Monday, November 14, 2011

шүлгүүд

Баруун зүүн чухам хаашаа вэ?
Бага тойргоос ганцаараа гарсансан
Бүдэрч унаад өвдөгөө шалбалсан 
Бүрэнхийд залбирал хэлж сурсансан
"ЗАМАА АЛДЧИХГҮЙ ЮМСАН
ЗАРИМУУД  шиг АТААРХАЛААС ӨӨР ЮМГҮЙ
ЗАРИМДАГ" болохгүй юмсан.
Баруун зүүн чухам хаашаа вэ?
Бага тойрогт өвөл болчихсон юмсан.

                                                     2011-11-11

Saturday, November 12, 2011

шүлгүүд

                                   О.Баянаадаа
Хөмсөг сормуус цантайсан гэвч
Хүйтнийг би хавьд мэдэрсэнгүй 
Үрэл мойл шиг нүдтэй чинийхээ
Үзэсгэлэнд автаад өвлийг анзаардаггүй

Хайруу жавар хацрыг чимхэвч
Хаврыг би зүрхэндээ асааж
Харзны ус шиг нүдтэй чинийхээ
Хайранд халууцаад өвлийг анзаардаггүй

Мөсөн хонгил шиг  хүмүүсийн дунд
Мэс шиг харцанд хэрчүүлж явлаа ч
Мөнхийн ус шиг чинийхээ -хайранд 
Мөнхрөх санагдаад үхлийг мартнам 

                                                   2011-06-14 Зүүнсалаа

Friday, November 11, 2011

шүлгүүд

Цаг хугацааны хүйтэн зууш халбагадсаар
Цатгалан суухаас уйдан залхсан
Гүн ухаантны цонхигор царайтай
Чамайг би зүйрлэн санал уу?
/ Гэтэл /
Оройн бүжгээс халууцаж гарсан
Охидын хацар шиг тэргэл
Сар минь чи уучлаарай.
           Сүүн туяанд чинь цаас дэлгээд
           Чулуун дээр шүлэг бичиж суунам.
     
                                           2011-07-01  Зүүнсалаа

шүлгүүд

Эрх чөлөө цонхны цаана хүйтэн салхитай хамт
Энд ганц нэг  хоног саатахыг хүснэ.
Эгнэж зогссон хатуу сэтгэлтэй хананууд л
Эцсийн удаа, эцсийн удаа гэж хашгиралдана.

Аврал эрж, өршөөл хайр хүсэж
Аягатай кофендоо мэхийн есолсон
Эрх чөлөөний өрөвдмөөр царайг хараад
Эцсийн удаа, эцсийн удаа гэж хашгирнам.

Ширээн дээр сүнсгүй мэт тэрийн хэвтэх
Ширэн цүнхнээс -ЭРХ ЧӨЛӨӨ цухалзаж
Илбэн таалах салхины зүрхийг сугалахыг
Эцсийн удаа, эцсийн зөвшөөрөөч гэж
ГУЙНАМ.

                                                  2011-06-15 Зүүн салаа

шүлгүүд

Хувинтай ус хөлдөөд
Мөсөн талстууд нарны гэрэлд солонгорно
Хундага хиймээр болор шиг гялтагнаж 
Хутга хиймээр болд шиг харагдана.

Зөгийний үүрнээс зүүж орхисон
Халуухан зуны бодлуудаа авч
Хөлдүү устай хувин дээр асгаваас
Хөхрөлдөх дуу агаарт нисэлдэнэ.

Номонд хавчуулаад мартсан цэцэг
Намрын салхинд хийсэн одоход
Хүйтэн хувинг халуун хэлээрээ долоох
Хүсэл хаанаас оргилно вэ?

                                    2011-11-05     Зүүнсалаа