Thursday, September 29, 2011

Яруу найрагч Я.Баяраа

                                    Хайртай дүү Я.Баяраадаа

Зүрхэнд овоорсон үгсийн нүүрсийг
Шатаах
Зүрх зориг минь...
Баруун уулсын ганцхан- БОСОО ЯТГА
Борооны эгшигтэй 
Бусад нь шорооны -ҮНЭРТЭЙ
Оволзсон дүртэй үүл
Зүгээр л тийм дүртэй -ҮҮЛ
Хувилгаан чанараа худалдаагүй
Хувьсгалч цагаан -ҮҮЛ
Зүрхэнд хуралдсан үгсийн буртагийг
Арилгах
Аз завшаант минь

шүлэг минь

                                Очирбатын Дашбалбар багшдаа

Мөнгөн бишгүүр мөрөн дээр ч
Мөнх насгүйгээ мэднэ, би
Алтан бишгүүр далан дээр 
Амьдарч яваагаа мэднэ, би

Жалгаар дүүрэн халгайс
Цавчаад гарахаа мэднэ, би
Худгаар дүүрэн мэлхийс
Хуйхлаад гарахаа чадна, би

Цомтой архыг уугаад
Цомцойж суухгүйгээ мэднэ, би
Зальтай амьтасын дэргэд
Залбирч мөргөхгүйгээ чадна, би

Номтой дүрийг үзүүлсэн
Хуурмаг мэргэдийг мэднэ, би
Номын гэрэлд нь сүсэглээд
Хуцаж л суухаа чадна, би

                            2011-05-16

миний шүлэг

 дэргэдээс одогсод навч шиг
        - заримдаа нар шиг
Дэмий гуниглахдаа би даанч дуртай
Хөлдүү модны ганц дэрчгэр мөчир
нимгэн цувтай
аавыг минь санагдуулахад
Диваажинд бас сэрүү ороод даарч суугаа гэж
Дэндүү итгэлтэй бодно.
Дэмий л зүрхийг базлах
Намрыг үзэн яднам.

                        2011-08-24

Monday, September 26, 2011

нэргүй л шүлэг

Шав шар тал, шивээн толгой, голын тохой
Шархадсан гөрөөс туучиж гарсан ус, мөнгөлөг загас
Шанаагаа тулсан модод, зөрөг зам , ганц цагаан шувуу
Шарлах нь зохиогүй ширэг ногоо, хөндийн тоос...
  
Намрын уйтгар нарны гэрлийг нэвтлэн сүлбэж
Навчис хөлөөр хаа сайгүй үнэгүй хөглөрөхөд
Налсан өвс хатсан царайгаа   чулууны араар нуугаад
Намайг өрөвдсөндөө доогтойгоор ширтэхэд

Умраас ирсэн чулуун зам дагасаар
Улаанбаатартаа уусан шингэлээ, би

                                         2011-09-26

нэргүй л шүлэг

цахилдаг цэцэглэдэг  гэвч
цэцэг биш өвс л гэж би санадаг.
гутлын өсгий элэгдэж маажихаар
гудмаар хөл нүцгэн явдаг болох
сонгодог цаг хугацааг би хүлээдэг.
болсон тошлой аманд аяндаа бутарахад
болоогүй үедээ үхсэн хүмүүсийг гэнэт өрөвддөг
цардмал замаар хашсан гэвч
цэцэрлэгт ургасан моносноос
БАЯНААГИЙН минь нүд шиг
Мойл жимс бултайдаг
Агч хавраар навчилдаг гэвч
Түүнийг, би 
Мод биш цэцэг гэж  боддог. 

Sunday, September 25, 2011

одоо миний

Одоо миний толгой дээгүүр солонго татаж
Одоо миний толгой дээгүүр салхи исгэрч
Одоо миний толгой дээгүүр навчис хийсэж
Одоо миний толгой дээгүүр бороо шаагиж
Одоо миний толгой дээгүүр манан бууж
Одоо миний толгой дээгүүр...
Яруу найргийн хүчирхэг-СҮНС
Яагаад ч юм бэ эргэлдэнэ.
ОДОО...

   2011-08-15

Friday, September 23, 2011

миний шүлгүүд

Ямар шувуу зөвхөн шулганадаг тэгээд нисдэггүй
Яндан дээр суугаад үүрэглэдэггүй, тэгээд
Нэг нь нөгөө дээрээ гарч далавчаа дэвдэггүй
Нуулгүй хэлэхэд  хурьцал хийдэггүй
Өндөгөө дарж өвчүүнийхээ өдийг зулгаадаггүй
Өвдөл цөвдөл хайж өлссөн царай гаргадаггүй
Өт түүж, хог ухаж, өвөл даардаггүй
Өөр яадаг ч үгүй зөвхөн торон дотор
Өөдгүй царайгаараа өөдөөс ширтдэг
Тотины жаргалаар амьдрах хүсэл
Дотор минь буглах цагт
шүлэг бичдэг гараараа, би
өөрийгөө боомилно.
Ямар шувуу зөвхөн шулганадаг, тэгээд нисдэггүй
Яруу найрагчдын эгнээнд лав би зогсохгүй

миний шүлгүүд

Ийм л эрх дураараа-Салхи
Эсвэл тахир дутуу-Бороо
Эзэгнэж намайг чадах уу?
         Чулууны яруу найрагчийг...
Хөөс шиг хөгийн -Мөрөөдөл
Хөгцөрсөн талхи шиг-Зун
Хөглөж намайг чадах уу?
         Хашааны яруу найрагчийг...
Мөс шиг хүйтэн-Шөнө
Мөнгө шиг халтар-Сар
Ховсдож намайг чадах уу?
        Хотын яруу найрагчийг...

миний шүлгүүд

Татах тамхи хатуу болоод
Сэтгэлд утаа нь суунаглахад
Таатайгаар шунаглан соронгоо
Сарны гэрлийг моддын завсараар харах
Юутай сайхан бэ?

