Tuesday, January 18, 2011

шүлгүүд

Өөр шигээ хэлбэртэй шувуунаас
Өдийг нь гуйж нисэхийг хүссэн ч
Өвс ногооны сахиус зүүж
Газартаа үнэнч үлднэм.

Хөв хөх, өндөр дээд дур хүслээс
Хүв хүйтэн амьсгал дотор халууцаж
Хохирсоноо ч аз жаргал хэмээн бодох
Хүн чанартайгаа л хамт үлднэм.

Дуу чимээгүйн дунд эгнэн үелзэх
Долгион бүхнийг тэмтрэн үзээд
Дурлал янаглал мэт хязгааргүй хоосонд
Дур хүсэлтэйгээ, өр сэтгэлтэйгээ

ҮХТЛЭЭ ҮЛДНЭМ.

Monday, January 17, 2011

шүлгүүд

Ганцаардал надад яагаад хайртай вэ?
Гарцаагүй ингэж бодоход хүрнэ.
Ганцхан-Зугаацлын дунд хөвөх
Гараг эрхис мэт хүмүүст атаархана.

Ичингүйрлээ би хэнээс өвлөсөн бэ?
Ичихгүй ингэж бодоход хүрнэ.
Инээмсэглэл- Амраглалын дунд хөвөх
Илбэчин төрхтэй хүмүүст атаархана.

Өдөр тутмын үймэээнт амьдралдаа
Өвдөг сөхөрсөн олныг хараад
Өндөг мэт дотроо цагаа хүлээн  бүрэлдэх
Өөрөөрөө бахархах сэтгэл үе үехэн

ТӨРНӨ...

Monday, January 10, 2011

А. Жанчивдоржийн шүлгүүд "Дотоод тэнгэрийн аялгуу" нэртэйгээр хэвлэгдэв

                    Сэтгэл нь далай, зүрх нь завь тэгээд
         үнэн мөнхийн жамыг ухаарагч хүүгийн шүлгүүд

 Алтангэрэлийн Жанчивдорж гэдэг даруухан хүү, залуухан шүлэгч анхны номоо гаргаж байна. Миний халуун дотно олон дүү нарын минь хамгийн бага нь болох энэ хүү одоо СХД-ийн 12-р сургуулийн 11-р ангийн сурагч. Хэдэн жилийн өмнөөс ажигласнаар шүлэг бичихээс аргагүй байдалд түүнийг хэд хэдэн зүйл хүргэсэн гэдгийг би гадарлана. Хамгийн түрүүнд яруу найраг шиг говь нутаг нь нөлөөлжээ. Дараа нь тэр  нутгаас үүссэн уянгын сэтгэл. Тэгээд амьдралыг ухаарах гэсэн өөрийнх нь хүсэл тэмүүлэл,  эцэст нь аав ээж, ураг удмын дотор хадгалагдаж байсан яруу найргийн сэрэхүй. Энэ бүхэн тал талаас нь шахаад байхаар шүлэг бичихээс өөр аргагүй болно. Нэг үгээр цаг нь ирж, нөхцөл нь бүрэлдсэн гэсэн үг. Тэгээд л  хувь тавилангийн оноолтоор Жанчивдорж дээр зад үсрэн гарч иржээ. Мөн авьяас гэдэг энэ тэндээс гэнэт олддог олдмол зүйл биш. Ямар нэгэн далдын тэгээд төрмөл шинжтэйг бүгд хүлээн зөвшөөрдөг. Тийм л төрмөл шинж энэ хүүд бий. Түүний баталгаа нь мэдээж шүлгүүд нь. Амьдрал хийгээд энэ өдөөгч цэнэгээр сүлжилдсэн ертөнцийн зүй тогтол, жам, учир шалтгаан, хоосон чанарыг  таньж мэдэх, өөрийн ухаанаар нээх гэсэн” эрмэлзлэл” шүлгүүдээс нь илэрхий мэдрэгдэнэ. Энэ л нөгөө яриад байгаа авьяасын анхдагч илрэл юм шүү дээ?  Нэгэн шүлэг нь “Сэтгэл минь далай” гэдэг нэртэй. Тэр шүлэгт:
                     Энэ бие минь эх газар
                                  Сэтгэл  зүрх минь далай юм даа
                                  Энэ далай
                                  Хэзээ ширгэхийг би мэдэхгүй ээ

гэсэн мөрүүд бий.  Үнэхээр сэтгэл нь далай мэт байж л миний мунхаглан санадагаар хүн шүлэг бичдэг. Их л гэгээн тунгалаг сэтгэлтэй шүлгүүд бичдэг. Харин тэр сэтгэл далайн ширгээд ирэхээр шүлэглэж бичиж эхэлдэг санагдана. Үнэндээ А.Жанчивдоржийн шүлэг бичих, шүлэглэж бичих хоёр газар тэнгэр шиг ялгаатайг их л багадаа ойлгосон нь надад таалагддаг. Өөр бас нэг шүлэг нь” Зүрх минь завь” гэсэн нэртэй. Тэр шүлэгт:
                
                         Намайг  гэсэн бусдын сэтгэлээр далбаа хийж
                         Нар сарны хооронд хөвсөөр л байна
                         Салхи шуурганд туугдсан зүг чигээ алдаж
                         Сайн муу олон завьтай
                         Санамсаргүй таарсан ч
                         Яагаад ч юм бэ, нэг л өдөр
                         Яруу найргийн салхи дагаж
                         Яруухан уянга дундуур
                         Яаралгүйгээр аялах болсон 

хэмээсэн мөрүүд бий. Гайхмаар “намайг гэсэн бусдын сэтгэлээр далбаа хийж” гэсэн мөрийг, “яагаад ч юм бэ? нэг л өдөр яруу найргийн салхи дагаж, яруухан уянга дундуур, яаралгүйхэн аялах болсон” гэдэг ухаарлыг онцолж дурьдмаар байгаа юм. Тиймээс л “сэтгэл нь далай, зүрх нь завь, тэгээд үнэн мөнхийн жамыг ухаарагч хүү” хэмээн тодорхойлсон билээ.  
  Мөн аливааг эргэцүүлэн суухдаа өөрөө өөртэйгээ илэн далангүй ярилцдаг чанар олон шүлэгт нь бий. Энд нэг шүлгийнх нь хоёрхон мөрөөс ишлэхийг хүслээ.  
                        
