч шууд л “Ганцаардлын гудамж” гэдэг зохиол биччихээр сонин сэрэхүй, өвөрмөц сэтгэлгээ, гүн ухаанч бодлууд. Бэлэн дүр. Манай үеийн зохиолч С.Анударийн сүүлчийн өдрүүдийг төсөөлж энэ шүлгээр кино хийчихээр гэнэт санагдах болно.
  Эсвэл өрөөндөө ганцаар, цонхоор  сар тусахад хамаг бие хачин сонин болдгийг өсөх насны банди нар цөм мэдэрсэн байдаг. Нойтон зүүд, гар хангалга, нүцгэн зурагт сэтгүүл гээд шилжилтийн насны хөвгүүн зандан хүүгийн сэтгэл зүй, тэмүүлэлт чанар, тийм нэг шинэ ертөнцөд нэвтрэх гэсэн дүр хүсэл, ичимтгий дүр тодроод ирэх “Өө миний нойтон бүрээ” шүлэг дурсамжийг чулуу болгож чаддаг продюсерийн мөнгө олохоор барьж авах л сэдэв.
Нойтон бүрээ
Зүрхнийхээ цохилох чимээг сонсох зуураа дуу аялаж
Өчигдөрийн зүүднийхээ талаар эргэцүүлэн бодох ганц хором
Хүний амьдрал гээч хичнээн урт болохыг нотлох шиг
Хүйтэн гар хүзүүгээр тэврэхэд өмдөн дотроо асах
Өө миний нойтон бүрээ
Үргэлжилсэн махир гудамжаар алхлаа ч нэгэн хэвийн
Үр дүнгүй амьдарч байгаадаа гэмшивч өнөө хэрхэхээ мэдэхгүй
Хоосон санаа алдсаар хэн нэгнийг хүлээн суухдаа
Хоргодох зүйлгүйдээ гутарч өөрийн биеэ шинжвэл
Өө миний нойтон бүрээ
Тэсэрч дэлбэрсэн үдшүүдэд дэрэн доороос олдсон
Бяцхан шувуудын өд адил цаг хугацаанаас нуугдаад
Тэнгэрийн шатаар таягаа тулан алхахад  анх үзэгдсэн
Тийм үзэсгэлэнтэй бүсгүй өмнө минь хүрч ирэхэд
Өө миний нойтон бүрээ
Үргэлжлүүлэн амьдрахаар шийдэж үүдээ түгжээд
Үнэт агшнуудыг зүрхэн тус жаазлан өлгөөд
Ирэх өвлийн цаснаас урьтаж нулимсаа унагаад
Ирээдүйн талаар гэрэл дүүрэн мөрөөдлөө зурахад
Өө миний нойтон бүрээ

  Нэгэнтээ Бернардо Бертолуччийн  “Мөрөөдөгчдөөс”  кино одоо ямар их хүч агуулсан том оюун санааны сансар болсныг ойлгосон юм. Аав нь яруу найрагч байсныг мэдээд түүнийг би кино найруулагч гэхээсээ яруу найрагчийн сэтгэлгээтэй кино уран бүтээлч гэж үзэх болж билээ. Тэр нь яруу найраг бүх урлагийн хэв шинжийг өөртөө агуулдаг гэж үздэг муйхар үзлээс минь ч болсон байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл “Нойтон бүрээ” /энэ миний дур мэдэн өгсөн нэр / шүлэг ч юуг нь нуух вэ? миний халуухан дурсамжийн нэгээхэн хэсгийг сэргээсэн тал бий. Энд дээрх шүлгийн дүрслэлт чанар оршиж байгааг мэдэрсэн юм.
 Амьдралд хүмүүс олон дүр бүтээдэг. Одоо ч бүр олон дүрд тоглох шаардлага гардаг болсон санагдана. Энэ санааг өмнө өөр хүмүүс хийгээд өөрөө би ч олон удаа дурьдаж байсан. Ялимгүй улиг болсон философи санаа. Гэхдээ энэ удаа Акира Курасовагийн “Долоон самурай”  кино шиг гайхалтай дүрүүд бүтээсэн  “55 хүн” хэмээх дүрт шүлгээс хүмүүсийн олон дүр байдлыг харж болно. Нэр томьёоны тухайд “дүрт шүлэг” гэх  онох эсэхийг хэлж мэдэхгүй юм. Харин Өлзийт хаанаас  Гоо Филиппт явуулсан захидалд “сайн өвөг дээдэстэй, сайн эцэгтэй, сайн ахтай” гэдэг шиг сайн найруулагч, сайн зохиолч, сайн зураглаач, сайн продюсер нар ийм шүлгээр ер бусын кино хийчихээр санагдана. Харамсалтай нь юм бүхэн санасаны зоргоор бүтчих биш дээ?
55 хүн

Нэг хүн голын эрэг дээр загас барина
Хоёр хүн голын усанд загас наадуулна
Гурван хүн сархад ууж шүлэг ярилцана
Дөрвөн хүн хөзөр дэлгэж бүхнийг тааварлана
Таван хүн буугаа сумлаж, хутгаа хуйлна
Зургаан хүн зураг зурж агшныг чөдөрлөнө
Долоон хүн хорвоогоос уйдаж амиа хорлоно
Найман хүн наминчлан залбирч зул хөөргөнө
Есөн хүн ертөнцийг огоорч тэнгэрээр зугаална
Арван хүн тэдний дотроос “амьдрал” хэмээн шивнэнэ.   

   Нэг хүн голын эрэг дээр загас барина. “Өвгөн тэнгис хоёр” санагдана.     Хоёр хүн голын усанд загас наадуулна. Нэг хүн ганцаараа нойтон бүрээдснээс дээр санагдана. Гурван хүн сархад ууж шүлэг ярилцана. Шүлэг ярьж байгаа нь сайхан юм гэж бодогдоно. Дөрвөн хүн хөзөр дэлгэж бүхнийг тааварлана. Хамраа дарж байгаа болов уу? эсвэл покер тоглоо болов уу? гэж бодогдоно. Таван хүн буугаа сумлаж, хутгаа хуйлна. Дүү нар Дундговь руу зээрийн анд явсан нь санагдана зэргээр олон олон дүр энэ шүлэг дотроос босож ирнэ. Тэр тоолонд бүрэн хэмжээний 45 мм өнгөт хальсаар хийсэн киноны кадр солигдох шиг сонин мэдрэмж эрхгүй төрнө.

  Яруу найргийн кино-кадрууд үргэлжлэн хөвөрсөөр байна. Яагаад “КИНО” гэж нэрлэсний учрыг яруу найрагч О.Элбэгтөгсийн “Эмгэнэлийн үр хөврөл” номноос үргэлжлүүлэн үзээрэй.

                Үзээрэй гэж хэлэх түүний шүлгүүдэд яг таарна.
                Үнэндээ КИНО... үздэг шиг

                                                     Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг


                                                                      2011-02-10