Дотор байгаа үсийн шалбаагийг
Шавхаж гаргах
Доголон нулимс, гэнэн мөрөөдлөө тоолж суунгаа
Нарны гэрлийг  моддын завсараар харах
Юутай сайхан бэ?

миний шүлэг

Тэнүүчлэн яваа зуны борооноос
Тэмээлзгэнэ надад хайртайд итгэж
Тэр нэгэн саарал хашаан дээр
Тэнгэрийг зурсан юм.  Зургадугаар  сар.

Гүзээлзгэнэ навчин доороо зүүрмэглэж
Гүзээгээ илсэн тарган хүмүүсийн дунд
Хөвдний зөөлхөн ногоон туяанд
Хөөрөн алдсан минь. Долдугаар сар.

Хундага харшилдах эртний чимээн дотор
Хуурай уруулаар нойтон дарсыг шимж
Нарсны мөчир чад хийн хугарахад
Найдвар үлдээгүйг ухаарсан. Наймдугаар сар

Thursday, September 8, 2011

шүлгүүд минь

Өөрөөс минь хамааралгүй ургасан далавчаараа
Өндөрт гарахыг хүсэж явсангүй
Өр зүрхнээс минь чулуу уяад далайд шидсэн
Найзууддаа би одоо ч хайртай

Манан мартахааргүй өтгөрөхөд
Улиасны навчис, машины дугуйнд наалдаад
Маргаашийн бүүдгэр униар дундуур
Надтай хамт хотоор хэсүүчлэнэ.

Ийм сэрлийг жаахан өөлөөд
Эртний чулуун зам эвдэрснийг бөглөж
Салхи татуулан давхихад
Зүрх , чулуу,  далай...
Найзууддаа би одоо ч хайртай