                Зөнгөөр ирэх цаг хугацаанд л харин
                   Зөвхөн өөрийнхөөрөө амьдрах болов уу?

   Арван долоотой хүүхэд ингэж ухаарсан гэж бодохоор “өөрийнхөөрөө амьдарч чадахгүй байгаа томчуулын” өмнөөс ичих сэтгэл ч төрнө. Энэ “зөвхөн өөрийнхөөрөө амьдрах болов уу?” гэсэн өнө мөнхийн асуултыг миний бодохоор арай л эрт өөртөө тавьсан санагдана. Үнэндээ бол түүний үе насны багачуул одоо хайр дурлалаас өөр юм бодох завгүй л явдагсан. Гэтэл Жанчивдорж амьдралыг бодол дундаа “эргэлдүүлж” суугаа нь магтах үг олдохгүйд хүргэнэ. Гэхдээ дандаа тийм өвгөн бодолтой явдаггүй ажээ. Сайхан мөрөөдөлд умбаж, тэр мөрөөдлийн ордонд амьдран суудаг тухайгаа:
            
              Үлгэрийн төгсгөлийг ширхэглэн зардаг
               Үгээр дүрслэмгүй тийм газарт
                Мөрөөдөл нэртэй үнэт харшдаа, би
               Мөрөөрөө амьдран суудаг, аа  

хэмээн шүлэглэсэн байна.                       

  Тэгээд ч сэтгэл минь далай хэмээн уужимхнаар сэтгэж, зүрх минь завь гэж өвөрмөцөөр мэдэрч, үнэн мөнхийн жамыг ухаарахсан гэхдээ уянга эгшгийн ертөнцөд жаргаж, басхүү зовлонг нь эдлэж суугаа дүүдээ яруу найргийн ирээдүйгээс гадна амьдралд өөрийнхөөрөө байхын ирээдүйг хүсэх байна.

 Энэ цагт шүлэг бичих гэдэг элэнц дээдсийн арван үе хураасан буяны үр гэдгийг санаж яваарай. 
                

*          *             *

Зэллэж нисэх шувуудаас
Хаа буухыг нь асуунам.
Зэрэглээнд өндөлзөх уулсыг минь
Буйдхан байна гэж хашгиралдлаа
Зэгс нь гандмал нуурыг минь
Ширгэмэл гэж орилолдлоо
Хур багатайхан нутгийг минь
Хувьдаа тэд их голжээ.
Тэнгэрийн хаяа руу алсран одов.
Тэдэнд би ямар их гомдоно вэ? 


                         Мөрөөдөл

Хаанаас ч харсан мөрөөдлийн байшин минь
Хачин сайхан
Цалин мөнгөөр цутгасан хана шалтай
Цагаан алтаар хийсэн хаалга дээвэртэй
Гайхамшигаар цогцолсон мөрөөдлийн
Байшин минь
Галзуурмаар сайхан
Үнэн гэдэг үгээр бороо зүсэрч
Үлгэрийн төгсгөлийг ширхэглэн зардаг
Үгээр дүрслэмгүй тийм газарт
Мөрөөдөл нэртэй үнэт харшдаа, би
Мөрөөрөө амьдран суудаг, аа

Зүрхний мухлаг

Зүрхэн дэх бяцхан мухлагтаа
Би- худалдагч хийдэг
Өөрийн бичсэн хэдэн шүлгээ
Өрөөлд үнэгүй худалддаг
Миний мухлагын
Хамгийн үнэтэй бараа нь
Мэдээж Сэтгэл гэдэг нэртэй

Алтангэрлийн Жанчивдорж гэсэн
Жижигхэн хаягтай
Тэр мухлаг
Зүрхний минь
Баруун ховдлын
Зүүн тосгуурт байрладаг
Зүгээр л та нэг удаа
Сэтгэл худалдан авахаар
Ороод гараарай.   

 
                              Сэтгэлийн нуур

Сэтгэлийнгхээ нууранд очих сайхан
Санаа алдах, халуун амьсгалаас өөр
Саад болох чимээ нэг ч үгүй
Сэтгэлийн минь нуур дэндүү амгалан

Салхи долгиотуулан бидэрлэхэд
Салалт хагацлын тухай

Таагүй дурсамжуудыг
Санаа бодлоосоо авч
Нуурынхаа усанд тавьчихдаг

Сэтгэлийн минь нуур
Сайхан бүхнийг сэргээж
Саар бүхнийг сарниулнам.

Намайг гуниглахад нуур минь
Намуухнаар долгиолдог
Намайг баярлахад нуур минь
Наран сөрөг давалгаалдаг

Тэр л нуурандаа очоод, би
Тор хаяж
Шүлэг бүхнийхээ санааг барьдаг
Энэ л нуурандаа очоод, би
Зүрхний шүлэг бичих
Дэгээ хаяж
Бодлынхоо дунд загасчилдаг.