                                       2011-08-14

шүүмж

                        ЛИБЕРТАРИАНИЗМ, ЦАГ ХУГАЦАА, АМЬДРАЛ ЧИНИЙ ТӨЛӨӨ ...
                        /Даваадоржийн Энхболдбаатарын жүжгийн зохиолуудын  үзэл санаа/      
   Дорно дахины Япон, Хятадуудтай харьцуулвал сонгодог драмын урлагийн өв бидэнд харьцангуй бага. Но ч юм уу, Кабуки  шиг  үндэсний театр байсангүй.  Найр хуримын үеийн наадаан цэнгээн, тэгээд Ноён Хутагт хүрээд л ер нь   “өв уламжлал” дуусаж байна. ХХ зууны эхэн үеэс  л шинэ цагийн театрын урлагийн түүх албан ёсоор эхэлжээ гэхэд нэг их “алдас” болохгүй болов уу? Ши. Аюуш, Д.Намдаг, Л,Ванган зэрэг театр урлагийн томоохон зүтгэлтнүүд  төрөн гарсан  нь мөн л ойрхи цагийн түүх юм. Үзэл суртал, нийгэм цаг үеийн “захиалгат”   жүжгүүд тайзан дээр тоглогдож байсан хэдий ч Ази тивдээ анх удаа В.Шекспирийн эмгэнэлт сонгодог жүжгүүдийг бараг л бүгдийг нь одоогийн ойлголтоор “монопол” ганц академик театрынхаа тайзан дээр амилуулсан гэж бодохоор театрын урлагийн түвшинд богино хугацаанд том үсрэлт хийсэн гэвэл эргэлзээтэй дүгнэлт хилс зүйл болохгүй. Харин 1990-ээд оноос хойш театрыг ардчилах үйл явц, театрыг арилжаалах тал руугаа хэлбийгээд байгааг анзаарахгүй байхын аргагүй. Үүнд хэн буруутай вэ? гэхээсээ илүү нүцгэн гуя хас гарвал үзэгчид тэр жүжгийг сонирхох, зузаан хилэн хөшиг хүнд сурталтайгаар нээгдвэл, эм эр хоёр жүжигчин заавал тэнд үнсэлцэж байх ёстой, тайзан дээр “хот” барьж эсвэл нар сар мандуулдаг гэж үзээд байгаа хэт хуучинсаг сэтгэлгээнээсээ салах болсон санагддаг юм. Нөгөө талаар театрын урлагийн гол мөн чанар болох нийтийн оюун санаанаас түрүүлж явах манлайлалын үүргийг, нийтийн оюун санаанд үйлчлэх тохируулгын үүргээр сольж “ХӨГЖҮҮЛЭХ” гээд буйд л хамаг утга учир нь оршиж байх шиг. Энэ бол урд зүгийн ах дүү нарын хэлдэгээр өнөөгийн театрын ”хамаг гол асуудал” байж ч мэдэх юм.
    Энэ хэсэг оршил үгүүлбэрийн дараагаар үндсэн асуудалдаа шилжин орох нь зөв юм. Монголын уран зохиолын 1990-ээд оныхны дотор жүжгийн төрлөөр бичдэг зохиолчид цөөхөн. Магадгүй нэг гарын таван хуруунд л багтахаар тоотой билээ. Зохиолч Д.Намдагийн гэр сургуулийнхныг залгамжлан  гарч ирсэн  жүжгийн зохиолчдын тоонд утга зохиолын “Хүрээ хөвгүүд” бүлгийн гишүүн зохиолч Даваадоржийн Энхболдбаатарыг оруулахгүй байх аргагүй. Аргагүй гэдгийн учрыг тайлбарлах үүднээс “ЛИБЕРТАРИАНИЗМ, ЦАГ ХУГАЦАА, АМЬДРАЛ ЧИНИЙ ТӨЛӨӨ гэсэн дараах гурван түлхүүр үгийг сонгон авсан юм. Нэг үгээр зохиолч Д.Энхболдбаатарын жүжгийн зохиолуудын дотоод кодыг тайлах түлхүүр гэж дээрх үгсийг ойлгож болно. Зохиолчийн театрын тайзанд тоглуулсан анхны жүжиг бол “Наран тойргийн тасархай”. Энэ жүжгийг УДЭТ-д 1996 онд найруулагч Наран-Амгалан тавьсан байна. Тухайн үедээ тайзнаа 6 удаа тоглогджээ. Хаан ширээний төлөөх цуст тэмцэл дунд хувь хүний эрх алдагдаж, төрийн хүч бүхнээс дээгүүр болно. Нэг үгээр либертари үнэт зүйлс үгүй болж, хүний эрх бүрэн утгаараа зөрчигдөж байна. Төрийн харанхуйлалаас  нийгмийн харанхуйлал бүрхэж байна. Яг тийм нөхцөлд ЦАГ ХУГАЦААНЫ эрэмбэ алдагдана. Хүмүүс амьдралын төлөө, амьд үлдэхийн төлөө  бүх л АРИУН НАНДИН зүйлээ үгүй хийхээс буцахгүй болно. Ганцхан “АМЬДРАЛ ЧИНИЙ ТӨЛӨӨ” гэсэн сайхан үгээр бүхнийг зөвтгөхийг, цайруулахыг хүснэ. Удалгүй итгэх бишрэхийн утга алдагдаж бүгд “МУХАР СҮСЭГТ” автана.  Хувь хүний шүтэн бишрэх үзлийг төр хязгаарлах ёсгүй гэсэн Жон Локкийн дэвшүүлсэн үзлийг төр жинхэнэ утгаар нь зөрчинө. Энд Д.Энхболдбаатарын жүжгийн зохиолуудаар дамжин илрэх үзэл санааны гол үндэс оршиж байгаа юм.  Дараагийн жүжгүүдэд ч мөн адил либертари үзэл санааны үнэгүйдэл, цаг хугацааны гажуудал, амьдрал чиний төлөө гэсэн үгээр халхавч хийж гэмт үйлдлүүдээ нуун дарагдуулахыг хүсэгчдийн дүрээр  улам тодорхой үргэлжилсэн байдаг. Зохиолчийн илэрхийллийн өнгөн тал нь улс төрийн тэмцэл, хэлмэгдүүлэлт, авилгал, аз жаргалын доторх зовлон гэсэн хэнд ч илэрхий утга санаагаар тодордог. “Наран тойргийн тасархай” /1996/ жүжгийг эрх мэдлийн төлөө тэмцэл, “Төлөөс” /2007/жүжгийг нийгмийн шударга бус байдлыг илчилсэн, “Хуримын бэлэг/2007/ жүжгийг хүмүүсийн амьдралд хандах хандлагыг илэрхийлсэн, ”Амьдрал чиний төлөө”/2008/ жүжигт түүхэн эмгэнэлт хэрэг явдллыг үзүүлсэн зэргээр ерөнхийлөн тодорхойлж болох ч зохиолчийн далд нууцлаг байдлаар дэвшүүлэн тавихыг хүссэн үзэл санааг орхигдуулж байж болзошгүй юм.  Анхлан “БНМАУ-ын төлөө зүтгэе” нэртэй бичигдсэн ч хожим “Амьдрал чиний төлөө” нэртэйгээр найруулагч Ч.Түвшингийн найруулгаар тавигдсан жүжгийн төгсгөл хэсэгт ийм хүүрнэмж бий. Жүжгийн гол баатар Дарамбалсан “ Би өөрөөрөө бахархаж байна. Хувилгааныг барьж чадсан даа? Бурханы шашны мунхруулгаас ирэх дайсагнал, хохирлоос сэргийлэн Хувьсгалт Засгийнхаа бодлогыг өмгөөлөн хамгаалж чадсандаа сэтгэл хангалуун байна. Одоо харин Хувилгааныг устгаж ул мөргүй болгох эцсийн даалгавраа та нөхөдтэйгээ хамт биелүүлэх гэж байгаадаа бас баяртай байна. Нөхөр 47 тушаалыг гүйцэтгэнэ үү” гээд “БНМАУ-ын төлөө зүтгэе” хэмээн сүүлийн үгээ хашгиран хэлдэг. Олон хоног хайсан хувилгаан нь эцэстээ өөрөө болж таардаг ч Дарамбалсан огтоос итгэдэггүй. Хувь хүнийг хувь чанараас нь холдуулж ”хамт олонлог” сэтгэхүйд шахаж, өөрийнхөө дотоод мөн чанарыг алдаж, нийгмийн хүрдэт арааны нэг шүд мэтээр бодох тийм сүргийн сэтгэлгээнд аваачиж байсныг харуулахын тулд 1937 оны улс төрийн “бариа тавианы үе”-ийг суурь дэвсгэр болгон авч ашигласан байна. Өөрийн амь ямар ч үнэгүй, зөвхөн нийтийн эрх ашиг юунаас ч дээгүүр гэж сурталддаг посткоммунист үзлийн эсрэг энэ жүжгийн далд нуугдмал санаа зогсож байгаа юм. Тиймээс л  зохиолч Д.Энхболдбаатарын жүжгүүд дундуур нэвт сүлбэн гарах либертари үзэл санааны илрэл  2000-иад оны үед тайзнаа тавигдсан бусад жүжгээс гоц ялгарч байгаа юм. 2007 онд найруулагч Н.Наранбаатар зохиолчийн  хоёр жүжгийг тайзнаа тоглуулжээ. Эхний жүжиг  “Төлөөс”/2007/ нэртэй. Товчхондоо хийсэн муу үйлийн төлөөс боловч бүхнийг зохицуулахыг хүссэн их хүчний дарангуйлалд өртсөн аргагүй хүчинд автсан хүмүүсийн хийхээс өөр ямар ч гарцгүй “үйлдлүүд”. Үнэндээ өөрийнхөө амьдралыг хаад, шашны номлогч, сургагч зааварлагчид, дарга нарынхаа гарт атгуулсан хүмүүсийн эмгэнэл энэ жүжгээс шууд анзаарагдана. “Өөрийгөө мэдэж байна” гэж хэлж чадахааргүй болтлоо бусдын энрхшээлд автахын эмгэнэл цаг хугацааны гунигт автуулж, санамсаргүй хийгээд санаатай хийсэн алхмуудаа “амьдрал чиний төлөө” хэмээн зөвтгөхийг хүснэ. Зохиолчийн үзэл санааны үр хөврөл бүх л жүжгүүдэд нь боловсорч байдгийн, боловсорч байгаагийн  ердийн жишээ “ТӨЛӨӨС” жүжиг. Эрх чөлөөний үнэ цэнэ, магадгүй сонгодог либертарианизмын үзлээр ӨМЧ-тэй холбогдож, өмчийг ямар ч аргаар хамаагүй бүтээх шуналт хүслийг нийгэмд ихээр тарааж, өмч бол эрх чөлөө гэсэн утгагүй гуйвуулсан ойлголтонд хүргэж байгааг зохиолч хөндсөн байна. Харамсалтай нь нийгэм өмчийг зөвхөн материаллаг талаас нь сурталчилдаг болжээ. Энэ нь хувь хүний өмч, эрх чөлөө, амь амьдрал  гэсэн халдашгүй байх зүйлийг нийгмийн бурангуй хэсгийнхэн үнэгүйдүүлж, цаад утгаараа хүнийг ч үнэгүйдүүлж байгааг зохиолч эсэргүүцсэн байна. Зохиолчийн дараагийн жүжиг нь “Хуримын бэлэг”/2007/ нэртэй. Их сонин тодорхойлолт энэ жүжгийг дагаж явдаг. ЗАЛУУСЫН УЯНГЫН ДРАМ. Цаана нь  тэгэхээр идэр насныхны уянгын драм, өтөл насныхны уянгын драм гэж төрөл зүйл байж болох юм шиг санагдана. Сүүлийн үед найруулагчид үзэгчдийн сандал дүүргэх менежментээ сайн найруулгаар бус сайн сурталчилгаагаар хийх гээд жүжгийн зохиолуудад сүржин тодорхойлолт өгөх болсны нэг жишээ. Зохиолч харин БЭЛЭГ гэдэг ойлголтоор өөрийн үзэл санаагаа илэрхийлжээ. Либертари үзлээр эрх чөлөө, амьдрах боломж, өмч бол таньд өгсөн бурханы БЭЛЭГ. Харин ямар бэлэг авах нь амьдралдаа ямар байр суурь баримтлахаас шууд шалтгаална гэж үздэг. Нэг үгээр амьдралыг хурим найр мэтээр төсөөлдөг хүмүүст хуримаа яаж хийснээс ирээдүйн бүх зүйлс шалтгаална  гэсэн үг. Энэ л үзэл санаа “Хуримын бэлэг” /2007/ жүжгийн амин сүнс юм.
   Орчин цагийн улстөрийн философийн хамгийн том урсгал либертарианизм, хувь хүний халдашгүй мөн чанар, эрх чөлөө тухай үзэл санаа зохиолч Д.Энхболдбаатарын эвлэлдэн нэгддэг “ХҮРЭЭ ХӨВГҮҮД” бүлгийн тулгуур үзлийн үндэс бөгөөд түүний жүжгүүдэд маш тодорхой илэрсэн байгаа нь санамсаргүй явдал биш болой.

                                                           Пүрэвхүүгийн Батхуяг /”Хүрээ хөвгүүд” бүлэг /

Wednesday, September 7, 2011

үгүүллэг

шүлгүүд минь

Энэ зун 75 шинэ шүлэгтэй нэг ном гараас гаргав. Нэрийг нь бодож бодож "Улаан хотын уйтгар" гэж нэрлэхээр шийдээд сууж байна. Өмнөх ном "Улаан хотын зүрх" нэртэй байсан юм. Хүмүүс шүлгүүдийг нь бараг ойлгооогүй. Үгүй бол ойшоогоогүй. Харин энэ номны шүлгүүдийг минь ямар хувь тавилан хүлээж байгааг бүү мэд. Ер нь би бусдад тоогдох гэж бичдэггүй. Тэртусмаа шүлгүүдээ. Энэ зарчмаасаа харин хазайхаар сэтгэл төрүүлэхүйц үгүүлбэр биччихсэндээ өөртөө их гайхав. Тэгээд нэгэнт л биччихсэнээс хойш гэж бодлоо.  

Гал дундаас улаан заан гарч ирэх шиг
Уур омог минь
Галзуурахаас амархан зүйл
Газар дээр үгүйг сануулна.

Тайвшрал хаана нуугдаад
Тааламжтайгаар зүүрмэглэж байсныг
Тааж мэдэхгүйдээ
Засаршгүй тэнэгүүдийн хоолойнд 
Соёогоо шигтгэхийг л хүсжээ

Удахгүй цас орохоор
Хашааныхаа буланд зогсоод
Гал дундаас ганц улаан -ЗААН
Гарч ирэх шиг ААШИЛНАМ. 
2011-07-12

Tuesday, September 6, 2011

шүлгүүд минь

Эрвээхэй өтлөхөөрөө толгой нь цайж
Зөнөглөөд шарилжин дээр суухыг
Гунигтайгаар ширтэн суухдаа
Гутлын өсгий юутай их элэгдснийг
МЭДЭВ, БИ

шүлэг минь

Сэтгэл доторх бүх юм хөнжлөөр хучаастай
Сэрүүн салхи түүний дундуур хэсүүчлэнэ
Сэрүүлэг заналтайгаар чарр чарр чарр чарр
 Царцаахайн төмөрлөг дууг санагдуулна
Цаанаа л нэг хүйтэн-намар хаа сайгүй шургачиж
Цаг хугацаа өвс мэт шарлажээ

Өлмий дор өндөглөж үзээгүй эм тахианы
Өрөвдмөөр гуниг өндөг мэт өнхөрнө
Өр зүрх хорсолтойгоор ширр ширр ширр
Хүр хорхойн хүрчигнэх дууг санагдуулна
Хүхэрлэг намар энд тэндгүй ханхалзаж
Хүний амьсгал чулуу мэт царцжээ.

ҮГ ҮНЭН БОЛ ТҮҮНД БУРХАНЫ ЧАНАР БУЙ

       /Профессор Б.Пүрэв-Очирын “Үг, өгүүлбэрийн амь, амьдрал, эрчим долгион       соёл хэрэглээ” номын шүүмж /

     Андуураагүй бол манай нэгэн рок хамтлаг ” халуун хүйтэн хамаг зэвсгээс, хатуу зөөлөн үг хүчтэй” гэж дуулдаг юм. Үг үнэхээр хүчтэй. Даанч харамсалтай нь түүнд асар их хүч хуримтлагдсаныг  хүн төрөлхтөн арай л хожуу ойлгож мэдсэн юм. Гэхдээ олж мэдсэн нь сайн хэрэг. Хэрэв олж мэдээгүй өдий хүрсэн бол долоон миллард шахуу донхор толгойтой, доншуур явдалтай бид ямар байдалд байхыг таашгүй. Гэтэл  энэ ҮГ гэдэг хүчтэнд ил харагдаж, ханхалзах бодит  ДҮР даанч үгүй. Тиймээс бүхий л холбоос чанаруудаар нь авч үзвэл үгийн анхдагч гол шинж нь “ХООСОН ЧАНАР” юм. Магадгүй бидний бий болгосон олон зүйлс дотроос хамгийн бодигүй нь ҮГ атлаа хамгийн бодитой нь ҮГ билээ.
   Ер нь  энэ ертөнцийн юмс бүхэнд хоосон чанар буй. Харин ҮГ шиг тийм ХҮЧ агуулсан нь ховор биз, ээ. ҮГ бодитой хийгээд бодигүй учраас цаг хугацаа өнгөрөх тусам улам ХҮЧ орж ҮНЭН БАЙХ гэсэн ганцхан гол шалгуурт тунасаар ирсэн биз. Тиймээс л  Л.Түдэв гуай “ Үнэн гэдэг анхандаа үнэмшихийн аргагүй байдаг” гэж санамсаргүй хэлээгүй нь магад. Сансарын хуулиар  ҮГИЙН ҮНЭН  гэдэг шалгуурт тэнцэхгүй ҮГС цаг хугацааны мананцарт орж ХООСОН ЧАНАРААС - ОРГҮЙ ЧАНАРТ  шилжинэ. ОРГҮЙ ЧАНАРЫН хязгаарт ҮГ дахин амилах ХҮЧ хуримтлуулж байдаг. Нэг үгээр ҮНЭНД тэнцэх амь хайж байдаг. Энэ нь ҮГ оршихуйн ердөө нэг хэлбэр.
   Нагаржуна багшийн  “Тэмцлийг няцаагч” шаштирт “ Юунд хоосон чанар байна. Түүнд оршин тогтнол буй. Юунд хоосон чанар үгүй, түүнд оршин тогтнол үгүй” хэмээн айлджээ. Дахиад л оршихуй. Үг хаана оршдог тухай бодол эргэцүүлэл. Бурхад шиг тэнгэрийн оронд уу? Эсвэл бидэн шиг хөх тэнгэрийн дор, хөрст газар дээр үү?
   Профессор Б.Пүрэв-Очир абугайн “Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион соёл хэрэглээ” /2011/ номыг уншаад өөртөө тавьсан хамгийн анхны ЭРГЭЛЗЭЭ асуулт минь. Гэтэл энэ асуултанд хариулах БОЛОМЖ  даанч ХҮН бүхэнд үгүй юм. Олон хүнд ҮГС хаа нэгтээ оршиж байдаг гэдгийг ойлгуулахыг хүссэнээс, ҮГ гэж хамгийн үнэгүй зүйл гэж итгүүлсэн нь хялбар болсон цаг. Харин ҮГС-ийн оршин тогтох орон зай бий гэж үздэг. Ялимгүй хуучны хэллэгээр бол “дэвшилтэт үзэл санаатай” цөөнхийн тоонд энэхүү номыг зохиогч Бямбажавын Пүрэв-Очир абугайг оруулан тооцоход юуны буруу. Үнэхээр үгийн хоосон чанарт гүн нэвтэрсэн ХҮН түүний цаана үгийн гайхамшигт ЕРТӨНЦ буйг таньж мэддэг. Тийм хувь ерөөл цаанаасаа өгөгддөг, үгүй бол тийм боломжийг зарим хүмүүс өөртөө бий болгодог. Чухам алин ҮНЭНД илүү хувьтай болохыг би мэдэхгүй. Ямар ч байсан үгийн ертөнцөд хэд хэдэн чухал зүйлс байдгийг профессор Б.Пүрэв-Очир нээсэн гэдгийг зориуд хэлмээр байна.
  Үгийн ертөнцөд ямар чухал зүйлс оршин байдаг вэ? Энэ бол түүний номыг уншаад төрсөн хоёрдугаар асуулт. Харин өчүүхэн миний ойлгосноор ҮГИЙН АМЬ АМЬДРАЛ хийгээд ЦАГ ХУГАЦАА,  ҮГИЙН ЭРЧИМ ЭНЕРГИ хийгээд ҮНЭ ЦЭНЭ. Нэг үгээр Үгийн ертөнцөд АМЬДРАЛ хоромхон ч зогсолтгүй буцалж байдаг гэсэн үг. Зарим ҮГ үхэж, зарим ҮГ төрж байдаг. Библид “Амьд ҮГ- сүнслэг чанар” гэсэн ойлголт байдаг. Энэ чинь ҮГ –АМЬД гэдгийг аль эрт НЭЭСЭН гэдгийн баталгаа. Үг амьд учраас түүнд тодорхой орон зай, цаг хугацаанд үйлчлэх АМЬ АМЬДРАЛ  байдаг гэдэг нь тодорхой. Тэгээд ертөнцийн зүй тогтлоор ҮГ үхэж, магадгүй заримдаа дахин АМИЛЖ, үгүй бол шинээр мэндэлж байна.
  Харин дашрамдуулахад энэ номын зохиогчийн бичсэнэээр ӨГҮҮЛБЭР хийгээд ӨГҮҮЛЛЭГ гэдэг хоёр үгийн хувь заяан дээр санал нийлэхгүй байгаа юм. “Өг” гэдэг үйл үндэс яахаараа ҮГСЭЭС бүтдэг ҮГҮҮЛБЭР-ийн толгой болчихдогийг, мөн ӨГ гэдэг үйл үндэс яаж яваад ҮГЭЭР бүтдэг ҮГҮҮЛЛЭГИЙН-ийн толгой болчихсоныг. Нэг талаараа үгийн амь амьдралд хүртэл алдаа оноо байдгийг яруу тод жишээ ч юм, нөгөө талаараа ҮГ хүртэл хэлмэгддэг, алддаг онодог ХУВЬ ТАВИЛАНТАЙГ харуулж байгаа боловч тодорхой зарим юмыг тодорхой болгохыг эх хэлний минь хувь заяа биднээс шаардаж буйг марташгүй.
Дахиад л  үг амь амьдралтайг баталсан энгийн жишээ авъя. Өнгөрсөн 2010 онд интернет хэрэглэгчдийн дунд “WOOT” хэмээх үг хамгийн их хэрэглэгдсэн гэж шалгарсан байналээ. Энэ үгийн амь амьдрал ирээдүйд чухам яахыг хэлж мэдэхгүй ч  өнөөдөр бол хамгийн АМЬД-ҮГ.
Мэдээж ҮГ амьд болохоор түүнд зан араншин бий. Зарим ҮГ нуугдмал, учир  битүүлэг, зарим ҮГ илэн далангүй, зарим ҮГ хулчгар, зарим ҮГ эр зоригтой. Өчүүхэн түүх өгүүлье. Нэгэн эр насан туршдаа “АЛНА ШҮҮ” гэдэг үг амнаасаа салгасангүй. Гэхдээ хэнийг ч алж хохироосонгүй гэнэ.  Жамаараа тэгээд үхэж, жалганд хэдэн яс үлдэж, сүнс нь эрлэгийн өмнө очжээ. Эрлэг Номун хаан үйлийн дансаа эргүүлж байснаа ” За, хө гурван хүний аминд хүрсэн муу хар нүгэлтэн, халуун тамд унах учиртай “гэжээ. Өнөөх эр айн сандарч ” үгүй, ээ та андуурч би хүн алаагүй “ хэмээн хашгирахад, Эрлэг Номун хаан ”чи хүний амьдралдаа гучин түмэн дүнчүүр удаа “ална шүү” гэж хараажээ. Тэр их хараал чинь амилж биелээд гурван хүний амь хороосонтой тэнцэхээр болжээ” гэсэн гэдэг. АЯА, үгээр үйлдсэн нүгэл даанч өршөөлгүй ажээ. Тэгэхээр “Ална шүү” гэдэг үг ямар аймаар зан араншинтайг хэлэх ч юм биш. Энд л бид ҮГ-ийн  үндэс язгуур, нөхцөл дагавар гэж бүрэн задлал хийдэг эрдэмтэй болсноос биш   ҮЙЛИЙН ҮРИЙН БОЛОВСРОЛ, ҮГЭЭР дамждаг гэж үздэг байсан эртний Монголчуудын ОЮУН САНААГ бүрэн орхигдуулж, Күнзийн “үндэстэнг мөхөө гэвэл эртний түүхийн мартуулж, ойрх түүхийн мандуул” гэсэн хорон номлолд автаж, үг задалдаг болохоос ҮГ-ийн  амьдлаг, сүнслэг чанарыг мэддэггүй  болцгоосон гэмтэй. Нэгэн цагийн мунхрал гэмээс салахад харин  профессор Б.Пүрэв-Очир абугайн “Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион соёл хэрэглээ” /2011/ ном хэмжээгүй их тус болно. Хамгийн гол нь ҮГИЙГ механик үйлдэл бүхий физик хүчнээс салгаж, жинхэнэ мөн чанарт нь судлах бүтээлч алхмууд энэ номын үнэ цэнийг өргөж байгаа юм.
   Мартсанаас ҮГ амь амьдралтай учраас зарим үг баян, зарим үг ядуу байдаг ажээ. Америкчуудын хийсэн ҮГ оношлогооны багажинд ямар ч хэлний “ЭЭЖ” гэдэг ҮГ хамгийн сайн үзүүлэлтүүдийг үзүүлж байсан гэдэг.  Ээж гэдэг шиг баян үг, үгийн ертөнцөд байхгүй хэрэг. Баян гэхээр халаас дүүрэн зоос мөнгөтэй гэж хүмүүс бид өөрсдийнхөөрөө ойлгох вий дээ? Үгийн ертөнцөд БАЯН гэдэг ойлголт огт өөр байдлыг илэрхийлж байдаг юм.
  ҮГ-ийн утга, хэрэглээ, соёлын айн энэ бүх хачирхмаар гаргалгаануудыг “Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ”/2011/ номноос олж авсан юм. Үнэндээ “Хуучин үгийн үнэ цэнэ”, “Орон хийгээр оршихуй, даяар хийгээд даяаршихуй”, Нүүдэлчний намар, олон өнгө аяс, утга соёлын үнэт зүйлсийн илэрхийлэл”, “ Л.Ванганы зохиолд байдаг ”эв намдаа орох”... “хэмээх хоршоо үгээс үүтгэн эргэцүүлэхүй дор / монгол хэлний нам гэдэг үгийн учир/ зэрэг үгүүллүүд үнэхээр Монгол хэл шинжлэлийн эдүгээ цагийн нүүрэнд шинэ санаа, шинэ хандлага, шинэ сэтгэлгээний илрүүд гээд хэлчихэд хожим амаа барихгүй гэдэгтээ би огт эргэлзсэнгүй. Аливаа номонд эргэлзэх сэтгэл төрөхгүй байх ихэвчлин  тэр номонд итгэл төрүүлэх СЭТГЭЛ хангалттай байгаагаас шалтгаалдаг юм
Дээр үгүүлсэн ҮГ-ийн амь амьдрал, цаг хугацаа, хувь тавилангийн тухай ойлголтуудаа хялбар жишээгээр батлахыг  оролдъё.
ДОМБО дүүрэн зөөг цайнаас хул тагшинд хийж залгилав.
 Энэ явдал хэзээ болсон бэ? Маш тодорхой. Халуун сав гуай Эрээнээс ачигдаж, Замын-Үүдээр орж ирэхээс өмнө. Харин халуун сав хүмүүсийн амьдралд өргөн хэрэглэгдэх боллоо. ДОМБО гэдэг  ҮГ, домбо гэдэг эд зүйлтэйгээ хамт амьдрал нь төгсөж, цаг хугацаа нь зогсож байгаа юм. Ердөө энгийнээр үгийн амь амьдрал хийгээд цаг хугацаа гэдэг ойлголт  энэ.
Харин улам лавшруулан профессор Б.Пүрэв-Очир абугайн  номноос ийм нэг жишээ авъя. “ Энэ мэтээр хүн төрөлхтөний хэлийг “амьд” гэсэн, хэл хэлний “үгэнд амь буй” гэсэн санаа нь үгийг экологи, оюун санаа, ухамсрын хүрээ, юм ба үзэгдлийг нэрлэх мэдээлэх ёс, түүний цаадах далд чанартай холбон үзэж, шүтэлцүүлэн барилдуулсных юм” /Б.Пүрэв-Очир “Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ”2011,12/ гэжээ. Аргагүй цаг нь болсон. Хэлийг хэлний хүрээнд ганцхан авдраа өдөр бүхэн ухдаг чавганц шиг “төнхөх”-өөсөө татгалзах цаг болсон. Тэгээд ч ийм огт өөр чанарын ном бичих оюун санааны үүдэн нээгдэж эхэллээ. Залуус ийм замаар адуу шиг давхилдах цаг болжээ. Одоо эндээс л манай хэл шинжлэлийн бүтэц судалдаг уйдмаар судалгаа, утга судалдаг, мөн чанар, аливаа юмсын цогц бүхэллэг шинжийг судалдаг ”өргөн хавтгай “орон зайд шилжиж эхэллээ. Энэ алхмыг хийгчдийн нэгэнд энэ номыг зохиогч Б.Пүрэв-Очирын нэрийг оруулахад бас юуны буруу байх вэ?
   МАГТААЛ хэмээх энэ үгтэй ХЭМ ХЭМЖЭЭ гэдэг салшгүй ойлголт ихэр тугал шиг хамт явдаг. Нэг үгээр магтахад хэм хэмжээ хэрэгтэй. Хоосон магтаалын ҮГС цаг хугацааны салхинд хийсэн замхарна. Түүнтэй адил ямар үгэнд оносон зохирол, тогтсон  хэм хэмжээ бий.
  Эрт цагт нэг гэрийн эр эм хоёр хоёр биенээ ТА гэж хүндлэн дууддаг байжээ. Одоо бол ердөө л ЧИ. Тэр цагт гэр зуурын хэрүүл бага гардаг байжээ. Яагаад гэвэл “ТА битгийн хуц”, “ТА битгий солиор” гэхээр яаж олигтой хэрэлдсэн болох вэ дээ? Харин одоо бол ЧИ гэдэг төлөөний үгийг чимэглэх аймаар үгс захаасаа аваад дураар олдоно.
   Энэ юу гэсэн үг вэ? Хүн хэн ч байсан гэсэн олон юмны өмнө хариуцлага хүлээдэгтэйгээ адил, ҮГ-ийн хэм хэмжээг мэдэж, ҮГ-ийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Тэртусмаа үгээр их ”тоглодог” хүмүүс.  ҮГ-ийн хэм хэмжээг зөрчиж,  дур мэдэн үнэгүйдүүлж байгаа зарим хүмүүс хожим үйлийн үрд унана гэдгээ мэдэхгүй байгаа юм. А.Дантегийн “Тэнгэрлэг туульс”-д энэ насандаа буруу зөрүү их чалчсан хүмүүс тамд зүү шиг үзүүртэй үгийн мөсөнд өдөр бүхэн сүлбүүлж байдаг шиг ХУВЬ ТАВИЛАН хүлээж буйг мэдүүлэхийн тулд  үгийг  зугаа төдий үзэгчдэд энэ номыг нэг уншуулмаар санагдав. Учир нь ҮГИЙН ҮНЭ ЦЭНЭ гэдэг ойлголтыг “Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ”/2011/ номонд даанч үнэн тодорхой илэрхийлсэн байна.
  Хүний биеийг 100 хувь гэж үзвэл ердөө 40 хувь нь физик бие буюу махан бие, харин үлдсэн 60 хувь нь сүнслэг ухамсараас бүрддэг тухай уншсан юм. Тархинд гэхэд 9,6 сая километр хэмжээтэй бичлэг хийх “ХАЛЬС” бий гэж байгаа. Энэ бүхэн хүн өөрийгөө гүйцэд таньж мэдээгүй байж ҮГИЙН мөн чанарыг бүрэн НЭЭХ хэмжээнд хүрээгүй гэх жаахан гутранга бодлыг төрүүлсэн ч ямар ч байсан ҮГ эрчим энергитэй гэдгийг ойлгох түвшинд нийтээр хүрсэн нь хамгийн гол ололт юм.
   Харин хүнээс Үгийг нь салгаж яриад байгаа минь ҮГ-ХҮН хоёр бүтээгч бус мөн анхдагч бус гэдгийг харуулахыг хүссэн профессор Б.Пүрэв-очирын цоо шинэ таамаглалыг дэмжиж байгаатай минь холбоотой юм. Эртний үлгэрт “хаалга нээгд, абрахам дубрахам” гэдэг ШИДЭТ үгийг хэлэхээр эрдэний санг хадгалсан чулуун хэрэмний хаалга нээгддэг. Нүдэн дээр гарсан өвдөгийг бас л шидэт шившлэг үгээр домнодог. Хэдийгээр би Б.Пүрэв-Очир абугайн бичсэнээр “аргалчин ээжийн хүү” биш ч өвдөг тохойгоо бишгүй шалбалаад “түй, түй, түй, түргэн эдгэ” гээд таван салаа наачихаад гүйж явсан нусгай.  ҮГ  ид шидтэй гэдэгт үнэмшиж өссөн МОНГОЛ болохоор яруу найрагч Д.Нямсүрэн бараг шүлэг бүхэндээ “СЭТГЭЛ”, багш минь яагаад шүлэг бүхэндээ” ГОО САЙХАН” гэдэг үгийг шидэт тарни мэт шившиж байсны учрыг таньж мэдсэн юм. Тиймээс л ҮГ-ийн шидэт амьдралд нэвтрэх алхам хийсэн “Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ”/2011/ номыг шимтэн уншсан билээ. Чухамдаа АНХДАГЧ БҮТЭЭГЧ ОЮУН САНААГ, магадүй бурхан гэж нэрлэдэг гэвэл түүнд ҮГ-ХҮН хоёрыг бүтээсэн тайлагдашгүй увдис оршино.
 “Агнистын гэгээ” цувралаар хэвлэгдсэн “Өдөр тутмын ариусал” /2005/ номонд  “Дүрс хоосон чанар, хоосон чанар бол дүрс. Дүрсээс ангид хоосон чанар үгүй, хоосон чанараас ангид дүрс гэж үгүй” гэж айлдсан буй. Тэгэхээр ҮГ дүрс ч мөн, хоосон чанар ч мөн. / Хэлний шинжлэлд харин “тэг”  нөхцөл энэ тэр гээд байдаг нь буруу л нээлт санагдаад байдаг юм /
  Гэтэл саяхан “бурхан бодигүй ч түүнд зориулж босгосон сүм хийд бодитой” гэж уншаад элэг хөших шахсанаа гэнэт саналаа. Энэ бол оюун санааг ҮГЭЭР ДАРАНГУЙЛАХ гэсэн оролдлого. Бидний ертөнцөд ийм оролдлогууд өдөр бүхэн өрнөж байна. Тэгэхээр ҮГ эрчим энергитэй учраас түүнд бас муу үйл давхар боловсордог. “Хар үгсээ цацаад , хар амтай, хар хэлтэй “ гэж Монголчууд эртнээс хэлэлцсэн нь үгийн муу энергийн тухай л үгүүлээд байсан хэрэг.
  Сүүлийн үед “ҮГИЙН ДАРАНГУЙЛАЛ” гэсэн буруу ч орчуулсан юм шиг ойлголт, нэр томьёо нийгмийн шинжлэх ухаанд нэвтэрч байна. Гитлер ХХ зуунд Германчуудыг ҮГ-ээр дарангуйлж, Бэнито Муссололини Италид ҮГ-ээр яаж сүржигнэж,  Владимир Ульянов 1917-04-08 -нд хуягт тэргэн дээр ҮГ-ээр яаж сүйд хийснийг л товчхондоо “ҮГИЙН ДАРАНГУЙЛАЛ” гэж номлоод байгаа юм. Эртний Ромд “Үг хоёр талдаа иртэй илд” гэж хэлэлцдэг байсан  нь ҮГ - ҮНЭТ ЗҮЙЛ /values/ яах аргагүй мөн гэж ухаарч түүнийг эрхэмлэж, ҮГ-ээр илтгэх урлаг, зоосоор хийх арилжаа наймаанаас  ч илүү хөгжиж байлаа. Энэ бүхэн ердөө “шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин зүйлийг хэлнэ” хэмээх үгийн баталгаа юм даа?
 “Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ”/2011/ номноос муу энерги хадгалсан үгсийг хэлэхээс зайлсхийж, ҮГ-ийн дарангуйлалд оролгүй, ҮГ-ийн яруу сайханд шүтэж, зөв бодолтой, зөв үйлд шамдан явахын хүсэл хаанаас ч юм бэ оргилон байхыг мэдэрсэн СЭТГЭЛЭЭР ийм нэгэн үгүүллийг эрхэм профессорын шинэчлэгч чанарт зориулан их зоригоор бичив.
 “ҮГ ҮНЭН БОЛ ТҮҮНД БУРХАНЫ ШИНЖ” лав бийд итгэх шиг мөн итгүүлэх шиг сайхан зүйл ховор доо? 
  Эцэст нь ийм нэгэн үгээр хамаг бүгдийг хураангуйлахыг хүслээ “ ҮГ гэдэг тодорхой орон зайд тодорхой эрчим хүч агуулдаг шигээ тодорхой орон зайд урваж, тодорхой орон зайнаас дайжиж, тэр утгаараа цаг хугацаагаар тохуурхаж чаддаг ертөнцөд аху нэн увдист цорын ганц хүчин мөн” /М.Уянсүх ” Хуучин ертөнцийг томъёолсон тэмдэгт үгсийн хураангуй” /2010, 127/
                     
                           Зүрх гарган бичсэн зүгээр л  ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

                            2011-05- 20